Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр                             Дугаар 218/МА2018/00022                                                   Сайнцагаан сум

 

Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д,

Х.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2018/00579 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д нарын нэхэмжлэлтэй, Ж П Э ХХК-д хариуцагдах сул зогсолтын олговор 25429800 төгрөг, хугацаандаа олгогдоогүй олговрын алданги 1678347 төгрөг, нийт 27108147 төгрөг гаргуулах, олгогдох олговроос нийгмийн  даатгал,  эрүүл мэндийн  даатгалын холбогдох хувь хэмжээг суутган нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, С.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, Ж.Ч

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

         Нэхэмжлэгч Х.Ө, Х.Д, Х.Д, С.Г, П.Ганзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний хэсэг ажилчид Ж П Э ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2017 оны 7 сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр хэвийн гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл биднийг ажиллуулж байсан Ж П Э ХХК нь өмнөх хувьцаа эзэмшигчтэй хийсэн маргаантай асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн сул зогсолт зарлаж улмаар Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг үндэслэн Ж П Э ХХК-ны гүйцэтгэх захиралын 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалын дагуу бид сул зогсолтын олговроо авч эхэлсэн ба уурхайн үйл ажиллагаа эргэн сэргэхгүйгээр өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байна.

Гэтэл шүүхийн маргаантай асуудлаас шалтгаалж биднийг ажиллуулж байсан компаний өмчлөгч өөрчлөгдсөн болохыг хожим мэдсэн ба ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа цаг хугацаандаа төлөхийг шаардахаар шинээр томилогдсон гэх компаний гүйцэтгэх захиралтай уулзахаар удаа дараа хандсан боловч бидэнд олдохгүй, ямар нэгэн хариу өгөхгүй, элдэв үгээр хууран бидний эрх ашгийг хохироосоор өнөөг хүрлээ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дахь хэсэгт“ Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргана ” гэж заасны дагуу өнөөг хүртэл төлөгдөөгүй байгаа цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэхээр аргагүй эрхэнд ийнхүү шүүхэд хандахад хүрээд байна.

Ажил олгогчоос бидэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба бид одоо ч энэ компаний үндсэн ажилтан хэвээр байгаа болно. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “ Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно”, 40.4 дахь хэсэгт “ Аж ахуйн нэгж байгууллагын харъяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй ”  гэж  тус тус заасан байх ба ажилчид бидний ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй байхад өнөөг хүртэл бидэнд олгогдох учиртай сул зогсолтын олговор, түүнээс суутган тооцох нийгмийн даатгалын шимтгэл тасарч төлөгдөлгүйгээр бидний эрх ашиг зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэгч Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д бид дараах шаардлагыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгч X. Ө нь Ж П Э ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн эмч, эрүүл ахуйч эмчээр ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01-ны өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код, цалингийн фондын 12-07 кодоор буюу 900.000 / есөн зуун мянган I төгрөгөөр цалинждаг байсан. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 4320.000 / дөрвөн сая гурван зуун хорин мянган / төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

2.Нэхэмжлэгч Д. Г нь Ж П Э ХХК-ны Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн Эксковаторын операторын албан тушаалд үндсэн ажилтанаар ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01-ны өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код, цалингийн фондын 19-02 кодоор буюу 801.000 / найман зуун нэг мянган /төгрөгөөр цалинждаг. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 3.844800 / гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун / төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

3.Нэхэмжлэгч С. Г нь Ж П Э ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн Уурхайн эксковаторын операторчины албан тушаалд үндсэн ажилтанаар ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01 -ны өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код, цалингийн фондын 19-02 кодоор буюу 801.000 / найман зуун нэг мянган / төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 3.844800 / гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун / төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

4.Нэхэмжлэгч X. Д нь Ж П Э ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн хүнд машин механизмын жолоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01-ны өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ. код, цалингийн фондын 19-02 кодоор буюу 801.000 / найман зуун нэг мянган /төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 3.844800 / гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун / төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

5. Нэхэмжлэгч X.Д нь Ж П Э ХХК-ны Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн Уурхайн машин мехаинзмын засварчинаар ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код, цалингийн фондын 20-07 кодоор буюу 550.000 / таван зуун тавин мянган /төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 2.640,000 / хоёр сая зургаан зуун дөчин мянган /төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Дээр дурдсан нэр бүхий 5 нэхэмжлэгчийн сул зогсолтын 8 сарын хугацааны нийт олговор нь эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл тооцох хувь хэмжээг хасахгүйгээр / 18.494.400 / арван найман сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун I төгрөг болж байгаа бөгөөд мөнгөн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн болно   гэжээ.

Нэхэмжлэгч Х.Ө, Х.Д, Х.Д, С.Г, П.Ганзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: .......Нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 3 сар гаруй хугацаа болж байгаа, мөн Жи Пи-Эф ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалаар зарласан сул зогсолт үргэлжилж. ажилчид бидний эрх өнөөдрийг хүртэл .зөрчигдсөөр байх тул 2018 оны 4-6 сарын сул зогсолтын олговрыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна Үүнд:

Нэхэмжлэгч Х.Ө-гийн 2018 оны 4. 5. 6 сарын сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 900.000 төгрөг/ 1 620.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Нэхэмжлэгч Д.Г-ийн 2018 оны 4 5, 6 сарын сул зогсолтын олговор ундсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 801000 төгрөг/ 1.441.800 төгрөг. нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Нэхэмжлэгч С.Г-ын 2018 оны 4, 5. 6 сарын сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 801000 төгрөг/ 1.441,800 төгрөг. нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Нэхэмжлэгч X.Д-ийн 2018 оны 4, 5,6 сарын сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 801000 төгрөг/ 1 441 800 төгрөг нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Нэхэмжлэгч Р.Д-ийн 2018 оны 4, 5, 6 сарын сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 550000 төгрөг/ 990,000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4. 56 дугаар сарын 56.1. 56 2-т зааснаар дээрх 5 нэхэмжлэгчийн 2018 оны 04, 05 06 сарын сул зогсолтын олговор 6.935 400 төрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар “Ажилтны цалин хөлс нь тогтоосон хугацаанд олгоогүй. саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног дутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж ажилтанд олгоно" гэж заасан тул зогсолтын олговорт дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна Үүнд:

Ж П Э ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалаар "Сул зогсолт” зарлаж, ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувиар сул зогсолтын үеийн олговор  олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 07 сард ажилтнуудад сул зогсолтын олговрыг олгосон. Бид компаниас сул зогсолтын олговрыг олгох байх гэж хүлээсээр өдийг хүрсэн Сул зогсолтын опговрыг сар бүр олгохоор шийдвэрлэснээс хойш олгоогүй тул хоногийн 0.3 хувиар тооцож алданги гаргуулна гэж хуульчилсан тул сарын /22 хоног*0.3=6.6 хувь алданги/ 6.6 хувиар тооцож  нийт 11 сарын хугацаанд сул зогсолтын олговрыг олгоогүй байна гэж үзэж дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжилж байна Үүнд:

Нэхэмжлэгч X Ө-ийн 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 540.000 төгрөгийн 6,6 хувийн алданги 35.640 төгрөг. Үүнийг 11 сараар бодоход 11*35.640 төгрөг 392040 төгрөгийн алданги,

Нэхэмжлэгч Д.Гийн 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарын дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31719 төгрөг үүнииг 11 сараар бодоход 11*31719 төгрөг 348909 төгрөгийн алданги.

Нэхэмжлэгч С.Г-ын 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарын дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31719 төгрөг үүнийг 11 сараар бодоход 11*31719 төгрөг 348909 төгрөгийн алданги,

Нэхэмжлэгч Х.Д-гийн 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарын дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480600 төгрөгийн 6,6 хувийн алданги 31719 төгрөг. үүнийг 11 сараар бодоход 11*31719 төгрөг, 348909 төгрөгийн алданги

Нэхэмжлэгч Х.Д-гийн 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарын дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 330000 төгрөгийн 6,6 хувийн алданги 21780 төгрөг. үүнийг 11 сараар бодоход 11*21780 төгрөг нийт 239580 төгрөгийн алданги нийт алдангид 1.678.347 төгрөг, 2018 оны 04, 05. 06 сарын сул зогсолтын олговор 6.935400 төгрөг нийт 8.613.747 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Ж П Э ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д нараас “Ж П Э” ХХК-д холбогдуулан 8 сарын сул зогсолтын нийт олговорт 18.494.400 /арван найман сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нехөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжпэл гаргасан нэр бүхий хүмүүс “Ж П Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалын дагуу сул зогсолтын үеийн олговор авч эхэлсэн гэж дурджээ. Гэтэл нэхэмжпэлийн шаардлагадаа нийт 8 сарын сул зогсолтын үеийн олговор гаргуулахаар шаарджээ. Үүнээс үзэхэд нэхэмжпэгч нар яг хэзээнээс сул зогсолтын үеийн олговроо авч чадахгүй байгаа нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гээээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасан. Нэхэмжлэгч нар сул зогсолтын үеийн олговор олгох тухай Ж П Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал гарснаас хойш 8 сар гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргасан байна. Энэ хугацаанд эрхээ зөрчигдсөнийг мэдсээр байж хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандахгүй байсан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүнээс гадна сул зогсолтын үеийн олговор гаргуулах тухай маргаан шийдвэрлэх харьяаллыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" шүүх нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалздаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд тус хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг заасан. Шүүх хянан шийдвэрлэх маргаанд сул зогсолтын үеийн олговор гаргуулах тухай маргаан байхгүй тул нэхэмжлэгч нар уг маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэхээр байсан байна.  Иймд иргэн Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д нараас “Ж П Э” ХХК-д холбогдуулан 8 сарын сул зогсолтын үеийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Өлзиймаа нарын 5 иргэнээс “Ж П Э” ХХК холбогдуулж сул зогсолтын үеийн нөхөн олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. “Ж П Э” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Энэ нэхэмжлэлтэй холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал хийх шаардлагатай байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн  126 дугаар зүйл 126.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан маргаанд сул зогсолтын үеийн нөхөн олговрын маргаан ордоггүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой байдаг. Гэтэл энэ хүмүүс Компани дээр ирж хөдөлмөрийн маргаан таслах комиссоор энэ асуудлаа шийдүүлэх талаар санал тавьж ирээгүй. Энэ маргаан бол хөдөлмөрийн эрх зүйн онол болох талуудын зөвшилцлийн зарчим дээр суурилж явагддаг асуудал байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэгдэж хоёр талаас нэг ширээнд сууж байгаад шийдвэрлэх асуудал байгаа. 2017 оны 05 сард манай үйлчлүүлэгч Компанийн эзэмшигчийн эрхийг буцааж авсан. Гэвч одоогоор Компани эзэмшлийн асуудлаас болоод уурхай үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байгаа. Тиймээс энэ хүмүүсийг уурхай дээр очиж Оюунбаттай уулзах гэсэн боловч уулзуулаагүй гэдэг бол худлаа. Уурхай дээр хэн ч байхгүй байгаа тиймээс Оюунбат захирал тодорхой хариулт хэлээгүй ч гэдэг бол худлаа. Яагаад гэвэл 2015 онд  энэ компанийг хууль бус замаар манай үйлчлүүлэгчээс авсан 2017 оны 07 сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэний хэрэг үүсгээд уурхайн үйл ажиллагааг бүрэн хаасан. Тэгэхээр  Оюунбат уурхай дээр байхгүй байх нь ойлгомжтой. Оюунбаттай удаа дараа холбогдсон гэж байна гэтэл Оюунбаттай холбогдохоор бичгээр болон ямар нэг байдлаар огт хандаагүй. Энэ үүсээд байгаа маргаан, шүүхийн асуудлыг хэдэн тооны ажилчид өмнөх компани гүйцэтгэх захирлын шийдвэрийг бариад явж байгаа гэдгээс нь мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх зарчмын дагуу талууд тайлбар гаргаж байгаа бол түүнийгээ нотлох шаардлагатай буюу Оюунбат гэдэг хүн сул зогсолтын үеийн нөхөн олговор олгохгүй гэсэн шийдвэр гаргасан талаар нотлох шаардлагатай.

Хоёр. Хэргийн хариуцагчийн хувьд маргаантай. Оюунбат гэдэг хүн Компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэлтэй боловч, Компанийн хувьцаа эзэмшигч хэн бэ гэдэг нь одоог хүртэл маргаантай байгаа. Үүнтэй холбоотой Эрүүгийн цагдаагийн газраас  хэрэг үүсгээд шалгаж байгаа гэсэн албан тоот ирүүлсэн. Хурлын явцыг харахад ч гэсэн ийм тодорхойгүй байдал үүсээд байна. Бид нар хариуцагч байж, биднээс нотлох баримт гаргуулдаггүй. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүртэл  хотод байдаг компаниас нь тушаалыг нь аваад ирсэн гэж байна. Хотод компани байгаа бол миний төлөөлөөд байгаа хүн юу болж байна. Тэр хотод байгаа компани миний төлөөлөөд байгаа компанийн архив юм уу, яагаад одоо болтол бичиг баримтыг гаргаж өгөөд байгаа вэ гэдэг асуудал үүсгээд байна. Хууль бусаар Компани эзэмшиж байсан эдгээр хүмүүсийн санаатай болоод санаандгүй явуулгаар шүүхийн маргаан болгоод яваад байгаа нь харагдаад байгаа юм. Өлзиймаа гэдэг хүн компаний хүний нөөцөөр ажиллаж байсан энэ талаар өөрөө сайн мэднэ. Энэ маргааны хариуцагч болох  “Ж П Э” ХХК-ний  эцсийн хувьцаа эзэмшигч нь тодорхойгүй байгаа. Бид нар хариуцагч болж байгаа хэр нь миний төлөөлөөд байгаа хүн компани эзэмшигч мөн үү нөгөө өмнө нь байсан хүн энэ компани эзэмшигч үү гэдэг нь одоогоор шийдэгдээгүй байна. Энэ хэсэг бүлэг нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс Компанийн өмнөх эзэмшигчийн өдөөн хатгалтаар санаатайгаар шүүхийн маргаан болгоод яваад байгаа болов уу гэж бодож байна. Манай компани 5 хүний нөхөн олговрыг асуудлыг шийдээд явах боломжтой юу гэвэл боломжтой. Албан хүсэлтээ тавиад явбал өөр хэрэг. Өмгөөлөгч нар нь оролцоод компанид хандаад явбал энэ маргаан шүүхэд ирэхгүй, магадгүй бид шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө шийдээд явах боломжтой байсан байх. Хариуцагчийн хууль зүйн статус тодорхойгүй байгаа энэ үед хэргийн хариуцагчаар “Ж П Э” ХХК-ний холбогдуулах боломжгүй юм.

Гуравт. Хэдэн ажилтан хэн хэн сул зогсолтод хамрагдаж байгаа нь тодорхойгүй байна. Сул зогсолт зарласан захирлын тушаалд хавсралт байдаггүй. Хэн хэн ямар ажилчдыг сул зогсолтод хамруулж байгаа нь тодорхойгүй байдаг. Сүүлд ирүүлсэн сул зогсолтын тушаалын 3 нүүр хавсралт дунд энэ хүмүүсийн нэр байгаа боловч, тушаалын хавсралтад  он, сар, тамга, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтад тавьдаг шаардлага, зарчмыг хангахгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тов тодорхой заасан зүйл бол нотлох баримтыг үнэлэх гэсэн  ойлголт байдаг.  Энэ хавсралт албан бичиг хөтлөлтийн үндсэн стандартыг хангаагүй. Хэний хэзээ гарсан тушаалын хавсралт болох талаар байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй байна. Хэнд ямар бичиг баримтын үндсэн дээр олговор олгох нь тодорхойгүй. Сая гаргаж өгсөн “Ж П Э” ХХК-ний ажилчдын нэртэй адил бүхий нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилчдын нэрсийн жагсаалт гэсэн баримт дээр “Гурвансайхан  Ж П Э” ХХК гэсэн тодорхойлолт байгаа. Манай компани Монгол Улсын хууль этгээд бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ “Ж П Э” ХХК  гэж бүртгүүлсэн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилчдын нэрсийн жагсаалт гэсэн баримт дээр байгаа Гурвансайхан  “Ж П Э” ХХК  нь бидний яриад байгаа “Ж П Э” ХХК хоёр нэг компани мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох шаардлагатай. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нотлох баримтууд бол нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход хангалтгүй байна. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Х.Ө бол түрүү ярихдаа уурхай дээр очсон Оюунбаттай уулзаж чадаагүй  гэж би ойлгосон. Гэтэл одоо бол Оюунбат байсан тамга тэмдэг л авсан гэж ярьж байсан гэж байна. Оюунбат бол ийм л тайлбар л өгнө. Угаасаа бид тамга тэмдэг л авсан өөр авсан зүйл байхгүй. Албан ёсны баримтаа өгөөч ээ ямар хүмүүс сул зогсолтод хамрагдаад байгаа харъя үзье гэж бид өмнөх эзэмшигчээс нь асуусан боловч  бидэнд баримт гаргаж ирүүлээгүй. Манай компани албан ёсны  баримт дээр суурилсан төлбөр тооцоо хийж байгаа. Утсаар ярьсан л гэж байна. Би тэр тухай бол би мэдэхгүй байна. Оюунбаттай энэ талаар тухайлж би яриагүй. Одоогоор албан ёсоор  энэ нөхөн олговрын асуудлаар өгсөн өргөдөл, гомдол, санал  байхгүй байна. Тэрийг тодруулж хэлье.  Бид бол энэ маргаан дээр дараах байр суурийг баримталж оролцож байна. Хариуцагчийн статус хууль зүйн хувьд маргаантай байна. Хариуцагчийн статус эрүүгийн журмаар шийдвэрлэх хүртэл хүлээж ёстой байх. Нэхэмжлэгчид энэ асуудлаар урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй байна. Компани Оюунбат гэдэг шинэ захиралтай болсон. Компани шинэ эзэмшигчтэй болсныг Өлзиймаа тэргүүтэй ажилчид  мэдэж байгаа юм байна. Мэдсэн төдийгүй очиж уулзсан байна. Хуучин компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаагүй учраас одоо ч гэсэн хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэж бодоод хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй юм байна. Энэ асуудлаар эдгээр хүмүүс хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой, хандсаны дараа бол компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаа юу байхгүй юу  гэдэг нь тодорхойлогдох байх. Ийм хууль зүйн дэглэм үйлчилж байгаа. Магадгүй үүнийг харгалзахгүй хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэгч тал давах юм уу, хяналтын шатнаас буцаагдах илүү их цаг хугацаа алдах асуудал ч үүсэх магадлалтай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Сул зогсолт зарласан тушаалаа бол эх хувиар нь хоёр удаа гаргаад ирдэг юм байна. Гэтэл хавсралтыг нь авчрахаараа тэр нь тамга тэмдэг байхгүй, ядаж хэдний өдрийн хэдэн тоот тушаалын хавсралт талаар байхгүй. Энэ нь эх хувь юм уу хуулбар хувь юм уу тодорхойгүй байна. .... Өнөөг хүртэл эдгээр хүмүүс нь сул зогссон эсэх нь маргаантай байна. Сул зогсолтыг нь батлах ганцхан баримт нь 2017 оны 07 сард олгосон олговор. Гэтэл олговрыг  харахад нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгөн дүнтэй таарахгүй байна. Тушаал дээр нь үндсэн цалингийн 60 хувиар нөхөн олговор олгоно гэж байгаа энэ хүмүүс үндсэн цалингаа тодорхойлчихсон тэр дээр нь хариуцагч тал маргаагүй. Гэтэл 7 сард олгосон олговрын мөнгөн дүн нь бүгд зөрөөтэй задгай гараад байгаа. 7 сард эдгээр хүмүүс ажил хийчихээд. Дараа нь нэг тушаал гаргаж ирээд нэр хаяггүй тушаалын хавсралт гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримт  гаргаж ирээд нөхөн олговор авна гээд Компанийг хохирох гэж байгаа  юм биш  биз гэдэг дээр шүүх анхаарах хэрэгтэй. Энэ хууль зүйн шаардлага хангаагүй баримтаар компани нөхөн олговор олгоод тэгээд цаашлаад шүүх энэ баримтаар нь хэргийг шийдэх нь боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хүлээж авахгүй гэхээс илүүтэйгээр энэ нэхэмжлэлийг хуульд заасны дагуу зохих журам горим дүрмийн дагуу явж, нотлох баримт бүрдүүлсний дараа шүүх энэ маргааны хянан хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 Анхан шатны шүүх

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 141.3-д зааснаар хариуцагч Ж П Э ХХК-иас 5635509 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г-д, 5635509 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Д-д, 5635509 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т, 6332040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ө-д, 3869580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Д-д тус тус олгож,

Нэхэмжлэгч нарт олгох олговор, алдангиас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ж П Э ХХК-д даалгаж,

ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, УТХ-н тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын УТХ-д төлсөн 403195 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж П Э ХХК-иас 403195 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ө-д  80639 төгрөг, нэхэмжлэгч Д.Г-т 80639 төгрөг, нэхэмжлэгч С.Г-д 80639 төгрөг, нэхэмжлэгч Х.Д-д 80639 төгрөг, нэхэмжлэгч Х.Д-д 80639 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Х.Ө нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж П Э ХХК-д холбогдох иргэний хэргийг Дундговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэж 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2018/00579 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэг.Сул зогсолт зарласан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал болоод сул зогсолтонд эдгээр ажилтнууд хамрагдсан эсэх талаар шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Хариуцагч “Ж П Э” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 01 нээс эхлэн сул зогсолт зарласан болох нь, сул зогсолтын хугацаанд ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-5-рт/ гэжээ. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзвэл сул зогсолт зарлах тухай захирлын тушаал байх ба түүнд “...2017 оны 07 сарын 01-нээс эхлэн компани хэвийн үйл ажиллагаагаа эргэн сэргээх хүртэл холбогдох ажилчдад сул зогсолт зарласугай. Хоер. Сул зогсолтонд хамрагдах ажилчдын нэрсийг хавсралтаар баталсугай.” гэжээ. Энэхүү тушаалаас үзэхэд 2 асуудал бүрэн нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэсэн  нь алдаатай байна. Энэ нь:

1.Тушаалыг гаргасан гэх Ян Жин Гуан гэгч нь Ж П Э ХХК-ний хууль ёсны гүйцэтгэх захирал эсэх, түүнийг гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигчээс хэзээ томилсон нь ч мэдэгдэхгүй байна.  Бидний мэдэж байгаагаар Ян Жин Гуан  гэгч нь эмч мэргэжилтэй бөгөөд эмчээр ажилладаг  хүн байна.  Нэхэмжлэгч тал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ өөрсдөө нотлох ёстой байтал энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

2. Тушаалд зааснаар тодорхой тооны ажилтнуудыг сул зогсолтонд хамруулсан байх ба эдгээр ажилтнууд нь хэн болох нь тушаалын хавсралтаар тогтоосон байна. Гэтэл нэхэмжлэгчид шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар тушаалын хавсралтыг огт гаргаж өгөөгүй байна. Тиймээс шүүгчийн сул зогсолтонд эдгээр хүмүүс хамрагдсан гэсэн дүгнэлт нь хууль зүйн хувьд алдаатай гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгч тал нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Хариуцагч тал нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дүгээр зүйлийн 126.1-д зааснаар  Хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэх шаардлагатай гэж маргаж байгаа боловч хариуцагч Ж П Э ХХК-д Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй болох нь нэхэмжлэгч Х.Ө, хариуцагчын төлөөлөгч Ү.А нарын  шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.” гэсэн байна.  Анхан шатны шүүх хуралдааны явцад миний бие хариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд хуралдааны үеэр шүүгч танай компанид маргаан таслах комисс байгаа юу гэж асуусан бөгөөд би “компаний үйл ажиллагаа зогсонги байгаа бөгөөд шаардлагатай бол маргаан таслах комисс нь ажиллах байлгүй гэсэн тайлбар өгсөн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж уг компанийг маргаан таслах комиссгүй гэсэн мэтээр бичиж, түүнийгээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Х.Ө тэргүүтэй ажилтнууд нь сул зогсолт зарласан гэх үеэс хойш нэг ч удаа Ж П Э ХХК-ний гүйцэтгэх захирал С.Оюунбатад хандсан гэх боловч түүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн Х.Ө нар нь Ж П Э ХХК-ний шинэ удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл байхгүй хэрнээ маргаан таслах комисс байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Гурав. Ажилтнуудын сул зогсолтын олговрыг олгож байсан талаар шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Хариуцагч тал ямар ажилчдыг сул зогсолтонд хамруулж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нар сул зогссон эсэх нь маргаантай тайлбарлаж байна.  Нэхэмжлэгч нарыг  “Ж П Э” ХХК-ний ажилтнууд мөн эсэх талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-нээс сул зогсолтыг зарлаж ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувиар сул зогсолтын олговор олгохоор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нарт 2017 оны 07 дугаар сард сул зогсолтын олговрыг тооцон олгосон...” гэжээ. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 07-р сард олговор олгосон уу, цалин олгосон уу гэдэг нь эргэлзээтэй байна. Тухайлбал нэхэмжлэгч нар өөрсдийн үндсэн цалингаа шүүхэд мэдүүлсээр байтал үүнээс олговрын 60 хувийг тооцолгүй, 2017 оны 06-р сард нийгмийн  даатгалын дэвтэрт бичигдсэн дүнг цалингийн  60 хувь гэж үзэн цаашид уг хэмжээгээр олговор олгох шийд гарсан  байна.  Гэтэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг  хянан хэлэлцдэг билээ. Мөн нэхэмжлэл гаргасан 5 ажилтнаас зарим нь сул зогсолтын хугацаанд байгууллагатайгаа зөвшилцөлгүйгээр өөр ажил эрхэлж цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг нэхэмжлэгчдийн өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаас тодорхой харж болохоор байна. /хавтаст хэргийн  26-27-р талаас тодорхой харагдана/

Дээрх гурван үндэслэлээс үзэхэд шүүх уг хэргийн хүрээнд нэхэмжлэлийн  шаардлагыг нь бүрэн хангах ямар ч боломжгүй байна.  Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 08 дугаар сарын  17-ны өдрийн 139/ШШ2018/00579 тоот шийдвэр нь Монгол Улсын  Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан,  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан  шаардлагын дагуу явагдаж,  хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байна  гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь Ж П Э ХХК-ний байнгын ажилтнууд болох нь ажил олгогч,  ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн  гэрээнүүдээр нотлогдож байна. 

Ж П Э ХХК нь удирдлага зохион байгуулалтын  зөрчил, доголдлын улмаас үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломжгүй болсон тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаагүй сул зогсолт зарлаж, ажилтнууддаа энэ хугацааны нөхөн олговрыг тэдний авч буй цалингийн 60 хувиар олгохоор тус компанийн  захирлын тушаал гарчээ. Энэхүү тушаал нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаж, энэхүү тушаалын талаар зохигч талын хэн аль нь маргалдаагүй байх ба энэхүү эрх зүйн баримт бичиг  нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2-д заасан  заалт, шаардлагад нийцсэн тушаал байна гэж анхан  шатны шүүх үзсэн нь үндэстэй байна.

Нэхэмжлэгч тал болох ажилтнууд энэхүү тушаалд заасан нөхөн олговрыг өгөхгүй удааширч хохироож байгаа асуудлаар л шүүхэд хандсан  бөгөөд хөдөлмөрийн  хууль болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ,  эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан  тушаалын биелэлтийг хангуулахаар шаардсан шаардлагыг хангаж, ажилтан иргэдийн нийтийн  эрх ашгийг  хангах чиглэлээр шийдвэрлэсэн  шүүхийн  энэ шийдвэрийг  өөрчлөх,  хүчингүй болгох  ямар нэг хууль зүйн  үндэслэл тогтоогдохгүй бөгөөд хууль шударга ёсыг хангасан  байна  гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хариуцагч талын зүгээс хэргийг харъяалал зөрчин шийдвэрлэсэн талаар маргалдаж байх боловч энэ нь хууль зүйн үндэслэлгүй буюу хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүйг  нэхэмжлэгч тал шүүхэд нотолсон  байхаас гадна ажил олгогч ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн  гэрээний 10 дугаар заалтын 10.6-д  маргаантай асуудлаар хөдөлмөрийн маргаан таслах комисс, эсвэл шүүхэд хандахаар тохиролцон зааж гэрээг баталгаажуулжээ. Иймд хариуцагч талын гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, ажилтны эрх ашгийг хамгаалж, тэдний хохирсон эрх ашгийг  сэргээн шийдвэрлэсэн  шүүхийн энэ  шийдвэрийг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны зарыг хангалттай хугацаагаар зохигч талуудад мэдэгдэж, эрх ашгийг хангах боломж олгосон бөгөөд Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн  165.2, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасныг баримтлан  шийдвэрлэснийг тэмдэглэж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2018/00579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.510 /хоёр зуун ерэн таван мянга таван зуун арван / төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ                                Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                    Т.БЯМБАЖАВ  

          Ш.ТӨМӨРБААТАР