Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 27

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны замын 133-109 тоотод оршин суух Боржигин овгийн Готовдоржийн Дэлгэрийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Дэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1960 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 57 нас хүрч байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 13 жил ажилласан. Би 1987 оны 03 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн хүүхдийн цэцэрлэгт няраваар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй зөрчилтэй болсон. Иймд хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолтийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Дэлгэр нь 1987 оны 03 сарын 01-нээс 1994 оныг дуустал дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн хүүхдийн цэцэрлэг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвшийн говийн уурхайн цэцэрлэгт няраваар тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй болсон тул 1987 оны 03 сарын 01-нээс 1992 оны 06 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн хүүхдийн цэцэрлэгт няраваар, 1992 оны 06 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвшийн говийн уурхайн цэцэрлэгт няраваар тус тус ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Дэлгэр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Г.Дэлгэрийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01  сарын 04-ний өдрийн 03 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч С.Алимаагийн:“...Би 1987 онд 10-р анги төгсөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн хүүхдийн цэцэрлэгт багшаар очиж ажиллахад Г.Дэлгэр нь асрагч багш, няраваар ажиллаж байсан. Түүнээс хойш Г.Дэлгэр нь 1994 оныг дуустал ажилласан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Мөнхцэцэгийн: “...Би 1984 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн. Г.Дэлгэр эгч 1987 оны 03 сараас тус цэцэрлэгт асрагч багшаар орж ирж байсан санагдаж байна. 1987 оны 03 сараас хойш 1994 оныг дуустал ажилласан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Үзмээгийн: “...Бид хамт ажиллаж байсан юм. Би 1986 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн хүүхдийн цэцэрлэгт цэвэрлэгчээр ажиллахад Г.Дэлгэр нь тус цэцэрлэгт няраваар ажиллаж байсан. Би 1994 оныг дуустал хамт ажилласан...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 03 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын АДХГЗ-ны Цагаан-Овоо уурхай болон Тэвшийн говийн уурхайд 1987 оны 03 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал цэцэрлэгийн няраваар ажиллаж байсан тухай Готовдорж овогтой Дэлгэрт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 08/04 дугаартай “Тэвшийн говийн уурхайн цэцэрлэг нь 1962 оны 09 сарын 01-ний өдөр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 04 сарын 26-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан болно...” гэх тодорхойлолт,

4.Нэхэмжлэгчид 1977 оны 09 сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын АДХГЗ-ны даргын 1987 оны 03 сарын 27-ны өдрийн 23-р захирамжаар 1987 оны 03 сарын 01-нээс Цагаан-Овоогийн цэцэрлэгийн аж ахуйн няраваар авч ажиллуулав, “Тэвшийн говийн уурхайн цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 02 сарын 14-ний өдрийн 09 дугаар тушаалаар 1995 оны 01 сарын 01-нээс Нийгмийн даатгалын хууль хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан хөдөлмөрийн дэвтрийнг хаав” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5.Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас олгосон нэхэмжлэгч Г.Дэлгэрийн Сайнцагаан сумын Тэвшийн говийн цэцэрлэгт 1992 оны 06 сараас 1993 оны 11 сар хүртэл ажилласан хугацааны цалингийн тодорхойлолт болон дээрх бичгийн баримтуудаар Г.Дэлгэрийн 1987 оны 03 сарын 01-нээс 1992 оны 06 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн хүүхдийн цэцэрлэгт няраваар, 1992 оны 06 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвшийн говийн уурхайн цэцэрлэгт няраваар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Готовдоржийн Дэлгэр нь 1987 оны 03 сарын 01-нээс 1992 оны 06 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн хүүхдийн цэцэрлэгт няраваар, 1992 оны 06 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвшийн говийн уурхайн цэцэрлэгт няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                               Д.УРАНЧИМЭГ