Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр                             Дугаар 218/МА2018/00023                                                  Сайнцагаан сум

 

О-т ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 139/ШШ2018/00487 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “О д” ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ё д” ХХК-д хариуцагдах 427200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн төлөөлөгч Э.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 1-ний өдөр  “О д” ХХК нь “Ё д” ХХК-тай хөрс хуулалтын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож ХГ/2016/03 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр “О д” ХХК нь “Таван толгой” ХК болон “Ё д” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 3-ны өдрийн ХГ/2016/009 тоот Ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Ийнхүү нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн Тавантолгой тосгоны нутаг дэвсгэрт кемп түрээслэхийн сацуу иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудаас ажил гүйцэтгэхэд шаардагдах экскаватор, өөрөө буулгагч машин, түлшний автомашин болон явуулын засварын цех зэрэг тоног төхөөрөмж, машин механизмыг түрээслэн авч хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Эхний санхүүжилтээр нийт 139400000 төгрөгийн хөрөнгө оруулсан байдаг. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг тээвэрлэн хүргүүлсэн зардал 4000000 төгрөг, “Хэт рөүд” ХХК-с “Кобелко-480” маркын экскаваторын түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 40000000 төгрөг, экскаваторын тээврийн хөлс 7000000 төгрөг, кемпийн түрээс 5000000 төгрөг, засварын цехийн түрээсийн төлбөр 5000000 төгрөг, түлшний машин 5500000 төгрөг, түлш 13900000 төгрөг, бусад зардал 59000000 төгрөгийг тус тус зарцуулсан нь баримтаар тогтоогдоно. Одоогийн байдлаар “О д” ХХК нь их хэмжээний өртэй болоод байна. Бид графикын дагуу нийт 106,600 м3 хөрс хуулалтын ажлыг бүрэн хийж дуусгасан ба “Ё д” ХХК нь сар бүр “Таван толгой” ХК-тай хөрс хуулалтын

 

акт үйлдэн, тахеометрийн аргаар хэмжилт явуулж, ажлаа бүрэн хүлээлцсэн байдаг. Улмаар “Ё д” ХХК нь “Таван толгой” ХК-иас хөрс хуулалтын ажлын төлбөрийг 100 хувь шилжүүлэн авчээ. Гэтэл гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу манай компанид 2016 оны 12 сарын төлбөр нийт 61600000 төгрөг, 2017 оны 1 сарын төлбөрт 247200000 төгрөг, 2 сарын төлбөрт 118400000 төгрөг, нийт 427200000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Иймд 427200000 төгрөгийг “Ё д” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ё д” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О д” ХХК-ий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компаний гүйцэтгэх захирал Б.Мэнд-Амартай 2016 оны 12 сарын 1-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 3.8-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу “О д” ХХК  нь 1 сарын хугацаанд 250000 метр кубээс доошгүй хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Гэрээ байгуулснаас хойш “О д” ХХК нь 2016 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 15000 метр куб хөрс хуулалт, 2017 оны 1 сарын 26-ны өдрийн байдлаар 61800 метр куб хэмжээтэй хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн нь талууд ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг дүгнэж үзэхэд тогтоогдсон. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу “О д” ХХК нь 2016 оны 12 сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 сарын 26-ны өдөр гэхэд нийт 500000 метр куб хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсан нь 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой үүргийг 15.36 хувьд хүрч байсан. “О д” ХХК нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас манай компани болон “Таван толгой” ХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 3-ны өдрийн ХГ/2016/009 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд шууд хүндрэл учирч, цаашилбал тус гэрээ цуцлагдах хүртэл үр дагавар бий болсон. Иймээс манай компаниас “О д” ХХК-д гэрээнд заасан хэмжээгээр ажлаа гүйцэтгэхийг шаардаж бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ажлын гүйцэтгэл гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй тул 2017 оны 2 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон “О д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэнд-Амарт гэрээг цуцлах хүртэлх хугацааны хийж гүйцэтгэлээр 61800 метр куб хөрс хуулалтын төлбөрийг 2017 оны 2 сарын 14-ний өдөр олгож дуусгасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ огт төлбөр аваагүй мэтээр бичсэн нь худал бөгөөд 2017 оны 1 сарын 25-нд олгох ёстой 61600000 төгрөгөөс зээлээр олгосон түлшний төлбөрийг хасч 33321320 төгрөгийг, 2017 оны 2 сарын 14-нд 247200000 төгрөгийг тус тус бүрэн олгосон. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 2-р сарын төлбөр гэх 118000000 төгрөгийг “О д” ХХК-д олгох үүрэгтэй бөгөөд тус компаниар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 308800000 төгрөгийг бид бүрэн төлж барагдуулсан гэжээ.

 

Анхан шатны шүүх:

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Ё д” ХХК-иас 427200000 /дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан “Опен девелопмэнт” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2293950 /хоёр сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ё д” ХХК-иас 2293950 /хоёр сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Опен девелопмэнт” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 07 сарын 03-ны өдрийн 487 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч О ХХК-ний нэхэмжлэлтэй “Ё д” ХХК-д холбогдох 427200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүхээр ахин хэлэлцүүлэхээр буцаана уу хэмээн уг гомдлыг гаргаж байна. Дээрх иргэний

 

хэргийг  анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  зарим заалтыг зөрчиж хариуцагчийн эрхийг  зөрчсөн байна. Үүнд:

1.Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэнэ гэж мэтгэлцсэн. Ингэхдээ гэрээний хэрэгжилтийн явцад “О” ХХК нь гүйцэтгэх захирлаар ажиллаж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, ажлыг гүйцэтгэсэн А.М-т төлбөрийг хүлээлгэн  өгсөн  нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасан төлбөрийн үүргийг гүйцэтгэсэнд тооцох үндэслэлтэй гэж марган  үүнийгээ нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүх төлбөрийн үүргийг  зөвхөн хуулийн этгээдийн данснаас хуулийн этгээдийн дансанд төлснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцох боломжтой гэж үзэн үгүйсгэсэн  нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл юм. Иргэний хуулийн 211 дүгээр зүйл нь хэн жинхэнэ үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгвөл зохихыг зохицуулсан. Уг зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгчээс гадна түүний төлөөлөгч, туслахад хүлээлгэн өгсөн нь үүрэг гүйцэтгүүлэгчид өөрт нь хүлээлгэн өгсөнтэй адилтгаж үзэхийг тодруулсан. Хуулийн  этгээдийн хувьд хувь хүний адил хэлцэл хийх гэсэн ойлголт үгүй. Иргэний хуулийн 26.4 дэх хэсэгт зааснаар удирдах байгууллагаар дамжуулан иргэний эрх зүйн  харилцаанд оролцоно. Иймээс хуулийн этгээдийг удирдах эрх бүхий этгээд нь түүнийг эрх зүйн харилцаанд төлөөлөх ба энэ тухай уг хуулийн этгээдэд холбогдох тусгайлсан хууль тогтоомжуудад заасан байдаг. Компаний тухай хуулийн 83.1, 83.8 дахь хэсгүүдэд зааснаар гүйцэтгэх захирал буюу гүйцэтгэх удирдлага нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй. Гуравдагч этгээдийн өмнө гэрээ байгуулах, үүрэг гүйцэтгэх, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах ажиллагаанд компани гэж ойлгогдоно гэсэн үг. Иймд А.М буюу гэрээ байгуулсан, захиалгыг гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан гүйцэтгэх захиралд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар “О” ХХК-д төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцох ёстой байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд талуудын төлбөр хүлээн авах данс тэмдэглэгдээгүй, гэрээний хэрэгжилтийн явцад “О” ХХК нь захирал М.О, нягтлан нар нь нэг ч удаа албан ёсоор төлбөрийг хүлээн авах талаар хандаж, нэхэмжилж байгаагүй, А.М нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хариуцагчаас төлбөрийг хүлээн авсан бөгөөд үүнийг нь хэрхэн зарцуулсан талаар тайлбарласан, энэ талаар эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан мэдүүлгүүдэд дурдагдсан, А.М, Н.Б, Б.М нарын дансны хуулгаар тодорхойлогддог. А.М эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэхдээ “...М.Оргил захирал төлбөрөө компанийн дансаар авч болохгүй гэж хэлсэн” гэх хэсгийг анхаарч үзэх шаардлагатай байсан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-т “О” ХХК-аас өгсөн санхүүжилт нь ажлын гүйцэтгэлд хүрэлцэхгүй тул Цогтцэций суманд бусад иргэн, байгууллагатай тохиролцоод хүнс, шатахуун авч ашиглаж байгаа талаар хэлж байсан, мэдэж байсан гэж хэлсэн бөгөөд гэрээний хэрэгжилтийн хугацаанд нэг ч удаа албан ёсоор хариуцагч талд хандаж төлбөрийн үүргийг хуулийн этгээдийн дансаар хүлээн авна гэдгээ мэдэгдээгүйд үндэслэл бүхий тайлбар өгөөгүй. Нэгэнт нэхэмжлэгч хариуцагчийн тайлбартай санал нэг байгаа тохиолдолд үүнийг шүүх үгүйсгэж байгааг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг хоёр удаа шийдвэрлэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Гэвч Таван толгой ХК-с ажлын төлбөр “Ё д” ХХК-д орж ирсэн бөгөөд үүнээс зохих ёсоор суутгал хийгээд А.Мэнд-Амарт шилжүүлсэн үйл явцад “Ё д” ХХК нь “О” ХХК-ний дансны мэдээлэл, А.Мэнд-Амараас бусад удирдлагын талаар мэдэх боломжгүй байсныг анхаарч үзээгүй. 2017 оны 02 сард Н.Б-тай Улаанбаатар хотод уулзсан, шаардсан гэх боловч энэ нь нотлох баримтгүй. Хариуцагчийн зүгээс Н.Б-тай М.О холбоо барьсан гэх боловч энэ нь нотлох баримтгүй. Энэ үедээ өөрийгөө “О” ХХК-г төлөөлөх эрхтэй эсэхээ тодруулах баримт байгаагүй. Гэрээний төлбөрийг  хэн

 

бөгөөд хаана ямар ажил эрхэлдэг нь үл мэдэгдэх хүнтэй утсаар холбогдоод шууд шилжүүлнэ гэдэг өөрөө асар их эрсдэл дагуулах байсныг ойлгоно бизээ. “О” ХХК-ний удирдлагуудын хооронд үүссэн үл ойлголцлын талаар мэдэх боломжгүй байсныг анхаарч үзэх хэрэгтэй.

Гүйцэтгэх захирал А.М төлбөрийг хүлээн авч “О” ХХК-ний дансанд оруулж зохих бүртгэлийг хийх нь Ё д ХХК-ний хүлээсэн үүрэг биш болно. Энэ нь тухайн хуулийн этгээдийн дотоод асуудал, үүнтэй адил төлбөрийн үүргийг гүйцэтгэгч “Ё д” ХХК нь захирал нь хуулийн этгээдийн дансаар төлбөрийг гүйцэтгэх, өөрийн хувийн данснаас төлбөрийн үүргийг гүйцэтгэх нь хариуцагчийн эрх юм.

Мөнгө гэдэг бол төлбөрийн  шинжээр тодорхойлогдохын хувьд хуулийн этгээдийн данснаас төлбөр төлөх, хувь хүн түүний өмнөөс үүрэг гүйцэтгэх нь санхүүгийн  хувьд хүлээн авагчид ижил. Хамгийн гол нь үүргийн гүйцэтгэлийн хэмжээ, шинж чанар, төлбөрийг хүлээн авагч нь ашиг олж байгаа зэргээр тодорхойлогдоно.

Хэргийн тохиолдолд Б.М, Н.Б нараас төлбөрийг хүлээн  авснаар “О” ХХК-ний гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжтой зардлыг олж авч байгаа үйл явц нь үүргийн гүйцэтгэл зохих ёсоор байсныг илтгэнэ.

Нэхэмжлэгчийн  зүгээс ажиллагааны явцад хуулийн  этгээдийн өмнө төлбөрийн  үүрэг гүйцэтгэхэд гэрээнд заасан, гүйцэтгэх захирал заавар өгснөөс үл хамааран хуулийн этгээдийн  дансанд төлбөрийг шилжүүлэх ёстой, энэ нь заншил гэх утгаар тайлбарлаж ирсэн. Гэвч гүйцэтгэх захирал компанийг төлөөлж байгаагийн хувьд бие даан шийдвэр гаргах, төлбөрийг хүлээн  авах эрх эдэлж байдаг нь хууль болоод иргэний эрх зүйн харилцаанд тогтсон  заншлаас үүдэлтэй зохицуулалт юм. Дээрх нь иргэний эрх зүйн  чөлөөт байдлын зарчим, шударга ёсны зарчимд тулгуурласан ойлголт юм.

2.Урьд өмнө нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 сарын 27-ны өдөр хэргийг  шийдвэрлэсэн боловч тухайн шүүх хуралдаан нь хууль ёсоор товлогдоогүй, шүүх хуралдааныг албан ёсоор товлож захирамж гаргаагүй, хариуцагчийн  эрхийг  ноцтой зөрчсөн тул тухайн хурлын шийдвэрийг  хүчингүйд тооцох тухай давж заалдах шатны шүүхийн  магадлал гарч байна.

Ингэхээр 2018 оны 02 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд миний зүгээс гаргаж хэлэлцүүлж байсан хүсэлтүүдийг  өнөөг  хүртэл анхан шатны шүүх шийдвэрлээгүй байсаар А.Мэнд-Амар нь энэ хэргийн шийдлээс хамааран их хэмжээний төлбөр төлөх үүргийг бусдын  өмнө хүлээх нөхцөл байдал үүсээд байхад түүнийг гуравдагч этгээдээр хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй, хангахгүй байгаа нь үндэслэлгүй байна.

3.”О” ХХК-ний захирал М.Оргил өөрийн төлөөлөгчөөр дамжуулан Өмнөговь аймгийн  Ханбогд сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газарт хандан гаргасан А.М, Н.Б, н.Б нар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хууль бусаар завшсан, хуурч мэхлэсэн  гэх агуулгатай гомдол бүхий эрүүгийн хэргийн материалаас гомдол болоод мэдүүлгүүдийг нотлох баримтаар авсан. Уг мэдүүлэг, гомдлоос үзэхэд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа маргаан нь нэхэмжлэгчийн хэлээд байгаа тоног төхөөрөмжөөс гадна ажил гүйцэтгэх гэрээний төлбөр хэрхсэн талаар шалгаж байгаа нь тодорхой харагдана. Ийм байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн. Шийдвэрт эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан мэдүүлгүүдийг  үнэн эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн байна.  Энэ нь Эрүүгийн хэргийн шүүх үнэлэх ёстой нотлох баримтуудад урьдчилан дүгнэлт хийсэн явдал юм. Хэргийн нотлох баримтаас хамааран тухайн мэдүүлгүүдийг үнэн, бодитой гэж үзэх эсэх нь эрүүгийн хэргийн шүүхийн эрх бөгөөд үүнтэй анхан  шатны шүүхийн шийдвэр зөрчилдөх болохыг анхаарна уу.

 

Эрүүгийн гэмт хэргийн хохирол хор уршгийн хэмжээ тогтоох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдэх тохиолдол байдаг ч энэ нь эрүүгийн хэргийн талаар эцэслэн шийдвэрлэсний дараа явагдах боломжтой ажиллагаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолдоо М.О”...нийт 311.200.000 төгрөгийг дээрх этгээдүүдээс гаргуулж өгнө үү гэх болон мэдүүлгүүдээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг шаардаад байгаа нь харагдана.

4.”О” ХХК-ний төлөөлөгч болон өмгөөлөгч нар хариуцагч талыг хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн, А.М-т төлбөр шилжүүлсэн талаарх баримтыг зохион байгуулалттайгаар хуурч мэхлэх аргаар үйлдэж байна гэж маргадаг. Хэрвээ нэхэмжлэгч ингэж үзэж байгаа бол энэ таамгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулах шаардлагатай.

А.Мэнд-Амарт төлбөр шилжүүлсэн  нь хуурамч баримт, А.М төлбөрийг хүлээн авах эрхгүй, Н.Б, А.М нар хуурч мэхлэх замаар төлбөрийг завшсан гэх өөр өөр байр сууринаас нэхэмжлэгч шаардлагаа тайлбарладаг. Гэвч эдгээрийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй. Үндэслэлээ тайлбарлаагүй өнөөг хүрсэн. Хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх тайлбар, нотлох баримтаа гаргаагүй байхад шүүх өөрийн  санаачилгаар хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байгаа нь түүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Н.Батсайхан, Б.Мөнхнаран нараас авсан мөнгө нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр биш гэх боловч үүнийгээ нотлох талаар баримт гаргаагүй, үндэслэлээ тайлбарлаагүй.

Тооцоо нийлсэн акт гэх баримтыг нотлох баримтаас хасах тухай шийдвэрлэсэн байх боловч үүний үндэслэл тодорхойгүй байна. Чухам ямар үндэслэлээр тухайн  нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж үзсэн болохоо шүүх болоод нэхэмжлэгч  тал тайлбарлах ёстой. 

Дээрх үндэслэлүүдийг хянан  үзээд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн  анхан  шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын  03-ны өдрийн  487 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон  хэргийг  дахин  шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус хуурамч нотлох  баримт бүрдүүлсэн,  “О” ХХК-г хохироохоор төлөвлөсөн зүйлгүй. Энэ талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгуулахад татгалзах зүйлгүй.

Өөрийн ажилтны хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг “Ё д” ХХК-аас гаргуулах зорилго агуулсан нэхэмжлэгч эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журмаар тухайн  төлбөрөө давхардуулан гаргуулж авах хууль бус зорилго агуулж байна.  Үүндээ хууль сахиулах байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны онцлогыг ашиглах оролдлого хийх нь шударга ёсонд үл нийцнэ. Хуулийн этгээд нь өөрийн ажилтны ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцаж арилгах ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын  03-ны өдрийн  139/ШШ2018/00487 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-д заасан  “хууль ёсны ба үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэстэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэн  шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тогтлоо.

 

 

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Ё д” ХХК-иас хөрс хуулалтын  ажлын хөлс 427.200.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэстэй гэж үзэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ. Шүүхийн  энэ дүгнэлт, шийдвэрлэлт хууль зүйн бүрэн үндэстэй биш байх тул хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 106,600 м3 хөрс хуулалтын үнэнд 427.200.000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд 1м3 хөрс хуулалтын үнэнд 4000 төгрөгийг “О” ХХК-д төлөх гэрээтэй гэжээ.  Энэ нь 426.400.000 төгрөг байх тооцоо гарч байх тул үнийн дүн шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт дээрх нотлогдож байгаа байдлыг үндэслэн өөрчлөлт оруулах үндэстэй. 106,600 м3 хөрс хуулах болон түүний үнэнд 4000 төгрөг төлсөн талаарх энэ хэлцэл гэрээний талаар захиалагч, гүйцэтгэгч талын хэн  аль нь маргахгүй байгааг харгалзан үзсэн болно.

 

Монгол Улсын  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх болон захиалагчийн хөлс төлөх журмыг зохицуулсан. Энэ заалтанд гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэх, захиалагч хөлс төлөх үүрэгтэйг хуульчлан заажээ. Захиалагч хөлсийг тохирсон журмаар төлөх үүрэгтэй. Энэ талаар нарийвчлан тохиролцох шаардлагатайг Иргэний хуулийн  344 дүгээр зүйлийн 344.1-д тодорхойлсон.  Хуулийн  энэ  шаардлагыг бүрэн хангасан тохиролцоог талууд ажил гүйцэтгэх гэрээндээ тусгаагүй боловч ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар 1м3 хөрс хуулалт тутам 4000 төгрөг төлөх, уг мөнгийг ажил гүйцэтгэгчид шууд бүрэн төлөхөөр тохиролцсон гэсэн  дүгнэлтийг гэрээнд үндэслэн хийх үндэстэй байна гэж үзэв. Иймд нэхэмжлэгч “О” ХХК нь “Ё д” ХХК-ний захилгаар гүйцэтгэсэн 106,600м3 хөрс хуулалтын ажлын хөлс 426.400.000 төгрөгийг шаардах эрхтэй байжээ.

 

Нэхэмжлэгч энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ нийт төлбөрийг нэхэмжилсэн бол хариуцагч “Ё д” ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн төлсөн гэж маргажээ.

Хариуцагч тайлбарлахдаа гэрээ байгуулсан гүйцэтгэх захирал А.Мэнд-Амарт энэхүү ажлын хөлсийг төлсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч тал А.М манай компанийн ажилтан биш төлбөрийг авах эрх бүхий этгээд биш гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Ажил гүйцэтгэгч талыг төлөөлөн гэрээ байгуулсан А.М нь “Ё д” ХХК-тай гэрээ байгуулж гарын үсэг зурсан бөгөөд тухайн үед “О” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг улсын бүртгэлийн №000041590 тоот гэрчилгээнд тусгаж, бүртгэж баталгаажуулжээ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн  211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хууль буюу гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн  өгөх ёстой. А.М нь гэрээнд заасан эрх бүхий этгээд байх тул нэхэмжлэгч талын тайлбар үндэсгүй бөгөөд А.М-т “Ё д” ХХК-аас төлсөн 151.921.320 төгрөгийг /2-р хх-ийн-41-43/ төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Төлбөрийг бүрэн төлсөн гэх талаар “Ё д” ХХК тайлбарлахдаа “О” ХХК-ний авч хэрэглэсэн  түлш шатахуун бусад зардлыг төлсөн гэх боловч энэ нь ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудын хооронд байгуулсан гэрээний шаардлагад нийцэхгүй байна. 

 

Уг гэрээний 4.1-т гэрээний үнэ төлбөр болон 1м3 хөлсийг 4000 төгрөгөөр үнэлэн нийт төлбөрийг ажил гүйцэтгэгчид төлөхөөр заасан байх бөгөөд захиалагч гэрээний энэхүү заалтыг зохих ёсоор биелүүлээгүй шалтгаанаа өөр этгээдэд шилжүүлсэн гэж

 

 

тайлбарлажээ. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг  тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчжээ.

 

Иймд хууль болон гэрээний заалт шаардлагыг зөрчиж дутуу олгогдсон 274.478.680 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон заалт бүхий өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв. Хариуцагч талын зүгээс “О” ХХК-тай байгуулсан гэрээг  2017 оны 02 сарын 07-ноос цуцалж, үлдсэн ажлыг өөр хувь хүнээр гүйцэтгүүлж төлбөрийг  төлсөн гэж тайлбарлаж байгаа ч үүнийгээ нотлоогүй, түлш, шатахуун, хүнсний зүйл болон бусад гүйцэтгэгч комданийн зүйлсийн үнэ төлбөрийг төлсөн гэж байгаа ч үүнийгээ тодорхой нотлох баримтаар нотлоогүй, мөн ийм үйлдэл хийх нь талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийг зөрчиж байгаа болохыг давж заалдах шатны шүүхээс анхааран үзэж шийдвэрлэсэн  болно.

Шийдвэрийн өөрчлөлттэй холбогдуулан улсын тэмдэгтийн  хураамжийг зөвтгөж өөрчлөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2018/00487 дугаар шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

1. Шийдвэрийн 1 дүгээр заалтыг Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 206 дугаар зүйлийн  206.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д тус тус зааснаар Ё д ХХК-иас 274.478.680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 151.921.320 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,  

2. Шийдвэрийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.293.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ё д” ХХК-иас 1.530.343 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Опендевелопмэнт” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.294.000 төгрөгөөс 1.530.343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 763.657 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ                           Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                            Т.БЯМБАЖАВ  

                                                                                            Ш.ТӨМӨРБААТАР