Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Баян сумын 1-р багийн иргэн Нарангийн баяуд овгийн Дангаагийн Лхагваагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Лхагваа

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Лхагваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байна. Улсад 27 жил ажилласан. Би  Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1972 оны 02 сарын 01-нээс 1974 оны 05 сарын 28-н хүртэл малчинаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Энэ хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Мөн Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1981 оны 12 сарын 14-нөөс 1994 оны 05 сарын 01-нийг хүртэл жолоочоор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэг нь бүдэг бичигдсэн, тушаал нь олдохгүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1972 оны 02 сарын 01-нээс 1974 оны 05 сарын 28-н хүртэл малчинаар, 1981 оны 12 сарын 14-нөөс 1994 оны 04 сарын 08-ныг хүртэл жолоочоор, Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал ББХК-д 1994 оны 04 сарын 08-наас 1994 оны 05 сарын 01-нийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Лхагваа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Лхагваагийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй,  холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01  сарын 05-ны өдрийн 06 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч А.Таяагийн:“...Д.Лхагваа нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад 1972 оноос 1974 оны хооронд Нямдоо гэдэг хүний хамтаар төллөх мал маллаж байсан, 1974 ондоо цэрэгт явсан. Тэгээд 1981 оноос 1994 оны 05 сар хүртэл тус нэгдэлдээ жолоочоор ажилласан юм. Тухайн үед би сумын орлогч даргаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Бүдээгийн: “...Д.Лхагваа нь 1972 оноос 1974 онд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчин байсан. 1974 он хүртэл малчинаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Би тус сумын АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба Д.Лхагвааг би цэрэгт мордуулж байсан юм. Цэрэгт явж ирээд жолооч болж мөн нэгдэлдээ 1981 оноос жолооч болсон. Жолоочоор 1994 оны 05 сар хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ж.Ичинхоролын: “...Би сургууль төгсөөд 1974 оны 06 сард Дэрэн сумын Найрамдал нэгдэлд зоотехникчээр очиж ажиллахад Д.Лхагваа нь малчинаар ажиллаж байсан. Тэгээд Д.Лхагваа нь цэрэгт явж ирээд жолооч болоод 1981 оноос 1994 оны хооронд тус нэгдэлдээ жолоочоор ажилласан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 06 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад 1972 оны 02 сарын 01-нээс 1974 оны 05 сарын 28-нийг хүртэл малчинаар, мөн нэгдэлд 1981 оны 12 сарын 14-нөөс 1994 оны 05 сарын 01-нд чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй тул Дангаа овогтой Лхагваад холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 08/15 дугаартай “Дэрэн сумын Найрамдал нэгдэл нь 1991 оны 04 сарын 14-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 04 сарын 08-нд Найрамдал ББХК, 1996 оны 04 сарын 22-нд Наран хөгцтий ХХК болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2003 оны 02 сарын 25-нд “Наран хөгцтий хоршоо” болон өөрчлөгдөөд үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн болно...” гэх тодорхойлолт,

4.Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 000008147 дугаартай “Дангаагийн Лхагваа БХЯ-ны сайдын 1974.05.17-ны өдрийн н/126 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1974.05.28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 164-р ангид алба хааж, мөн сайдын 1977.08.20-ны өдрийн н/122 дугаар тушаалаар 1977.08.20-ны өдөр 01 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэх лавлагааны хуулбар,

5.Нэхэмжлэгчид Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээс 1973 оны 10 сарын 31-нд олгосон “Сайшаалын үнэмлэх”, 1975 оны 04 сарын 05-нд олгосон “Дурсамж” эх хувиараа,

6.Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн даргын 1981 оны 12 сарын 13-ны өдрийн 34 дугаартай “Д.Лхагвааг 1981 оны 12 сарын 14-нөөс нэгдлийн ГАЗ-69 машины жолоочоор томилсугай” гэх тушаалын хуулбар,

7.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс 1977 оны 09 сарын 10-ны өдөр олгосон “нэгдлийн даргын 1981 оны 12 сарын 13-ны өдрийн 34-р тушаалаар Д.Лхагвааг 1981 оны 12 сарын 14-нөөс нэгдлийн ГАЗ-69 машины жолоочоор томилов”, “нэгдлийн даргын 1994 оны 05 сарын 01-ний өдрийн 04 дугаар тушаалаар Д.Лхагвааг 1994 оны 05 сарын 01-нээс жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

8.Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс нэхэмжлэгчид олгосон 1982, 1984, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалин тооцооны хүснэгт болно.

Дээрх бичгийн баримтуудаар Д.Лхагваагийн Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1972 оны 02 сарын 01-нээс 1974 оны 05 сарын 28-н хүртэл малчинаар, 1981 оны 12 сарын 14-нөөс 1994 оны 04 сарын 08-ныг хүртэл жолоочоор, Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал ББХК-д 1994 оны 04 сарын 08-наас 1994 оны 05 сарын 01-нийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяуд овгийн Дангаагийн Лхагваа /ЗЖ56122311/ нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1972 оны 02 сарын 01-нээс 1974 оны 05 сарын 28-н хүртэл малчинаар, 1981 оны 12 сарын 14-нөөс 1994 оны 04 сарын 08-ныг хүртэл жолоочоор, Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал ББХК-д 1994 оны 04 сарын 08-наас 1994 оны 05 сарын 01-нийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ