Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 123/2016/0024/з |
Дугаар | 221/МА2017/0180 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2017/0180
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, гуравдагч этгээд Л.Даваасамбуу, гуравдагч этгээд “Чонон саарал” ХХК, “Арвижих” хоршоо болон Л.Оюунчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, гуравдагч этгээд “Жавцагийн гол” ХХК, “МНТЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “ЖБЦБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 55 дугаар зүйлийн 55.1, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсэг, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар Б.Батбаярт 2 га, 37 дугаар захирамжаар Л.Даваасамбууд 2 га, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар “МНТЭ” ХХК-д 25 га газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах, МҮ-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаяр давж заалдах гомдолдоо: “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу газар эзэмших гэрээг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу мөн зүйлийн 40.1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/ 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д үндэслэл үүссэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь Засаг даргын үүрэг байна.
Гэтэл Засаг даргаас уг үүргээ биелүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад анхан шатны шүүхээс уг эс үйлдэхүйг зөвтгөсөн агуулгатай дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарласан.
Мөн ... гуравдагч этгээдүүдийн эзэмших эрхтэй газартай давхцаагүй, талбайн баруун урд булан хэсэгтээ нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг газрыг хаших зэргээр гуравдагч этгээдүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахад нь саад болоогүй, энэ талаар тэдгээрээс ямар нэгэн гомдол гаргаагүй.
Түүнчлэн хэрэгт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичигт ““Жавцагийн гол” ХХК-аас бусад этгээдүүд газрын төлбөрөө төлөөгүй”, сумын газрын даамлын албан бичигт “Л.Оюунцэцэг, “Арвижих заяа” хоршоо нь газрын төлбөр төлөөгүй” гэсэн байхад шүүхээс газрын төлбөрөө төлж байсан нь тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Мөн хавтаст хэрэг дэх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт ““Арвижих заяа” хоршоо нь 2008 онд татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан” гэсэн бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “... газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан байхад шүүхээс үүнийг анхаарч үзээгүй.
Гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь 2006 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авахад 2009 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тухайн талбайд газар эзэмших эрх олгосон шийдвэр гарч ирээгүй бөгөөд манай компанийн зүгээс газар эзэмших хүсэлт гаргасны дараа ийм байдал үүссэн нь тухайн шийдвэрүүдийг хууль бусаар нөхөж гаргасан гэж үзэх үндэслэлтэй байхад шүүхээс үүнийг шалгаж тогтоогоогүй байна.
Б.Батбаяр, Л.Даваасамбуу нарт 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хойш газар эзэмшүүлсэн шийдвэрийг гаргасан байхад дүгнэлт хийгээгүй орхисон байна.
Түүнээс гадна шүүхээс “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь энэ тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг шинээр авах бус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрынхаа ашиглах эрхийг хүссэн болно.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхээс нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-аас Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсэг, иргэн Б.Батбаяр, Л.Даваасамбуу нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36, 37, “МНТЭ” ХХК-д 25 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/58 дугаар захирамжуудыг хүчингүй болгохыг даалгах, мөн МҮ-016809 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч компани Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Бөхөгийн хөндийд орших 31,12 га газрыг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр МҮ-016809 дүгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Гантиг-Уул” ХХК-аас шилжүүлэн авснаар тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон боловч дээр дурдсан этгээдүүдийн газартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсэг нь давхцсанаас шүүхэд ханджээ.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаар “ЖБЦБ” ХХК-д олгогдсон талбайд анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр иргэн Д.Батхолбоод, 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр “Гантиг-Уул” ХХК-д тус тус ашигт малтмалын хайгуулын, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр “Гантиг-Уул” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь, мөн тийнхүү тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Газрын тухай хуулийг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003, 2005, 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу маргаан бүхий актуудаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тогтоогджээ.
Тухайлбал, 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар захирамжаар “Жавцагийн гол” ХХК-д Бөхөгийн голд фермерийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах зориулалтаар 50 га газар, 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01, 02, 03 дугаар захирамжуудаар Бөхөгийн голд хүнсний ногоо тариалах болон туслах аж ахуй эрхлэх зориулалтаар “Чонон саарал” ХХК-д 3 га, “Арвижих заяа” Хадгаламж зээлийн хоршоонд 2 га, иргэн Л.Оюунцэцэгт 1 га газар, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36, 37 дугаар захирамжаар иргэн Л.Даваасамбуу, Б.Батбаяр нарт Бөхөгийн тариалангийн талбайгаас тус бүр 2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, тийнхүү шийдвэрлэсний дагуу сумын газрын мэргэжилтэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар тэдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших эрх хууль ёсоор үүсчээ. Өөрөөр хэлбэл тэдгээрт газар эзэмших эрх олгохдоо хариуцагч албан тушаалтан холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй ч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 /энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/-д заасан бүрэн эрхийн хүрээнд, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4-д нийцсэн шийдвэр гаргажээ.
Үүнээс гадна цугларсан баримтаар “Гантиг-Уул” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 /Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана/-д заасны дагуу ирүүлсэн мэдэгдэлд санал өгөхдөө Төв аймгийн Засаг дарга мөн хуулийн 19.4-д заасан журмыг зөрчиж тусгай зөвшөөрөл хүссэн талбай байрших Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авалгүйгээр “зөвшөөрсөн” хариуг өгснөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүнсний ногоо тариалах болон фермерийн аж ахуй эрхлэх зориулалтаар олгогдсон байсан газартай давхцуулан “Гантиг-Уул” ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл 2007 онд олгогдсон, улмаар түүний зарим хэсэг “ЖБЦБ” ХХК-д шилжсэн нь тогтоогджээ.
Энэ тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших эрхийг хуулийн дагуу олгосон маргаан бүхий актуудыг хүчингүй болгохыг хариуцагч албан тушаалтанд даалгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь Засаг даргын эрх бөгөөд тийнхүү хүчингүй болгохыг бусад этгээд ялангуяа нэхэмжлэгч компанийн шаардсанаар гаргахыг даалгах үндэслэлгүй.
Хан-Уул дүүргийн шүүхийн /хуучнаар/ 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг биелүүлж “Жавцагийн гол” ХХК Алтанбулаг сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар захирамжаар олгогдсон 50 га газрынхаа 25 га-г “МНТЭ” ХХК-д шилжүүлэхээр хүсэлт гаргасныг Алтанбулаг сумын Засаг дарга хүлээн авч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Б/58 дугаар захирамжаар “МТНЭ” ХХК-д фермерийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах зориулалтаар шилжүүлж эзэмшүүлсэн нь хууль ёсны байх бөгөөд тийнхүү шилжүүлснээ хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шүүхийн шийдвэртээ хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР