Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2018/00114

 

Т.Л ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00644 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Т.Л ийн нэхэмжлэлтэй

Үйлдвэрийн осол мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Л  би 2007-04-20-ны өдрөөс 2009-05-15-ны хооронд Дотоодын цэргийн 816 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор харуулчаар ажиллаж ирсэн. Би 2008-11-29-ны өдөр ажлын байран дээрээ орой 19 цагийн үед ухаан алдаж унаад 2009-03-17-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болохоо тогтоолгосон. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 70% алдсан хэвээрээ байна. Би тухайн үедээ үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгохоор хөөцөлдөж чадаагүй бөгөөд хожим хөөцөлдөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуг өгсөн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70% хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг буюу түүнээс дээш удаа авах учиртай юм байна. Би өөрийн ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдсан учир тухайн үед ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад ухаан алдаж унасан учир үйлдвэрийн осол мөн болохоо тогтоолгох шаардлагатай байна. Иймд: Т.Л  намайг 2008-11-29-нд ажлын өрөөндөө ухаан алдаж унаад хөдөлмөрийн чадвараа 70% алдсан учир намайг үйлдвэрийн осолд орсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00644 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг баримтлан Т.Л ийн үйлдвэрлэлийн осол мөн болох-ыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Л ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н- давж заалдсан гомдолдоо:

Шүүх 2018-06-25-гы өдөр Т.Л ийн нэхэмжлэлтэй "Үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо: ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1-д заасан: "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" мөн хуулийн 40-р зүйлийн 40.2-т заасанчлан: Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчлөө. Нэхэмжлэгч Т.Л  2007.04.20-ны өдрөөс 2009.05.15-ны өдрийн хооронд Дотоодын цэргийн /хуучин нэрээр/ 816-р ангид харуулчнаар дэд ахлагч цолтойгоор ажилласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдох юм. Нэхэмжлэгч Т.Л  2008.11.29-ний орой ажлын байран дээрээ байж ажлаа хийж байгаад ухаан алдаж унан улмаар тархинд нь цус харавснаар хөдөлмөрийн чадвараа 70% алдаж ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон бөгөөд түүнийг ажиллуулж байсан ажил олгогч болох Дотоодын цэргийн 816-р ангийн захиргаа тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2002.07.05-ны өдрийн 107 дугаартай тотоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 95-р зүйлийн 95.9-т: "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж тухайн үед ослын талаар холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй байснаас шалтгаалж Т.Л  өнөөдрийг хүртэл хохирсоор явна. Дээрх дүрмийн 1-ын 5-ын А-д:"ажилтан ажлын үндсэн ба туслах байранд, эсхүл албан томилолтоор, мөн гэрээ, хэлэлцээрийн дагуу бусад газарт ажил үүргээ, гүйцэтгэж байхдаа тэрчлэн ажлын байр, нэгж салбарын хооронд байнга явж ажлаа гүйцэтгэгч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байгаад өртсөн осол"-уудыг үйлдвэрлэлийн осол мөн болохоор заажээ. Нэгэнт хууль дүрэм, журамд ийм зохицуулалт байгаа учраас ИХШХШТХ-ийн 135-р зүйлийн 135.2.5-д: осол гэмтэл гарсан эсэхийг" шүүхээр нөхөн тогтоохоор хуульчилан заасан байхад шүүх "Т.Л  нь ажлын байран дээрээ ухаан алдаж унаж, тархинд нь цус харвах өвчин үүссэний улмаас хөдөлмөрийн чадвараа 70% алдсаныг үйлдвэрлэлийн осол гэж үзэх боломжгүй байх тул" гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. ИХШХШТХ-ийн 35-р зүйлийн 35.2.5-д заасан Осол, гэмтэл гарсан эсэхийг шүүх тогтоох үндэслэлийг 1-рт: осол гэмтэл гарсан эсэхийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй байх ёстой гэснээс харахад дээрх журам, хөдөлмөрийн тухай хуулийн 95-р зүйлд заасанчлан эрх бүхий байгууллагад хандан акт тогтоолгоогүй байхыг шаардсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 95-р зүйлийг үндэслэн "Үйлдвэрлэлийн осол,мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг Засгийн газар батлана гэжээ.

Нэхэмжлэгч Т.Л  2008.11.29-ний өдөр ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад ухаан алдаж унан улмаар хөдөлмөрийн чадвараа 70% алдсан учир Засгийн газрын 2000 оны 107-р тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол,мэргэжлээс шалтгаалсан өвчин,хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1 дэх хэсгийн 5-д: Дараах нөхцөл байдалд үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөнд өрсөнөөс.гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцно.

Үүнд:А/ажилтан ажлын үндсэн ба туслах байранд, эсхүл албан томилолтоор, мөн гэрээ, хэлэлцээрийн дагуу бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тэрчлэн ажлын байр нэгж салбарын хооронд байнга явж ажлаа гүйцэтгэгч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байгаад өртсөн ослуудыг үйлдвэрлэлийн осол оруулж тооцохоор зохицуулжээ. Харин мөн журмын 7-д: Дараах нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцохгүй гээд Б/ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс осолд орсон бол үйлдвэрлэлийн осолд оруулан тооцохгүй гэжээ. Нэхэмжлэгч Т.Л  дээрх журмын 7-д заасан үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн заалтуудын алинд нь ч хамаарахгүй учир түүний ажлын байран дээрээ ухаан алдаж унасан явдлыг үйлдвэрлэлийн осолд оруулан тооцоход саад болохгүй юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Л ийн гаргасан үйлдвэрийн осол мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Т.Л ийн гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийн харьяалалд хамаарах юм.

Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн хүрээ, тэдгээрийн эрх зүйн байдал өөр байдагаас гадна нотлох баримт гаргах, бүрдүүлэх ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоодог болохыг шүүх анхаараагүйгээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай тухайлбал нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж унахад хүргэсэн нөхцөл байдлын талаарх нотлох баримт хангалттай авагдаагүй байна. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй болно.

Иймд хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00644 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Т.Л ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ