Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00170

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/00170

Орхон аймаг

                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Н-д холбогдох,

 

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б нь Нтэй 2015 онд танилцаад найзалж нөхөрлөж байгаад хүүхэдтэй болж 2016 онд нэг гэрт орж гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас охин Н 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Ннь бидний гэрлэх үед элдэв ааш зан гаргадаггүй байсан. Гэтэл охиноо төрснөөс хойш гэр орон үр хүүхдээ орхин гадуур хэсч архи ууж, агсан согтуу тавьж орилж хашгиран намайг хүртэл зодож 2 удаа нүүр ам маажсан асуудал гаргасан. Тэгээд 2017 оны 1 сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон. Охиноо бага байгаа учраас ээжтэй нь байлгасан. Гэхдээ би охиноо орхиогүй байнга харж хандан хувцас хунар пампарс болон хэрэглээний зүйлүүдээр нь байнга хангаж байсан. Гэтэл энэ хооронд охиноо ч харж чадахгүй байнга л над дээр ажил дээр авчирч хаячхаад нөгөө явдгаараа явж архиа ууж тамхиа татаж зугаа цэнгэлээ хөөсөөр байсан. Тэгээд хүүхдээ орхиж явж явчхаад санаад байна авъя гэдэг. Нэг удаа охиноо авчраад орхичихоор нь эргэж өгөхгүй гээд маргасан. Тэгсэн цагдаад өргөдөл өгсөн байсан. Тэгээд хүүхдийн байцаагч ээжид нь өг хуулиараа ээж нь  авах ёстой гээд өгүүлсэн. Гэвч Ннэг  өдөр ч тайван байлгахгүй одоо тусдаа байгаа хирнээ байнга хэрүүл хийж хүүхдээ ч олигтой харж хандахгүй байгаа тул энэ  хүнээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулах хэрэгтэй байна. Охиноо охин хүүхэд учраас ээжтэй нь байлгамаар байна. Хэрвээ Нхарж чадахгүй гэвэл би охиноо авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр  2015 оноос хамт амьдраад 2 жил болсон. 2016 оны 7 сард хүүхэд гаргаснаас хойш Нгийн ааш зан өөрчлөгдөж хүүхдээ харахгүй, найз нөхдөө гэрт авчирч  архи уудаг. Хаяа нэг ууж болно. Гэхдээ өдөржин шөнөжин архи уугаад хажууд нь хүүхэд байхад маш хэцүү, зодоон цохион хийдэг. Энэ үйлдэл нь 2,3 удаа болж байгаа. Нтэй цаашдаа хамт амьдрах боломжгүй болоод байна. Бид хоёр 2017 оны 1 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Зан харилцааны хувьд таардаггүй, байнга хардана, жижиг юмнаас болж уурлаж, орилж хашгирна, ер нь бол цаашдаа дахин нийлж амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Ныг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний Бие Ннь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охиноо төрүүлж бид нэг гэртээ орсон. Би нялх биетэй, хүүхэд харах хүнгүй, нялх хүүхдээ орхиод гадуур хэсч алга болох ямар ч боломжгүй. Намайг бүр олиггүй эмэгтэй болгох гэж хүчээр бичсэн байна. Б нь хэрэлдэж муудалцахаараа 3 хоног ор сураггүй алга болчихдог. Би гэр орондоо архи уудаггүй, гэрийнхээ эд зүйлийг зарсан зүйл байхгүй. Намайг гүтгэж байна. Ийм утгагүй зүйл бичсэн байна. 2017 оны 01 дүгээр сараас намайг хүүхэдтэй минь гэртээ оч, яв гэж хөөсөн. Би ч хөөгдөж амьдрах шаардлагагүй гэж охиноо аваад төрсөн гэртээ очсон. Тэгээд Б бид хоёрын хувцсыг хүнээр өгч явуулсан. Өөрөө амьдрах хүсэлгүй тул салах шалтгаантай байна. Би охиноо өөрөө харж өгсөж байна. Миний бие одоо Болгар улсад магистрт сурахаар явах гэж байгаа тул охиноо Бын асрамжид үлдээнэ. Би оюутан ямар ч орлогогүй гэв.

 

Хариуцагч Ншүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Намайг архи дарс уудаг гэж байна. Намайг төрсний дараа манай найзууд эргэж ирсэн. Намайг төрсний дараагаас Б нь надад хайр, халамж тавихгүй зан араншин нь өөрчлөгдсөн. Бид хоёр 1 жилийн хугацаанд хамт амьдарч байгаад 2017 оны 1 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Б хувиараа бизнес эрхэлдэг. Одоо би Болгар улс руу сурахаар явах гэж байгаа учир охиноо аав дээр нь үлдээх хүсэлтэй байна. Таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдраад жил гаран болж байна, би одоо гадагшаа сурахаар явах гэж байгаа. Тиймээс энэ хүнтэй эргэж эвлэрч, нийлж амьдрах ямар ч боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ннь гэрлэлт цуцлуулах, хүүхдийг аавынх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б, Ннар нь 2015 оны 10 дугаар сарын 01-нд гэр бүл болж гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас охин Н2016 оны 07 дугаар сарын 15-нд төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн ФА16271503 тоот регистртэй 00002988927 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагч Б, Ннарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, Б нь Нгийн ааш авир, хүнд гар хүрдгийг нь тэвчиж чадахгүй дахин хамт амьдрах боломжгүй талаар илэрхийлсэн, Ннь Болгар улсад суралцахаар 4 жилийн хугацаатай явж байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй гэх зохигчийн тайлбараар гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч охин Ныг өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч охин Ныг нэхэмжлэгч Бын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байх тул охин Ныг эцэг Бын асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б, Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ныг эцэг Бын асрамжид үлдээсүгэй.

 

3.Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бод олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ