Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Б.Батбаяр;

иргэдийн төлөөлөгч: Д.Амармэнд;

улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ;

хохирогч: Н.Батсайхан, Э.Балжирмаа;

шүүгдэгч: Б.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Батсайханы Цогтбаярт холбогдох эрүүгийн 201625022235 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:    

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34-50А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, УП93032550 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Батсайханы Цогтбаяр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Цогтбаяр нь давтан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжны 50а тоот хашаанд өөрийн төрсөн эцэг Н.Батсайханы хэтэвчин дотроос “ХААН" банкны виза картийг авч данснаас бэлэн мөнгөний машин ашиглан 990.000 төгрөгийг хулгайлсан,

урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаа дуусаагүй байх үедээ давтан 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нар Мон” ХХК-ийн байранд иргэн Р.Нарангэрэлийг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Самсунг Галагси Эс-5” загварын гар утсыг авсны улмаас 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Цэ” кафед зөөгчөөр ажиллаж байсан иргэн Э.Балжирмааг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утсыг авсны улмаас 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9-17 тоот хашаанд иргэн Ц.Баярааг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөпийн “Ю-600” загварын гар утсыг авсны улмаас 360.000 төгрөгийн буюу нийт 920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Б.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Хохирогч Н.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 20-ны орой гэрийнхээ урд байрлах ажлын байрандаа ажлаа хийж байхад Цогтбаяр гэртээ ирсэн. Би нилээн удаа ажлаа хийж байгаад гэртээ орж ирэхэд Цогтбаяр байхгүй болохоор нь түрийвчээ шалгахад түрийвч байгаагүй. Тэгээд би “Хаан банк”-ны лавлах руу утасдаж картаа хаалгахад 400.000 гаран төгрөг үлдснийг хаачихлаа гэж хэлсэн. Тухайн үед би “Цогтбаярыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж хурдан баривчилж өгнө үү” гэсэн өргөдөл цагдаад гаргасан боловч шуурхай эрэн сурвалжлахгүй нэг сарын дараа баригдсан. Би 900.000 гаран төгрөг алдсан. Миний хувьд одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй гэв. 

 

Хохирогч Э.Балжирмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад ажил дээрээ байхад 17 цагийн үед Б.Цогтбаяр ганцаараа орж ирээд “дуу захиалаад өгөөч” гэсний дагуу дуу тавьж өгсөн. Тэгсэн удалгүй текэн дээр ирээд “...намайг Цогтбаяр гэдэг, геологич ажилтай болохоор амралтаараа ирсэн..” гэх зүйл ярьж байгаад “гар утсаа өгөөч, ахыгаа дуудахгүй бол яг тасарч уналаа” гэсэн. Тэгэхээр нь би “ярих нэгжгүй, мессеж бичих нэгж байна” гэж хэлэхэд 9911-тэй болон аавынхаа гэх 2 дугаар өгөөд “Цогтбаяр байна, яаралтай залга” гэсэн мессеж бичиж өгсөн. Тэгээд нэг цагийн дараа “ямар ч хариу ирсэнгүй” гэж хэлэхэд “би өөрөө залгая” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би “нэгжгүй” гэж дахин хэлэхэд гарч яваад нэгж авч ирээд миний хажууд утсаар ярьсан. Тэгээд би Цогтбаярыг “ширээн дээрээ очоод утсаар ярьчих” гэж хэлсний дагуу суугаад ярьж байсан. Би хүмүүсээс тооцоо авчаад гар утсаа авах гээд хайхад алга болсон байсан. Тэгээд би гарч гүйгээд нэг цаг гаран хайсан боловч олоогүй бөгөөд цагдаагийн газарт мэдэгдсэн. Тухайн үед “Самсунг Галакси Жи 5” маркийн шаргал өнгийн гар утас алдсан. Одоогоор хохирлоо гаргуулах хүсэлтэй бөгөөд эд зүйлийн үнэлгээний дагуу хохиролоо нэхэмжилнэ. Мөн гар утсандаа ном суулгахаар 50.000 төгрөгийн үнэтэй 16 GB-ийн мемори авч суулгасан байсан. Өөр гомдол, саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Цогтбаяр нь давтан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжны 50а тоотоос хохирогч Н.Батсайханы хэтэвчин дотроос “ХААН" банкны виза картыг авч данснаас нь бэлэн мөнгөний машин ашиглан 990.000 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаа дуусаагүй байх үедээ давтан 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нар Мон” ХХК-ийн байранд хохирогч Р.Нарангэрэлийг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Самсунг Галакси Эс-5” загварын гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Цэ” кафед зөөгчөөр ажиллаж байсан иргэн Э.Балжирмааг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утсыг авсны улмаас 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9-17 тоот хашаанд иргэн Ц.Баярааг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөпийн “Ю-600” загварын гар утсыг авсны улмаас 360.000 төгрөгийн буюу нийт 920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Батсайханы /хх-ийн 28/ “... 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр миний 3 дахь хүүхэд болох Цогтбаяр нь гэрээсээ миний хэтэвчин дотор байсан “ХААН” банкны картыг хулгайлж аваад явчихсан байсан. Миний картанд нийт 1.000.000 /нэг сая төгрөг/ байснаас 990.000 төгрөгийг Цогтбаяр хулгайлж авсан байсан. Дээрх мөнгийг Цогтбаярын дүүгийнх нь сургалтын төлбөрт өгөх гэж байсан юм. ... Хулгай хийхээсээ 3-4 хоногийн өмнө Цогтбаяр надад хандаад “би хүнээс мөнгө авах ёстой таны дансанд хийлгээд авчихья” гэхээр нь дансаа өгсөн. Тэгээд мөнгөө авах гээд миний картны нууц дугаарыг асуухаар нь хэлж өгч байсан .../ гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Баяраагийн /хх-ийн 73/: “... Цогтбаяр манайд пиво ууж байснаа “ахаа гар утсаа өгч байгаач, би нэг хүн рүү утсаар яриад өгье” гэж хэлээд миний утсыг авсан. Цогтбаяр манайд нэг хүнтэй утсаар ярьж байгаад гэрээс гарахаар нь би ямар нэгэн юм бодоогүй юм. Цогтбаяр гэрээс гарснаас хойш би 10 орчим минутын дараа гэрээс гарсан чинь алга болчихсон байсан. ... Миний утас U-600 маркийн цагаан гэртэй, хар өнгийн “Жи Мобайл”-ын гар утас байсан юм ...” гэх мэдүүлэг,

 

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 70/,

 

хохирогч Э.Балжирмаагийн /хх-ийн 104/: “... 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад үйлчлүүлж байсан эрэгтэй хүн “би гар утасгүй явж байна, яг тасрах гээд байна, гар утсаа өгчих, ахыгаа дуудаад хамт явъя гэж хэлэх гэсэн юм” гэхэд нь би “надад 3 мессеж бичих нэгж байна” гэж хэлсэн. Тэр залуу миний утаснаас 3 хүн рүү “Цогтбаяр байна, яаралтай залга” гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд байж байгаад өөрөө гаднаас нэгж авч ирээд миний гар утсанд хийгээд нэг хүнтэй утсаар ярьсан. Би хүмүүстэй тооцоо хийж байгаад нөгөө хүнээс гар утсаа авах гээд хайхад алга болсон байсан. Би гарч хайсан боловч олоогүй. ... миний утас “Самсунг Жи 5” маркийн шаргал өнгийн гар утас байсан. ... “ гар утсаа өгчих би ахыгаа дуудах хэрэгтэй байна” гээд миний гар утсыг гуйгаад авч явсан ...” гэх мэдүүлэг,

 

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 102/,

 

хохирогч Р.Нарангэрэлийн /хх-ийн 152/: “ ... Надтай хамт цэрэгт явж байсан Цогтбаяр надтай уулзахаар хүрч ирсэн. Тэгээд миний гар утсыг гуйгаад “утсаар чинь ярьчихаад өгье” гэхээр нь би гар утсаа өгсөн. Цогтбаяр миний гар утсыг аваад гарч ороод утсаар яриад байсан. Тэгээд нэг харахад байхгүй байсан. Би ардаас нь гарахад яваад өгсөн байсан. Би хяналтын камераа шүүж үзэхэд манай ажлаас гараад зам дээр очоод нэг машинд суугаад яваад өгсөн... / гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 140/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярын /хх-ийн 20-209/: “…   

 

 

 

Б.Цогтбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 39, 77, 106, 208/: “... 2016 оны 8 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байхад аав Батсайханы түрийвчнээс “Хаан” банкны виза картыг хулгайлж аваад гарсан юм. Тэгээд “Зэлмэ” худалдааны төвийн “Худалдаа хөгжлийн” банкны “АТМ”-ээс 250.000 төгрөг, Бичил хорооллын “Төрийн банк”-ны “АТМ”-ээс 740.000 төгрөгийг уншуулж авсан. ... 3 хоногийн дотор тэр мөнгийг наргиж цэнгээд дуусгасан юм. ... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баяраа ахын гэрт нь очсон юм. Гэрт нь ороход Баяраа ахын эхнэр нь байсан. Би тэдний очихдоо хүүхдүүдэд нь чихэр, боов аваад, мөн 3 ширхэг пиво авч очсон. Авсан пивоо эхнэртэй нь Баяраа ахтай гурвуулаа нэг нэгээр нь хувааж уусан. Би Баяраа ахад “та утсаа өгч байгаа ч, утсаар чинь ярьж байгаад өгье” гэж хэлээд утсыг нь авсан. Тэгээд Баяраа ахын гэрээс гарч хашаан дотор утсаар нь ярьж байгаад Баяраа ахын гар утсыг нь аваад зугтаачихсан юм. ... Би 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Цэ” пабад 17 цагийн орчимд ганцаараа пиво ууж байгаад 23 цагийн үед зөөгч эмэгтэйгийн гар утсаар “ганц ярьчихаад өгье” гэж хэлж аваад аав руугаа ярьсан. Дараа нь хуурай ах Тайвнаатай ярьж байгаад муудалцаад яриад алхаж байгаад аваад явсан байсан. Маргааш нь “Монтел” төв дээр гар утас авдаг хүнд 140.000 төгрөгөөр зарсан. ... 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр “Тэнгис” кино театрын орчим Нарангэрэлтэй таараад утасныхаа дугаарыг өгч авалцсан. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 22 цагаас 23 цагийн хооронд Нарангэрэлийн ажил дээр очсон. Нарангэрэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шөнийн захын харуул хамгаалалтанд ажиллаж байсан. Би Нарангэрэлийн ажлын өрөөнд орж байж байгаад Нарангэрэлээс “утсаараа яриулаач” гэж утсыг нь гуйж аваад утсаар ярьсан. Тэгээд Нарангэрэлийн ажлын хойд хаалгаар гараад зам дээрээс машин бариад явсан. ... Би аавынхаа картнаас нийт 990.000 төгрөг авсан. Хаан банкны картнаас нь өөр банкны машинаар дамжуулж, мөнгийг авсан болохоор нэг удаагийн гүйлгээнд 500 төгрөг суутгагдсан байсан” гэх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 70, 102, 140/, Төрийн банкны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22/9042 тоот албан бичиг /хх-ийн 19/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цогтбаярын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Цогтбаяр нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргүүдэд ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байна. Мөн урьд бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авах гэмт хэрэг болон хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхдаа давтан үйлдлээр “утсаар нь яриад өгье” гэж хуурч мэхлэн, итгэлийг эвдэж аргаар залилан мэхлэж авч бусдын 920.000 төгрөгийг буюу бага бус хэмжээний мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсгүүдэд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Цогтбаярт ял оногдуулахад үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Б.Цогтбаяр нь урьд хорих ял эдэлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Батсайхан нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Цогтбаярыг хохирогч Н.Батсайханд төлөх төлбөргүй гэж үзлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй бусад хохирол, гэм хор болох нийт 920.000 төгрөгийг шүүгдэгч Б.Цогтбаяраас гаргуулж, үүнээс хохирогч Ц.Баяраад 360.000 төгрөг, хохирогч Э.Балжирмаад 310.000 төгрөг, хохирогч Р.Нарангэрэлд 250.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Батсайханы Цогтбаяр давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

           урьд бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авах гэмт хэрэг болон хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхдаа давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаяр 176 /нэг зуун далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай .

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаяраас нийт 920.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Баяраад 360.000 төгрөг, хохирогч Э.Балжирмаад 310.000 төгрөг, хохирогч Р.Нарангэрэлд 250.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Цогтбаяр нь хохирогч Н.Батсайханд төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяр нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цогтбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цогтбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ