Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/00841

 

 

 

 

 

 

2022 02 24

101/ШШ2022/00841

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102 дугаар байр, 03 тоот хаягт оршин суух Сартуул овогт Сосорбарамын ******* /РД:ЧК63071170/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо Намъяанжугийн гудамж, 8А байрны 05 тоот хаягт оршин суух Бөхчүүд овгийн Бадарчийн******* /РД:ФА79032600/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо Намъяанжугийн гудамж, 8А байрны 05 тоот хаягт оршин суух Бөхчүүд овгийн*******ын******* /РД:ФБ00291618/ нарт холбогдох ,

Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 8а байрны 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргал, түүний өмгөөлөгч А.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.*******, Б.Баянжаргал бид 2008 онд танилцаж хамт амьдарсан ба 2014 оны 9 сарын 11-ний өдөр бидний дундаас хүү Х.Оргил төрсөн. Миний бие 2014 оны 11 сарын 14-ний өдөр Б.Бадамхатан гэх хүнтэй арилжааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 102 дугаар байрны 9 тоотын хаягт байрлах 55 мкв, 3 өрөө орон сууцаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Намъяанжугийн гудамж 8А байртны 5 тоот хаягт байрлах 48 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар сольсон.

Ийнхүү сольсон шинэ орон сууцаа улсын бүртгэл бүртгүүлэхдээ өөрт оногдох хэсгээсээ төрсөн хүү Х.Оргил, Б.Баянжаргал, түүний хүү болох Б.Ууганбаяр нарт бэлэглэн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн ба өнөөдөр тухайн үл хөдлөх хөрөнгө нь 4 хүний өмчлөлд байдаг.

С.Баянжаргал бид хоёр хамт амьдарч байхдаа хоорондын таарамжгүй харилцаа, зан байдал, гэр бүлийн таарамжгүй нөхцөл байдал, хадам талын сонин үйлдэл авираас болж 2016 оноос тусдаа амьдарсан. Ингээд шүүхийн шийдвэрээр хүү Х.Оргилыг эх Б.Баянжаргалын асрамжинд үлдээж, С.******* нараас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрээр хүү С.Оргилыг эцэг С.*******тай 14 хоног тутам 1 удаа Баасан гариг бүрийн 17 цагаас Бямба гаригийн 20 цаг хүртэл уулзаж, хамт байх эрхийг хангаж, гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Гэтэл хариуцагч Б.Баянжаргал нь 2020 оны 11 сараас эхлэн хүү Х.Оргилыг янз бүрийн шалтаг хэлж уулзуулахгүй байна. Би төрсөн хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байна. Энэ С.Баянжаргалыг алчихмаар байна.

С.Баянжаргалын энэ ноцтой үйлдэл нь хүүхдийн эрхийг зөрчиж байна. Миний бие хүүхэдтэй уулзах талаар холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандсан боловч шийдвэрлэхгүй байгаа болно. Төрсөн эцэг, хүүхэд хоёрын харилцааг хөндийрүүлэх гэсэн энэ мэт ноцтой үйдлийг хэзээ ч зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн миний би хүүхэдтэй уулзах гэхэд Б.Ууганбаяр нь чамайг ална, хядна гэж сүрдүүлж зодохыг хэд хэдэн удаа оролдож заналхийж байсан. Над шиг дагавар хүүхэддээ байр бэлэглэдэг хүн хаана ч байхгүй. Одоо харин өгсөн байраа буцааж авмаар байна. Хүүхэдтэйгээ ч цаашид уулзахгүй. Тиймээс С.******* миний бие Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасны дагуу хариуцагч нар намайг ноцтой гомдоосон үйлдэл хийж байгаа тул улсын бүртгэлийн Ү-2204024518 дугаартай Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 8А байрны 5 тоот хачгт байрлах үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах хүсэлтэй байгаа тул энэ үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Б.Баянжаргал, Б.Ууганбаяр нарыг хасаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2008 онд танилцан хамтран амьдрах болсон. 2014 оны 9 сарын 11-ний өдөр хүү С.Оргил мэндэлсэн. Бид хамт элэг бүтэн амьдарч чадна гэж би маш их хичээсэн. Бид хамт амьдарч байсан өөрсдийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхон 102 дугаар байр, 9 тоотын 55 мкв байраа хамтдаа зөвшилцсөний үндсэн дээр 11 сарын 14-ний өдөр Бадамхатан гэх хүнтэй арилжааны гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 8а байрны 5 тоотын 48мкв хоёр өрөө байраар сольж, зөрүү 11 сая төгрөгийг эмнэлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан.

Энэхүү байр нь С.*******, хүү Х.Оргил, Б.Ууганбаяр Б.Баянжаргал бидний дундын өмч. Энэ байранд бид амьдарч байсан. 2014 оноос хойш одоо хүртэл амьдарч, бүх хэрэглээний зардлаа төлж байгаа.

Энэ хүн өөрөө өөр эмэгтэйтэй холбогдож хүүхэдтэй болж гэрээсээ өөрөө явсан. Ноцтой гомдоосон зүйл ярьж байгаа бол би л гомдсон хүн нь. Би энэ хүний ажилд туслаж эмнэлэгийн үйл ажиллагааны баримт бүрдүүлж, санхүүгийн тайлан гаргаж өөрийн оюуны болон биеийн хөлс хүчээ зориулж байсан. Энэ бүхний үр дүнд бий болсон орон сууц.

Миний хүү Б.Ууганбаяр хүн зодож дарамтлах хүмүүжилгүй. Хоёр хүү маань эвтэй найртай байдаг. Нэг удаа С.******* намайг зодож байхад хүү маань Хүрлээ ахаа та болиочээ хүн аллаа ш дээ гэж салгасныг намайг зодох гэлээ ноцтой гомдоосон гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Би хүүгээ уулзуулах гэж ажлаас чөлөө авч шийдвэр гүйцэтгэл дээр очдог. Очихоор С.******* өөрөө ирээгүй байдаг. Хүү маань аавтайгаа уулзах дургүй. Ааваасаа айдастай байдаг. Шинжээчийн дүгнэлтүүд болон шийдвэр гүйцэтгэгч нарын тэмдэглэлээс хүү өөрөө аавтайгаа байх дургүй уулзах дургүй аавыгаа ярихаар айдаг гэдгийг бүгд хэлсэн байгаа.

Би шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ир гэсний дагуу хүүгээ дагуулаад очдог. Гэр оронд уулзаж чадахгүй С.******* өөрөө хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэлийн байранд уулзах болсон. С.******* нь догшин ширүүн авиртай, олон хүүхэнтэй орооцолдож олон хүүхэд өнчрүүлж, олон эмэгтэй амьдралаар тоглосон.

Энэ орон сууцыг бидэнд бэлэглээгүй. Гэр бүлийн харилцаатай байхдаа өөрсдөө бий болгосон орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гэр бүлийн бүх гишүүдийн нэр дээр хуульд заасны дагуу бүртгүүлсэн.

Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг өөрийгөө ноцтой гомдоосон гэж үзэж орон сууцны өмчлөгчөөс хасуулах хүсэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 11-ний өдрийн 01243 дугаар шийдвэр, 2014 оны 11 сарын 14-ний өдрийн Орон сууцны арилгааны гэрээ, 2019 оны 01 сарын 10-ны өдрийн 00162 дугаар шийдвэр, 2019 оны 2 сарын 19-ний өдрийн 00226 дугаар гүйцэтгэх хуудас, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 2021 оны 11 сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,

Хариуцагч нараас: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 2/9709 дугаар албан бичиг, 2021 оны 01 сарын 20-ны өдрийн прокурорын шийдвэрт гомдол гаргах тухай албан бичиг, Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Прокурорын шийдвэрт гомдол гаргах тухай албан тоот, хариу мэдэгдэх хуудас, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 2019 оны 3 сарын 17-ны өдрийн албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2022 оны 02 сарын 16-ны өдрийн Төрийн мэдээлэлийн сангийн лавлагаа, орон сууц арилжааны гэрээ, Нийслэлийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 18-ны өдрийн 02879 дугаар шийдвэр, С.*******ын 2018 оны 10 сарын 30-ны өдөр, 2019 оны 6 сарын 18-ны өдрийн гаргаж байсан гэх нэхэмжлэл зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.Баянжаргал, Б.Ууганбаярт нарт холбогдуулж бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Намъянжугийн гудамж, 8А байрны 5 тоот хаягт байрлах 48 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс Б.Баянжаргал, Б.Ууганбаяр нарыг хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч нараас бэлэглэлийн гэрээний хүсэл зориг байгаагүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын хөрөнгө байсан, ноцтой гомдоосон үйлдэл хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харьцуулан судласны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбараар талууд 2008 онд танилцаж, тэдгээрийг хамтран амьдрах хугацаанд 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Х.Оргил төрсөн байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 сарын 14-ний өдрийн Арилжааны гэрээний дагуу олж авсан үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Намъянжугийн гудамж, 8А байрны 5 тоот хаягт байрлах 48 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Баянжаргал, дагавар хүү Б.Ууганбаяр нарыг бүртгүүлсэн үйлдлийг бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Иргэн С.*******, Б.Бадамхатан нарын хооронд 2014 оны 11 сарын 14-ний өдөр Орон сууц арилжааны гэрээ байгуулагдаж, С.******* нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 102 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 8а байрны 5 тоот хаягт байрлах 48 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар сольсон үйл баримт тогтоогдож байна /хх-ийн 8-9 дүгээр тал/

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 8а байрны 5 тоот хаягт байрлах 48 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******, Х.Оргил, Б.Баянжаргал, Б.Ууганбаяр нар 2014 оны 11 сарын 14-ны өдөр бүртгүүлсэн байна. /хх-ийн 19-20 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Баянжаргалыг хүү Х.Оргилтой уулзуулдаггүй, хариуцагч Б.Ууганбаярыг зодохыг завдсан гэх үндэслэлээр бэлэглэгчийг удаа дараа гомдоосон ноцтой үйлдэл гаргасан тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулана гэж тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх хууль болон хэлцлийн үндсэн дээр үүснэ.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан.

Зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талын орон сууц бэлэглэх хүсэл зориг, хариуцагч талын зөвшөөрсөн хүсэл зоригын илэрхийлэл байсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлүүлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно гэж заасан.

Тодоруулбал, нэхэмжлэгчээс эцэг хүний үүргээ биелүүлж, гэр бүлийн хүн болон төрсөн хүү, дагавар хүүгээ орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж тайлбарласан бөгөөд эцэг хүний хувьд хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгч байна.

Мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж заасан.

Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэх үндэслэлийн тухайд, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч, түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж, 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж заасан.

Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Бурмаагийн мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар хүүхэд эцэгтэй уулзах эсэх нь түүний хүсэл зоригоос хамаарч байх бөгөөд эх Б.Баянжаргалын хүү Х.Оргилыг эцэг С.*******тай уулзуулахгүй байгаа гэх субъектив хүсэл зориг тогтоогдохгүй байна. /52, 57-87, 88-102/

Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Ууганбаяр нь нэхэмжлэгчийг ална, хядна гэж сүрдүүлж, зодохыг завдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч нарын тайлбар үндэслэл бүхий байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч Б.Баянжаргал, Б.Ууганбаяр нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Б.Баянжаргал, Б.Ууганбаяр нарыг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА