Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00752

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00752

 

С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/00841 дугаар шийдвэртэй,

С-ын нэхэмжлэлтэй

Б-, Унарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-, хариуцагч нарын өмгөөлөгч А.Ариунаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: С-, Б- бид 2008 онд танилцаж хамтран амьдарсан ба 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бидний дундаас хүү О- төрсөн.

Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Бадамхатантай арилжааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 102 дугаар байрны ... тоот хаягт байрлах 55 м.кв, 3 өрөө орон сууцаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Намъянжугийн гудамж 8А байрны ... тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар сольсон.

Сольсон орон сууцаа улсын бүртгэл бүртгүүлэхдээ өөрт оногдох хэсгээсээ төрсөн хүү О-, Б-, түүний хүү болох Унарт бэлэглэн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн ба өнөөдөр тухайн үл хөдлөх хөрөнгө нь 4 хүний өмчлөлд байдаг.

Б- бид хоёр хамт амьдарч байхдаа хоорондын таарамжгүй харилцаа, зан байдал, гэр бүлийн таарамжгүй нөхцөл байдал, хадам талын үйлдэл, авираас болж 2016 оноос тусдаа амьдарсан. Ингээд шүүхийн шийдвэрээр хүү О-ыг эх Б-ын асрамжинд үлдээж, С- надаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрээр хүү О-ыг эцэг С-тай 14 хоног тутам 1 удаа Баасан гариг бүрийн 17 цагаас Бямба гаригийн 20 цаг хүртэл уулзаж, хамт байх эрхийг хангаж, гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Гэтэл хариуцагч Б- нь 2020 оны 11 сараас эхлэн янз бүрийн шалтаг хэлж хүү О-ыг уулзуулахгүй байна. Би төрсөн хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байна. Б-ын энэ үйлдэл нь хүүхдийн эрхийг зөрчиж байна. Миний бие хүүхэдтэй уулзах талаар холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандсан боловч шийдвэрлэхгүй байгаа.

Түүнчлэн би хүүхэдтэйгээ уулзах гэхэд Унь хэд хэдэн удаа сүрдүүлж, заналхийж байсан. Тиймээс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасны дагуу орон сууцны хамтран өмчлөгчөөс Б-, Унарыг хасаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2008 онд танилцан хамтран амьдрах болсон. 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүү О- мэндэлсэн. Бид хамт амьдарч байсан өөрсдийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон 102 дугаар байр, 9 тоотын 55 м.кв орон сууцаа хамтдаа зөвшилцсөний үндсэн дээр 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Б-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 8а байрны 5 тоотын 48 м.кв хоёр өрөө байраар сольж, зөрүү 11,000,000 төгрөгийг эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулсан. Энэхүү орон сууц нь С-, хүү О-, УБ- бидний дундын өмч. 2014 оноос хойш одоо хүртэл энэ орон сууцанд амьдарч, бүх хэрэглээний зардлаа төлж байгаа.

С- нь догшин ширүүн авиртай. Тэрээр олон эмэгтэй дотно харилцаанд орж, өөрөө гэрээсээ явсан.

Энэ орон сууцыг бидэнд бэлэглээгүй. Бид гэр бүл байхдаа бий болгосон орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гэр бүлийн бүх гишүүдийн нэр дээр хуульд заасны дагуу бүртгүүлсэн.

Миний хүү Ухүн зодож дарамтлах хүмүүжилгүй. Хоёр хүү маань эвтэй найртай байдаг. С- намайг зодож байхад хүү Узогсоосон, үүнийг ноцтой гомдоосон гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Би хүүгээ уулзуулах гэж ажлаас чөлөө авч шийдвэр гүйцэтгэл дээр очдог. Очихоор С- ирээгүй байдаг. Шинжээчийн дүгнэлтүүд болон шийдвэр гүйцэтгэгч нарын тэмдэглэлээс харвал хүү аавтайгаа уулзах дургүй, аавыгаа ярихаар айдаг гэдгийг хэлсэн.

Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг өөрийгөө ноцтой гомдоосон гэж үзэж орон сууцны өмчлөгчөөс хасуулах хүсэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С-ын хариуцагч Б-, Унарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Б-, Унарыг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг үндэслэн, мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч С- нь 2014 оны өөрийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 102 дугаар байрны ... тоот орон сууцыг иргэн Б.Бадамхатантай арилжааны гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Намъянжугийн гудамж, 8А байрны ... тоот хаягт байрлах орон сууцаар арилжихдаа хариуцагч Б-, У-, О- нарыг хамтран өмчлөгчөөр оролцуулж өөрт оногдох хэсгээс бэлэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтуудыг үндэслэл болгон дундын өмч гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь судлаагүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэх дараагийн үндэслэл нь хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бичиг баримтуудаас харахад Б-ыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа болох нь тогтоогдож байхад шүүх “Б-ын хүү О-ыг эцэг С-тай уулзуулахгүй байгаа гэх субьектив хүсэл зориг тогтоогдохгүй байна..., хариуцагч Унь нэхэмжлэгчийг сүрдүүлж, зодохыг завдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй...” гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангасан. Бэлэглэлийн гэрээ албан ёсоор баталгаажсан байх ёстой. Гэтэл улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлээс үзэхэд арилжааны гэрээгээр уг байр нь У-, О-, Б- нарт шилжсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Иймд бэлэглэлийн гэрээ гэж үзэх боломжгүй, гэр бүлийн дундын өмч байсан гэдэг нь нотлогдож байгаа. С-ын хэлснээр бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж үзвэл Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй. УС-ыг гомдоосон гэдэг боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

 1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч С- нь хариуцагч Б-, У-т нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Намъянжугийн гудамж, 8А байрны ... тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. С-, Б- нар 2008 онд танилцаж, тэдний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүү О- төрсөн үйл баримтын талаар маргаангүй.

 

4. С-, Б.Б- нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны арилжааны гэрээ байгуулагдаж, С- нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 102 дугаар байрны ... тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 8а байрны ... тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар арилжсан үйл баримт тогтоогдсон. /хх 8-9/

Улмаар уг 2 өрөө орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ өмчлөгчийг С-, О-, Б-, Угэж тодорхойлж холбогдох гэрчилгээг авсан байна. /хх 19-20/ Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууц нь тэдгээрийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болжээ.

 

5. Нэхэмжлэгч С- нь тус орон сууцны өөрт ногдох өмчлөх эрхийг Б-, Унарт бэлэглэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар бичгээр үйлдэж нотариатчаар гэрчлүүлэх журамтай.

 

Харин уг 2 өрөө орон сууцыг Б-, О-, У-ын нэр дээр бүртгүүлэх болсон шалтгаан нь гэр бүлийн харилцаа үүсгэсэнтэй холбоотой гэж дүгнэхээр байна.

 

6. Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй тул бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйл баримт үгүйсгэгдэх тул уг гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/00841 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЗОЛЗАЯА