Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 133/ШШ2022/00062

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 133/ШШ2022/00062

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Д.Н нэхэмжлэлтэй

хариуцагч: Ц.Б, А.П нарт холбогдох

8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6,850,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч А.П, түүний өмгөөлөгч Ж.Д, гэрч А.Д, Л.О, Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 17-нд 8 тооны адуугаа хариулуулахаар Ц.Б, А.П нарт аман хэлэлцээр, өөрийн биеэр аваачиж өгч маллуулахаар тохиролцсон. Адууны хариулганы хөлсийг хавар авахаар тохиролцсон. Гэвч эдгээр хэлэлцээрийн дараа миний 8 адууг дээрхи 2 хүн хайхрамжгүй байдлаасаа болж алга болгосон. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад уг үйлдэл нь иргэд хоорондын маргаан буюу иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлвэл зохих асуудал байна гэсэн хариуг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаар Прокурорын тогтоолыг надад ирүүлсэн. Миний энэхүү асуудлыг харгалзан үзэж 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж төлсөн 150,000 төгрөг, нийт 6,850,000 төгрөгийг дээрхи 2 хүнээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Би өмнө бас хуралд орсон. Би өөрөө 8 адуугаа нэхэмжлэх эрхтэй. Учир нь би өөрийн биеэр хүргэж өгсөн. Энэ хоёр нөхөр хариулж өгнө гэж амаар хэлж тохирсон. Цагдаагийн байгууллагын шалгасан материал дээр бид хоёр хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зурсан байгаа. Өмнөх хурал дээр өмгөөлөгч нар энэ эзэнгүй шахуу адууг та нар яагаад авч малладаг юм бэ? гэсэн асуудал ярьж байсан. Би малын А дансаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэгэхээр би 8 адуугаа нэхэмжлэх эрхтэй. Цагдаагийн байгууллага дээр энэ хоёр хүн бол хэргээ хүлээсэн байгаа. Ер нь амьдрал дээр хүн ах дүүсдээ, найздаа 5-10 адуу хариулгахдаа гэрээ хийдэг асуудал байдаггүй. Амаар ярилцаад тохиролцдог. Хэрвээ тийм гэрээ хийдэг байсан бол хүний малыг хэн ч хариулж өгөхгүй. Тийм учраас би энэ хоёр хүнтэй утсаар аман хэлбэрээр гэрээ хийсэн. Тийм болохоор өмгөөлөгч нарын ярьж байгаа бичгээр гэрээ хийгээгүй гэдэг асуудалтай санал нийлэхгүй байгаа. Энэ бол амьдралтай нийцэхгүй асуудал. Цагдаагийн байгууллага дээр энэ хүмүүс авсан, өгсөн, дамжуулсан гэдэг хэргээ хүлээгээд гарын үсгээ зураад өгсөн учир аман яриагаар өмгөөлөгч нар ярьж болохгүй. Өмгөөлөгч нарт өмгөөлөх юм бий, өмгөөлөхгүй юм ч бий. Гэмт хэрэгтнүүдийг удаа дараа өмгөөлөөд байдаг нь ямар учиртай юм бэ? Тэр П гэдэг нөхөр бол угаасаа асуудалтай. Жил бүр адуу малаа дутааж байдаг. Би 8 адуугаа нэхэмжилж байна. Төлүүлэх бодолтой байгаа гэв.

Хариуцагч Ц.Б, А.П нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Б болон А.П бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2020 оны 09 дүгээр сард Ц.Б над руу нэхэмжлэгч утсаар ярьж адуу хариулаад өгөөч гэсэн би тухайн үедээ тарган адуу бол хариулж болно гэхдээ туранхай бол хариулах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч Н нь би адуугаа танай тэнд аваачаад тавьсан тарган адуу байгаа гэж намайг аймгийн төв дээр байхад хэлсэн. Албан ёсоор надад харуулж хүлээлгэж өгөөгүй, дараа нь гэр рүүгээ харих замд голд байсан адууг нь харахад туранхай байсан учир би адууг маллах боломжгүй онд орохгүй адуу байна гэсэн. Тэгээд нэхэмжлэгч П-р харуулахаар болсон гэх боловч мөн тэр 8 тооны адуугаа албан ёсоор өөрийн биеэр аваачиж П надад хүлээлгэж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчтэй амаар тохиролцсон хэлэлцээр хийгдээгүй. Иймд бид нэхэмжлэгчийн 8 тооны адууг хариулахаар тохиролцож албан ёсоор хүлээлгэж өгч, авч гэрээ хэлэлцээр хийгээгүй, Н нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж адуугаа алга болгож бид нараас адууны мөнгө нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Н 2020 оны 09 дүгээр сар гаргаад над руу яриад тарган 8 адуу хараад өг гэсэн. Ярихдаа 8 тарган адуу байгаа гэсэн. Та туугаад ир гэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Алтай явсан байсан. Тэр араар мотоциклтой хүнтэй хөөгөөд ирсэн байсан. Манайд манай ээж ганцаараа байсан. Мотоцикл сигналдаад байхаар нь гараад харсан чинь хэдэн адуу голоор гаргасан гэсэн. Тэгээд Б-г ирэхээр хэлээрэй гэсэн байсан. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны үед үдээс хойш дундын овооны энд ирж байхад өөдөөс мотоциклтой хүн ирээд 8 адуу гол руу хөөгөөд гаргасан. Ээж рүү чинь энийг аваарай гэж орилсон гэсэн. Та адуугаа аваад ирсэн үү? гэсэн чинь аваад ирлээ гэсэн. Таны адуу тарган уу? гэсэн чинь тарган гэсэн. Тэгээд 9 дүгээр сарын 18-ны үдээс хойш адууг нь олоод яваад очсон чинь 120 км газар мотоциклоор хөөгдсөн юм шиг байна лээ. Өнгө, зүс нь мэдэгдэхгүй бор саарал юм байсан. Манай ээж ч гэсэн хэлсэн. Өчигдөр хүмүүс 7-8 адуу гаргасан. Дараа нь наад хүмүүс чинь адуу нэхэх вий дээ гэсэн. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Д.Н руу яриад дүү нь хүний мал авсан байгаа. Энэ адуу бол манай энд онд орохооргүй адуу байна. Та энэ адуугаа эргүүлж ав эсхүл өөр хүн олж өг гэсэн чинь наагуур чинь отор нүүдэлд явах хүн байна уу? гэсэн. Тэгэхээр нь А.П гэдэг хүн адуу аваад оторт явна гэж байна лээ гээд энэ хүмүүсийг утсаар яриулсан. Энэ хүмүүс юу гэж ярьсан гэдгийг мэдэхгүй. Би Д.Н-н адуу мөн бишийг нь мэдэхгүй байж А.П гэдэг хүнд өгөх эрх байхгүй. Алдуул, хулгайн адуу байвал дараа нь би өөрөө асуудалд орох байх гээд энэ хүмүүсийг утсаар яриулсан. Би гардаж Д.Н-н адууг хүлээж аваагүй. Удаа дараа хүн гөрдөөд байгаа юм. Энэ хүн өвөлжин хайсан гэж байгаа. Энэ хүн хайхдаа өөрөөсөө бензин гаргаж өөрийн унаагаараа хайгаагүй. Аймгийн төвийн Лада машиныг ашиглаж албаны бензин тосоор ганц, нэг архи уух нэрээр явсан. Ноднин жилээс хойш янз бүрийн цагдаа яриулаад дарамтлуулаад байдаг. Би хэрвээ тэр өдөр гэртээ байж байсан бол тийм туранхай адуу авахгүй. Манай тэнд 50 адуутай байсан хүн чөдрийн морьгүй үлдсэн. А.П-д ч энэ хүн хүлээлгэж өгөөгүй гэв.

Хариуцагч А.П нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад бол хүлээлгэж өгөөгүй. Ц.Б-н ярьж байгаа бол үнэн. Энэ хүн утсаар ярихаар нь би 12 дугаар сарын эхээр өөрийнхөө хэдэн цөөхөн адуутай оторт гарна. Олон адуу авахгүй. Туранхай адуу байна. Онд орохгүй байх гэж би хэлсэн. Тэгээд Ц.Б бид хоёр хонины бэлчээр дээр явж байгаад оторт гарахдаа яг хүлээж авна шүү гэсэн. Түүнээс би хүлээж аваагүй, мөнгийг нь аваагүй. Хүлээж авсан бол би өдөр сартай нь хүлээж авна шүү дээ. Би хүлээж авсан адуугаа багийн хашаандаа хийж хонуулаад хүмүүст үзүүлээд багийн Засаг даргадаа шалгуулаад явсан. Би Д.Н гэдэг хүнийг танихгүй. Үзэж хараагүй. Ц.Б л утсаар яриулсан юм гэв.

Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Ашид билгүүн ХХК-ий 2021 оны ТХҮ-820/862 дугаартай үнэлгээний дүгнэлт,

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт, уг тодорхойлолтод хавсарган ирүүлсэн Д.Н-н 2020 оны жилийн эцсийн мал тооллогын маягт,

-Адууны гэрэл зураг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ц.Б-с 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6,850,0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, хариуцагч А.П-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Н нь Ц.Б, А.П нарт холбогдуулан 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6,850,0000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.Б, А.П нар нь дээрх 8 тооны адууг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй байдлаас болж адуугаа алга болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад Д.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 8 тооны адууг хариулуулахаар Ц.Б-н гэрт тууж аваачсан, улмаар 2020 оны 11 сард А.П-тэй утсаар холбогдож адуугаа оторт явуулахаар тохиролцсоны дараа буюу 2020 оны 12 дугаар сард Д.Н-н 8 тооны адуу алга болсон гэх үйл баримт нь:

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд Д.Н-н 2020 оны 09 сарын 17-ны өдөр ............. гэх газарт байсан адууг ......... гэх газар нутаглаж байгаа Ц.Б-д маллуулахаар өөрийн биеэр 8 тооны адууг аваачиж өгсөн. Түүнээс хойш 2020 оны 11 сард Ц.Б нь над руу ярихдаа би өөрийнхөө адуутай хамт өөрийн чинь адууг .........  сумын отрын адуу хариулдаг П гэх хүнд өгч хариулуулахаар боллоо гэсэн... 2020 оны 12 сарын 20-ны үеэр Ц.Б нь над руу утсаар яриад таны адуу алга болсон байна. П авч яваагүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг,

Хариуцагч Ц.Б-н ...Д.Н 2020 оны 09 дүгээр сар гаргаад над руу яриад тарган 8 адуу хараад өг гэсэн. Ярихдаа 8 тарган адуу байгаа гэсэн. Та туугаад ир гэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Алтай явсан байсан. Тэр араар мотоциклтой хүнтэй хөөгөөд ирсэн байсан. Тэгээд 9 дүгээр сарын 18-ны үдээс хойш адууг нь олоод яваад очсон чинь 120 км газар мотоциклоор хөөгдсөн юм шиг байна лээ. Өнгө, зүс нь мэдэгдэхгүй бор саарал юм байсан. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Д.Н руу яриад дүү нь хүний мал авсан байгаа. Энэ адуу бол манай энд онд орохооргүй адуу байна. Та энэ адуугаа эргүүлж ав эсхүл өөр хүн олж өг гэсэн чинь наагуур чинь отор нүүдэлд явах хүн байна уу? гэсэн. Тэгэхээр нь А.П гэдэг хүн адуу аваад оторт явна гэж байна лээ гээд энэ хүмүүсийг утсаар яриулсан... гэх тайлбар,

Хариуцагч А.П-н ...2020 оны 09 сарын 20 гаргаад Н гэх хүний адууг 2 нутгийн зааг дээр ирснээс хойш 7 хоногийн дараа байхаа хонины бэлчээрт Б надтай Н-г яриулж хариулъя гэж ярилцсан нь үнэн. Адууг нь авч яваагүй асуудал бол Б 2020 оны 11 сарын сүүлээр манайд ирж хонохдоо өөрийн адууны хамтаар 12 сарын 01 гэхэд авч ирж өгнө гээд явсан. Тэгээд авч ирж өгөөгүй гэх мэдүүлэг,

Гэрч А.Д-н ...9 сарын 17-ны өглөө 2 унага тамгалаад ..... сумын хойд талаас туугаад хойно гол оруулж өгсөн. Тэр хооронд 20 орчим километр байгаа байх. 2 унага, 2 даага, нэг хээр азарга, 2 шүдлэн байдас, нэг гүү байсан. Нийт 8 тоотой голдуу бараан зүстэй адуу байсан. Аймаг явах замдаа дундын овооны наана Ц.Б ахтай таараад ийм адуу гаргасан гэж хэлээд явсан гэх мэдүүлэг,

Гэрч Л.О-н ...Би 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр Шилүүстэй, Отгон сумдуудаар явж адуу хайлцсан. Нэг азарга, 2 гүү, 2 байдас, 2 унагатай 8 тооны адуу хайж явсан. Адууны тамга тэмдэгийг сайн мэдэхгүй байна. Би машин бариад л явсан. Эндээс Д.Н бид хоёр явсан. Ц.Б-г замаасаа авсан. Цаанаас бас нэг хүн адуугаа алдсан гээд хамт явсан. 3 дугаар сард дахиад нэг явсан. Цагаанчулуут, Цагаанхайрханаар явсан. Айлуудаар ороод сураглаад яваад л байсан. Хэдэн айлаар орсон гэдгийг сайн санахгүй байна... гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Э: Энэ хавар Цагаанхайрхан, Цагаанчулуутаар явж адуу хайсан. Хойшоо Жаргалан руу явж байх замдаа А.П гэдэг хүнтэй таарсан. Тэгээд адуугаа асуусан чинь адууг нь авсан хүн нь өөрийнхөө адуутай хамт Д.Н даргын авч ирж өгнө гээд авч ирж өгөөгүй гэж хэлсэн. Отрын адуугаа хариулаад явж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Зохигчид Д.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 8 тооны адууг Ц.Б-н гэрийн гадаа тууж аваачсан, 2020 оны 11 сард А.П-тэй утсаар холбогдож адуугаа оторт явуулахаар тохиролцсоны дараа уг 8 адуу алга болсон гэх дээрх үйл баримттай маргаагүй болно.

Харин хариуцагч Ц.Б нь дээрх 8 тооны адууг Д.Н нь өөрт нь албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, аймаг руу яваад эзгүй байх үед гэрийн гадаа орхиод явсан тул адуу алга болсонд хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж,

хариуцагч А.П нь Д.Н-тай утсаар ярьж адууг оторт авч явахаар тохиролцсон боловч оторт явах үед дээрх 8 тооны адууг авчирч хүлээлгэж өгөөгүй тул адуу алга болсонд хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Д.Н болон хариуцагч Ц.Б нарын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байна гэж дүгнэлээ. Учир нь нэрлэгдээгүй гэрээ буюу Иргэний хуулийн тусгай ангид зааснаас бусад үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.Б-р өөрийн 8 тооны адууг хариулуулахаар утсаар ярьж, улмаар адууг Ц.Б-н гэрт тууж аваачжээ. Адууг тууж аваачих үед буюу 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Ц.Б нь гэртээ байгаагүй, адууг хүлээн аваагүй гэж маргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд ...Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан. Тухайн үед ээж нь гэрт нь байсан. Өөрөө эхнэртэйгээ дундын овооны тэнд явж байсан гэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэгэхээр энэ хүнд хүлээлгэж өгөөгүй. Хүлээлгэж өгсөн байх юм бол энэ хэлцэл хийгдсэн байна гэж ойлгогдохоор байгаа. Мөн иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Хүлээлгэж өгсөн нотолгооны зүйл хэргийн материалд байхгүй. Ээжид нь голын цаанаас хүлээж хүлээлгэж өгсөн гэж байгаа. Энэ хүнд хүлээлгэж өгсөн гэсэн нотолгооны зүйл байхгүй байхад миний үйлчлүүлэгчээс дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм... гэж маргажээ.

Хариуцагч Ц.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны үдээс хойш адууг нь очиж үзсэн, 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Д.На руу яриад таны адуу манай энд онд орохооргүй адуу байна. Та энэ адуугаа эргүүлж ав эсхүл өөр хүн олж өг гэхэд наагуур чинь отор нүүдэлд явах хүн байна уу? гэсэн. Тэгэхээр нь А.П гэдэг хүн адуу аваад оторт явна гэж байна билээ гээд энэ хүмүүсийг утсаар яриулсан. Гол дээр эцэнхий туранхай адуу байж байсан. Намрын адууг өдөрт 20 километр газар л туух ёстой. Тэгээд цочмог хөөгөөд борлосон адууг дурангаар харахад байж л байдаг байсан... гэж тайлбарлаж байх бөгөөд Д.Н-н адууг буцаан хүргүүлэх талаар арга хэмжээ аваагүй, харин оторт явах А.П-тэй Д.Н-г холбож утсаар яриулсан,

Мөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд А.П нь ...2020 оны 10 сарын эхээр ..... сумын ........ багийн ....... гэх газар луу намаржихаар нүүсэн. Намаржаанд байхад 11 сарын сүүлээр Б манайд ирж хоноход би Б-д ах нь 12 сарын эхээр адуугаа аваад хойшоо Бүрэн хайрхан луу явлаа. Чи өөрийнхөө адууг нөгөө хүнийхээ адуутай цуг аваад 12 сарын 01 гэхэд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд ............ сумын .........багт байх ............ гэх газарт байх өвөлжөөндөө 12 сарын 01-нд буусан. Өвлийн идэш хоолоо хийж дуусгаад адуугаа 2-3 өдөр бөөгнүүлж... Д гэх хүнээр .............. хүртэл туулгаад өөрөө тэндээсээ мотоциклиор туулгаад Бүрэн хайрхан орсон... Б өөрийн адууг Н-н адуутай авч ирж өгнө гэж хэлээд авч ирж өгөөгүй... 2020 оны 09 сарын 20 гаргаад Н гэх хүний адууг 2 нутгийн зааг дээр ирснээс хойш 7 хоногийн дараа байхаа хонины бэлчээрт Б надтай Н-г яриулж хариулъя гэж ярилцсан нь үнэн. Адууг нь авч яваагүй асуудал бол Б 2020 оны 11 сарын сүүлээр манайд ирж хонохдоо өөрийн адууны хамтаар 12 сарын 01 гэхэд авч ирж өгнө гээд явсан. Тэгээд авч ирж өгөөгүй... Н-д хэлээгүй учир нь би анх Н-тай 2020 оны 09 сарын 20 гаргаад адууг нь маллаж өгөхөөр ярилцсан түүнээс хойш Н надтай нэг ч удаа дахиж холбогдоогүй би Н-тай холбогдох гэхээр дугаарыг нь мэдэхгүй байсан... Б надад адуу мал авчирч өгөөгүй. Тэр яриа 11 сарын сүүлээр манайд ирж хонохдоо маллах адууг чинь хүргэлцэж өгнө гэж ярьсан, түүнээс өмнө ч бас тэгж ярьдаг байсан гэж мэдүүлсэн,

Ц.Б нь ...П Н-тай утсаар ярьж дуусаад Н-н 8 адууг би авахаар боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь 8 адуу нь доор гол дээр байна аваарай гэж хэлсэн. Тэгтэл П би 11 сарын 01 хавьд явна тэр үеэр аваад явъя гэж хэлж байсан... гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд хариуцагч Ц.Б нь А.П-г оторт явах үед нь нэхэмжлэгч Д.Н-н 8 тооны адууг тууж аваачиж өгөх үүрэгтэй байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Н болон хариуцагч А.П нарын тайлбар мэдүүлгээр Д.Н болон А.П нарын хооронд адууг оторт авч явахаар тохиролцсон, оторт явах үед Ц.Б нь өөрийн болон Д.Н-н адууг отрын адуу хариулдаг П гэх хүнд өгч хариулуулахаар болсон зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.Б-с хэлэлцэн тохирсон үүрэг буюу адууг А.П-д хүлээлгэн өгөөгүйн улмаас учирсан хохирол буюу 8 тооны адууны үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.Н болон хариуцагч А.П нар нь 2020 оны 11 сард утсаар холбогдож нэхэмжлэгчийн 8 тооны адууг оторт явуулахаар хөлс мөнгөө тохиролцсон, оторт явах үедээ Д.Н-н адууг хүлээн авахаар тохиролцсон гэдэгтэй маргадаггүй, түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж зааснаар тэдний хооронд хөлсөөр ажиллах хэлцэл хийгджээ.

Гэвч хариуцагч А.П нь 2020 оны 12 сарын эхээр оторт явах үед нэхэмжлэгч Д.Н-н 8 тооны адууг нэхэмжлэгч Д.Н ч, хариуцагч Ц.Б ч түүнд хүлээлгэн өгөөгүй тул өөрийн болон бусад хүмүүсийн адууг авч отортоо явсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Ц.Б нар нь 8 тооны адууг А.П-д аваачиж өгөөгүй гэдэгтэй маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Д.Н болон хариуцагч А.П нарын хооронд адууг оторт авч явах талаар хэлцэл хийгдсэн боловч адуугаа хүлээлгэн өгсөн биет үйлдэл хийгдээгүйн улмаас хариуцагч А.П нь хэлцлээр тохиролцсон ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгчийн 8 тооны адуу алга болсны улмаас учирсан хохирлыг хариуцагч А.П нь хариуцах үндэслэлгүй байна.

Ашид билгүүн ХХК-ий 2021 оны ТХҮ-820/862 дугаартай үнэлгээний дүгнэлтээр дээрх 8 тооны адууг 6,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт болон үнэлгээний хөлсөнд 150,000 төгрөг төлсөн гэдэгтэй хариуцагч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-с 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6,850,0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, хариуцагч А.П-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с 124,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-с 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6,850,0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, хариуцагч А.П-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с 124,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ