Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2022/00008

 

  

 

 

 

 

 

 

 

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2022/00062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 5- ... - ... тоотод оршин суух Б овгийн Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багт оршин суух Ж овгийн Ц.Б,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багт оршин суух О овгийн А.П нарт холбогдох

8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 17-нд 8 тооны адууг хариулуулахаар Ц.Б, А.П нарт аман хэлэлцээр, өөрийн биеэр аваачиж өгч маллуулахаар тохиролцсон. Адууны хариулганы хөлсийг хавар авахаар тохиролцсон. Гэвч эдгээр хэлэлцээрийн дараа миний 8 адууг дээрхи 2 хүн хайхрамжгүй байдлаасаа болж алга болгосон. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад уг үйлдэл нь иргэд хоорондын маргаан буюу иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлвэл зохих асуудал байна гэсэн хариуг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаар Прокурорын тогтоолыг надад ирүүлсэн. Миний энэхүү асуудлыг харгалзан үзэж 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж төлсөн 150,000 төгрөг, нийт 6,850,000 төгрөгийг дээрхи 2 хүнээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Би өмнө бас хуралд орсон. Би өөрөө 8 адуугаа нэхэмжлэх эрхтэй. Учир нь би өөрийн биеэр хүргэж өгсөн. Энэ хоёр нөхөр хариулж өгнө гэж амаар хэлж тохирсон. Цагдаагийн байгууллагын шалгасан материал дээр бид хоёр хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зурсан байгаа. Өмнөх хурал дээр өмгөөлөгч нар энэ эзэнгүй шахуу адууг та нар яагаад авч малладаг юм бэ? гэсэн асуудал ярьж байсан. Би малын А дансаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэгэхээр би 8 адуугаа нэхэмжлэх эрхтэй. Цагдаагийн байгууллага дээр энэ хоёр хүн бол хэргээ хүлээсэн байгаа. Ер нь амьдрал дээр хүн ах дүүсдээ, найздаа 5-10 адуу хариулгахдаа гэрээ хийдэг асуудал байдаггүй. Амаар ярилцаад тохиролцдог. Хэрвээ тийм гэрээ хийдэг байсан бол хүний малыг хэн ч хариулж өгөхгүй. Тийм учраас би энэ хоёр хүнтэй утсаар аман хэлбэрээр гэрээ хийсэн. Тийм болохоор өмгөөлөгч нарын ярьж байгаа бичгээр гэрээ хийгээгүй гэдэг асуудалтай санал нийлэхгүй байгаа. Энэ бол амьдралтай нийцэхгүй асуудал. Цагдаагийн байгууллага дээр энэ хүмүүс авсан, өгсөн, дамжуулсан гэдэг хэргээ хүлээгээд гарын үсгээ зураад өгсөн учир аман яриагаар өмгөөлөгч нар ярьж болохгүй. Өмгөөлөгч нарт өмгөөлөх юм бий, өмгөөлөхгүй юм ч бий. Гэмт хэрэгтнүүдийг удаа дараа өмгөөлөөд байдаг нь ямар учиртай юм бэ? Тэр П гэдэг нөхөр бол угаасаа асуудалтай. Жил бүр адуу малаа дутааж байдаг. Би 8 адуугаа нэхэмжилж байна. Төлүүлэх бодолтой байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.Б, А.П нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Б болон А.П бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2020 оны 09 дүгээр сард Ц.Б над руу нэхэмжлэгч утсаар ярьж адуу хариулаад өгөөч гэсэн би тухайн үедээ тарган адуу бол хариулж болно гэхдээ туранхай бол хариулах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч Д.Н нь би адуугаа танай тэнд аваачаад тавьсан тарган адуу байгаа гэж намайг аймгийн төв дээр байхад хэлсэн. Албан ёсоор надад харуулж хүлээлгэж өгөөгүй, дараа нь гэр лүүгээ харих замд голд байсан адууг нь харахад туранхай байсан учир би адууг маллах боломжгүй онд орохгүй адуу байна гэсэн. Тэгээд нэхэмжлэгч А.П-ээр харуулахаар болсон гэх боловч мөн тэр 8 тооны адуугаа албан ёсоор өөрийн биеэр аваачиж А.П надад хүлээлгэж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчтэй амаар тохиролцсон хэлэлцээр хийгдээгүй. Иймд бид нэхэмжлэгчийн 8 тооны адууг хариулахаар тохиролцож албан ёсоор хүлээлгэж өгч, авч гэрээ хэлэлцээр хийгээгүй, Д.Н нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж адуугаа алга болгож бид нараас адууны мөнгө нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Н 2020 оны 09 дүгээр сар гаргаад над руу яриад тарган 8 адуу хараад өг гэсэн. Ярихдаа 8 тарган адуу байгаа гэсэн. Та туугаад ир гэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Алтай явсан байсан. Тэр араар мотоцикльтой хүнтэй хөөгөөд ирсэн байсан. Ээж ганцаараа байсан. Мотоцикль сигналдаад байхаар нь гараад харсан чинь хэдэн адуу голоор гаргасан гэсэн. Тэгээд Б-г ирэхээр хэлээрэй гэсэн байсан. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны үед үдээс хойш дундын овооны энд ирж байхад өөдөөс мотоцикльтой хүн ирээд 8 адуу гол руу хөөгөөд гаргасан. Ээж рүү чинь энийг аваарай гэж орилсон гэсэн. Та адуугаа аваад ирсэн үү? гэсэн чинь аваад ирлээ гэсэн. Таны адуу тарган уу? гэсэн чинь тарган гэсэн. Тэгээд 9 дүгээр сарын 18-ны үдээс хойш адууг нь олоод яваад очсон чинь 120 км газар мотоциклоор хөөгдсөн юм шиг байна лээ. Өнгө, зүс нь мэдэгдэхгүй бор саарал юм байсан. Манай ээж ч гэсэн хэлсэн. Өчигдөр хүмүүс 7-8 адуу гаргасан. Дараа нь наад хүмүүс чинь адуу нэхэх вий дээ гэсэн. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Д.Н руу яриад дүү нь хүний мал авсан байгаа. Энэ адуу бол манай энд онд орохооргүй адуу байна. Та энэ адуугаа эргүүлж ав эсхүл өөр хүн олж өг гэсэн чинь наагуур чинь отор нүүдэлд явах хүн байна уу? гэсэн. Тэгэхээр нь А.П гэдэг хүн адуу аваад оторт явна гэж байна лээ гээд энэ хүмүүсийг утсаар яриулсан. Энэ хүмүүс юу гэж ярьсан гэдгийг мэдэхгүй. Би Д.Н адуу мөн бишийг нь мэдэхгүй байж А.П гэдэг хүнд өгөх эрх байхгүй. Алдуул, хулгайн адуу байвал дараа нь би өөрөө асуудалд орох байх гээд энэ хүмүүсийг утсаар яриулсан. Би гардаж Д.Н адууг хүлээж аваагүй. Удаа дараа хүн гөрдөөд байгаа юм. Энэ хүн өвөлжин хайсан гэж байгаа. Энэ хүн хайхдаа өөрөөсөө бензин гаргаж өөрийн унаагаараа хайгаагүй. Аймгийн төвийн Лада машиныг ашиглаж албаны бензин тосоор ганц, нэг архи уух нэрээр явсан. Ноднин жилээс хойш янз бүрийн цагдаа яриулаад дарамтлуулаад байдаг. Би хэрвээ тэр өдөр гэртээ байж байсан бол тийм туранхай адуу авахгүй. Манай тэнд 50 адуутай байсан хүн чөдрийн морьгүй үлдсэн. А.П-д ч энэ хүн хүлээлгэж өгөөгүй гэжээ.

 

Хариуцагч А.П нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад бол хүлээлгэж өгөөгүй. Ц.Б-ын ярьж байгаа бол үнэн. Энэ хүн утсаар ярихаар нь би 12 дугаар сарын эхээр өөрийнхөө хэдэн цөөхөн адуутай оторт гарна. Олон адуу авахгүй. Туранхай адуу байна. Онд орохгүй байх гэж би хэлсэн. Тэгээд Ц.Б бид хоёр хонины бэлчээр дээр явж байгаад оторт гарахдаа яг хүлээж авна шүү гэсэн. Түүнээс би хүлээж аваагүй, мөнгийг нь аваагүй. Хүлээж авсан бол би өдөр сартай нь хүлээж авна шүү дээ. Би хүлээж авсан адуугаа багийн хашаандаа хийж хонуулаад хүмүүст үзүүлээд багийн Засаг даргадаа шалгуулаад явсан. Би Д.Н гэдэг хүнийг танихгүй. Үзэж хараагүй. Ц.Б л утсаар яриулсан юм гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-аас 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6,850,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, хариуцагч А.П-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 124,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2022/00062 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Ц.Б надаас 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150.000 төгрөг нийт 6,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Д.Н надад 8 адуугаа харж хандаж бай гэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, голын наана цаана намайг аймаг руу хүүхэд сургуульд хүргэж өгөх гээд явсан хойгуур ээжид хандуулсан болоод орхисон байсан.

Гэтэл надаас 8 адууны мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Н нь Ц.Б, А.П нараас 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, адууны үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6.850.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч нараас 8 тооны адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6.850.000 төгрөг гаргуулах үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад нэр бүхий хоёр хариуцагчийн нэг болох Ц.Б-аас ямар үндэслэлээр 8 адууны үнэ 6,700,000 төгрөг, үнэлгээний хураамж 150,000 төгрөг, нийт 6.850.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ингэж шийдвэрлэх болсон үндэслэлээ бодитой тайлбарлаж, дүгнээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 8 тооны адуугаа харуулахаар амаар тохиролцсон гэх боловч ямар хугацаагаар, ямар хөлсөөр, ямар нөхцлөөр адуугаа харуулахаар тохиролцсоноо нотлож чадаагүй, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн 8 тооны адууг хүлээж аваагүй гэдгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй тохиолдолд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй байна.     

 

        Нэхэмжлэгч Д.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж түүнийгээ тэргүүн ээлжинд нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын хэнээс нь ямар үндэслэлээр хэдэн адууны үнэ буюу хичнээн төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхойлоогүй нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байх тул 6.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус, үйл баримт бодитой тогтоогдоогүй өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүний агуулга тодорхой бус байгаа тохиолдолд уг харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг зохицуулсан материаллаг хуулийн хэм хэмжээг оновчтой хэрэглэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.Б, А.П нараас 8 адууны үнэ 6.700.000 төгрөг, үнэлгээний хураамж 150.000 төгрөг нийт 6.850.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагад ямар нэг өөрчлөлт оруулаагүй байхад, анхан шатны шүүх шүүхэд хандах, нэхэмжлэлээ өөрсдөө тодорхойлох талуудын зарчмыг зөрчин, хариуцагч Ц.Б-аас 8 адууны үнэ 6.700.000 төгрөг, үнэлгээний хураамж 150.000 төгрөг нийт 6.850.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй байна.

 

Тиймээс үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлууд баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2022/00062 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Н Ц.Б, А.П нараас 8 адууны үнэ 6.700.000 төгрөг, үнэлгээний хураамж 150.000 төгрөг нийт 6.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

 

                                 ШҮҮГЧИД                   Т.Ж

Ш.Б