Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2022/00106

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2022/00106

Говь-Алтай аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хасбанк ХХК-ий  нэхэмжлэлтэй

хариуцагч: Т.Ц, Д.Б нарт холбогдох

үндсэн зээлийн төлбөр 17,692,026.46 төгрөг, зээлийн хүү 4,615,945.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,773 төгрөг нийт 22,752,744.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Т.Ц, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Ц нь Хас банктай 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1200029437 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т.Ц-н Хас банк дахь ............. дугаартай дансанд 23,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нь өөрийн өмчлөлийн .......... улсын дугаартай, ISTANA маркийн, 2002 онд үйлдвэрлэгдэж 2011 оны 11 сарын 12-нд Монгол Улсад орж ирсэн цагаан өнгийн суудлын автомашин, .......... улсын дугаартай, GRANBIRD маркийн 2008 онд үйлдвэрлэгдэж 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, хот хоорондын ягаан өнгийн автобусаа тус тус барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хас банктай 1200029437-01 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1200029437 тоот зээлийн гэрээний нэмэлтийг тус тус байгуулсан болно. Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагчийн хүсэлтийн дагуу 2020 оны 04 дүгээр сард дээр дурдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт эргэн төлөлтийн хугацааг 6 сараар сунгаж, эхний 6 сар хүү төлөх, 2020 оны 11 дүгээр сараас эхлэн үндсэн төлбөр төлөх нөхцөлтэйгээр өөрчлөлт оруулж Зээлийн гэрээний нэмэлтийг байгуулсан. Гэтэл хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 376 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэлгүй өдийг хүрээд байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж хариуцагчтай эвлэрэх гэсэн боловч Т.Ц нь төлбөл зохих хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхөөс татгалзаж эвлэрч чадаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэлийн шаардлага: 1. 1200029437 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,692,026.46 төгрөг, хүүгийн төлбөр 4,615,945.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,773 төгрөг нийт 22,752,744.75 /хорин хоёр сая долоон зуун тавин хоёр мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 2. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоор хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эвлэрүүлэн зуучлалд 20,800,000 төгрөгийн хүү тухайн өдөр байсан. Тэгэхэд харилцагч хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхгүй, зөвхөн үндсэн зээлээ төлөх хүсэлт гаргасан. Банк бол тухайн харилцагчийн нэмэгдүүлсэн хүүг нийт хүү дээрээ нэмсэн. Түүгээрээ төлүүлэх байр суурьтай байсан. Тэгээд эвлэрч чадаагүй. Тухайн харилцагч маань зээл аваад эхний 3 сар гэрээний дагуу хүү, үндсэн төлбөрөө хэвийн төлсөн. 4 дэх сараас эхлээд хугацаа хэтэрсэн. 2020 оны 04 дүгээр сард ковидтой холбоотой тухайн харилцагчийн эхний 6 сард хүү тавих, 7 дахь сараас үндсэн төлбөр тавих нөхцөлтэйгөөр үндсэн төлөлтийн хуваарийг өөрчилж өгсөн. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу харилцагч эхний 6 сарын хугацаанд хүүгээ төлсөн. 11 дүгээр сараас эхлээд хүү төлөөгүй, үндсэн төлбөр төлөөгүй. 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаа хэтэрч явж байгаад 1,960,000 төгрөг төлсөн. Тэр нь тухайн харилцагчийн хүү рүү 485,000 төгрөг, үндсэн зээлээс 1,474,000 төгрөг хасагдаад зээл нь 17,000,000 төгрөг болсон. Түүнээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тухайн харилцагч зээл рүүгээ ямар ч мөнгө хийгээгүй. Нэхэмжлэх өдрийн байдлаар 356 өдөр хугацаа хэтэрсэн. Тухайн харилцагчийн үндсэн зээл нь 17,692,026 төгрөг, хүү нь 4,615,945 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 444,773 төгрөг, гэрээний үүргийн дагуу тухайн харилцагчаас 22,752,744 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байгаа гэв.

Хариуцагч Т.Ц нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хас банкнаас 23,000,000 төгрөгийн зээл хүсээд барьцаанд нь автобус, истана машин тавиад зээл авсан нь үнэн. Би Улаанбаатар хотоос Тонхил сум, Тонхил сумаас Говь-Алтай аймаг гэсэн шугамаар автобус 7 хоногт 2 удаа явуулдаг ажил хийдэг. Манайх 2017 оны 10 дугаар сараас эхлээд жил гаруй хугацаанд 2 автобус явуулж ашигтай байгаад 2019 онд бас нэг автобус нэмж авах шаардлага гараад Хас банкинд хандаад автобус аваад 1 сар болж байхад цар тахал гарсан. Монгол улсын хэмжээнд ямар ч Хот хоорондын үйл ажиллагааг хорьсон. Тэгээд 2019 оны 11, 12 дугаар сарууд 2020 оны 1, 2, 3, 4 дүгээр сар хүртэл үндсэн хүүгээ, үндсэн төлөлтөө төлөөд явж байсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сард нөхцөл байдал өөрчлүүлэхээр банкинд хүсэлт гаргасан. Тэр үед энэ О гэдэг хүн байхгүй байсан. Б гэдэг хүн хариуцдаг байсан. Тэгээд хүсэлт гаргаад 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл таны эргэн төлөлтийн хуваарьт цар тахлын хуулийн дагуу өөрчлөлт орууллаа гэсэн. Тэгэхээр нь би өөрчлөлт ороод одоо энэ мөнгийг 6 сарын хугацаанд төлөхгүй явж болох юм байна гэсэн ойлголт аваад явж байтал 9 дүгээр сард над руу утсаар яриад нөхцөл байдал өөрчилсөн. Та хүүгээ төлөх ёстой байсан. Таны 5 сарын хүү 1,900,000 гаруй төгрөг болсон байна гээд ярьсан. Би өөрөө Тонхил сумд амьдардаг хүн. Би Тонхил сумаас хүн рүү мөнгө шилжүүлээд банкны данс руу хийлгэсэн. Тэгээд байж байгаад 10 дугаар сард яриад таны хүү чинь өсөөд 3,000,000 төгрөг боллоо гээд ярихаар нь би 1,900,000 төгрөг төлсөн гэж хэлсэн чинь түүнийг таны хүүнээс хасаагүй байна. 400,000 төгрөг л хүүнээс хассан байна. 1,600,000 төгрөг үндсэн зээлнээс хассан байна гээд будлиан тариад хэл ам гарсан. Тэгээд энэ яагаад ийм болов гэсэн чинь тэр хүн таны юмыг ингэж хийгээд ажлаасаа гарсан. Та тэр хүнтэйгээ шүүхээр явж учраа ол гэж эдний дарга нь ярьсан. Тэгээд би нэгэнт ажлаас гарсан хүнийг яах билээ гээд түүнээс хойш бас үйл ажиллагаа явахгүй байгаа учир яаж шийдэх үү? гээд энэ хүүхэд хариуцсан байсан бид хоёр утсаар ярьж байсан. Би тэр хооронд зөндөө хүсэлт гаргасан. 3 хувийн хүүтэй зээл рүү оруулж өгөх арга байна уу? Барьцаа хөрөнгөнд нь 2-3 автобус, техник тавъя гэсэн чинь дээрээс шийднэ, та дээшээ утсаар ярь гэсэн. Сангийн яам, Монгол банктай ярьсан. Тэд нар нь болохоор бид нарын мэдэх асуудал биш байна. Хас банк өөрөө мэднэ гэдэг. Хас банк намайг танд дэлгүүр байхгүй байна. Мал хөрөнгө байхгүй байна. Тийм учир та 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй байна гэдэг. Тэгээд болохгүй болохоор нь Улаанбаатар хотод манай хүү байна. Манай хүүхдэд 2 өрөө байр байна. Зээл байхгүй. Өр байхгүй. 100 гаруй сая төгрөгийн үнэтэй том машин байна. Тэр бүхнийг барьцаанд тавиад аавынхаа өрийг дарж өгье гэхээр Хас банкныхан судалъя гээд 2 сар болоод зөвшөөрдөггүй. Тэгээд 5 дугаар сард байж байсан чинь 4 цагийн үед Хас банкны захирал Ж дарга над руу утсаар яриад одоо 6 цагаас өмнө хүүгийнхээ машины бичиг баримтыг аваад хүүгээ дагуулаад ир. Тэгээд таны зээлийг хүүгийн чинь нэр дээр болгож өгөөд хүүтэй чинь барьцаагаа тохироод зээл өгье гэсэн. Тэгэхээр би 2 цагийн хугацаатай учир ямар ч боломж байхгүй байна. 2-3 хоногийн өмнө хэлэхгүй яасан юм бэ? гэсэн чинь тэгвэл чадахгүй гэсэн. Тэгж явсаар энэ хүүхэдтэй нэг утсаар яриад одоо миний зээл хэд үлдсэн байна вэ? гэсэн чинь одоо таны зээл 19,200,000 төгрөг үлдсэн байна гэсэн. За тэр мөнгөө хэрхэн зохицуулах вэ? гэсэн чинь эвлэрүүлэн зуучлалд хандаад хүүг нь зогсоох арга байна. Танд ямар болоцоо байна вэ? гэхээр нь эвлэрүүлэн зуучлалд өг. Ах нь сард 1,000,000 төгрөг хийж байя. Эвлэрүүлэн зуучлал дээр очоод гэрээ байгуулаад зээлийн гэрээгээ цуцалъя гэж тохироод эвлэрүүлэн зуучлал дээр ирсэн чинь 21,898,000 төгрөг надаас нэхсэн. Тэгээд яагаад тэгж байгаа юм бэ? гэсэн чинь зарим зүйлийг нь дутуу бодсон байна гэж хэлээд тэр дээрээ эвлэрч чадаагүй. Надад бас эрх гэж байдаг юм байна лээ. Би 6 дугаар сар хүртэл зээл хойшлуулж өгөөч гэсэн санал тавьсан. Тэгээд 6 дугаар сарын сүүлээр 7,000,000 төгрөг, 10 дугаар сарын сүүлээр 7,000,000 төгрөг, 12 дугаар сард 7,000,000 төгрөг гээд нийт 21,000,000 төгрөг төлье гэсэн санал тавьсан. Тэгсэн чинь би мэдэхгүй дарга мэднэ. Маргааш хариу өгье гэсэн. Маргааш нь болсон чинь дарга зөвшөөрөхгүй байна. Дарга таныг эвлэрүүлэн зуучлалд өгөхдөө ердөө 6 сарын хугацаанд энэ мөнгөө хувааж төл гэж байна гэсэн. Тэгээд мөнгөө 6 сард нь хувааж үзсэн чинь сард 3,000,000 төгрөг төлөхөөр гарсан. Би сард 1,000,000 гаруй төгрөг төлж чадахгүй, 1,000,000 төгрөг төлье гэж байхад 3,000,000 төгрөг төлж чадахгүй гэсэн. Тэгээд энэ хүмүүс та манай хуулийн зөвлөхтэй ярь гээд Улаанбаатар хотод байдаг хуулийн зөвлөхтэй ярьсан чинь та манайх руу нэг хүсэлт явуулчих. 3 хувийн зээлд хамруулж өгөх боломж юу байнна вэ? судалж өгнө үү? Мөн зээл хойшлуулах боломж юу байна гэдгийг судалж өгөөч гэсэн хүсэлт явуулчих гэсэн. Тэгээд би орой 5 цаг болж байхад нөгөө хүсэлтийг нь бичээд хүргэж өгсөн чинь маргааш өглөө нь энэ хүүхэд над руу 9 цагт болохгүй байна гэж байна гээд ярихаар нь би уурлаад орой 5 цагт өгсөн байхад 1-2 өдөр судалж болдоггүй юм уу? Өглөө 9 цагт ийм хариу өгч байдаг гэсэн чинь нэг хүний утасны дугаар өгсөн. Тэгээд тэр хүнтэй ярьсан чинь тэр хүн маань өмнөөс таны 20,000,000 төгрөг байтугай манай дээр 2-3 тэрбум төгрөгийн ийм хэрэг зөндөө байна. Таны наад асуудал чинь юу ч биш. Тэр банкны хүмүүстэйгээ учраа ол гэсэн. Тэгээд хуулийн зөвлөхтэй нь яриад ямар гаргалгаа байна гэсэн чинь би бас энэ хүмүүстэй зөндөө ярьлаа. Болохгүй байна. Та одоо наад асуудлаа шүүх рүү явуулаад шүүхээр шийдүүлэхгүй бол 3 хувийн зээлд хамруулж болохгүй байна. Таны зээлийг хойшлуулж болохгүй байна гээд л ийм зүйл болсон. Би бол 28,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сард төлж дуусгах ёстой. Одоо би 10,335,700 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн 18,311,295 төгрөг 83 мөнгийг би төлөхөд бэлэн. Энэ мөнгийн төлөх нь миний үүрэг. Би зээл авсан нь үнэн гэв.

Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Хасбанк ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хасбанкны гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-314 дугаартай Хасбанкийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хасбанкны Говь-Алтай салбарын захирлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20/767 дугаартай итгэмжлэл,

-Хас банкны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1200029437 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

- Хас банкны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1200029437-01 дугаартай Барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл,

-2020 оны 03 сарын 30-ны өдрийн зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн зээлийн нөхцөл өөрчлөх шийдвэр,

-2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2019 оны 1200029437 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт,

-2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2019 оны 1200029437-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт,

-хуримтлагдсан үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь,

-Т.Ц-н Хасбанкны ........... дугаартай дансны 2020.06.03-ны өдрийн дансны хуулга,

-2020.06.03-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

-Т.Ц-н ........ улсын дугаартай KIA GRANBIRD маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Т.Ц-н ..............улсын дугаартай SSANGYONG Istana 0 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Т.Ц-н Хасбанкны ........ дугаартай дансны 2019.10.01-2021.11.18-ны өдрийн дансны хуулга,

-Т.Ц-н Хасбанкны ............. дугаартай дансны 2019.11.01-2021.11.18-ны өдрийн дансны хуулга,

-Т.Ц-н иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Б, Ц.А нарын иргэний үнэмлэхний хуулбар,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 273 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл.

Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Т.Ц-н Хас банкны ......... дугаартай дансны 2019.10.01-2021.12.28-ны өдрийн дансны хуулга,

-Т.Ц-н Хас банкны .......... дугаартай дансны 2019.10.01-2021.12.28-ны өдрийн дансны хуулга,

-Д.Б-с Т.Ц-т олгосон итгэмжлэл,

-Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай албан бичиг.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн зээлийн төлбөр 17,692,026.46 төгрөг, зээлийн хүү 3,859,792.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308,084 төгрөг нийт 21,859,903.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 892,841.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Хасбанк ХХК нь Т.Ц, Д.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 17,692,026.46 төгрөг, зээлийн хүү 4,615,945.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,773 төгрөг нийт 22,752,744.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Т.Ц нь Ковид-19 цар тахлаас шалтгаалан хот хоорондын хөдөлгөөнийг зогсоосны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, зээлээ төлж чадаагүй, энэ талаар удаа дараа банкинд хандаж, зээлийн нөхцөлөө өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч Хасбанк хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Зээл хүүд нийт 10,335,700 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн 18,311,295 төгрөг 83 мөнгийг би төлөхөд бэлэн, илүү төлөх боломжгүй гэж татгалзжээ.

Нэхэмжлэгч Хасбанк ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч Т.Ц, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Б нартай 23,000,000 төгрөгийг холимог зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээл хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүү/үндсэн болон хэтэрсэн хугацааны/-ийн 20% байхаар харилцан тохиролцож, 1200029437 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг, уг зээлийн барьцаанд ..... улсын дугаартай KIA GRANBIRD маркийн автомашин, ....... улсын дугаартай SSANGYONG Istana 0 маркийн автомашиныг тус тус барьцаалж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1200029437-01 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хавтаст хэргийн 11-21 дахь тал/

Уг гэрээгээр зээлдэгч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр үндсэн төлбөрт 958,333.33 төгрөг болон ногдох хүүг төлөх, нийт зээл 23,000,000 төгрөг, хүү 5,646,657.53, бүгд 28,646,657.53 төгрөгийг зээл төлөлтийн хуваарьт заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ. /хавтаст хэргийн 17 дахь тал/

Улмаар дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлаас шалтгаалан улс даяар хязгаарлалтын дэглэм үйлчилсэнтэй холбоотойгоор хариуцагч Т.Ц, Д.Б нар нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргасныг Хасбанк нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хангаж, зээлийн нөхцөл өөрчлөх шийдвэр гаргасан байна. /хавтаст хэргийн 23 дахь тал/

Уг шийдвэрийн дагуу Хас банк нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2019 оны 1200029437 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2019 оны 1200029437-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 6 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, зөвхөн зээлийн хүүг төлөх, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ныг дуустал зээлийн үндсэн төлбөрт сард 1,474,335.54 төгрөг болон ногдох зээлийн хүүг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 24-28 дахь тал/

Хариуцагч Т.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн хүүг төлсөн, улмаар 5 сар төлөлт хийлгүй байсны дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,960,000 төгрөгийн төлөлт хийсэн буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийсэн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Хэргийн зохигчид нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн, хариуцагчаас нийт 10,335,361.70 төгрөгийн төлөлт хийсэн гэдэгтэй маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйн улмаас үндсэн зээлийн төлбөр 17,692,026.46 төгрөг, зээлийн хүү 4,615,945.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,773 төгрөг нийт 22,752,744.75 төгрөгийн төлөлт хийгдэх ёстой гэж, хариуцагч нь анх байгуулагдсан зээлийн гэрээгээр зээл, хүү нийт 28,646,657.53 төгрөг төлөөд зээл хаагдах байснаас 10,335,361.70 төгрөгийн төлөлт хийсэн, одоо 18,311,295.83 төгрөгийг төлнө, илүү төлөх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь дээрх зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу Хас банкны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1200029437 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүү зээл хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүү/үндсэн болон хэтэрсэн хугацааны/-ийн 20% байна гэсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь Covid-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон гэж маргаж байх боловч Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон холбогдох бусад хуулиар банкны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хариуцагч Т.Ц, Д.Б нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч Хасбанк ХХК нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Хасбанк ХХК болон хариуцагч Т.Ц, Д.Б нар нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхний эвлэрүүлэн зуучлагчид хандаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид хандах үед буюу нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, зээлийн гэрээнээс татгалзах үед үндсэн зээлийн үлдэгдэл 17,692,026.46 төгрөг, зээлийн хүү 3,859,792.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308,084 төгрөг, нийт төлбөр 21,859,903.38 төгрөг байжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Тодруулбал, гэрээнээс татгалзсан үеэс эхлэн тухайн гэрээний үйлчлэл зогсож, зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон гэрээнээс татгалзах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэгтэй болно. Гэтэл нэхэмжлэгч Хасбанк ХХК нь гэрээнээс татгалзсаны дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ц, Д.Б нараас үндсэн зээлийн төлбөр 17,692,026.46 төгрөг, зээлийн хүү 3,859,792.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308,084 төгрөг нийт 21,859,903.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 892,841.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,714 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц, Д.Б нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 21,859,903.38 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ц, Д.Б нараас үндсэн зээлийн төлбөр 17,692,026.46 төгрөг, зээлийн хүү 3,859,792.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308,084 төгрөг нийт 21,859,903.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 892,841.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,714 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц, Д.Б нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 21,859,903.38 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ