Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 215/МА2022/00010

 

 

“Х” ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 133/ШШ2022/00106 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х ХХК /РД: 2.........../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 2 дугаар баг, Тамчид оршин суух хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг Хөгжил 13- ... тоотод оршин суух Ж овгийн Т.Ц /РД: ДЭ............../,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 2 дугаар баг, Тамчид оршин суух хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг Хөгжил 13- ... тоотод оршин суух С овгийн Д.Б /РД: ШЖ................./ нарт холбогдох,

үндсэн зээлийн төлбөр 17.692.026.46 төгрөг, зээлийн хүү 4.615.945.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444.773 төгрөг нийт 22.752.744.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, Х.Т /цахимаар/, хариуцагч Т.Ц, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Ц нь Х банктай 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1200029437 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т.Ц-ын Х банк дахь 5000647....... дугаартай дансанд 23.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нь өөрийн өмчлөлийн ГАҮ-70..... улсын дугаартай, ISTANA маркийн, 2002 онд үйлдвэрлэгдэж 2011 оны 11 дүгээр сарын 12-нд Монгол Улсад орж ирсэн цагаан өнгийн суудлын автомашин, ГАҮ-88 ..... улсын дугаартай, GRANBIRD маркийн 2008 онд үйлдвэрлэгдэж 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, хот хоорондын ягаан өнгийн автобусаа тус тус барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х банктай 1200029437-01 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1200029437 тоот зээлийн гэрээний нэмэлтийг тус тус байгуулсан болно. Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагчийн хүсэлтийн дагуу 2020 оны 4 дүгээр сард дээр дурдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт эргэн төлөлтийн хугацааг 6 сараар сунгаж, эхний 6 сар хүү төлөх, 2020 оны 11 дүгээр сараас эхлэн үндсэн төлбөр төлөх нөхцөлтэйгээр өөрчлөлт оруулж Зээлийн гэрээний нэмэлтийг байгуулсан. Гэтэл хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 376 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэлгүй өдийг хүрээд байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж хариуцагчтай эвлэрэх гэсэн боловч Т.Ц нь төлбөл зохих хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхөөс татгалзаж эвлэрч чадаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэлийн шаардлага:

1. 1200029437 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17.692.026.46 төгрөг, хүүгийн төлбөр 4.615.945.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444.773 төгрөг нийт 22.752.744.75 /хорин хоёр сая долоон зуун тавин хоёр мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоор хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр эвлэрүүлэн зуучлалд 20.800.000 төгрөгийн хүү тухайн өдөр байсан. Тэгэхэд харилцагч хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхгүй, зөвхөн үндсэн зээлээ төлөх хүсэлт гаргасан. Банк бол тухайн харилцагчийн нэмэгдүүлсэн хүүг нийт хүү дээрээ нэмсэн. Түүгээрээ төлүүлэх байр суурьтай байсан. Тэгээд эвлэрч чадаагүй. Тухайн харилцагч маань зээл аваад эхний 3 сар гэрээний дагуу хүү, үндсэн төлбөрөө хэвийн төлсөн. 4 дэх сараас эхлээд хугацаа хэтэрсэн. 2020 оны 4 дүгээр сард ковидтой холбоотой тухайн харилцагчийн эхний 6 сард хүү тавих, 7 дахь сараас үндсэн төлбөр тавих нөхцөлтэйгөөр үндсэн төлөлтийн хуваарийг өөрчилж өгсөн. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу харилцагч эхний 6 сарын хугацаанд хүүгээ төлсөн. 11 дүгээр сараас эхлээд хүү төлөөгүй, үндсэн төлбөр төлөөгүй. 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацаа хэтэрч явж байгаад 1.960.000 төгрөг төлсөн. Тэр нь тухайн харилцагчийн хүү рүү 485.000 төгрөг, үндсэн зээлээс 1.474.000 төгрөг хасагдаад зээл нь 17.000.000 төгрөг болсон. Түүнээс хойш 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тухайн харилцагч зээл рүүгээ ямар ч мөнгө хийгээгүй. Нэхэмжлэх өдрийн байдлаар 356 өдөр хугацаа хэтэрсэн. Тухайн харилцагчийн үндсэн зээл нь 17.692.026 төгрөг, хүү нь 4.615.945 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 444.773 төгрөг, гэрээний үүргийн дагуу тухайн харилцагчаас 22.752.744 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байгаа гэжээ.

 

Хариуцагч Т.Ц нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х банкнаас 23.000.000 төгрөгийн зээл хүсээд барьцаанд нь автобус, истана машин тавиад зээл авсан нь үнэн. Би Улаанбаатар хотоос Тонхил сум, Тонхил сумаас Говь-Алтай аймаг гэсэн шугамаар автобус 7 хоногт 2 удаа явуулдаг ажил хийдэг. Манайх 2017 оны 10 дугаар сараас эхлээд жил гаруй хугацаанд 2 автобус явуулж ашигтай байгаад 2019 онд бас нэг автобус нэмж авах шаардлага гараад Хас банкинд хандаад автобус аваад 1 сар болж байхад цар тахал гарсан. Монгол Улсын хэмжээнд ямар ч хот хоорондын үйл ажиллагааг хорьсон. Тэгээд 2019 оны 11, 12 дугаар сарууд 2020 оны 1, 2, 3, 4 дүгээр сар хүртэл үндсэн хүүгээ, үндсэн төлөлтөө төлөөд явж байсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сард нөхцөл байдал өөрчлүүлэхээр банкинд хүсэлт гаргасан. Тэр үед энэ Д.О гэдэг хүн байхгүй байсан. Б гэдэг хүн хариуцдаг байсан. Тэгээд хүсэлт гаргаад 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл таны эргэн төлөлтийн хуваарьт цар тахлын хуулийн дагуу өөрчлөлт орууллаа гэсэн. Тэгэхээр нь би өөрчлөлт ороод одоо энэ мөнгийг 6 сарын хугацаанд төлөхгүй явж болох юм байна гэсэн ойлголт аваад явж байтал 9 дүгээр сард над руу утсаар яриад нөхцөл байдал өөрчилсөн. Та хүүгээ төлөх ёстой байсан. Таны 5 сарын хүү 1.900.000 гаруй төгрөг болсон байна гээд ярьсан. Би өөрөө Тонхил сумд амьдардаг хүн. Би Тонхил сумаас хүн рүү мөнгө шилжүүлээд банкны данс руу хийлгэсэн. Тэгээд байж байгаад 10 дугаар сард яриад таны хүү чинь өсөөд 3.000.000 төгрөг боллоо гээд ярихаар нь би 1.900.000 төгрөг төлсөн гэж хэлсэн чинь түүнийг таны хүүнээс хасаагүй байна. 400.000 төгрөг л хүүнээс хассан байна. 1.600.000 төгрөг үндсэн зээлнээс хассан байна гээд будлиан тариад хэл ам гарсан. Тэгээд энэ яагаад ийм болов гэсэн чинь тэр хүн таны юмыг ингэж хийгээд ажлаасаа гарсан. Та тэр хүнтэйгээ шүүхээр явж учраа ол гэж эдний дарга нь ярьсан. Тэгээд би нэгэнт ажлаас гарсан хүнийг яах билээ гээд түүнээс хойш бас үйл ажиллагаа явахгүй байгаа учир яаж шийдэх үү? гээд энэ хүүхэд хариуцсан байсан бид хоёр утсаар ярьж байсан. Би тэр хооронд зөндөө хүсэлт гаргасан. 3 хувийн хүүтэй зээл рүү оруулж өгөх арга байна уу? Барьцаа хөрөнгөнд нь 2-3 автобус, техник тавъя гэсэн чинь дээрээс шийднэ, та дээшээ утсаар ярь гэсэн. Сангийн яам, Монгол банктай ярьсан. Тэд нар нь болохоор бид нарын мэдэх асуудал биш байна. Х банк өөрөө мэднэ гэдэг. Х банк намайг танд дэлгүүр байхгүй байна. Мал хөрөнгө байхгүй байна. Тийм учир та 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй байна гэдэг. Тэгээд болохгүй болохоор нь Улаанбаатар хотод манай хүү байна. Манай хүүхдэд 2 өрөө байр байна. Зээл байхгүй. Өр байхгүй. 100 гаруй сая төгрөгийн үнэтэй том машин байна. Тэр бүхнийг барьцаанд тавиад аавынхаа өрийг дарж өгье гэхээр Х банкныхан судалъя гээд 2 сар болоод зөвшөөрдөггүй. Тэгээд 5 дугаар сард байж байсан чинь 4 цагийн үед Х банкны захирал Г.Ж дарга над руу утсаар яриад одоо 6 цагаас өмнө хүүгийнхээ машины бичиг баримтыг аваад хүүгээ дагуулаад ир. Тэгээд таны зээлийг хүүгийн чинь нэр дээр болгож өгөөд хүүтэй чинь барьцаагаа тохироод зээл өгье гэсэн. Тэгэхээр би 2 цагийн хугацаатай учир ямар ч боломж байхгүй байна. 2-3 хоногийн өмнө хэлэхгүй яасан юм бэ? гэсэн чинь тэгвэл чадахгүй гэсэн. Тэгж явсаар энэ хүүхэдтэй нэг утсаар яриад одоо миний зээл хэд үлдсэн байна вэ? гэсэн чинь одоо таны зээл 19,200,000 төгрөг үлдсэн байна гэсэн. За тэр мөнгөө хэрхэн зохицуулах вэ? гэсэн чинь эвлэрүүлэн зуучлалд хандаад хүүг нь зогсоох арга байна. Танд ямар бололцоо байна вэ? гэхээр нь эвлэрүүлэн зуучлалд өг. Ах нь сард 1.000.000 төгрөг хийж байя. Эвлэрүүлэн зуучлал дээр очоод гэрээ байгуулаад зээлийн гэрээгээ цуцалъя гэж тохироод эвлэрүүлэн зуучлал дээр ирсэн чинь 21.898.000 төгрөг надаас нэхсэн. Тэгээд яагаад тэгж байгаа юм бэ? гэсэн чинь зарим зүйлийг нь дутуу бодсон байна гэж хэлээд тэр дээрээ эвлэрч чадаагүй. Надад бас эрх гэж байдаг юм байна лээ. Би 6 дугаар сар хүртэл зээл хойшлуулж өгөөч гэсэн санал тавьсан. Тэгээд 6 дугаар сарын сүүлээр 7.000.000 төгрөг, 10 дугаар сарын сүүлээр 7.000.000 төгрөг, 12 дугаар сард 7.000.000 төгрөг гээд нийт 21.000.000 төгрөг төлье гэсэн санал тавьсан. Тэгсэн чинь би мэдэхгүй дарга мэднэ. Маргааш хариу өгье гэсэн. Маргааш нь болсон чинь дарга зөвшөөрөхгүй байна. Дарга таныг эвлэрүүлэн зуучлалд өгөхдөө ердөө 6 сарын хугацаанд энэ мөнгөө хувааж төл гэж байна гэсэн. Тэгээд мөнгөө 6 сард нь хувааж үзсэн чинь сард 3.000.000 төгрөг төлөхөөр гарсан. Би сард 1.000.000 гаруй төгрөг төлж чадахгүй, 1.000.000 төгрөг төлье гэж байхад 3.000.000 төгрөг төлж чадахгүй гэсэн. Тэгээд энэ хүмүүс та манай хуулийн зөвлөхтэй ярь гээд Улаанбаатар хотод байдаг хуулийн зөвлөхтэй ярьсан чинь та манайх руу нэг хүсэлт явуулчих. 3 хувийн зээлд хамруулж өгөх боломж юу байна вэ? судалж өгнө үү? Мөн зээл хойшлуулах боломж юу байна гэдгийг судалж өгөөч гэсэн хүсэлт явуулчих гэсэн. Тэгээд би орой 5 цаг болж байхад нөгөө хүсэлтийг нь бичээд хүргэж өгсөн чинь маргааш өглөө нь энэ хүүхэд над руу 9 цагт болохгүй байна гэж байна гээд ярихаар нь би уурлаад орой 5 цагт өгсөн байхад 1-2 өдөр судалж болдоггүй юм уу? Өглөө 9 цагт ийм хариу өгч байдаг гэсэн чинь нэг хүний утасны дугаар өгсөн. Тэгээд тэр хүнтэй ярьсан чинь тэр хүн маань өмнөөс таны 20.000.000 төгрөг байтугай манай дээр 2-3 тэрбум төгрөгийн ийм хэрэг зөндөө байна. Таны наад асуудал чинь юу ч биш. Тэр банкны хүмүүстэйгээ учраа ол гэсэн. Тэгээд хуулийн зөвлөхтэй нь яриад ямар гаргалгаа байна гэсэн чинь би бас энэ хүмүүстэй зөндөө ярьлаа. Болохгүй байна. Та одоо наад асуудлаа шүүх рүү явуулаад шүүхээр шийдүүлэхгүй бол 3 хувийн зээлд хамруулж болохгүй байна. Таны зээлийг хойшлуулж болохгүй байна гээд л ийм зүйл болсон. Би бол 28.000.000 төгрөг 2021 оны 10 дугаар сард төлж дуусгах ёстой. Одоо би 10.335.700 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн 18.311.295 төгрөг 83 мөнгийг би төлөхөд бэлэн. Энэ мөнгийн төлөх нь миний үүрэг. Би зээл авсан нь үнэн гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ц, Д.Б нараас үндсэн зээлийн төлбөр 17.692.026.46 төгрөг, зээлийн хүү 3.859.792.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308.084 төгрөг нийт 21.859.903.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 892.841.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.714 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц, Д.Б нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 21.859.903.38 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 133/ШШ2022/00106 дугаартай шийдвэр /цаашид “Шийдвэр” гэх/-ийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Т.Ц, Д.Б нар нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ ... гэрээнээс татгалзсан үеэс эхлэн тухайн гэрээний үйлчлэл зогсож, зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон гэрээнээс татгалзах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэгтэй болно. Гэтэл нэхэмжлэгч Х ХХК нь гэрээнээс татгалзсаны дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү үргэлжлүүлэн тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлан дүгнэсэн. Харин Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 273 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлдээ “...Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд уригдсан тал Т.Ц нь “Надтай холбогдуулж зээлийн нийт төлбөр 21.859.903.38 төгрөг гаргуулах өргөдөл гаргасан. Ковидтой холбоотой бодогдсон хүү, алдангийг төлөхөөс татгалзаж байна” гэж хүсэлт гаргасан. Өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О манай саналыг хүлээн аваагүй хүлээн зөвшөөрөхгүй мөн хүү, алданги төлөх, эвлэрэх хугацаа нь дээр тохиролцоогүй байна гэсэн тайлбарыг гаргаж байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй байна” гэж дурдан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай зээлийн гэрээний дагуу тэдгээрийн төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлийг харилцан тохиролцох зорилгоор эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасныг гэрээнээс татгалзсан гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулах шаардлага гаргаж байгаа тохиолдолд шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дах хэсгийн зохицуулалтыг баримтлан гэрээг хугацаанаас өмнө цуцлах эсэхийг шийдвэрлэдэг. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Т.Ц, Д.Б нараас үндсэн зээлийн төлбөрт 17.692.026.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.859.792.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 308.084 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 892,841.37 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын бусад хөрөнгө, орлогоор хангуулах шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулах журмыг заагаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөнүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөнүүдийг худалдан борлуулснаас олсон орлого төлбөрийг барагдуулж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос төлбөр гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхийг холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах агуулгатай заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэлтээр оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс төлөөгүй үлдсэн 17,692,026.46 төгрөг, зээлийн хүү 4,615,945.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444,773 төгрөг, нийт 22.752.744,75 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нар Зээлийн гэрээгээр авсан 23,000,000 төгрөг, түүний хүү 5,646,657,53 төгрөг нийт 28,646,657.53 төгрөгөөс өөрийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн нийт 10,335,361.70 төгрөгийг хасч, үлдэх 18,311,295.83 төгрөгийг зөвшөөрч нэхэмжлэлийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацаанд 10,335,361.70 төгрөг төлсөн байхад дахин 22,752,744.75 төгрөгийг Х банк нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, зээлийн гэрээний хугацаа дуусмагц  зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлөө тохиролцож төлөх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй хүүг зогсоогоогүй гэж маргажээ.

 

“Х банк” ХХК нь Т.Ц, Д.Б нартай 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1200029437, 1200029437-01 дугаартай гэрээнүүд байгуулж, 88 ... ГАҮ улсын дугаартай KIA GRANBIRD маркийн автомашин, 70 ... ГАҮ улсын дугаартай SSANGYONG Istana маркийн автомашиныг тус тус барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 23.000.000 төгрөгийг зээлээр авах, зээлдэгч нар нь 23.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24, сарын 2 хувийн хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

 

Гэтэл COVID-19 цар тахлаас шалтгаалан улс орон даяар хязгаарлалтын дэглэм үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Т.Ц, Д.Б нарын хот хоорондын зорчигч тээвэрлэх бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Х банк 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс зээлийн үндсэн төлбөр төлөхөөс 6 сарын хугацаанд чөлөөлөхөөр шийдвэрлэж, улмаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1200029437 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж үлдэгдэл 19,166,362.00 төгрөгийн зээлээс 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн эргэн төлөлт хийхгүй тухайн хугацаанд зөвхөн зээлийн хүүг төлөхөөр 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүг төлж явсаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийг төлж дуусахаар тохиролцсон байна.

Зээлдэгч Т.Ц, Д.Б нар нь зээлийн эргэн төлөлтөд

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү 374,835.62, үндсэн зээл 959,164.38 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүү 13,600.00 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү 423,994.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503.67 төгрөг, үндсэн зээл 957,502.28 төгрөг,

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү 429,455.86 төгрөг, үндсэн зээл 958,544.14 төгрөг,

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү 423,447.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126.00 төгрөг, үндсэн зээл 958,426.38 төгрөг,

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү 369,879.42 төгрөг, үндсэн зээл нэмэгдүүлсэн хүү 3.401.66 төгрөг, үндсэн зээл 126,718.92 төгрөг,

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү 473,490.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,320.10 төгрөг,

Зээлийн хүүд 2,494,222.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,586.78 төгрөг, үндсэн зээлд 3,962,356.1 төгрөг дээрх хугацаанд нийт 6,450,646.36 төгрөг төлсөн байна.

  

Зээлдэгч Т.Ц, Д.Б нар нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш буюу 

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хүү 306,950.71 төгрөг,

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүү 360,000.00 төгрөг,

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн хүү 320,000.00 төгрөг,

2020 оны 09 дугаар сарын 23-ны өдөр зээлийн хүү 440,000.00 төгрөг,

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хүү 500,000.00 төгрөг,

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хүүд 485,664.46 төгрөг, үндсэн зээлд 1,474,335.54 төгрөг нийт 1,960,000.00 төгрөг буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн хүүд 2,412,615.17 төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтөд 1,474,335.54 төгрөг нийт нэг удаа төлсөн байна.

Эдгээр нь хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Т.Ц-ын дансны хуулгуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэг удаа 1,960,000 төгрөг төлсөн боловч хаашаа хийсэн нь тодорхойгүй алга болсон гэж маргаж байгаа боловч уг мөнгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгчийн зээлийн хүү, үндсэн зээлээс хасч тооцсон байна.

  

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь зээлийн гэрээний дагуу 23.000.000 төгрөгийг зээлдэгч Т.Ц, Д.Б нарт шилжүүлэн өгсөн энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн хүүг төлж байгаад, түүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийлгүй явсаар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1.960.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд үүнээс хойш ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Х банк нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлийг эргэн төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан ч хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх үүргээ зөрчсөн  байна.

 

Иймд нэхэмжлэгч Х банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан мөнгөн хөрөнгө буюу зээл, гэрээнд заасан зээлийн хүүг шаардсан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардсан байна.

Мөн талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний 1200029437 дугаар зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт уг зээл нь гэрээний үндсэн болон хэтэрсэн хугацаанд жилийн 365 хоногт тогтмол 24 хувь, сарын 2 хувийн хүүтэй байхаар, мөн гэрээний 2.4 дэх хэсэгт зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна.

Хариуцагч Т.Ц, Д.Б нар нь үндсэн зээлийн төлбөрт 17.692.026.46 төгрөг, зээлийн хүү 4.615.945.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444.773 төгрөг нийт 22.752.744.75 төгрөгийг Х банкинд төлөх үүрэгтэй болохыг нотлохоор зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгууд, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтуудыг гаргасныг хариуцагч нар нотлох баримтаар няцаагаагүй, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Би нэг ч хоногийн хугацаа хэтрүүлээгүй учраас хүү, алданги төлөх ёсгүй гэж үзэж байна гэх хариуцагч Т.Ц-ын тайлбар үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсанаас хойш нэхэмжлэлээ шүүхэд гаргах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 892,841.37 төгрөгийг нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалд хандах үедээ гэрээнээс татгалзсан гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацаанд жилийн 24 хувь, сарын 2 хувийн хүү төлөхөөр тохирсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь энэ харилцааг зохицуулсан илүү нарийвчилсан зохицуулалт бүхий хууль бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртлэх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус заасан байна.

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн зээл, зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийг ашигласан бүх хугацааны хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч нь хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 19-нд Х банкинд өргөдөл өгсөн үеэс гэрээнээс татгалзсан учраас гэрээний үйлчлэл зогссон, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж маргаж байгаа бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалсан гэж дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар, заасан өөрөөр хэлбэл гэрээний үүргээ зөрчөөгүй тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээний үүргээ зөрчөөгүй талд гэрээнээс татгалзахыг ямар нэг байдлаар үүрэг болгоогүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч урьд нь гэрээг цуцлаагүй харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж түүний үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардлага гаргасан байна.

Мөн нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй байна.

Энэ талаарх нэхэмжлэгч Х банкны гаргасан давж заалдах гомлол үндэслэлтэй байна.

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 1.3 дахь хэсэгт зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангуулахаар гэрээний хавсралтад заасан KNGGBK1U28K107984 арлын дугаартай, 88- ... ГАҮ улсын дугаартай,  KIA GRANDBIRD загварын Солонгос улсад үйлдвэрлэгдсэн нийтийн тээврийн хэрэгсэл, KPDFBDL812P157423 арлын дугаартай, цагаан өнгийн, истана маркийн нийтийн тээврийн хэрэгсэл зэргийг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хангах, мөнгөн төлбөрийн шаардлагыг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг худалдах, борлуулах замаар шаардлагаа хангуулах эрхтэй байна.

Хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

Тиймээс нэхэмжлэгч Х банкны давж заалдах гомдлыг хүлээн авч, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 133/ШШ2022/00106 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

Үүнд: а. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ц, Д.Б нараас зээлийн төлбөр 17.692.026.46 төгрөг, зээлийн хүү 4.615.945.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 444.773 төгрөг, нийт 22.752.744.75 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгосугай гэж,

 

б. 2 дахь заалтын 21.859.903.38 төгрөг гэснийг 22.752.744.75 төгрөг гэж, 267.250 төгрөг гэснийг 271.714 төгрөг гэж,

 

в. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 88- ... ГАҮ улсын дугаартай, KNGGBK1U28K107984 арлын дугаартай, KIA GRANBIRD нийтийн тээврийн хэрэгсэл,  70- ... ГАҮ улсын дугаартай, KPDFBDL812P157423 арлын дугаартай, SSANGYONG Istana маркийн тээврийн хэрэгсэлийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн нэмэлт заалт оруулж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

 

                         ШҮҮГЧИД                            Ш.Б

 

                                                                    Т.Ж