Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2018/00124

 

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2018/00124

 

 

 

В.Х, Т.Б нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Б - д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00824 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: В.Х, Т.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Б - д холбогдох,

Ажлын хөлс 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч В.Хгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Х, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч В.Х, Т.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н компанийн захирал О.Б -  2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл В.Хг манаачаар, Т.Б -ыг үйлчлэгчээр ажилд авсан. Цалингаа тохирохдоо 400.000 төгрөгөөр тохирсон. Эхний сард 400.000 төгрөгөөр цалинжуулсан. Дараагийн сараас Т.Б бид хоёрыг 300.000 төгрөгөөр цалинжуулсан. Газар тариалан, ямаа, үхэр маллуулж цалин нэмж өгөөгүй. Ажлын гэрээ албан ёсоор хийгээгүй, амаараа ажлын гэрээ хийсэн. Мөн бээлий ажлын хувцасны хангалт өгөөгүй. Гурван хүүхдэд өвөл зуны хувцас авчирч өгнө гээд биднийг мэхэлсэн. 2018 оны 01 сарын 23-ны үеэр миний бөөр, нуруу өвдөж хариуцагч О.Б - д хэлсэн чинь түргэн тусламж дуудаж өгсөн. Эмч эмнэлэг рүү авч явъя гэхэд нь би яваагүй эмч эм тариа бичсэн, цалингаа аваад 300.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тус компани нь эд материал, мөнгөний тусламж үзүүлээгүй. 2018 оны 04 сарын 20-нд манай эхнэр Б ажлын талбай дээр Б - ийн үхрийн өвс зөөж байгаад гараа хугалсан одоо хүртэл эдгээгүй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй. Миний эхнэр гараа гипстүүлж эмчилгээ 500.000 төгрөг болсон. Энэ мөнгийг миний цалингаас суутгасан. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 7 үнээ 7 бяруу маллан онд оруулсан цалин өгөөгүй. 1 үхрийг сард 10.000 төгрөг, 1 бярууг сард 5000 төгрөгөөр тооцож тус компанид ажилласан. Нийгмийн даатгал төлөлгүй 1 хүний 150.000 цалинжуулж байсан. Сүүлийн 5 сард сард 100.000 төгрөг өгсөн үлдэгдэл 200.000 өгөөгүй. 2016 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1.200.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1.100.000 төгрөгийн хохирол амсч байгаа тул олон хүүхэдтэй бидний хохирлыг Н компани О.Б - аас гаргуулж миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Хариуцагч О.Б -  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

В.Х нь надтай амаар тохиролцон Н амралтын баазын сахиул болон хэдэн үнээг маллах ажлыг хийсэн ба уг ажлуудын хөлсөнд сар бүр 300.000 төгрөг өгөхөөр тохиролцсон нь үнэн бөгөөд 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл ажилласан болно. Уг ажлыг хийхээр тохиролцсон хөлсийг сар бүр өгч байсан. Тус ажлын хөлснөөс гадна тусдаа хөлс өгөх тохиролцоо бидний хооронд байгаагүй бөгөөд нэг үхрийг 10.000 төгрөгөөр, нэг тугалыг 5000 төгрөгөөр маллуулах тохиролцоо хийж байгаагүй. Эхнэр Б нь хэзээ, хэрхэн яаж гараа хугалсан гэх асуудлыг мэдэхгүй бөгөөд гараа хугалсан гэх асуудлаар эмнэлгийн тусламж авах хүсэлтэй байгаа талаар надад хэлж байгаагүй болно. Иргэн В.Х болон түүний 2 охиныг авч ажиллуулж байсан боловч 2 охин нь бараа дутагдуулж цаашид 2 охиныг нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсныг мэдэгдэхэд бухимдан ажлаа хийхгүй гээд нүүгээд явахад нь бүх ажлын хөлсний тооцоог хийж дуусгасан бөгөөд би түүнд ажлын хөлсний ямар нэгэн тооцоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00824 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Х, Т.Б нарын 1.200.000 төгрөг гаргуулах тухай О.Б - д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Х давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч В.Х би гэр бүлийн хамтаар Н амралтын газрын сахиулаар ажиллахаар эзэн Б - ьтай амаар тохиролцон 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилласан. Уг амралт нь Бүрэнбүстэд байдаг бөгөөд 16 шовгор байшин, 5 гэртэй үйл ажиллагаа явуулдаг. Миний бие сахиулаар эхнэр Т.Б үйлчлэгчээр ажиллаж, амрахаар ирж байгаа хүмүүсийг аль болох тав тухтай байлгах гэж гэр бүлээрээ чармайн ажиллаж байсан.

Бид хоёрын ажлын хөлсийг 400.000 төгрөг гэж анхнаасаа тохирсон байсан боловч сард цалин өгөхдөө хэзээ ч бөөнд нь өгдөггүй байсан дандаа цувуулж өгдөг, бид ч мөнгөний хэрэг гарахаараа мөнгө байна уу гээд л 10, 20, 50.000 төгрөгөөр цувуулаад авдаг байсан. Зарим үед цувуулж авсан мөнгөө тооцохоор 400.000 төгрөг хүрээгүй болохоор нь Б - ь захиралд хэлэхээр за өгнөө гэж хэлдэг. Бид ч байнга нэхээд байдаггүй, ухамсараараа өгөх байх гээд л найддаг байсан. Ингээд ажиллаж байтал 2017 оны 6 дугар сараас эхлэн 7 үнээ 7 тугал авчирч давхар маллуулах болсон. Тэр үед та малаа маллуулах юм бол цалин хөлсөө нэмнэ биздээ гэхэд 1 үхрийг 10.000 төгрөг, бярууг 5.000 төгрөг шүү гэж өөрөө л хэлсэн. Бид үнээ тугалыг нь онд мэнд оруулж сайн малласан. Өөрийнх нь хэлсэнээр үнээ тугалын мөнгө гэж хэлэхэд өгнөө л гэж хэлдэг байсан. Ер нь хэн ч бодсон бүхэл бүтэн амралтын газрын сахиул, үйлчлэгч, малчин хийхэд 300.000 төгрөг аваад хийх хүн байхгүй шүү дээ. Б -  гуай биднийг дэндүү дорд үзэж, одоо нотлох баримт байхгүй гэдгээр бүхнийг үгүйгэж гэр бүлээр минь доромжилж байна. Б -  захирал өөрөө мөнгөтэй болохоороо өмгөөлөгч хөлслөн өөрөө шүүх хуралд оролцохгүй байгаа нь бидний царайг харахыг хүсэхгүй худлаа ярьсанаа нүүр өөд харж байгаад хэлж зүрхлэхгүй байна гэж үзэж байна.

Манай өмнө ажиллаж байсан Түмээ гэдэг хүн хааяа амралтан дээр очдог байсан. Тэр хүн 400.000 төгрөгөөр цалинжиж байсан гэж ярьж байсан, мөн тэр хүн чиний цалинг дутуу өгөөд байгаа бол хулхидана шүү гэж хэлж байсан боловч би тэр хүний үгэнд итгээгүй Б - д итгэж байсан нь алдаа боллоо. Б -  хааяа нэг түлээ мод буулгаж өгөх, төв рүү хүргэж өгөх зэрэг зардалаа тооцдог байсан байх гэж бодоод сүүлийн 12 сарын цалингийн дутуу 1.200.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Одоогийн зах зээлийн нийгэмд нэг амралт баазын сахиул, үйлчлэгч, малчин 3 хүний ажлын хөлс нийлээд 300.000 төгрөг байдаг гэж хэн ч үнэмшихгүй баймаар, гэтэл Б -  захирал бичгийн гэрээ хийгээгүй, амаар тохиролцсон байдлаа ашиглан нотлох баримтгүй гэж байгаад гомдолтой байна. Хөлсөөр ажиллах гэрээг амаар буюу бичгээр байгуулж болно, бид амаар тохироцсон, мөн өмнөх сахиулдаа мал маллуулаагүй байж 400.000 төгрөгөөр цалинжуулж байсан хөдөлмөрийн доод хэмжээ 1 хүнийх хэд болсон зэрэг байдлаас дүгнэж үзэхэд биднийг арай л дэндүү дорд үзэж байсан байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч В.Х, Т.Б нар нь хариуцагч О.Б - д холбогдуулан ажлын хөлс 1.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Х, Т.Б нарын 1 200 000 төгрөг гаргуулах тухай О.Б - д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

В.Х хариуцагч О.Б -  нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч О.Б - ын ажиллуулдаг Н амралтын газарт нэхэмжлэгч В.Х нь сахиулаар, эхнэр Т.Б нь үйлчлэгчээр 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд хөлсөөр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч В.Х ...О.Б -  надад сард 400 000 төгрөгийн цалин өгнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдлаа нотлож чадаагүй байна гэж үзэн нэхэмжлэгч В.Х, Т.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч В.Х давж заалдсан гомдолдоо ...сүүлийн 12 сарын цалингийн дутуу 1.200.000 төгрөгийг хариуцагч О.Б - аас гаргуулж өгнө үү гэж байгаа боловч тэрээр энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч В.Хгийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч В.Х нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00824 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч В.Хгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч В.Х давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР