Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1047

 

     2020          08            20                                         2020/ДШМ/1047

Г.Ст холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ст холбогдох эрүүгийн 2006000000631 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

..............., 19......оны ....... дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамжны 1354 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

 

Г.С нь 2020 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамжны 1354 тоот өөрийн гэртээ иргэн Б.Бямбацогттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, цээжний зүүн дээд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сын урьд цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарсүрэн нь гэм хорын хохиролтой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Г.Саас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 14 см, бариул 11.5 см, нийт урт 25.5 см хэмжээтэй хутга 1 ширхэг, саарал өнгийн эмний гадна хэсэг 1 ширхэг, ногоон өнгийн хөнжлөөс “2”, “3” гэсэн дугаартай хүрэн өнгийн бохирлогдсон 2 хэсэг дээж, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, босоо захтай, хар судалтай, цайвар хагас ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Г.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С гаргасан давж заалдах гомдолдоо: “Би хэргийн талаар мөрдөн байцаагч болон шүүхийн шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, байцаагч болон прокурорт тухайн үед болсон байдлаа үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд хэргийн талаар маргахгүй. Мөн хохирогчийн талаас нэхэмжилсэн оршуулгын зардал болох 6.280.000 төгрөгийг өөрийн дүү нараас гаргуулан өгсөн. Өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж хамт ажилладаг нөхрийнхөө алтан аминд хүрнэ чинээ төсөөлөөчгүй явж. Хүний алтан аминд хүрч, тэдний ар гэрийнхэнд нөхөж баршгүй гарз учруулсандаа үнэхээр харамсаад барахгүй сууна. Хорих байгууллага гэх энэ газарт хүн орж ирээд ихийг бодож, тунгаан суухдаа амьдралдаа алдаа гаргаж бусад хүмүүсийн сэтгэлийн зовлонгийн хүндийг мэдэрч нэгийг бодож суухдаа, өөршөөл, уучлалт гуйх учраа олохгүй байгаа ч миний бие 2012 онд улсын 3 дугаар эмнэлгийн зүрхний эмч Баасанжаваар ахлуулсан эмч нарын бүрэлдэхүүнтэй зүрхний хавхлага солих хагалгаанд орж, гуурс суулгуулсан бөгөөд одоогоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг. Зүрх байнга өвддөг тул өдөрт энап, атинол, панангин зэрэг эмийг тогтмол хэрэглэдэг. Дахин зүрхний хагалгаанд орох шаардлагатай ч миний нас өндөр /47 настай/ хагалгааг давах эсэхэд итгэлгүй, ар гэрийн боломж бололцоо байхгүй зэрэг шалтгаантай байна. Би хэдий гэм буруутай ч та бүхнээс миний амьд явах эрхийг минь харгалзан үзэж, хорих ялаас багахан ч болтугай хасаж, дэглэм зэрэглэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал байна. Шүүгдэгч Г.С нь гэмт хэргийн талаарх дуудлагыг анх биечлэн өгч, өөрийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлж, гэмшиж ирсэн. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн дуудлага мэдээллийг цагдаад өгсөн даруйд түүний мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн нөхцөл байдалд тулгуурлан яллагдагчаар даруй татсан. Урьд нь холбогдож байсан гэмт хэргүүдийн нөхцөл байдлыг харвал шүүгдэгч өөрийн гэм бурууг шууд хүлээдэг, анх өгсөн мэдүүлэгтээ тогтвортой байдаг нь тухайн хүний хувийн шударга байдлыг илтгэнэ. Г.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүн амины гэмт хэргийг анх удаагаа үйлдсэн ба өөрийгөө илчилж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Мөн хохирогч биеэ зүй бус авч явсан нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Хохирогчийн ар гэрт оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан, иргэний журмаар нэмж хохирол нэхэмжилсэн зүйлгүй байна. Өөрийн санамсаргүй, болчимгүй үйлдлээр хамт ажилладаг нөхрийнхөө алтан аминд хүрч, ар гэрийнхэнд нь нөхөж барашгүй гарз учруулсандаа харамсаад барашгүй суугаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн Г.С нь зүрхний хагалгаанд орж байсан, эмчийн хяналтанд байдаг тул эрүүл мэндийн байдлыг харгалзан дэглэм өөрчилж өгнө үү. Г.С нь 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зүрхний хавхлага солиулах хагалгаанд орж гурс, аппарат суулгуулсан бөгөөд одоогоор зүрхний хэм алдагддаг тул байнгын эмчийн хяналтанд байдаг. Арван жилийн дараа дахин хагалгаанд орж, аппаратыг солиулах шаардлагатай, нас өндөр болж ерөнхий биеийн эрүүл мэндийн байдал суларч байгаа тул чанга дэглэмтэй хаалттай хорих байгууллагад хоригдсоноор эрүүл мэндэд хохирол учирч болох нөхцөл байдалтай байгааг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих байгууллагын дэглэмийг өөрчилж, нээлттэй болгож өгнө үү. Мөн прокурорын яллах дүгнэлтийн 1 дүгээр зүйл яллагдагчийн биеийн байцаалтын хэсэгт Г.Сын өмнө нь холбогдож байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял гэж бичсэн нь хувийн байдлыг дордуулах нөхцөл болсон байх тул түүнийг залруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэгтэнг нийгэмшүүлэх зорилготой бөгөөд мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих дэглэмийг өөрчилж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчээс хохирол төлбөрийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд тохирсон, үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.С нь 2020 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамжны 1354 тоот өөрийн гэртээ иргэн Б.Бямбацогттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, цээжний зүүн дээд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн “...миний талийгаач дүү Б.Бямбацогт ажил хийж, эхийгээ тэжээдэг байсан. Энэ гэрийг ганц авч явдаг хүн хүнд алуулсан байна. Миний дүүгийн амь насыг юугаар ч нөхөж баршгүй. Би оршуулгын зардал 5.000.000 төгрөг, мөн нийгмийн даатгалын 1.000.000 төгрөг, мөн тэр хүн ажил хийж ээжийгээ тэжээж байсан бол гээд нийт байрны мөнгө 30.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би талийгаачтай хамт амьдардаг байсан. Талийгаач дүү маань Улаанбаатар хот руу явахаас өмнө зодуулж, хутгалуулсан асуудал байхгүй эв эрүүл, сав саруул явсан. ...” /1хх 36-37/,

гэрч С.Наранцэцэгийн “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 16:00-17:00 цагийн үед Г.Сын гэрт бид хоёрыг явж ороход талийгаач Б.Бямбацогт 5 литрийн усны саванд гэрт нь шээгээд тавьсан байсан. Тэгсэн Г.С уурлаад “чи гадаа гараад жорлонд шээчихгүй, гэрт шээгээд пийшингийн хажууд тавихдаа яахав дээ” гээд их уурлаад Б.Бямбацогтын нүүр рүү цохих шиг болсон. Тухайн үед Б.Бямбацогт гал тогооны хэсэгт пийшингийн үзүүрт сууж байсан юм. Тэгээд Б.Бямбацогтын хамарнаас цус гараад Г.С руу “чи яасан сүртэй пизда вэ, би өөрөө шээсээ гаргаад асгачихна шүү дээ” гэж орилоод босоод ирэхэд Г.С гал тогооны шүүгээнээс хутга аваад цээж рүү нь нэг удаа хутгалах шиг болоход Б.Бямбацогт газар унаад өгсөн. Г.С талийгаач Б.Бямбацогтын цамцнаас нь чирээд гудсан дээр хэвтүүлсэн ба Г.С ариун цэврийн цаас барьсан цусыг нь арчиж өгөөд “одоо унтаж амар” гэж байсан. Тэгээд Г.С талийгаач Б.Бямбацогт хоёр орой 20:00 цагийн үед санагдаж байна гэрээс нь хамт гараад дэлгүүр орж 0.5 литрийн “Хараа” архи авч, хувааж уусан ба орой Г.С Батмөнхийн гэрт орохоос өмнө орон дээр унтсан байсан. Намайг шөнө 00:00 цагийн үед сэрэхэд Г.С “Батмөнхийн эхнэр нэг шил архи авч өгснийг уучихаад ирлээ” гээд орж ирж байсан. Тэгээд л унтацгаасан ба маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 13-ны өглөө босоод би дүү Отгонцэцэг рүү утсаар яриад 10.000 төгрөг гуйж аваад тэр мөнгөөр нь 0.5 литрийн “Хараа” архи аваад уусан. Тэр үед Батмөнх орж ирээд танай гэрээс нэвширсэн үнэр ханхлаад байна гэхэд Г.С Б.Бямбацогтыг сэрээж юм асуух гэхэд нас барсан байсан. ...” /1хх 50-51/,

шинжээч Т.Энхбаатарын “...Талийгаач уг гэмтлийг авснаас хойш яаралтай, цаг алдалгүй эмнэлэгт хандаж, цээжний хөндийг нээж зүсэгдсэн судсыг оёх, залгах мэс засал хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Тухайн венийн судас нь зүрх рүү орох том судас бөгөөд талийгаач Б.Бямбацогтын венийн судас бүрэн тасраагүй, хатгагдаж зүсэгдсэн байсан. Зураг 13-аас харахад талийгаач Б.Бямбацогтын задлан шинжилгээний цээжний хөндийд 1500 мл орчим шингэн болон бүлэгнэсэн цустай байсан. Цус ингэж их бүлэгнэсэн байгаагаас харахад дээрх гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд байх боломжтой байна. Хувь хүний биеийн онцлог бүр өөр учраас яг цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. ...” /1хх 135-136/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 701 дугаартай “...Талийгаач Б.Бямбацогтын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн дээд хэсэгт өвчүүний зүүн 2 дугаар хавирганы бэхлэгдэх мөгөөрсөн хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, дээд хөндий венийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт /1500 мл/, духны зүүн дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун чамархайн хуйх, баруун чихний ар хэсгийн цус хуралт, хамар, эрүү, хүзүү, 2 гарын шуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн тавхай, шагай, баруун шилбэ, баруун шагай, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун чамархайн хуйх, баруун чихний ар хэсгийн цус хуралт, хамар, эрүү, хүзүү, 2 гарын шуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн тавхай, шагайн зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Духны зүүн дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун шилбэ, баруун шагай, зүүн мөрний зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь бүгд амьддаа үүсгэгдсэн байна. Цээжний хөндийд нэвтэрч дээд хөндий венийн судсыг гэмтээсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духны зүүн дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун чамархайн хуйх, баруун чихний ар хэсгийн цус хуралт, хамар, эрүү, хүзүү, 2 гарын шуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн тавхай, шагай, баруун шилбэ, баруун шагай, зүүн мөрний зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Б.Бямбацогт нь цээжний хөндийд нэвтэрч дээд хөндий венийн судсыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийд хий, цус хуралдаж зүрх, уушигны дарагдал, зүүн уушигны авчийлт болон цус хуралтын шоконд орж нас баржээ. ...” /1хх 59-62/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1463 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад ханзралт, зүсэгдэлт, гогдолт гарсан байна. Улаан оруулгатай, хар өнгийн цамцанд гарсан 410 мм, 580 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Саарал өнгийн цамцанд гарсан 17 мм хэмжээтэй гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Саарал цамцанд гарсан 14 мм, хагас ханцуйтай цамцанд гарсан 12 мм хэмжээтэй гэмтлүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Саарал цамцанд гарсан 15х5 мм хэмжээтэй, хагас ханцуйтай цамцны энгэрт 17х14 мм талбайд гарсан олон тооны гэмтлүүд хатуу мохоо зүйлийн гогдох, татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин гогдолтууд байна. ...” /1хх 111-113/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Г.Сыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Г.Сыг иргэн Б.Бямбацогттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, цээжний зүүн дээд хэсэгт хутгалж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Г.Сын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хохирол төлбөрийн 6.280.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын “...хорих дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, хорих ялын дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ