Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 997

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         05         28                                   2020/ШЦТ/997

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

            иргэдийн төлөөлөгч З.Дагиймаа,

             улсын яллагч Б.Уранцэцэг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М., түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг /ҮД:1298/,

            шүүгдэгч Г.С., түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.С.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 0631 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Б. овогт Г.ын С..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.С. нь 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамж, 1354 тоот гэртээ иргэн Б.Б.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, цээжний зүүн дээд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би урагшаа айлд орчихоод гэртээ ороод иртэл 5 литрийн усны саванд Б.Б. бие засчихсан байсан. Тэгэхээр нь би уурлаад “яагаад энд бие засч байгаа юм бэ?” гэсэн чинь урдаас уурлаад “за, юун сүртэй юм бэ, шоронд ч гэсэн шээлтүүр байдаг шүү дээ        ” гээд намайг барьж аваад мөргөх гэхээр нь би хамар луу нь цохисон. Тэгээд би “манай гэр ямар шорон юм уу? Яагаад шоронтой зүйрлээд байгаа юм бэ?” гээд уурлаад хоолны шүүгээн дээрээс хутга аваад чичсэн чинь орчихсон. Хохирогчийн ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би тухайн үед Түргэн дуудсан бол хохирогч амьд гарах боломжтой байсан. Тэрэндээ л маш их харамсч байна. Гэм буруу дээрээ маргахгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М. шүүхийн хэлэлцүүлэгт  гаргасан мэдүүлэгтээ: “Би талийгаачийн төрсөн эгч нь юм. Би өөрөө тэр үед хөдөө явчихсан байсан. Хөдөө явчихаад ирсэн чинь дүү маань байгаагүй. Манай ээж, миний 10 дугаар ангийн охин болон талийгаач гурав хамт байдаг байсан. Ээж нэлээн гундуу байхаар нь би “яасан бэ ээж ээ, та яагаад нүд ам чинь улаагаад, хэцүү байгаа юм бэ?” гэсэн чинь ээж “дүү чинь алга болоод 18-19 хонож байна” гэсэн. Тэгэхээр нь би Дарханы цагдаа руу ярьсан. Талийгаачид буруу зөрүү зан байхгүй, ял эдэлж байгаагүй, өөрөө улирлын чанартай ажил хийж, ээжийгээ тэжээдэг. Талийгаач ээжтэйгээ хамгийн сүүлд 11-ний өдөр ярьсан байсан. Би 03 дугаар сарын 27-ны өдөр хөдөөнөөс ирж дүүгээ хайгаад, 03 дугаар сарын 30-ны өдөр дүүгийнхээ талаар мэдсэн. Хүнд алуулчихсан байсан. Би 36.000.000 төгрөг нэхэмжилсэн. Дарханд ээж маань 3 жил байр хөлсөлж амьдарч байгаа. Ээжийн маань хөл хугархай, харааны бэрхшээлтэй. Шүүгдэгчийн талынхан холбоо сүлбээ байхгүй байж байгаад сая 8 хоногийн өмнө оршуулгын зардал 6.280.000 төгрөг надад өгсөн. Манай дүү улирлын чанартай ажил хийдэг байсан. Хохирогч хүүхэдгүй, гэр бүлгүй. Гомдолтой байна. Одоо үлдэх 30.000.0000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8/,

- Цогцогт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Маш их гомдолтой байна. Миний төрсөн эх Ц.Дүүдээгийн хоёр нүд хараагүй, хөлсний байранд амьдардаг ба миний талийгаач дүү Б.Б. ажил хийж, эхийгээ тэжээдэг байсан. Энэ гэрийг ганц авч явдаг хүн хүнд алуулсан байна. Миний дүүгийн амь насыг юугаар ч нөхөж баршгүй. Би оршуулгын зардал 5.000.000 төгрөг, мөн нийгмийн даатгалын 1.000.000 төгрөг, мөн тэр хүн ажил хийж ээжийгээ тэжээж байсан бол гээд нийт байрны мөнгө 30.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би талийгаачтай хамт амьдардаг байсан. Талийгаач дүү маань Улаанбаатар хот руу явахаас өмнө зодуулж, хутгалуулсан асуудал байхгүй. Эв эрүүл, сав саруул явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Гэрч Г.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 07 бил үү 08-ны өдөр ах барилгын ажил хийлээ гээд Буянт-Ухаа явлаа гээд өглөө гарсан. Цуг ажиллана гэсэн 2-3 залуучууд машинтай ирээд аваад явсан. Г.С. ах 03 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш үл таних 30 гаран насны залуутай хамт ирсэн. Ахын гэр лүү хөнжил, гудсаа оруулаад байсан. Би гэрт нь ороод “юун залуу вэ?” гэсэн чинь “хамт ажиллаж байсан залуу байгаа юм, Дархан явах гэсэн хөл хорио тогтоогоод манай гэрт ирсэн” гэж хэлсэн. Тэр өдөр эрүүл ирсэн, орой хоолны мах оруулж өгөхөд архи, дарс уугаагүй эрүүл байсан. Би өчигдөр буюу 03 дугаар сарын 12-ны өдөр ахтай хашаанд тааралдахад ах жаахан халамцуу байхаар  нь архи битгий уугаад бай гэж хэлсэн, орой нь 18:00 цагийн үед ах Г.С.ын байшинд боорцог оруулж өгөх гээд ороход хана пийшингийн хажууд нэг нь, орон дээр нэг нь унтаж байсан, яг хэн нь газраар, хэн нь орон дээр унтаж байсныг анзаарч хараагүй, гэрт нь ороход харанхуй, гэрэл унтраастай байсан ба боорцгийг гал тогооны ширээн дээр тавиад буцаад гарсан. Тэрнээс хойш ахиж гэрт нь ороогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

- Гэрч С.Наранцэцэгийн өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16:00-17:00 цагийн үед Г.С.ын гэрт бид хоёрыг явж ороход талийгаач Б.Б. 5 литрийн усны саванд гэрт нь шээгээд тавьсан байсан. Тэгсэн Г.С. уурлаад “чи гадаа гараад жорлонд шээчихгүй, гэрт шээгээд, пийшингийн хажууд тавихдаа яахав дээ” гээд их уурлаад Б.Б.ын нүүр лүү цохих шиг болсон. Тухайн үед Б.Б. гал тогооны хэсэгт пийшингийн үзүүрт сууж байсан юм. Тэгээд Б.Б.ын хамарнаас цус гараад Г.С. луу “чи яасан сүртэй пизда вэ, би өөрөө шээсээ гаргаад асгачихна шүү дээ” гэж орилоод босоод ирэхэд Г.С. гал тогооны шүүгээнээс хутга аваад цээж рүү нь нэг удаа хутгалах шиг болоход Б.Б. газар унаад өгсөн. Г.С. талийгаач Б.Б.ын цамцнаас нь чирээд гудсан дээр хэвтүүлсэн ба Г.С. 00-ын цаас барьсан цусыг нь арчиж өгөөд “одоо унтаж амар” гэж байсан. Тэгээд Г.С. талийгаач Б.Б. хоёр орой 20:00 цагийн үед санагдаж байна, гэрээс нь хамт гараад дэлгүүр орж, 0,5 литрийн “Хараа” архи авч, хувааж уусан ба орой Г.С. Батмөнхийн гэрт орохоос өмнө орон дээр унтсан байсан. Намайг шөнө 24:00 цагийн үед сэрэхэд Г.С. “Батмөнхийн эхнэр нэг шил архи авч өгснийг уучихаад ирлээ” гээд орж ирж байсан. Тэгээд л унтацгаасан ба маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өглөө босоод би дүү Отгонцэцэг рүү утсаар яриад 10.000 төгрөг гуйж аваад тэр мөнгөөр нь 0,5 литрийн “Хараа” архи аваад уусан. Тэр үед Батмөнх орж ирээд танай гэрээс нэвширсэн үнэр ханхлаад байна гэхэд Г.С. Б.Б.ыг сэрээж, юм асуух гэхэд нас барсан байсан. Талийгаач Б.Б. гадаа биш гэрт нь 5 литрийн усны саванд шээгээд тавьсан байсныг Г.С. хараад их уурлаад, хэрүүл маргаан болсон. Г.С. гэрт шээлээ гэж уурлаад Б.Б.ын хамар луу цохиод гаргасан, тэгээд гал тогооны шүүгээнээс хутга аваад нэг удаа цээж рүү нь хутгалсан. Г.С. гэрийнхээ шалыг угааж цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 701 тоот:

1. Талийгаач Б.Б.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн дээд хэсэгт өвчүүний зүүн 2 дугаар хавирганы бэхлэгдэх мөгөөрсөн хэсгээр цээжний хөндийд нэвтэрч дээд хөндий венийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт /1500 мл/, духны зүүн дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун чамархайн хуйх, баруун чихний ар хэсгийн цус хуралт, хамар, эрүү, хүзүү, 2 гарын шуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн тавхай, шагай, баруун шилбэ, баруун шагай, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун чамархайн хуйх, баруун чихний ар хэсгийн цус хуралт, хамар, эрүү, хүзүү, 2 гарын шуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн тавхай, шагайн зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Духны зүүн дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун шилбэ, баруун шагай, зүүн мөрний зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь бүгд амьддаа үүсгэгдсэн байна.

3. Цээжний хөндийд  нэвтэрч дээд хөндий венийн судсыг гэмтээсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духны зүүн дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун чамархайн хуйх, баруун чихний ар хэсгийн цус хуралт, хамар, эрүү, хүзүү, 2 гарын шуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн тавхай, шагай, баруун шилбэ, баруун шагай, зүүн мөрний зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач Б.Б. нь цээжний хөндийд нэвтэрч дээд хөндий венийн судсыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийд хий, цус хуралдаж зүрх, уушигны дарагдал, зүүн уушигны авчийлт болон цус хуралтын шоконд орж нас баржээ.

5. АВО системээр А 2 дугаар бүлгийн цустай байна.

6. Химийн шинжилгээгээр цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй, шээсэнд 1,3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 59-62/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1768 тоот:

“Г.С.ын гэх баруун, зүүн гарын хумсанд цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 76/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1683 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн Г.С.ын гэх цус нь АВО системээр А2-р бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 86-87/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1464 тоот:

“1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр ханзралт, хөх саарал болон хар өнгийн оймсонд эдэлгээний явцад гарсан цооролт байна. Ногоон өнгийн цамцанд гарсан ханзралтуудын зах, ирмэг бохирлогдож, өнгөө алдсан байгаа нь эдэлгээний явцад гарсан хуучин ханзралт байна. Хаана ямар хэмжээтэй байрлаж байгааг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 98/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1463 тоот:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад ханзралт, зүсэгдэлт, гогдолт гарсан байна.

2. Улаан оруулгатай, хар өнгийн цамцанд гарсан 410 мм, 580 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Саарал өнгийн цамцанд гарсан 17 мм хэмжээтэй гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Саарал цамцанд гарсан 14 мм, хагас ханцуйтай цамцанд гарсан 12 мм хэмжээтэй гэмтлүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Саарал цамцанд гарсан 15х5 мм хэмжээтэй, хагас ханцуйтай цамцны энгэрт 17х14 мм талбайд гарсан олон тооны гэмтлүүд хатуу мохоо зүйлийн гогдох татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин гогдолтууд байна. Бусад хувцас гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 111-113/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1437 тоот:

“1. Шинжилгээнд ирүүлсэн БЗД-ийн 23-р хороо, 3-р хэсэг, Сургуулийн 1354 тоотод Булганы Б. 44 н/эр хүн нас барсан гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх заазуур-1 ширхэг, 2 ширхэг хутга дээрээс гарын мөр илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 123/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 358 тоот:

“1. Г.С. нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна.

Г.С. нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Г.С. нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна.

Г.С. нь мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 131-132/,

            - Шинжээч эмч Т.Энхбаатарын өгсөн: “Талийгаач уг гэмтлийг авснаас хойш яаралтай, цаг алдалгүй эмнэлэгт хандаж, цээжний хөндийг нээж зүсэгдсэн судсыг оёх, залгах мэс засал хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Тухайн венийн судас нь зүрх рүү орох том судас бөгөөд талийгаач Б.Б.ын венийн судас бүрэн тасраагүй, хатгагдаж зүсэгдсэн байсан. Зураг 13-аас харахад талийгаач Б.Б.ын задлан шинжилгээний цээжний хөндийд 1500 мл орчим шингэн болон бүлэгнэсэн цустай байсан. Цус ингэж их бүлэгнэсэн байгаагаас харахад дээрх гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд байх боломжтой байна. Хувь хүний биеийн онцлог бүр өөр учраас яг цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136/,

             - Г.С.ын яллагдагчаар өгсөн: “Ухаантай байсан. Өглөө 09:00 цаг өнгөрч байхад талийгаач сэрээд зүрх дэлсээд байна гэж хэлж байсан. Тэгээд би зүрхний эм өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 140/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1766 тоот:

            “2. Шинжилгэнд ирүүлсэн дээрх хувцаснуудад цус, биологийн бусад ул мөр илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 204/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1690 тоот:

            “1. “5” гэж дугаарласан шаргал өнгийн толботой марль, “4” гэж дугаарласан шаргал өнгийн толботой марль, “3” дугаартай улаан хүрэн өнгийн шингэн зүйлд хийсэн марльд цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй.

            2. “5” гэж дугаарласан шаргал өнгийн толботой марль, “4” гэж дугаарласан шаргал өнгийн толботой марль, “3” дугаартай улаан хүрэн өнгийн шингэн зүйлд хийсэн марльд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 210/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Г.С. нь 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хэсэг, Сургуулийн 1354 тоот өөрийн гэртээ иргэн Б.Б.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, цээжний зүүн дээд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Шүүгдэгч Г.С.ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би урагшаа айлд орчихоод гэртээ ороод иртэл 5 литрийн усны саванд Б.Б. бие засчихсан байсан. Тэгэхээр нь би уурлаад “яагаад энд бие засч байгаа юм бэ?” гэсэн чинь урдаас уурлаад “за, юун сүртэй юм бэ, шоронд ч гэсэн шээлтүүр байдаг шүү дээ” гээд намайг барьж аваад мөргөх гэхээр нь би хамар луу нь цохисон. Тэгээд би “манай гэр ямар шорон юм уу? Яагаад шоронтой зүйрлээд байгаа юм бэ?” гээд уурлаад хоолны шүүгээн дээрээс хутга аваад чичсэн чинь орчихсон. Би тухайн үед Түргэн дуудсан бол хохирогч амьд гарах боломжтой байсан. Тэрэндээ л маш их харамсч байна. Гэм буруу дээрээ маргахгүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16:00-17:00 цагийн үед Г.С.ын гэрт бид хоёрыг явж ороход талийгаач Б.Б. 5 литрийн усны саванд гэрт нь шээгээд тавьсан байсан. Тэгсэн Г.С. уурлаад “чи гадаа гараад жорлонд шээчихгүй, гэрт шээгээд, пийшингийн хажууд тавихдаа яахав дээ” гээд их уурлаад Б.Б.ын нүүр лүү цохих шиг болсон. Тухайн үед Б.Б. гал тогооны хэсэгт пийшингийн үзүүрт сууж байсан юм. Тэгээд Б.Б.ын хамарнаас цус гараад Г.С. луу “чи яасан сүртэй пизда вэ, би өөрөө шээсээ гаргаад асгачихна шүү дээ” гэж орилоод босоод ирэхэд Г.С. гал тогооны шүүгээнээс хутга аваад цээж рүү нь нэг удаа хутгалах шиг болоход Б.Б. газар унаад өгсөн. Г.С. талийгаач Б.Б.ын цамцнаас нь чирээд гудсан дээр хэвтүүлсэн ба Г.С. 00-ын цаас барьсан цусыг нь арчиж өгөөд “одоо унтаж амар” гэж байсан. Тэгээд Г.С. талийгаач Б.Б. хоёр орой 20:00 цагийн үед санагдаж байна, гэрээс нь хамт гараад дэлгүүр орж, 0,5 литрийн “Хараа” архи авч, хувааж уусан ба орой Г.С. Батмөнхийн гэрт орохоос өмнө орон дээр унтсан байсан. Намайг шөнө 24:00 цагийн үед сэрэхэд Г.С. “Батмөнхийн эхнэр нэг шил архи авч өгснийг уучихаад ирлээ” гээд орж ирж байсан.” гэх мэдүүлэг,

- Шинжээч эмч Т.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Талийгаач уг гэмтлийг авснаас хойш яаралтай, цаг алдалгүй эмнэлэгт хандаж, цээжний хөндийг нээж зүсэгдсэн судсыг оёх, залгах мэс засал хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Тухайн венийн судас нь зүрх рүү орох том судас бөгөөд талийгаач Б.Б.ын венийн судас бүрэн тасраагүй, хатгагдаж зүсэгдсэн байсан. Зураг 13-аас харахад талийгаач Б.Б.ын задлан шинжилгээний цээжний хөндийд 1500 мл орчим шингэн болон бүлэгнэсэн цустай байсан. Цус ингэж их бүлэгнэсэн байгаагаас харахад дээрх гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд байх боломжтой байна. Хувь хүний биеийн онцлог бүр өөр учраас яг цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 135-135/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 701 тоот дүгнэлт /хх-ийн 59-62/, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1463 тоот дүгнэлт /хх-ийн 111-113/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.С.ыг прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.С.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохиролд 36.000.000 төгрөг  нэхэмжилж, баримтаар оршуулгын зардлын 5.475.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг гарган өгсөн, шүүгдэгчээс гэм хорын хохиролд 6.280.000 төгрөгийг төлсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Г.С.аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Г.С.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.С.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С.ын урьд цагдан хоригдсон нийт 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 14 см, бариул 11,5 см, нийт урт 25,5 см хэмжээтэй хутга 1 ширхэг, саарал өнгийн эмний гадна хэсэг 1 ширхэг, ногоон өнгийн хөнжлөөс “2”, “3” гэсэн дугаартай хүрэн өнгийн бохирлогдсон 2 хэсэг дээж,  саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, босоо захтай, хар судалтай, цайвар хагас ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, С., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Г.ын С.ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С.т 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С.т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С.ын урьд цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М. нь гэм хорын хохиролтой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Г.С.аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 14 см, бариул 11,5 см, нийт урт 25,5 см хэмжээтэй хутга 1 ширхэг, саарал өнгийн эмний гадна хэсэг 1 ширхэг, ногоон өнгийн хөнжлөөс “2”, “3” гэсэн дугаартай хүрэн өнгийн бохирлогдсон 2 хэсэг дээж, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, босоо захтай, хар судалтай, цайвар хагас ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, С., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,                                                                                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ

                       

                                            ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА                                           

                                            ШҮҮГЧ                                  Г.ХАТАНЦЭЦЭГ