Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 444

 

Р.Э, Б.М нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0459 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0628 дугаар магадлалтай, Р.Э, Б.М нарын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн  нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0459 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Э, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын /хуучин нэрээр/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э, Б.М нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжил, мэргэшлийн дагуу, ажлын байр /албан тушаал/-аар хангахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Э-д ажилгүй байсан хугацааны олговор болох 14,567,668 /арван дөрвөн сая таван зуун жаран долоон мянга зургаан зуун жаран найман/, Б.М-д 12,817,768/ арван хоёр сая найман зуун арван долоон мянга долоон зуун жаран найман/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0628 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 18.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Э-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын /хуучин нэрээр/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжил, мэргэшлийн дагуу, ажлын байр /албан тушаал/-аар хангахыг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эрх залгамжлагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэгч Б.М-ийн “Б.М-ийг ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангахыг даалгуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “Б.М-д 12,817,768 /арван хоёр сая найман зуун арван долоон мянга долоон зуун жаран найман/ гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож туршилтын хугацаанд болон туршилтын хугацаа дууссанаас хойш ажилласан тухай: Нэхэмжлэгч Б.М Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын Судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр туршилтын 3 сарын хугацаатай томилогдсон бөгөөд туршилтын хугацаа дууссанаас хойш тус албан тушаалд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаартай тушаалаар шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яаманд шилжүүлэх хүртэл үргэлжлүүлэн ажилласан. Б/23 дугаартай тушаалд заасан 3 cap өнгөрснөөс хойш төрийн жинхэнэ албан тушаалд ажилласныг туршилтын хугацаанд тооцох үндэслэлгүй тул Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 7, 8-д заасны дагуу тухайн албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарснаас бусад тохиолдолд иргэн Б.М-ийн ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 7.8-д заасны дагуу тухайн албан тушаалаас чөлөөлснийг эсвэл тус журмын 5-д заасны дагуу туршилтын хугацааг сунгасан шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч маргах субьектив эрх үүсэх ёстой тул тэдгээр тохиолдолд захиргааны акт зайлшгүй гарах бөгөөд захиргааны акт гараагүй бол эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар төрийн жинхэнэ албан тушаалд жинхэлэн томилж, ажиллуулах тухай ТАтХ-д хуульчлаагүйгээс гадна тус хуульд нийцүүлэн гарсан хэм хэмжээ тогтоосон актад зохицуулаагүй тул иргэн Б.М-ийг төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласанд тооцох үндэслэлтэй.

Хоёр. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх эдэлж, үүрэг хүлээж, хариуцлага болон баталгаа, нэмэгдэл баталгаагаар хангагдсан тухай: Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б/23 тушаалаар туршилтын 3 сар ажиллах хугацаанд туршилтын хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон бөгөөд Б/23 тушаалд заасан хугацаа дууссанаас хойш ТАтХ-ийн 27.1.1 болон тус хуулийн 28.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн цалинг олгосон.  Б.М төрийн албан тушаалыг эрхлэх явцад ТАтХ-ийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд түүнд ТАтХ-ийн 26 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрх Хөдөлмөрийн яаманд байснаас үзвэл Б.М төрийн жинхэнэ албан тушаалыг эрхэлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн яам нь ЖДҮтХ-ийн 11 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд тус яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын  Судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалыг эрхлэх хугацаанд Б.М нь ЖДҮтХ-ийн 11.1.7-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой чиг үүргээр шийдвэр гаргаж байсан нь төрийн жинхэнэ албан тушаалыг эрхэлж байсныг илэрхийлнэ.

Гурав. Давж заалдах шатны шүүхээс хууль буруу хэрэглэсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуульд заасан журам зөрчсөн тухай: Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг өмнө хангасны үндсэн дээр тус албан тушаалд Б.М ажиллаж байсан бөгөөд тэрбээр тус чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалд шинээр ажилд ороогүй тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шилжүүлэн авсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлын чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын шаардлагыг өөрчилж, шинээр тогтоосон шаардлагыг Б.М-өөс шаардаж буй нь хууль бус юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлын чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шинээр бий болгоогүй тул ажлын байрны тодорхойлолтод заасан шинэ шаардлага Б.М-д хамаарахгүй учраас тухайн яамны албан тушаалын шаардлага “бизнесийн удирдлага, бараа судлал, менежмент, эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч, инженер” зэрэг мэргэжилтэй байхыг шаардаж байхад ... хариуцагчаас Б.М-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын байрны шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл захиргааны хууль бус үйл ажиллагаанаас үүссэн үр дагаврыг арилгасны үндсэн дээр дахин шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэж, нэхэмжлэгч Б.М “нийгмийн ажилтан” мэргэжилтэй бөгөөд, томилуулахаар даалгаж албан тушаалыг эрхлэх мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангахгүй байхад мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байраар хангахыг хариуцагчид даалгасан нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн ажиллана, нийгмийн ажилтны мэргэжил эзэмшсэн хүн ажиллаж болохгүй гэсэн хуульд заасан шаардлага байхгүй бөгөөд Б.М нь тухайн чиг үүргийг эрхлэн гүйцэтгэхэд шаардлагатай судалгааны арга зүйн мэдлэг олгосон мэргэжил эзэмшсэн тул өмнө нь Хөдөлмөрийн яаманд зохих албан тушаалыг хашиж байсан. Эндээс үзвэл ажлын байраар хангаагүй эсвэл хуульд заасан үндэслэл, журмаар төрийн албанаас халаагүй тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй бөгөөд тухайн эс үйлдэхүй хууль бус тул түүний улмаас үүссэн үр дагаварыг арилгасны үндсэн дээр дахин шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, нэхэмжлэгч Б.М-ийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байраар хангахыг хариуцагчид даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Шилжүүлэх тухай” Б/62 дугаар  тушаалаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын төрийн албан хаагчдыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамны мэдэлд Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Э, Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.М нарын хамт 14 албан хаагчийг шилжүүлжээ.

Аж үйлдвэрийн яам “орон тоо цомхотгогдсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг ажлын байраар хангахаас татгалзаж, тэтгэмж олгожээ.

Үүнийг нэхэмжлэгч Р.Э, Б.М нар үл зөвшөөрч, тэднийг ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р.Э-ыг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар, Б.М-ийг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйдвэрийн хөгжлийн газрын Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар тус тус хангахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М, Р.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчдод мэдэгдээгүй байсан баримт илэрсэн” гэсэн үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, ердийн журмаар дахин шийдвэрлэхээр болсон байна.

Дахин хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0459 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Р.Э, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын /хуучин нэрээр/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э, Б.М нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжил, мэргэшлийн дагуу, ажлын байр /албан тушаал/-аар хангахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, Р.Э-д ажилгүй байсан хугацааны олговор болох 14,567,668 /арван дөрвөн сая таван зуун жаран долоон мянга зургаан зуун жаран найман/, Б.М-д 12,817,768 /арван хоёр сая найман зуун арван долоон мянга долоон зуун жаран найман/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Р.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж заасан байна. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Б.М нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б/23 дугаар тушаалаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газарт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хэлтсийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 3 сарын туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан болох нь баримтаар нотлогдож байх тул түүнийг төрийн гүйцэтгэх албан тушаалыг байнга эрхэлж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.М-ийн “нийгмийн ажилтан” мэргэжил нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан тушаалуудад тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангахгүй байхад ажлын байраар хангахыг хариуцагчид даалгасан нь буруу гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2014 оны 06 дугаар сараас эхлэн шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яаманд шилжүүлэх хүртэл ажилласан тул төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан гэж тооцох үндэслэлтэй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0628 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН