Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2018/00122

 

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2018/00122

 

 

П.А-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.М т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00838 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.М т холбогдох,

Ажлын хөлс 750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.М ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А-, хариуцагч С.М , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч П.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.М  нь 2017 оны 11 дүгээр сард манай хүүгийнд засвар хийж өгөөч мөнгийг нь хүүхдүүд өгнө гээд гуйхаар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1-40 тоотод 2 өрөө байранд заслын ажил хийж өгсөн. Үүнд замаск /хана тааз/ зүлгүүр, эмүльс, обой наасан. Үүнийг төлбөр болох 800 000 төгрөгнөөс 50 000 төгрөг төлсөн. Үлдэх 750 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул С.М ээс 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...энэ ажлыг хийж өгөөч гэж С.М  надтай анх ярилцаж тохиролцсон.Тиймээс би С.М ээс нэхэмжилж байгаа.С.М  надтай хамт засварын ажлыг хийсэн.Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөг болгож бууруулж байна гэжээ.

Хариуцагч С.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 11 сард хүү Э ын байрыг засахдаа А-г найзын журмаар гуйж найз нь хүүгийнхээ байрыг засах гэж байгаа, чи завтай бол туслаад өгөөч, би яг ханшаар нь мөнгийг нь өгөх боломжгүй байна, гэхдээ хүүхдүүд маань чамд зүгээр байхгүй гарыг чинь цайлгана гэхэд П.А- зөвшөөрөөд засвар хийлцсэн. Би өөрөө барилгын засал чимэглэлчин хүн учраас өөрөө адилхан хамт хийлцээд арай дуусаагүй байхад П.А- гэр лүүгээ яараад байгаа юм шиг санаа нь зовоод байхаар нь хүү Э  маань 100 000 төгрөг өгөөд баярлалаа гээд гаргасан. Хийсэн ажлыг нь үнэлбэл 300 000 төгрөг болох учир тухайн үед тохиролцоогүй болохоор би энэ мөнгийг өгч чадахгүй. Учир нь энэ хүн намайг 3 сараас хойш маш ихээр хохироож байгаа. 2018 оны 03 сарын 08-нд П.А-, түүний найз болох н.Э нарт ямар ч шалтгаангүй зодуулж тархины доргилт, нүүрэндээ 21 тооны хумсны сорви шалбархай хүзүүнд зулгаралт мөн зөөлөн эдэд 17 тооны цус хуралт зэрэг гэмтэл авч маш их хохирсон. Үүнийг шүүх эмнэлгийн шинжээчээр нотолсон. Анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлүүлсэн. Нүүрэнд учирсан гэм хорын хохирлын мөнгө болох сорвины эмчилгээний зардал 1 665 000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй давж заалдаж удаашруулж цаг хугацаа өнгөрөөн удаашруулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулж байгаа. Миний хохирлын мөнгийг П.А- түүний найз н.Э нар одоог хүртэл өгөхгүй хохироож байгаа. Тэгээд ч зогсохгүй П.А- намайг хэл амаар гутаан доромжилж чи нөхөртөө зодуулаад нүүрэндээ сорвитой байсан гэсэн үрчгэр арьсаа татуулах мөнгө авах гэж их яарч байна уу давж заалдаад дийлэхгүй ч гэсэн дахиад заргалдана яахааараа 21 сорви байдаг юм гэж гүтгэж , чи явдаг газраараа явж юм олж долоо гэж басамжилсан. Сүүлдээ бүр хүний амьдрал руу орж хүү рүү маань дайрч чи энэ эхдээ нөхөр олж өг, чиний нүүрийг надаас өмнө хүмүүс зөндөө маажсан байсан гэж гудамжинд хашгирч хэрүүл өдөж дайрч доромжилсон . Энэ тэнд явахдаа найз нөхөдтэйгээ уулзахдаа хүртэл намайг муулж, доромжилдгийг би сонссон. Би бие сэтгэлээрээ маш их хохирч байгаа учир энэ хүнд яаралтай арга хэмжээ авч өгнө үү. Цаашдаа энэ хүн яаж ч хэлж ямар ч хохирол учруулахыг би мэдэхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00838 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч С.М ээс 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 8 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.М  давж заалдсан гомдолдоо:

Би нэхэмжлэгч П.А-д өгөх 250.000 төгрөгийг өгч чадахгүй. Учир нь 6-1-40 тоот байрны засварын ажлыг эхлүүлэх үед танилын хүрээнд туслаад хийлцээд өгөөч гэсэн болохоос анхнаасаа үнэ мөнгөөр тохиролцоогүй, П.А- өөрөө зөвшөөрөөд талыг нь хийлцээд явахад миний хүү Г.Э  100.000 төгрөг өгч гарыг нь цайлгасан. Үүний дараа П.А- үлдэгдэл мөнгөө авъя гэж нэг ч шаардаагүй, анхнаасаа засварын мөнгө хэд гэж тохирсон зүйл байхгүй, ямар нэг баримт үйлдээгүй. Удалгүй П.А- гэх хүн миний нүүр ам гоо сайханд минь гэмтэл учруулж шүүхээр шийдвэрлүүлсэн хохирлын 832.000 төгрөгийг одоо хүртэл бүрэн төлөөгүй маш их чирэгдэл учруулж байх тул би харин ч гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.А- ажлын хөлс-750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж тэрээр шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 500.000 төгрөг болгон бууруулсан ба хариуцагч засварын ажил хийлгэхдээ ажлын хөлс өгөхөөр тохиролцоогүй гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч П.А- нь хариуцагчийн хүсэлтээр 2 өрөө байрны тааз, хананд замаск татаж, эмүльс хийж, обой наах зэрэг засварын ажил хийсэн болохыг хариуцагч С.М  үгүйсгээгүй байна.

Хэдийгээр зохигчид засварын ажлын хөлсийг харилцан тохиролцоогүй боловч шүүх нотлох чиг үүргийг талуудад адил тэнцүү байдлаар хариуцуулж хариуцагч С.М ээс ажлын хөлс-250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасны дагуу хариуцагч С.М  нь гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч Э ыг оролцуулах боломжгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагч С.М ийн гаргасан ...П.А- гэх хүн миний нүүр ам гоо сайханд минь гэмтэл учруулж шүүхээр шийдвэрлүүлсэн хохирлын 832.000 төгрөгийг одоо хүртэл бүрэн төлөөгүй маш их чирэгдэл учруулж байх тул би харин ч гомдолтой байна... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.М ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.М ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ