Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/00838

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/00838

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох ажлын хөлс 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2017 оны 11 дүгээр сард манай хүүгийнд засвар хийж өгөөч мөнгийг нь хүүхдүүд өгнө гээд гуйхаар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1-40 тоотод 2 өрөө байранд заслын ажил хийж өгсөн. Үүнд замаск /хана тааз/ зүлгүүр, эмүльс, обой наасан. Үүнийг төлбөр болох 800 000 төгрөгнөөс 50 000 төгрөг төлсөн. Үлдэх 750 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул ээс 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...энэ ажлыг хийж өгөөч гэж надтай анх ярилцаж тохиролцсон.Тиймээс би ээс нэхэмжилж байгаа. надтай хамт засварын ажлыг хийсэн.Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөг болгож бууруулж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 оны 11 сард хүү Эрдэнэбатын байрыг засахдаа Амгаланг найзын журмаар гуйж найз нь хүүгийнхээ байрыг засах гэж байгаа, чи завтай бол туслаад өгөөч, би яг ханшаар нь мөнгийг нь өгөх боломжгүй байна, гэхдээ хүүхдүүд маань чамд зүгээр байхгүй гарыг чинь цайлгана гэхэд зөвшөөрөөд засвар хийлцсэн. Би өөрөө барилгын засал чимэглэлчин хүн учраас өөрөө адилхан хамт хийлцээд арай дуусаагүй байхад гэр лүүгээ яараад байгаа юм шиг санаа нь зовоод байхаар нь хүү Эрдэнэбат маань 100 000 төгрөг өгөөд баярлалаа гээд гаргасан. Хийсэн ажлыг нь үнэлбэл 300 000 төгрөг болох учир тухайн үед тохиролцоогүй болохоор би энэ мөнгийг өгч чадахгүй. Учир нь энэ хүн намайг 3 сараас хойш маш ихээр хохироож байгаа. 2018 оны 03 сарын 08-нд , түүний найз болох н.Эрдэнэцэцэг нарт ямар ч шалтгаангүй зодуулж тархины доргилт, нүүрэндээ 21 тооны хумсны сорви шалбархай хүзүүнд зулгаралт мөн зөөлөн эдэд 17 тооны цус хуралт зэрэг гэмтэл авч маш их хохирсон. Үүнийг шүүх эмнэлгийн шинжээчээр нотолсон. Анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлүүлсэн. Нүүрэнд учирсан гэм хорын хохирлын мөнгө болох сорвины эмчилгээний зардал 1 665 000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй давж заалдаж удаашруулж цаг хугацаа өнгөрөөн удаашруулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулж байгаа. Миний хохирлын мөнгийг түүний найз н.Эрдэнэцэцэг нар одоог хүртэл өгөхгүй хохироож байгаа. Тэгээд ч зогсохгүй намайг хэл амаар гутаан доромжилж чи нөхөртөө зодуулаад нүүрэндээ сорвитой байсан гэсэн үрчгэр арьсаа татуулах мөнгө авах гэж их яарч байна уу давж заалдаад дийлэхгүй ч гэсэн дахиад заргалдана яахааараа 21 сорви байдаг юм гэж гүтгэж , чи явдаг газраараа явж юм олж долоо гэж басамжилсан. Сүүлдээ бүр хүний амьдрал руу орж хүү рүү маань дайрч чи энэ эхдээ нөхөр олж өг, чиний нүүрийг надаас өмнө хүмүүс зөндөө маажсан байсан гэж гудамжинд хашгирч хэрүүл өдөж дайрч доромжилсон . Энэ тэнд явахдаа найз нөхөдтэйгээ уулзахдаа хүртэл намайг муулж, доромжилдгийг би сонссон. Би бие сэтгэлээрээ маш их хохирч байгаа учир энэ хүнд яаралтай арга хэмжээ авч өгнө үү. Цаашдаа энэ хүн яаж ч хэлж ямар ч хохирол учруулахыг би мэдэхгүй гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...намайг гуйсны дагуу миний хүүгийн байранд засвар хийсэн нь үнэн.Гэхдээ ганцаараа хийгээгүй.Би хамт хийсэн.Ер нь бол 2 өрөө байрны засварыг 400 000 төгрөгөөр хийдэг.Анх 800 000 төгрөг ажлын хөлсөнд өгнө гэж бид 2 тохиролцоогүй гэсэн тайлбар гаргасан.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан ажлын хөлс 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 500 000 төгрөг гэж тодорхойлсон болно.

2017 оны 11 дүгээр сард ийн гуйлтын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 1 дүгээр байр 40 тоот 2 өрөө орон сууцанд тааз тэгшилж, замаск, эмульс татаж, 2 өрөөний обой наах зэргээр засварын ажил хийсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

засварын ажил гүйцэтгэх, түүнд хөлс төлөхөөр тохиролцсон шинжээс нь зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2017 оны 11 дүгээр сард хүүгийнх нь орон сууцанд засварын ажил хийсэн болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Нэхэмжлэгч ... надад ажлын хөлсөнд 800 000 төгрөг өгнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр дээрхи тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Зохигч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Гэвч хариуцагч нэхэмжлэгчийг засварын ажил хийгээгүй гэж маргаагүй бөгөөд шүүхэд ...хийсэн ажлыг нь үнэлбэл 300 000 төгрөг болно, тухайн үед тохиролцоогүй болохоор би энэ мөнгийг өгч чадахгүй, шүүх хуралдаанд ...ер нь бол 2 өрөө байрны засварыг 400 000 төгрөгөөр хийдэг гэсэн тайлбарыг гаргасан.

Зохигчид хэн нь аль нь ажлын хөлс хэдэн төгрөгөөр тохиролцсон болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.Гэвч энэ нь нэгэнт гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 500 000 төгрөг болгосон, хариуцагч нэхэмжлэгчийг засварын ажил хийсэн болохыг, мөн засварын ажлын хөлсийг 300 000-400 000 төгрөг байдаг болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа, засварын ажлыг хариуцагч нэхэмжлэгчтэй хамт хийсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 500 000 төгрөгийн тал хувь буюу 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч ээс 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 8 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА