Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2018/00123

 

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2018/00123

 

 

Т.Ц-гийн нэхэмжлэлтэй хариуцагч

Д  ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/00830 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д  ХХК-д холбогдох,

Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Т.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О , хариуцагч Д  ХХК-ийн захирал Х.Ж , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Ц- би 2002 онд Д ХХК-ийг өөрийн нэр дээр байгуулж байсан. Гэтэл Ц.Э , Х.Ж  нар компанийг маань Д нэртэй нь хамт зээлдэж авсан. Тэгээд барилгын ажил эхэлж Д худалдааны төв баригдсан түүхтэй. Ингээд би анхны захирлаар томилогдож ажилласан. 1993 онд би өөрийн хөрөнгөөр Согоот баг **1 тоот, **2 тоот, **4 тоот байруудыг тус бүр нь 550.000 төгрөгрөөр худалдан авч Эрдэнэт хотод анх удаа байрны нэг давхарт үйлдвэр, үйлчилгээ явуулж "Залуус" үсчин, цайны газар, ломбард ажиллуулж нилээдгүй ашиг орлоготой ажиллаж байсан. "Д " гэдэг нэрийг худалдааны төвд би өөрөө өгч байсан болохоор "Д " нэрийг миний бие эзэмших бүрэн эрхтэй, анхны үүсгэн байгуулагч гэж өөрийгөө үзэж байна. Д худалдааны төвийн барилга баригдаж байх үед Д ХХК-н захирал ТУЗ-ийн гишүүн Х.Ж  Хаан банкнаас зээл авч Д гийн хажууд байрлах хүнсний повилоныг газартай нь худалдаж авсан. 30.000.000 төгрөгний эргэн төлөлтийг хамтран төлж байсан.

Гэвч уг повилон Д ХХК-ний нэр дээр байдаг. Тухай бүр нь Д ХХК-ийн хөрөнгө оруулагч ТУЗ-ийн гишүүн Ц.Э од танилцуулж байсан. Ц.Э  та нар худалдааны төвийн урд талын суурин дээр 5 давхар барилга өөрсдийн хөрөнгөөр барьж ав гэж хэлж байсан. Бид 3 хамт байсан. Би дахин хөрөнгө гаргаж энэ суурь дээр барилга барихгүй гэж байсан. 15 жил өнгөрсөн боловч Х.Ж  мөнгө хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар барилга бариагүй намайг хохироосоор би хүлээсээр байдаг. Д худалдааны төвийн барилга барихад тодорхой хөрөнгө хувь нэмрээ шууд оруулсан. Барилга баригдах үед хөрөнгө оруулалт үе үе тасалдах, барилгын ажилчдын цалин тавьж чадахгүй байх үед би зургаан удаагийн үйлдлээр нийт 6.900.000 төгрөгийн хөрөнгө оруулсан. 2003 оны 09 дүгээр сарын 18-нд 1.500.000, 2003 оны 12 дугаар сарын 15-нд 1.200.000 төгрөг, 2004 оны 03 дугаар 12-нд 1.500.000төгрөг, 2004 оны 10 дугаар сарын 25-нд 2.000.000 төгрөг, 2005 оны 01 дүгээр сарын 11-нд 1.800.000 төгрөг, 2005 оны 03 дугаар сарын 06-нд 800.000 төгрөг тухайн бүрд нь Ц.Э од танилцуулж мөнгөө буцааж авъя гэхэд одоо байдал хэцүү бид мөнгөгүй байна, Т.Ц- чи тун удахгүй хүлээж байгаад лангуу эзэмших хувь тооцоод явж байгаач гэж хэлсэн. Бид 3 манай гэрт сууж байгаад ярьсан. Одоо Д ХХК-ийн захирлуудын хооронд маргаан үүсч миний түрээс нийт 130.000 төгрөг төлдөг байсан бол одоо нийт 280.000 төгрөг төлөхийг шаардаж сар бүр төлж байна.

Одоогоор би цайны газар 120.000 төгрөг, хүнсний З м лангуу/ гэр ахуй/ 60.000 төгрөг, гадуур хувцас 60.000 төгрөг, оймс 2 м 40 000 төгрөг лангуу эзэмшигч түрээслэгч нараас 50-60 хувь доогуур түрээс төлж байна. 2002 онд Хүрэнбулаг баг ** тоот 3 өрөө орон сууцаа 2.200.000 төгрөгөөр зарж байсан. Мөн үүнийгээ Д ХХК-д хөрөнгө оруулж байсан. Одоогийн ханшаар миний хөрөнгө оруулсан 9.500.000 төгрөг нь 300.000.000 төгрөг болж одоогийн 3 өрөө орон сууц гурвыг авах байсан гэж үзэж байна. Одоо хөрөнгө оруулсан 9.500.000 төгрөгөө хувьцаа болгож эзэмших бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд миний бие Товуусүрэн овогтой Ц- нь Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгохоор нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Ж  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Х.Ж  Д  ХХК-ийг 2002 онд анх үүсгэн байгуулсан. Би Т.Ц-тай гэр бүл байсан учир Д гэсэн нэрийг анх Т.Ц- гаргаж ирсэн нь үнэн. Т.Ц- нь 1996 оноос эхэлж бизнес хийж үсчин, цайны газар ломбард ажиллуулж байхдаа Д худалдааны төвийг барьж байхад нилээн хэдэн төгрөг оруулсан. Би заримыг нь буцааж өгсөн. Бид эндээсээ мөнгө төгрөг олж ажлыг үргэлжлүүлж байсан үе зөндөө бий. Тэр үед Т.Ц-гаас үе үе мөнгө авдаг л байсан.

Хөрөнгө нийлүүлэгчдээс Ц.Э  нь хамаг асуудлыг шийддэг байсан. Сүүлд Ц.Э ыг ирэхэд Т.Ц- мөнгө төгрөгийн асуудлаа ярилцаж байхдаа Д худалдааны төвийн одоо байгаа сууринд та 2 барилга барьж ав гэхээр нь би 5 давхар барилгын зургийг өөрөө хийлгэж байсан. Намайг Т.Ц- барилгаа барихгүй өдий болтол намайг хохироож байгаа гэж арван хэдэн жил хэрүүл хийсэн. Надад хүүхдийн сургалтын төлбөр хийх энэ тэр мөнгөний асуудлууд зөндөө байгаа учир өдийг хүртэл барилга барьж чадаагүй. Сүүлдээ хувьцаа эзэмшигчдэд хандаж үзсэн боловч бүтэхгүй байгаагаа хэлсэн. Д  ХХК-н хувьцаа эзэмшигчээр орохоор шүүхдэнэ гэсэн. Т.Ц- нь зохих хөнгөлөлт эдэлж явдаг. Т.Ц- нь тэр үеийн ханшаар 9600000 төгрөгийг өгсөн. Энэ талаараа надаас байн байн гарын үсэг зуруулж авдаг. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын маргаан үүссэн энэ үед би харин хүн хохироож яваа гэдгээ хүлээн зөвшөөрч Т.Ц-г хувьцаа эзэмшихэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Д  ХХК-ийн захирал Х.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2002 онд Ц-гийн нэр дээр Д ХХК байгуулагдаж байсан. Хотын компанитай нэр нь давхардсан учир Д Од ХХК болгож нэрийг нь өөрчилсөн. "Д " ХХК-ийг Х.Ж , Э , Д нарын хүмүүс байгуулагдсан. Компаний нэрийг шилжүүлж авъя гэж байсан. Д гийн урд талын суурийг би өөрийнхөө хөрөнгөөр барьсан. Т.Ц-гийн мөнгийг Э  мэддэг байсан. Талийгаач нас барж хувьцаа эзэмшигч нарын хооронд хөрөнгийн маргаан бий болсон. Одоо нөгөө хоёр хувьцаа эзэмшигч нь маргаан гаргаж шүүх дээр хянагдаж байгаа. Т.Ц-г хувьцаа эзэмшигчээр ор гэж хэлсэн. Авсан мөнгөний тухайд тооцоо нийлсэн зүйл байгаа. Бид хоёрын дунд мөнгө төгрөгийн асуудал байгаа. Суурин дээрээ барилга барих гэсэн чинь хөрөнгөгүй болчихсон. "Д " ХХК Ц-гийн нэр дээр байсан нь үнэн. Бид хоёр хамт амьдарч байсан болохоор би өөрийнхөө нэр дээр Т.Ц-гийн компанийг шилжүүлж авсан. "Д " ХХК анхнаасаа Ц-гийн нэр дээр байсан. Мөнгөний тухайд би саяхан хүмүүсийн өрийг төлж дуусгасан. 2000 онд намайг томилолтоор ирэхэд 3 өрөө байр надад хуваарилж өгсөн. Би хувийн зүгээсээ Т.Ц-д тодорхой хэмжээний мөнгө өгсөн. "Д " ХХК-ийн өмнөөс бол мөнгө өгөөгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/00830 дугаар шийдвэрээр:

Компаний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 32 дугаар зүйлийн 32.1 заасныг баримтлан Т.Ц-гийн нэхэмжлэлтэй Д  ХХК-д холбогдох Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ц- давж заалдсан гомдолдоо:

Т.Ц- миний нэхэмжлэлтэй Д  ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон юм.Би олон нотлох баримт өгөх гэж шүүх дээр очход туслах Оюунбилэг гэдэг охин Нөгөө тал чинь зөвшөөрсөн юм чинь наад баримтууд чинь хэрэггүй ш дээ гэж хэлээд аваагүй. Хэрэв шүүгчийн туслах хэрэггүй гэж хэлээгүй бол би өгөх л байсан. Би хууль мэдэхгүй болох л юм байх гэж бодсон. Шүүгчийн туслахын буруугаас болж шүүхийн шийдвэр ингэж гарлаа. Намайг Д  ХХК-д хөрөнгө оруулсан гэдгийг энэ компанийн бүх хувьцаа эзэмшигч нар мэдэж байгаад. Түрээсгүй лангуу эзэмшүүлж одоохон, удахгүй гэдэг тайлбартай өдийг хүрсэн. Шүүх миний нэхэмжпэл үндэслэлтэй юу гэдгийг ул суурьтай нягталж үзээгүйд бас нотлох баримтыг хүлээж аваагүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Т.Ц- нь Д  ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь

эзэмших эрх тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д Од ХХК-ийн захирал Х.Ж  нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж маргаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тайлбараа нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ц- нь 2002 онд анх Д ХХК-г үүсгэн байгуулсан Э  Х.Ж  нар компанийг маань Д нэртэй нь хамт зээлдэж авсан. Д худалдааны төвийн барилгыг барихад 6 удаагийн үйлдлээр 6.500.000 төгрөг, 2002 онд 3 өрөө орон сууцаа 2.200.000 төгрөгөөр зарж хөрөнгө оруулж байсан гэх тайлбар гаргасан байна.

Шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг хуульд заасны дагуу тайлбарлаж танилцуулаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзал тайлбараа нотолсон нотлох баримтаа гаргаж өгөх боломжийг олгоогүй, хариуцагч Х.Ж  нь Д Од ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны 142/ШШ2018/00830 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Ц-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.УРАНЧИМЭГ