Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/03130

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/03130

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... холбогдох,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 23А дугаар байрны 23 тоот дахь 58,09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ...гийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ....-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тус компани иргэн ...тэй 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож №28/12 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. ... гэрээний үүргээ биелүүлээгүй, төлөх ёстой төлбөрөөс нийт 59,500,000 төгрөгийг төлж 45,062,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ... нь гэрээ байгуулсан цагаас хойш өнөөг хүртэл 58,09 м.кв талбайтай 2 өрөө байранд гэр бүлийн хамт амьдарч байгаа болно. Талуудын байгуулсан гэрээний 4.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар тооцвол 22,531,000 төгрөгийн алданги, нийт 67,593,000 төгрөг болсон байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд манай компани ...гээс төлбөр төлөх нөхцөл, болзлоо илэрхийлэх болгонд хүлээн зөвшөөрч байсан. Уг байрны анхны үнэ 104,562,000 төгрөг байсан. Нэгэнт үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өдийг хүрсэн учраас бид гэрээнээс татгалзаж байна. Тиймээс хариуцагч ...гээс Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 23А байрны 23 тоот дахь 58,09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. Гэрээ байгуулах үед орон сууц баригдсан байсан...гэв.

 

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

....-ийн нэхэмжлэлд дараах хариуг өгч байна. ... миний бие орон сууцны үндсэн төлбөрийг 50-аас дээш хувийг төлж барагдуулсан тул үлдэгдэл үндсэн төлбөрийг нэхэмжлэгч талтай тооцоо хийж барагдуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .... нь хариуцагч ...д холбогдуулан, орон сууц захиалан бариулах тухай гэрээнээс татгалзаж Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 23А дугаар байрны 23 тоот дахь 58,09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ...гийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу төлбөрийн 50 хувиас дээш төлж барагдуулсан учир үлдэгдэл үндсэн төлбөрийг тооцоо хийж төлөх хүсэлтэй гэх тайлбар гаргажээ.

Хариуцагч ... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүгчийн 102/ШЗ2021/15490 дугаар захирамжаар хангахаас татгалзаж, түүнд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон учир хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр №28/12 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж захиалагч ... нь гүйцэтгэгч ....-иас Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг таун хотхоны 23А байрны 1 дүгээр орц, 8 давхрын А блок, 58,09м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 104,562,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, өмчлөлдөө шилжүүлэх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэсэн тухай тусгаж, захиалагч тал гэрээнд гарын үсэг зурснаар төлбөрийн урьдчилгаа 30 хувь 32,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх, үлдэгдэл төлбөр 72,562,000 төгрөгийг 10 сард багтан 8 хувийн орон сууцны зээлд хамрагдан төлж дуусгахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан байна. /хх 9-11/

Талууд гэрээгээ Орон сууц захиалгаар барих тухай гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц гэрээ байгуулахаас өмнө ашиглалтанд орсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй, гэрээний зүйл болох орон сууцыг ....-иас ...д хүлээлгэн өгч, хариуцагч нь одоо уг орон сууцанд амьдардаг тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Гэрээний дагуу нийт 104,562,000 төгрөг төлөх үүргээ хариуцагч ... бүрэн биелүүлээгүй, гэрээ байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оныг хүртэлх хугацаанд нийт 59,500,000 төгрөг төлж, үүнээс хойш төлбөр төлөөгүй байх тул худалдагч тал .... нь гэрээнээс татгалзаж, хариуцагчаас төлсөн төлбөрийг түүнд буцаан олгож, гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205.7 дахь хэсэгт Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасанд нийцсэн байна.

Хариуцагч ...гийн зүгээс нийт төлбөрийн 50 хувиас дээш төлбөр төлсөн учир гэрээний дагуу үндсэн төлбөрийг хуваан төлж, үргэлжлүүлэх хүсэлт бүхий тайлбар гаргасан боловч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүрэг нь 2015 оны 10 дугаар сард дууссан, төлбөр төлөх үүрэг биелүүлэхийг нэхэмжлэгч тал удаа дараа шаардан нэмэлт хугацаа тогтоосон ч биелэгдээгүй нь ....-ийн гэрээнээс татгалзах үндэслэл болсон байна.

Тиймээс дээрх үндэслэлээр шүүх ....-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг таун хотхоны 23А байрны 1 дүгээр орц, 8 давхрын А блок, 58,09м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч ...гийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч .... нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч ...гийн төлсөн 59,500,000 төгрөгийг мөн буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....-ийн ....тайй 2 өрөө орон сууцыг хариуцагч ...гийн эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 681,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 681,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА