Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00190

 

 

 

 

 

 

 

 

 

“Хл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02271 дугаар шийдвэртэй,

“Хл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хш” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт олгосон 55,418,211 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Түмэнжаргал, Г.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Хл” ХХК нь “Б” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ байгуулсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шхудалдааны төвд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 2 дугаар давхрын шугамын хоолой задарсны улмаас ус алдаж тус төвд байрладаг “Б” ХХК-ийн дэлгүүрийн таазнаас их хэмжээний ус орж ирэн гутлын дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн усанд норж, бид даатгалын гэрээний дагуу 55,418,211 төгрөгийг “Б “ХХК-д шилжүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан Г20259776 тоот гэрээгээр хохирлын шалтгаан гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас үүссэн бол даатгагч олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэйг заасан ба уг эрхийн хүрээнд талууд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шаардах эрх шилжүүлэх тухай хэлцэл байгуулсан. Даатгуулагч “Б” ХХК нь “Хш” ХХК-тай түрээсийн гэрээтэй байсан.

Түрээслүүлэгч тал тухайн ус алдсан өдөр усны хаалтыг шууд хаагаагүй, түрээслэгч талын хөрөнгийг хамгаалах үйлдлийг хийгээгүйгээс хохирлын хэмжээ ихэссэн талаар даатгуулагч бидэнд мэдээлсэн. Иймд Даатгалын тухай хуулийн 8.7 дах зохицуулалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтын дагуу хариуцагч талаас даатгалын нөхөн төлбөрт олгосон 55,418,211 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Хш” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох Шхудалдааны төвийн барилгын 2 дугаар давхрын 211В тоот талбайг “Н” ХХК нь засвар хийж тохижуулан түрээслэхээр болж 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан.

Улмаар тус түрээсийн талбайд “Н” ХХК-ийн захирал “Э” ХХК, түүний ажилчид нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр засварын ажил хийх явцад барилгын автомат системийн 32 мм-ийн голчтой хөргөлтийн усны шугамын хаалтыг хагалж, гэмтсэний улмаас ус алдсан байдаг.

Энэхүү нөхцөл байдал нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын улсын ахлах байцаагч Д.Санжмятавын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01-07-101/55 дугаартай дүгнэлтээр тогтоогддог. Үүний улмаас “Хш” ХХК болон түрээслэгч “Боса глобал брэндс” ХХК, “Б” ХХК болон “Э” ХХК нарт тодорхой хэмжээний хохирол учирсан.

Түрээслэгчид болох “Боса глобал брэндс” ХХК, “Б” ХХК-ийн түрээсийн талбай, техник хэрэгсэлд усанд норж гэмтсэний улмаас тэдгээрийг “Хш “ХХК засварлан 11,559,885 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Хэдийгээр уг зардлыг “Хш” ХХК нь төлөх үндэслэлгүй ч түрээслэгч нарынхаа бизнесс үйл ажиллагааг тасалдуулахгүй, мөн цаашдын хамтын ажиллагааг түшиглэн ийнхүү зардал гаргасан.

“Хш” ХХК-аас гаргасан уг зардлыг “Н” ХХК нь төлж барагдуулсан. Мөн “Б” ХХК-д 286,465,170 төгрөгийн учирсан гэх хохирлоо “Н” ХХК болон “Хш” ХХК нараас нэхэмжилсэн бөгөөд төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны дээрх дүгнэлтийг үндэслэн “Н” ХХК нь “Б” ХХК-д учирсан гэх хохирлыг барагдуулах болсон талаар “Б” ХХК болон “Хш” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 21/91 тоот албан бичгээр мэгдсэн.

Үүний дагуу “Н” ХХК-аас ус алдсаны хохиролд 180,000,000 төгрөгийг “Б” ХХК-д төлж барагдуулах, “Б” ХХК нь өөрийн усанд норж гэмтсэн гэх эд хөрөнгийг “Н” ХХК-д хүлээлгэн өгч ус алдсанаас үүссэн асуудлыг шийдвэрлэж, аливаа хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Энэ талаар “Хш” ХХК, “Б” ХХК, “Н” ХХК-ийн эрх бүхий хүмүүс 2021 оны 03 дугаар сарын 27-ний өдөр протокол үйлдсэн төдийгүй тус протоколд “Б” ХХК нь цаашид ус алдсанаас үүссэн аливаа хохирлыг “Хш” ХХК-аас нэхэмжлэхгүй байх талаар дурдсан байдаг.

“Б” ХХК нь өөрт учирсан хохирлоо “Н” ХХК-аас нөхөн төлүүлж, 180,000,000 төгрөг шилжүүлэн авсан ба “Хл” ХХК-аас мөн 55,418,211 төгрөгийг “Б” ХХК-д шилжүүлсэн нь ойлгомжгүй. Даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл бий болсныг үгүйсгэхгүй.

Гэвч энэ нь даатгагч, даатгуулагч нарын гэрээний асуудал тул “Б” ХХК-ийн даатгалын зүйл гэмтэж хохирол учирсан явдалд хариуцагч гэм буруугийн шалтгаант холбоогүй юм.

Иймд “Хш” ХХК нь худалдааны төвийн барилгад ус алдсан явдалд гэм буруугүй тул “Хл” ХХК-д 55,418,211 төгрөг төлөх үүрэг үүсэхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар Хл ХХК-ийн Хш ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт олгосон 55,418,211 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 042 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Хл” ХХК нь “Б” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ”-г байгуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Б” ХХК-ийн дэлгүүрийн таазнаас их хэмжээний ус орж ирж, дэлгүүрийн бараа усанд норж, гэрээний дагуу 55,418,211 төгрөгийг манай байгууллага “Б” ХХК-д шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар Хл” ХХК нь “Б” ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Анхан шатны шүүх усны хоолой задалсан буруутай этгээд нь “Э” ХХК учир “Хш” ХХК-ийг хохирлын асуудалд огт хамааралгүй гэж дүгнэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагчийг түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас ус алдсан гэж үзэх үндэслэл, хариуцагч “Хш" ХХК нь “Б” ХХК-д гэм хор учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/07-101/55 дугаар дүгнэлт /хх-46-48х/-ийн үзлэг шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалд 3 зөрчлийг тодорхойлсон байдаг. Мөн Монгол улсын зөвлөх инженер Ц.Дагвадорж, Б.Бямбажав нарын дүгнэлтэд /хх-92-93х/ 2 агуулгыг тодорхойлсон байдаг.

Эдгээр эрх бүхий байгууллагын болон улсын зөвлөх инженер нарын дүгнэлт мөн “Хш” ХХК-ийн түрээслэгч нартай байгуулдаг түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлийн 3 дугаар зүйлийн 2.С, 5 дугаар зүйлийн 1.С-д заасны дагуу засварын ажил гүйцэтгэх үед Шангрила худалдааны төвөөс засварын ажилд хяналт тавих, чиглэл өгч хамтарч ажиллах үүргээ биелүүлээгүй, түүнчлэн ус алдсаны дараа хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ аваагүй 5 түрээслэгчийн талбайд ус алдах хэмжээний хохирол учруулсан гэм буруугийн шууд болон шууд бус шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх түүнийг үл харгалзан усны хоолой хагалсан гүйцэтгэгч компанийг 100 хувь хохиролд хамааруулан шийдвэр гаргасан.

Анх хоолой гэмтээсэн үйлдлийг “Э” ХХК үйлдсэн болохыг талууд маргаангүй хүлээн зөвшөөрдөг. “Хш” ХХК нь хяналт чиглүүлэг, зааварчилгаа огт өгөөгүй, хоолой хагарсны дараа хохирлыг бууруулах ажил хийгдээгүйгээс манай даатгуулагч талд их хэмжээний хохирол учирсан нь нотлох баримтууд бүрэн батлан харуулдаг.

“Э” ХХК усны хоолой хагалсан буруутай ч засварын ажил гүйцэтгэх явцад хараа хяналт байхгүй, чиглэл зааварчилгаа байхгүйгээс хоолой хагарах нөхцөл бүрдсэн, мөн ус алдсан даруй хохирлыг бууруулах арга хэмжээ аваагүй хугацаа алдсанаас хохирлын хэмжээ илтэд ихэссэн үйлдэлд “Хш” ХХК буруутай тул хариуцлага хүлээлгэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хариуцагч “Хш” ХХК нь ус алдсан асуудалд гэм буруугүй бөгөөд шалтгаант холбоо шууд тогтоогдоогүй гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Хэрэгт 2 шинжээчийн дүгнэлт авагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтээр ус алдсан шалтгаан нөхцөл тодорхой болсон. “Э” ХХК нь буруутай гэж дүгнэсэн.

Мөн даатгалын нөхөн төлбөр олгогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 55,418,211 төгрөгийг “Б” ХХК-д олгосны дараа дахин 180,000,000 төгрөгийг “Н” ХХК-аас авахаар тохиролцсон тохиролцоо байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг “Хш” ХХК хариуцах этгээд биш гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3.а Нэхэмжлэгч “Хл” ХХК нь хариуцагч “Хш” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 55,418,211 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.б “Хл” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан гэм хорын даатгалын зохицуулалтад хамаарна. Уг гэрээний дагуу нөхөн төлбөрийн төлсөн нэхэмжлэгч “Хл” ХХК нь мөн зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг  шаардсан эрхийг шилжүүлж авсан тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан шаардлагад хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул мөн хуулийн 81 дүгээр зүйлийн зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх учиртай.

 

Иймд энэ маргааныг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарах тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02271 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мө н шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,042 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД

 

                  ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

         Э.ЗОЛЗАЯА