Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2018/00125

 

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2018/00125

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч

Э ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00786 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э  ТӨХК-д холбогдох,

Э  ТӨХК-ийн цахилгааны цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Э  ТӨХК-нд даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Э  ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Уламнэмэх, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЭДЦС ТӨХК-д цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргын албан ажилд орсон бөгөөд өдийг хүртэл ажилдаа бие сэтгэл гарган ажиллаж байсан. Гэвч 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/93 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирал Л.Э ын тушаал гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ингээд би байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисст үйлдвэрчний эвлэлд хандсан боловч үр дүнгүй байсан ба шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Би хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн 7.8 заалт, 7.9 заалт, 7.9.1 заалтууд нэмж зөрчигдсөн гэж үзэж байна. Ам бүл 6. Амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой амьдарч байна. Иймд намайг ЭДЦС ТӨХК-нд цахилгаан цехэд ажилтнаар эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ЭДЦС ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Б-ийг ЭДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № Б/246 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргаар томилон ажиллуулсан. Ц.Б- нь ээлжийн даргын албанд томилогдож, жинхлэх шалгалтын хөтөлбөрийг гардан авсанаас хойш 4 сар гаруйн хугацаанд жинхлэх шалгалтаа өгөөгүй нь Э  ТӨХК-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд 2017-2018 онд байгуулсан Хамтын гэрээний 3-р бүлгийн 10-ын В заалтанд Шинээр ажилд орсон ажилтан нь 3 сар хүртлэх хугацаанд дагалдаж, жинхэлэх шалгалтыг өгөх бөгөөд 3 сараас хэтэрсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалт, Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 1.8-д байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогыг харгалзан энэхүү дүрэм болон бусад хууль тогтоомж, төрийн эрх бүхий оайгууллагаас баталсан эрх зүйн баримт бичигт нийцүүлэн ажилтны дунд зохиох ажлын дотоод журам, заавар, дүрэм зэргийг боловсруулан мөрдөж болно гэж заасан байна.

Тус байгууллагын шалгалтын комиссын ажиллах журамд мэдлэгийн шалгалт нь: Анхны, ээлжит, ээлжит бус, мэргэжлийн зэрэг олгох, мэдлэгийн анхны шалгалтыг шинээр ажилд орж байгаа болон ажлын байр зөрчлөгдсөн, мэргэжлийн зэрэг, аюулгүй ажиллагааны групп ахиулах, 3-аас дээш жил ажиллаагүй завсардсан ажилтнууд өгнө. Цахилгаан тоноглолд үйлчилдэг ажилтны аюулгүй ажиллагааны группыг тогтоохдоо мэдлэгийн шалгалтын дүн, мэргэжлийн зэргийг харгалзана. Мэдлэгийн шалгалтанд хангалттгүй үнэлгээ үзүүлсэн ажилтан шалгалт өгснөөс хойш 1 сарын дотор давтан шалгалт өгөх бөгөөд 3 удаагийн шалгалтанд тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажил олгогч зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Э  Төрийн Өмчит Хувьцаат Компанийн хедөлмөрийн дотоод журмын 9-р бүлэгт Хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хедөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалтыг мөрдөхөөс гадна дараах тохиодолд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлана.

Үүнд 9.2.7-д Мэргэжлийн комиссын шалгалтанд хоёр дараалан хангалтгүй дүн үзүүлсэн, дагалдангаар ажиллах хугацаанд техник ашиглалт аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгч чадаагүй, анхны гэрээний хугацаанд цаашид ажиллах чадваргүй нь тогтоогдсон гэсэн заалтууд байдаг. Иймд иргэн Ц.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тус компанид мөрдөгдөж байгаа Хамтын гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Аюулгүй ажиллагааны дүрэм зэрэг заавал дагаж мөрдвөл зохих гэрээ, дүрэм, журмыг зөрчсөн учир Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтын дагуу ажлаас халах үндэслэл болсон гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00786 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Тахиа овогт Цэндийн Б-ийг Э  ТӨХК-ны цахилгаан цехийн ашиглалтын хэсгийн ээлжийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 төгрөгийг Э  ТӨХК-наас гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нотлох баримтаар судлуулахаар өгсөн эрчим хүчний аюулгүй ажиллагааны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийг /яагаан ном/ нэхэмжлэгчид, хариуцагчаас нотлох баримтаар судлуулахаар өгсөн нэхэмжлэгч Ц.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Э  ТӨХК-н хүний нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Ууганцэцэгийн Э  ТӨХК-н захиргаанд гаргасан санал зэргийг хариуцагчид тус тус шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 120,136 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э  ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Э давж заалдсан гомдолдоо:

Ажилтан Ц.Б- нь 2017.12.01-ний өдрийн Цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргаар томилгогдон ажилласан ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан ба ажиллах хугацаандаа ээлжит техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийн шалгалт гэх зэрэг шалтгалтуудыг өгдөг ба Ц.Б- нь эдгээр шалгалтыг өгөөгүй юм. Харин анхан шатны шүүх хуралдаан дээр хоёр удаа өгсөн /91 хх/ гэх хариултыг өгсөн ба нэхэмжпэгч шалгалт өгсөн эсэхээ хэрэгт нотлоогүй байхад хариуцагчийг буруутган хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх шалгалтыг авах дүрэм, журам байдаг эсэх, шалгалтыг хэрхэн авдаг эсэх асуудалд мэтгэлцээгүй талууд хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байхад хариуцагчийг дээрх асуудлыг нотлоогүй гэх зохигчдийн мэтгэлцээгүй асуудлаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Зохигчдын маргаж буй үндэслэл нь тухайн шалгалтыг өгсөн, өгөөгүй гэж мэтгэлцэж байсан бөгөөд нэхэмжлэгч шалгалт өгсөн гэж мэтгэлцэж, үүнийгээ нотлоогүй байгааг анхаарч шийдвэрлээгүй. Хэрэгт баримтын эхээр судлагдсан баримт болох тус байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Ууганцэцэгийн 2018.05.08-ны өдрийн ЭДЦС ТӨХК ийн захиргаанд санал оруулах албан бичиг нэхэмжлэгч шалгалт өгөөгүй болохыг нотлогдож байгаагаа баримтыг нэхэмжпэгч няцаан үгүйсгээгүй байдлыг анхаарч судлаагүй. Хөдөлмөрийн гэрээний дагуу дагалдан ажилтан байсан уу эсвэл жинхлэх ажилтан байсан уу гэх асуудалд нэхэмжлэгч хариуцагч маргаагүй ба жинхлэх шалгалтын хөтөлбөрийг гардан авсан асуудалд маргаагүй зэрэг асуудлыг шүүх анхааралгүй шийдвэрлэсэн. Нэгэнт анхан шатны шүүх хуралдаан дээр болон хариуцагчийн шүүхэд гаргасан үгүйсгэсэн тайлбарт нэхэмжпэгч мэтгэлцээгүй учир уг асуудалд нотлох баримт гаргах үүрэг хариуцагчид байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 заалтыг зөрчсөн. Учир нь анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ нотлох баримтад үндэслэн хуульзүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх атал ИХШХШ хуулийн 107-р зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дэмжиж, хариуцагчийг буруутай болохыг нотлох баримтыг гаргаагүй байхад хариуцагчийг буруутгасан үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б- нь Э  ТӨХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг Э  ТӨХК-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э  ТӨХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/93 дугаартай тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Б- нь Э  ТӨХК-ийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар Э  ТӨХК-ийн цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба мөн компанийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар жинхлэх шалгалтын хөтөлбөрийг гардан авснаас хойш 4 сар гаруй хугацаанд жинхэлж чадаагүй нь сургалт хариуцсан мэргэжилтнээс компанийн захиргаанд оруулсан санал, өөрийнх нь гаргасан өргөдөл зэргээр нотлогдсон гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Компанийн хамтын гэрээний 3.10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалт зэргийг үндэслэн Э  ТӨХК-ийн цахилгаан цехийн ашиглалтын хэсгийн ээлжийн даргын албан тушаалаас захиргааны санаачилгаар чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Э  ТӨХК байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж нэхэмжлэгчийг ажилд томилсон ба тэрээр шалгалт өгөх ёстой байсан эсэх, ямар учраас жинхэлж чадаагүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, тогтоогдсон хугацаанд дагалдангаар ажиллаж байсан, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгч чадаагүй, цаашид ажиллах чадваргүй болсон гэж үзэж байгаагаа хариуцагч байгууллага нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б-ийг Э  ТӨХК-ийн цахилгаан ашиглалтын хэсгийн ээлжийн даргын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл, 69 дүгээр зүйлд нийцсэн байна.

Хариуцагч Э  ТӨХК нь нэхэмжлэгч Ц.Б-ийг техник ашиглалт аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтыг хэдий хугацаанд хэрхэн яаж өгдөг, тухайн шалгалтыг заавал өгч тухайн албан тушаалд жинхэлдэг болох, өгөх ёстой шалгалтуудаа өгч чадаагүй зэрэг нь цаашид ажиллах боломжийг бүрдүүлээгүй, ээлжийн даргын ажил албан тушаалаас халах үндэслэл болсон талаар тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэгт нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч Ц.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д заасан дагалдангаар тогтоогдсон хугацаанд болон ээлжит техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгч чадаагүй, цаашид ажиллах чадваргүй болсон нь тогтоогдсон бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар зохицуулсан байгаа боловч зөвхөн энэ үндэслэлээр ажлаас халах нөхцөл бий болсон гэж үзэх боломжгүй ба хариуцагч Э  ТӨХК-ийн захирлын тушаалд заасан үндэслэл бодит байдалд нийцээгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын анхан шатны шүүх нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны 142/ШШ2018/00786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э  ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э  ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.136 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.УРАНЧИМЭГ