Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2018/00786

 

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2018/00786

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, дэнжийн **  тоотод оршин суух, Т овогт Ц ийн Б-н /регистрийн дугаар: **/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭДЦС ТӨХК-д холбогдох

ЭДЦС  ТӨХК-ийн цахилгааны цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ЭДЦС  ТӨХК- нд даалгахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Ц.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЭДЦС ТӨХК-д цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргын албан ажилд орсон бөгөөд өдийг хүртэл ажилдаа бие сэтгэл гарган ажиллаж байсан. Гэвч 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/93 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирал Л.Э -ын тушаал гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ингээд би байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисст үйлдвэрчний эвлэлд хандсан боловч үр дүнгүй байсан ба шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Би хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн 7.8 заалт, 7.9 заалт, 7.9.1 заалтууд нэмж зөрчигдсөн гэж үзэж байна. Ам бүл 6. Амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой амьдарч байна. Иймд намайг ЭДЦС ТӨХК-нд цахилгаан цехэд ажилтнаар эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгч Ц  овогтой Б ээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шуүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу тус байгууллагаас дараах тайлбарыг гарган хүргүүлж байна.

Ц  овогтой Б ийг ЭДЦС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № Б/246 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргаар томилон ажиллуулсан.

1.Ц.Б  нь ээлжийн даргын албанд томилогдож, жинхлэх шалгалтын хөтөлбөрийг гардан авсанаас хойш 4 сар гаруйн хугацаанд жинхлэх шалгалтаа егөөгүй нь:

2.ЭДЦС  ТӨХКомпанийн захиргаа, ҮЭХороооны хооронд 2017-2018 онд байгуулсан Хамтын гэрээний 3-р бүлгийн 10-ын В заалтанд Шинээр ажилд орсон ажилтан нь 3 сар хүртлэх хугацаанд дагалдаж, жинхэлэх шалгалтыг өгөх бөгөөд 3 сараас хэтэрсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалт

3.Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм- ийн 1.8-д байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогыг харгалзан энэхүү дүрэм болон бусад хууль тогтоомж, төрийн эрх бүхий оайгууллагаас баталсан эрх зүйн баримт бичигт нийцүүлэн ажилтны дунд зохиох ажлын дотоод журам, заавар, дүрэм зэргийг боловсруулан мөрдөж болно. гэж заасан байна. Тус байгууллагын шалгалтын комиссын ажиллах журамд мэдлэгийн шалгалт нь:

Анхны

Ээлжит

Ээлжит бус

Мэргэжлийн зэрэг олгох

Мэдлэгийн анхны шалгалтыг шинээр ажилд орж байгаа болон ажлын байр зөрчлөгдсөн, мэргэжлийн зэрэг, аюулгүй ажиллагааны групп ахиулах, 3-аас дээш жил ажиллаагүй завсардсан ажилтнууд өгнө. Цахилгаан тоноглолд үйлчилдэг ажилтны аюулгүй ажиллагааны группыг тогтоохдоо мэдлэгийн шалгалтын дүн, мэргэжлийн зэргийг харгалзана.

Мэдлэгийн шалгалтанд хангалттгүй үнэлгээ үзүүлсэн ажилтан шалгалт өгснөөс хойш 1 сарын дотор давтан шалгалт өгөх бөгөөд 3 удаагийн шалгалтанд тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажил олгогч зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. ЭДЦС  Төрийн Өмчит Хувьцаат Компанийн хедөлмөрийн дотоод журмын 9-р бүлэгт Хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хедөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалтыг мөрдөхөөс гадна дараах тохиодолд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлана. Үүнд:

9.2.7-д Мэргэжлийн комиссын шалгалтанд хоёр дараалан хангалтгүй дүн үзүүлсэн, дагалдангаар ажиллах хугацаанд техник ашиглалт аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгч чадаагүй, анхны гэрээний хугацаанд цаашид ажиллах чадваргүй нь тогтоогдсон гэсэн заалтууд байдаг.

Иймд иргэн Ц.Б ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тус компанид мөрдөгдөж байгаа Хамтын гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Аюулгүй ажиллагааны дүрэм зэрэг заавал дагаж мөрдвөл зохих гэрээ, дүрэм, журмыг зөрчсөн учир Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтын дагуу ажлаас халах үндэслэл болсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь ЭДЦС  ТӨХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ЭДЦС  ТӨХК-нд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЭДЦС  ТӨХК-ийн захирлын тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ЭДЦС  ТӨХК-нд цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргын албан тушаалд 691,372 төгрөгийн цалинтай томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон байна./хх-32-33, 25/

Ийнхүү ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/93 дугаартай ЭДЦС  ТӨХК-ийн захирлын тушаалаар түүнийг жинхлэх шалгалтын хөтөлбөрийг гардан авснаас хойш 4 сар гаруй хугацаанд шалгалт өгч жинхэлж чадаагүй гэдэг шалтгаанаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Компанын хамтын гэрээний 3.10 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн сахилгын зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс цуцалжээ.

Нэхэмжлэгч Ц.Б ийг 4 сар гаруй хугацаанд шалгалт өгч жинхлэх ёстой байсан гэж байгаа боловч хариуцагч ЭДЦС  ТӨХК нь нэхэмжлэгчид хэзээ, хаана ямар шалгалт өгөх талаар мэдэгдээгүй, шалгалт авах дүрэм, журмын талаар зохицуулалт байгаа эсэх, шалгалтын бүрэлдэхүүнийг хэрхэн томилдог эсэх, шалгалтыг хэрхэн авдаг эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийг шалгалт өгөөгүй гэж буруутгаж байгаа боловч энэ талаар ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлож чадахгүй байна.

Нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.5-д Дагалдангаар ажиллах тогтоогдсон хугацаанд болон ээлжит техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгч чадаагүй, цаашид ажиллах чадваргүй болсон нь тогтоогдсон бол захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заажээ.

Гэвч нэхэмжлэгч Ц.Б ийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/246 тушаалаар цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргаар томилж, түүнтэй хөдөлмөрийг гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд яагаад түүнийг тогтоогдсон хугацаанд дагалдангаар ажиллаж байсан, ээлжит техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгч чадаагүй, цаашид ажиллах чадваргүй болсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрвээ байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж нэхэмжлэгчийг ажилд томилсон бол тэрээр шалгалт өгөх ёстой байсан эсэх, ямар учраас жинхэлж чадаагүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЭДЦС  ТӨХК-нд цахилгаан цехийн ашиглалтын хэсэгт ээлжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэстэй байна.

Нэхэмжлэгч Ц.Б  нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2 сар 15 хоног ажилгүй байсан байна. Сард ажлын 21.5 хоногоор тооцоход 21.5х2=43 хоног, үүн дээр 15 хоногийг нэмж нийт 68 хоног ажилгүй байсан байна гэж үзлээ.

Тэрээр сард 691.372 төгрөгний цалин авдаг байсан байх бөгөөд үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад өдөрт 32.156 төгрөгний цалин болсоныг нийт ажилгүй байсан 68 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас нийт 2.186.608 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Т овогт Ц ийн Б ийг ЭДЦС  ТӨХК-ны цахилгаан цехийн ашиглалтын хэсгийн ээлжийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.186.806 төгрөгийг ЭДЦС  ТӨХК-наас гаргуулан нэхэмжлэгч Ц.Б эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нотлох баримтаар судлуулахаар өгсөн эрчим хүчний аюулгүй ажиллагааны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийг /яагаан ном/ нэхэмжлэгчид, хариуцагчаас нотлох баримтаар судлуулахаар өгсөн нэхэмжлэгч Ц.Б ийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЭДЦС  ТӨХК-н хүний нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Ууганцэцэгийн ЭДЦС  ТӨХК-н захиргаанд гаргасан санал зэргийг хариуцагчид тус тус шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5.Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 120,136 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

5.Энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН