| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0157/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/153 |
| Огноо | 2017-10-19 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагч Ө.Мөнхнавч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бт холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Т.Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Т.Б ... дэрстэй гэх газар 2017 оны 01 сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд иргэн А.Гын итгэмжлэн хариуцуулсан малыг маллаж байгаад 21 тооны хонь, 5 тооны ямаа, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг бусдад зарж борлуулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 27-ноос малыг нь малласан. Мал малласны хөлсөнд сард 1 хонь байнга өгч байна гээд өгдөггүй. Сүүлийн 4 сарын цалин аваагүй. 1300 мал хүлээж аваад 1900 толгой мал болгож өгсөн. Төлийн 15 хувийг өгнө гэсэн өгөөгүй. Бор-Өндөрын ченжид 11 тооны мал аваачиж өгсөн. Мөн 2, 5-ыг аваачиж өгсөн. Өөрөө 4 ямаа идсэн. Нас барсан хүнд 3 хонь өгсөн. Малаа маллахдаа хэрэглээрэй гэж авч өгсөн мотоциклийг хүнд 500,000 төгрөгөөр зарсан. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Айраг сумын Э гэдэг хүнд 2 тооны хонь, 01 дүгээр сарын сүүлээр нэрийг нь сайн мэдэхгүй ченжид 4 тооны хонь, Бор-Өндөр суманд 11 тооны хонийг 02 дугаар сарын эхээр өгсөн. Нас барсан Б гэх хүнд 3 тооны хонийг 02 дугаар сарын дундуур өгсөн. Энэ хугацаанд би 4 ямаа идсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би нийт А.Гын малнаас 21 тооны хонь 5 тооны ямаа зарсан мөн мотоциклийг нь зарсан. Би хохирогчид учирсан 3,250,000 төгрөгний хохирлоос 600,000 төгрөгний хохирол бэлэн мөнгөөр өгч барагдуулсан байгаа цаашид үлдсэн мөнгийг даруй өгч хохирол бүрэн барагдуулна гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Хохирогч Н.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 сараас эхлэн Т.Б гэх хүнээр малаа маллуулахаар болж тохирон гэрээ хийсэн юм. Т.Бт манайх малаа бүрэн тоолж хүлээлгэн өгч хонь 829, хурга 300, ямаа 458, ишиг 100-г тоолж хүлээлгэн өгсөн. Манай малаас 21 тооны хонь, 5 тооны ямаа болон Даюун маркийн мотоцикль алга болсон уг мал болон мотоциклийг Б өөрөө хүнд зарж борлуулсан гэж хэлсэн сүүлд учирсан хохирлоос Б 600.000 төгрөгийг төлсөн үлдсэн мөнгийг мөн манайд ажиллаж барагдуулна гэж ярилцаж тохирсон байгаа гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-24 дүгээр хуудас/
Гэрч Р.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ : Т.Б нь надад ярихдаа би А.Гын малаас хэлэлгүй 26 тооны хонь ямааг цувуулж Айраг Бор-Өндөр сумруу аваачиж зарчихсан гэж хэлж байсан мөн 2017 оны 05 сард маллаж байсан малаа хаяад явсан би нялх хүүхэдтэй малд явж чадахгүй байсан тухайн үед Б нь А.Гын Даюун маркийн мотоциклийг унаад явсан тэр мотоциклио Дорноговь аймгийн төвд аваачин зарсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/
Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ : Би Б гэх хүнийг зүс танина. 2017 оны 01 дүгээр сард над дээр ирээд хонины гулууз мах авчих гээд надад зарж байсан мөн 2 дугаар сард ирээд 1 хонь надад зарж байсан би им тамгыг нь санахгүй байна, надад мах авчирч өгөхдөө улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой ирж байсан би уг махыг 50.000, 60.000 төгрөгний өртөгөөр Баас авч байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Гэрч О.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ : 2017 оны 02 сарын сүүлээр санаж байна. Дорноговь аймгийн Иххэт сумын өөрийгөө Б гэж байсан санагдаж байна, бор царайтай хүн ирээд өөрийнхөө малыг худалдаж байгаа юм гээд надад 1-2 нийт 11 тооны хонь өгч байсан санагдаж байна. Тухайн үед би нэг тооны хонь 60,000 төгрөгөөр худалдан авч байсан би малыг бэлэн мөнгийг нь өгч худалдан авдаг гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/
Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манай сумын Б гэж хүн манайд ирээд Бын гэрийг заагаад өгөөч гэж гуйгаад би гэрийг нь зааж өгч хамт Бынд очиж байсан юм тэгэхэд Б Бт 3 тооны хонь өгч байсан тухайн үед бол би хүний малнаас авч өгч байна гэдгийг мэдээгүй. Б энэ хавар нас барсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ Гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 сарын сүүлээр санаж байна надтай ирж уулзаад Айраг сумруу хэдэн мал ачаад өгөөч мөнгөний хэрэг гараад байна, Г мал малласны хөлс гэж надад хэдэн мал тасдаж өгсөн юм тэр малнаас зарах гэсэн юм гэж гуйхаар нь би Бын 4 тооны хонь, 1 тооны ямааг ачиж Айраг суманд хүргэж ирсэн тухайн үед Б миний өмчийн мал байгаа юм гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай Даюун мотоцикль 800.000 төгрөг, хонь 21 ширхэг 2.100.000 төгрөг, ямаа 5 ширхэг 350.000 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 40 дүгээр хуудас/
А.Г, Т.Б нарын байгуулсан мал маллуулах гэрээ /хх-ийн 45 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 106-107/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Б ... дэрстэй гэх газар 2017 оны 01 сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд иргэн А.Гын итгэмжлэн хариуцуулсан малыг маллаж байгаад 21 тооны хонь, 5 тооны ямаа, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл зэргийг зарж борлуулах замаар 3 250 000 төгрөгийн хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд, Хохирогч Н.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Т.Бт манайх малаа бүрэн тоолж хүлээлгэн өгч хонь 829, хурга 300, ямаа 458, ишиг 100-г тоолж хүлээлгэн өгсөн. Манай малаас 21 тооны хонь, 5 тооны ямаа болон Даюун маркийн мотоцикль алга болсон уг мал болон мотоциклийг Б өөрөө хүнд зарж борлуулсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,
Гэрч Р.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Т.Б нь надад ярихдаа би А.Гын малаас хэлэлгүй 26 тооны хонь ямааг цувуулж Айраг Бор-Өндөр сумруу аваачиж зарчихсан гэж хэлж байсан. А.Гын Даюун маркийн мотоциклийг унаад явсан тэр мотоциклио Дорноговь аймгийн төвд аваачин зарсан байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Эийн мөрдөн байцалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б гэх хүнийг зүс танина 2017 оны 01 дүгээр сард над дээр ирээд хонины гулууз мах авчих гээд надад зарж байсан мөн 2 дугаар сард ирээд 1 хонь надад зарж байсан би им тамгыг нь санахгүй байна надад мах авчирч өгөхдөө улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой ирж байсан би уг махыг 50.000, 60.000 төгрөгний өртөгөөр Баас авч байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Эийн мөрдөн байцалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 сарын сүүлээр санаж байна. Дорноговь аймгийн Иххэт сумын өөрийгөө Б гэж байсан санагдаж байна бор царайтай хүн ирээд өөрийнхөө малыг худалдаж байгаа юм гээд надад 1-2 нийт 11 тооны хонь өгч байсан санагдаж байна. Тухайн үед би нэг тооны хонь 60,000 төгрөгөр худалдан авч байсан би малыг бэлэн мөнгийг нь өгч худалдан авдаг гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ : 2017 оны 02 сарын сүүлээр санаж байна надтай ирж уулзаад Айраг сумруу хэдэн мал ачаад өгөөч мөнгөний хэрэг гараад байна Г мал малласны хөлс гэж надад хэдэн мал тасдаж өгсөн юм тэр малнаас зарах гэсэн юм гэж гуйхаар нь би Бын 4 тооны хонь, 1 тооны ямааг ачиж Айраг суманд хүргэж ирсэн тухайн үед Б миний өмчийн мал байгаа юм гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтээ: Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би нийт А.Гын малнаас 21 тооны хонь, 5 тооны ямаа зарсан мөн мотоциклийг нь зарсан. Би хохирогчид учирсан 3,250,000 төгрөгний хохирлоос 600,000 төгрөгний хохирол бэлэн мөнгөөр өгч барагдуулсан байгаа цаашид үлдсэн мөнгийг даруй өгч хохирол бүрэн барагдуулна гэсэн мэдүүлэг ,
Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ, иргэн А.Г, Т.Б нарын байгуулсан мал маллуулах гэрээ зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 3250000 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулинд заасны дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч Н.Гт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 600,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн бөгөөд хохирлын үлдэгдэл 2650000 төгрөгийг шүүгдэгчээс хохиролтой холбоотой нотлох баримтыг үндэслэн гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нь хөлсөө өгөөгүйгээс үүдэн хийсэн гэх нөхцөл байдлыг шүүх үнэлэн хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Т.Б нь бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь 1,200,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт шүүгдэгч Т.Баас 2.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД