Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1075

 

2020         08           25                                           2020/ДШМ/1075

Б.А, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч С.Болортуяа, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2005013450599 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..................., 19.......... оны ....... дугаар сарын ............-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 5 дугаар баг, Борхойн 10 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/,

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр биелүүлсэн,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр биелүүлсэн;

2. ................, 19......... оны ........ дугаар сарын ...........-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Өртөөний 1-13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас зарим буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 270 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Б.А нь Б.Бтай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03-61 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын автомашинаар таксины үйлчилгээнд явж байсан иргэн Б.Батхүүгээр 5 шарын автобусны буудал руу хүргүүлэхээр явж байхдаа цээжин тус газарт нь зэвсэг болох хүрэн өнгийн модон иштэй хутгаар хутгалж, хүч хэрэглэн довтолж, автомашиныг нь илээр, хууль бусаар авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.А нь хохирогч Б.Батхүүгийн автомашиныг дээрэмдэх үедээ зэвсэг болох хутгаар Б.Батхүүгийн цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Б.Б нь Б.Атай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03-61 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын автомашин дотор Б.Батхүүд зэвсэг болох хутга хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, автомашиныг нь илээр, хууль бусаар авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 1-33 тоотод оршин суух Ц.Мөнхтогтохын гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр “Самсунг” загварын зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Борхойн 4-09 тоотод оршин суух Л.Хайдавсүрэнгийн гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр мөнгөн аяга 1 ширхэг, 13-31 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар хулгайлж, 3.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .................ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч ..................г бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Б.Ат оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар, Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.А, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.А, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хугацаа болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цамц 1 ширхэг, суудлын бүрээс 3 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, эвхэгддэг хутга 1 ширхэг зэргийг устгаж, Жордан 1 хос хар өнгийн цагаан ултай пүүзийг Б.Бд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.А, Б.Б нарын тус бүр баривчлагдсан, цагдан хоригдсон 69 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Б.Батхүү нь орлогогүй байсан хугацааны нөхөн төлбөр, цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.А, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшин харамсаж байна. Хохирогчийг хутгалсан болохоо мэдээд амь насыг нь аврах юмсан гэж эмийн сангаас эм цацлага, бинт авч тусламж үзүүлсэн. Хохирогчоос уучлалт гуйж, хохиролд нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлсөн. Би ээж, охин дүүгээ тэжээн тэтгэдэг ганц хүн нь атлаа гэмт хэрэгт холбогдон өвчтэй эхийгээ, өнчин дүүгээ сэтгэлийн зовлонд унагаасандаа маш их гэмшиж байна. Би амьдралдаа дахин алдаа гаргахгүй явж чадна гэдгээ батлан хэлж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 636 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оноож, миний амьдралд нэг удаа боломж олгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Аыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоон нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь, Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон гэмт үйлдэлд нь сонсгосон хэргийн зүйлчлэлийг анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн. Мөн хохирогчид эмнэлгийн наад захын тусламж үзүүлэн шархыг нь тамидинаар ариутган цээжийг нь бинтээр боож өгсөн байдаг бөгөөд эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Б.А өөрийн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшин хохирогчоос уучлалт гуйсан байдаг. Б.А нь өндөр настай ээж, охин дүүгийнхээ хамт амьдран хувиараа ажил хөдөлмөр эрхлэн тэднийгээ тэжээн тэтгэдэг ганц хүн юм. Иймд Б.Аын гэм буруу болон зүйл ангиа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялуудын гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд Б.Б, Б.А нарын өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн. Хохирогчид учирсан эд материалын болон эмчилгээний зардлыг төлж, хохирогчоос уучлалт гуйсан. Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.А нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Энэ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.А нь Б.Бтай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03-61 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын автомашинаар таксины үйлчилгээнд явж байсан иргэн Б.Батхүүгээр 5 шарын автобусны буудал руу хүргүүлэхээр явж байхдаа цээжин тус газарт нь зэвсэг болох хүрэн өнгийн модон иштэй хутгаар хутгалж, хүч хэрэглэн довтолж, автомашиныг нь илээр, хууль бусаар авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.А нь хохирогч Б.Батхүүгийн автомашиныг дээрэмдэх үедээ зэвсэг болох хутгаар Б.Батхүүгийн цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Б.Б нь Б.Атай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03-61 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын автомашин дотор Б.Батхүүд зэвсэг болох хутга хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, автомашиныг нь илээр, хууль бусаар авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 1-33 тоотод оршин суух Ц.Мөнхтогтохын гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр “Самсунг” загварын зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Борхойн 4-09 тоотод оршин суух Л.Хайдавсүрэнгийн гэр болох хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр мөнгөн аяга 1 ширхэг, 13-31 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар хулгайлж, 3.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Батхүүгийн “...30 орчим насны 2 халамцуу залуу ирээд миний машинд суусан юм. ...Тэгтэл урд явсан залуу нь гэнэт миний цээжин тус газар руу буюу зүүн хөх хэсэгт хутгалчихсан. ...Тэгтэл хойно сууж явсан залуу нь эвхэгддэг хутга гаргаж ирснээ “дугарвал ална шүү, цаашаа суу” гээд нөгөө намайг хутгалдаг залуу нь машинаас буугаад арын суудал руу суусан. Тэгээд намайг буух гэтэл машинаас буухгүй шууд даваад суу гээд жолоочийн эсрэг талын суудал руу шилжиж суусан. Тэгтэл хойно сууж байсан залуу нь урагшаа орж ирж суугаад машин бариад “Драгон” төвийн байрууд дунд зогсоод жолоо барьж явсан залуу “цамцаа тайл шархыг чинь харъя” гээд миний цамцыг тайлж шархыг харснаа “үхэхгүй юм байна, архи уу” гээд хүчээр ам руу архи цутгаад, шархан дээр архи асгаад эмийн сангаас боолт авъя гээд эмийн сан хайж “Саппоро” ороод эмийн сан олдохгүй буцаж 5 шарын автобусны буудлын хажууд байдаг “Монос” нэртэй эмийн сан орж маарал, тамедины уусмал авч ирж миний шархыг тэр хоёр боож өгсөн. ...Хорооллын байран дунд зогсоод тэр хоёр бие засна гээд машинаас буухаар нь би машинаас бууж зугтаад ойролцоо байсан цагдаагийн хэсэг дээр очсон. ...” /1хх 34-35/,

хохирогч Ц.Мөнхтогтохын “...Тэгээд гэрт байж байтал 19 цагийн үед манай дүү Мөнхцэцэг над руу залган “...манай гэрт хулгай орсон байна гээд цагдаагийн газраас залгаж байна, та очоод уулзаадах” гэж хэлсэн. ...Манай дүү Мөнхцэцэгийн гэрээс 60 инчийн зурагт хулгайд алдсан байсан. ...” /1хх 216-217/,

хохирогч Б.Хайдавсүрэнгийн “...2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 09 цагийн орчим өөрийн гэртээ очиход хашаандаа байрлуулсан байсан миний эзэмшлийн “Hyundai Starex” загварын 13-31 ДГО улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан. ...Мөн ширээний тавцан дээр тавьсан байсан мөнгөн аяга алга болсон байсан. ...” /2хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5098 дугаартай “...Б.Батхүүгийн биед цээжний зүүн хөндийд хатгагдан нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, зүүн хөндийд цус, хий урагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 50-52/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01/011 дугаартай “...Шинжлэгдэж буй 7-10 дугаартай гутлын улны мөрүүд нь сэжиглэгдэж байгаа Б.Бгаас хураан авсан гутлын улны мөртэй тохирч байна. ...” /1хх 237-239/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 005 дугаартай “...1, 3 гэж тус тус дугаарлаж бэхжүүлсэн гарын мөрүүд нь нэг хүний гарын мөр байна. Шинжилгээнд тэнцэж буй 1, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулан шинжилсэн Болдсайхан овогтой Баярмагнайгийн баруун болон зүүн гарын эрхий хурууны өндөгнүүдээр тус тус үүсгэгдсэн байна. ...” /2хх 58-65/ гэх дүгнэлтүүд,

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “/1хх 9-14/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 19-22/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 202-207, 2хх 18-23/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх 209-210/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Аыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Бг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүх шүүгдэгч Б.Аын Б.Бтай бүлэглэн иргэн Б.Батхүүгээр хүргүүлэхээр явж байхдаа цээжин тус газарт нь хутгаар хутгалж, автомашиныг нь илээр, хууль бусаар авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

мөн хохирогч Б.Батхүүгийн автомашиныг дээрэмдэх үедээ хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Б.Бгийн Б.Атай бүлэглэн иргэн Б.Батхүүд хутга хэрэглэн, автомашиныг нь илээр, хууль бусаар авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

мөн иргэн Ц.Мөнхтогтохын гэрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын зурагтыг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

иргэн Л.Хайдавсүрэнгийн гэрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 1 ширхэг, 13-31 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, 3.745.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоосон,

Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоосон нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нар нь “...оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Б.А нь өмнө нь 3 удаа, шүүгдэгч Б.Б нь өмнө нь 6 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тэдний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

  ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ