Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 02290

 

       Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Г-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 28 917 250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагатай Р.Г нь 2015 оны 07 дугаар сарын 02-нд ЗГ2015/07/02 тоот зээлийн гэрээ, БГ2015/07/02 тоот барьцааны гэрээ байгуулж 15 000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа нь 2016 оны 07 дугаар сарын 02-нд дуусахад зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж ЗГ2015/07/02А тоот “Зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ”-г байгуулсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 05-наас хойш төлөлт хийгээгүй. Иймд 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлд 8 724 ам.доллар, хүүд 2 236 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 216 ам.доллар, бүгд 11 176 ам.долларыг 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханш болох 2 394,96 төгрөгөөр тооцон 26 767 123 төгрөг, нотариатын зардалд 14 500 төгрөг, бүгд 26 781 623 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тооцон зээлийн хүүд 591,13 ам.доллар буюу 1 453 121 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,1 ам.доллар буюу 250 996 төгрөг, нийт 1 704 118 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тооцон хүүд 145,64 ам.доллар буюу 360 323 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28.82 ам.доллар буюу 71 276 төгрөг, нийт 431 509 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Ингээд нийт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 28 917 250 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Р.Г-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Сөүлийн гудамж, 8б байрны 12 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Г-ээс шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулагдаж байх үед ам.долларын ханш 1 977 төгрөг байхад уг зээлийг авсан бөгөөд 29 655 000 төгрөг болж байсан. Ханшийн өсөлтийн зөрүүгээс болж хохиролд орсон. Хүү болон үндсэн зээлийг төлөөд дууссан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол банкны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг зөрчиж байгуулагдсан, хууль зөрчсөн хэлцэл тул улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Р.Г-гээс зээлийн гэрээний үүрэгт 25 255 591 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 661 659 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004943 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8б байр, 12 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06331 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284 228 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 661 659 төгрөгийг хассан үндэслэлээ хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү тооцох талаар зээлийн гэрээний 1.10 дахь заалт ойлгомжгүй байна гэж дүгнэжээ. Зээлийн гэрээний 1.10-т "Зээлдэгч нь Гэрээнд заасан ерөнхий хугацаанд Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож авна’’ гэж заасан. Энэ нь төлбөрийн хуваарь зөрчиж хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж ойлгогдож байна. Мөн хүүнээс хүү тооцохгүй тул хуваарьт хугацаанд төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан. Талууд 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулахдаа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал сар бүр 720 ам.доллар төлөх зээлийн төлбөрийн хуваарь гарган баталгаажуулжээ. Нэмэгдүүлсэн хүүг хуулийн дагуу тооцсон, хариуцагч нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргаагүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт гарган, гаргаж өгсөн нотлох баримт дээр харилцан ярилцаж тооцоо нийлэхдээ ч нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх асуудал хөндөөгүй. Гэтэл шүүх гэрээний заалтыг үгүйсгэж байгаа нь хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн гэж үзэхээр байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удааширсан явдал нь зохигч талуудын аль алиных нь эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Шүүхийн шийдвэр гарч зээлийн гэрээний хүү зогссоноос хойш зээлийн төлбөр төлөгдөх хүртэл 1-2 жил, заримдаа 3 жилийн хугацаа өнгөрч байгаа тул зээлдүүлэгч нь шүүх шийдвэрээ гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэх нь зүй ёсны хэрэг юм. Зээлдүүлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэхдээ шаардлага гаргахын өмнөх өдрийн Монголбанкны ханшийн лавлагааг баримталж тооцоолол хийсэн. Зээлийн гэрээний 2.9-д төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс үүдэлтэй бүхий л зардлыг зээлдэгч хариуцна гэж заасан.

 Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 3 661 659 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э ХХК  хариуцагч Р.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 917 250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Р.Г нь Э ХХК-аас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8б байрны 12 тоот, 3 өрөө орон сууцыг барьцаалан, 15 000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ”-гээр 26 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /х.х-ийн 3-10 дугаар тал/ Харин хариуцагч уг хэлцлийг хуульд заасныг зөрчиж байгуулагдсан, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж  маргасан.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 451 дүгээр зүлийн 451.1 дэх хэсэгт хуульчилсан тул хариуцагч зээл, зээлийн хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, хуульд заасан үүргийн дагуу зээлдэгчийн үүргийн гүйцэтгэл болох зээл, зээлийн хүүгийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Төлбөрийн хуваарь зөрчиж, төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд заасан, хариуцагч тал нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаагүй гэсэн агуулга бүхий гомдлыг нэхэмжлэгч талаас гаргасан байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт ...зээл, зээлийн хүүг зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараа өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож авна гэж заасан нь хуульд нийцээгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэх зохицуулалтаар нэмэгдүүлсэн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон бөгөөд талууд тухайн хязгаарын дотор нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоох нь тэдгээрийн хүсэл зоригт нийцэх учиртай. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасантай нийцээгүй тул нэмэгдүүлсэн хүүг хасч тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт ...төлбөрөө хугацаанд төлөөгүйгээс үүдэлтэй бүх зардлыг зээлдэгч хариуцана гэсэн заалт нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.ИЧИНХОРЛОО

                                                   ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА