Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00470

 

“.... моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “.... моргаж корпорэйшн ББСБ” ХХК

          Хариуцагч: Р.Г-т холбогдох

           28,917,250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Р.Г- нь 2015-07-02-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15,000 ам.долларыг сарын 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа нь 2016-07-02-нд дуусахад зээлдэгчийн хүсэлтээр 2018-09-02-ны өдрийг хүртэл сунгаж зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, 2017-10-05-наас хойш төлөлт хийгээгүй. Иймд 2018-06-23-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлд 8,724 ам.доллар, хүүд 2,236 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 216 ам.доллар, нийт 11,176 ам.долларыг 2018-04-22-ны өдрийн Монгол банкны ханш болох 2,394.96 төгрөгөөр тооцон 26,767,123 төгрөг, нотариатын зардалд 14,500 төгрөг, бүгд 26,781,623 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2018-08-14-ний өдрөөр тооцон зээлийн хүүд 591.13 ам.доллар буюу 1,453,121 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102.1 ам.доллар буюу 250,996 төгрөг, нийт 1,704,118 төгрөгийг, 2018-09-04-ний өдрөөр тооцон хүүд 145.64 ам.доллар буюу 360,323 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28.82 ам.доллар буюу 71,276 төгрөг, нийт 431,509 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Ингээд нийт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 28,917,250 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Р.Г-ийн өмчлөлийн СХД-ийн 19-р хороо, ...-р хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1,977 төгрөг байхад уг зээлийг авсан бөгөөд 29,655,000 төгрөг болж байсан. Ханшийн өсөлтийн зөрүүгээс болж хохиролд орсон. Хүү болон үндсэн зээлийг төлөөд дууссан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг зөрчиж байгуулагдсан, хууль зөрчсөн хэлцэл тул улмаар ИХ-ийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан Р.Г-ээс 25,255,591 төгрөг гаргуулж, “.... моргаж корпорэйшн ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,661,659 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох СХД-ийн 19-р хороо, ...-р хороолол, ... байр, .. тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, 2018-07-02-ны өдрийн 06331 дугаартай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 417,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 284,228 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

     Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгуулагдсан, хууль зөрчсөн хэлцэл байхад анхаарч үзсэнгүй. Тус ББСБ-аас зээл авч байх үед долларын ханш 1,977 төгрөг байсан. Хэрэв ББСБ-д гүйлгээг төгрөгөөр хийх хуулийг зөрчиж гэрээ байгуулаагүй байсан бол миний бие өнөөдөр ингэж хохирохгүй байсан. Үнэхээр хүүгий нь төлөөд төлөөд үндсэн мөнгөнөөс нь давуулж төлчхөөд уг зээлээс гарч чадахгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр уг гэрээ нь ИХ-ийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл байхад хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байхад тус хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “.... моргаж корпорэйшн ББСБ” ХХК 2018-01-31-ний өдөр шүүхэд хандан Р.Г-ээс үндсэн зээл 8724 ам.доллар, хүү 2973 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 347 ам.доллар нийт 12,044 ам.долларыг нотариатын зардал 14,500 төгрөгийн хамт бүгд 28,917,250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ...-р хороолол, ... байр,... тоот орон сууцаар хангуулах шаардлага гаргасан байна. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ханшийн өсөлтийн зөрүүгээс хохирч байна... Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэрээ хүчин төгөлдөр бус юм...” гэж маргасан /хх 33/ байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс үндсэн зээл 7910.99 ам.доллар буюу 18,946,505 төгрөг, хүүд 2618.45 буюу 6,309,086 төгрөг нийт 25,255,591 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 3,661,659 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг заажээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Р.Г- “.... моргаж корпорэйшн ББСБ” ХХК-иас 2015-07-02-ны өдөр  15,000 ам.долларыг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалсан, талууд зээлийн гэрээний хугацааг 2018-09-02-ны өдөр хүртэл сунгасан нь тус тус тогтоогджээ. 

        Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.,156 дугаар зүйлийн 156.1., 156.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

        Нэхэмжлэгч 15,000 ам.долларыг 2015-07-03-ны өдөр Р.Г-т олгосон, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 7,910.99 ам.доллар буюу 18,946,505 төгрөг, хүүд 2,602.64 ам.доллар буюу 6,269,951 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 15,82 ам.доллар буюу 39,135 төгрөг төлөх үүрэгтэй ба шүүх энэ талаар зөв дүгнэлт хийжээ. 

        Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

         Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлтэй холбогдуулан нэг удаа тайлбар өгсөн /хх 33/, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 40, 42 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцжээ.

           Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 284,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ