Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 02305

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02110 дугаар шийдвэртэй, Б.А-ийн нэхэмжлэлтэй, И-т холбогдох

Гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжпэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү Б.А И-ын харьяа Чингис хаан Олон улсын нисэх буудлын Аэродромын албанд инженерээр ажиллаж байхдаа 2011 онд тус газраас зарласан гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэн улмаар Зэвсэгт хүчний Жанжин штабын “Таван толгойн” цэргийн бааз дээр тэсвэр хатуужил суулгах цэрэгжилтийн сургалтад 30 хоног хамрагдаж, мөн онолын мэдлэгийн бэлтгэл хангасны үндсэн дээр тус байгууллагын зардлаар Канад улсын Торонто хотын “Жорж Браун” коллежид ажиллаж байсан мэргэжил болох аэродром ашиглалтын чиглэлээр 4.5 жилийн хугацаатайгаар суралцахаар шалгарч “И-ын зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээ”-г И-тай 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулж үндсэн ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү миний дүү 2012 оны 08 дугаар сард Канад улсыг зорьж сургалтын гэрээний дагуу англи хэлний 6 сарын бэлтгэлд суралцсанаар хоёр талын гэрээ хэвийн үргэлжилж байсан. Гэтэл 2013 онд И-ЫН-ын дарга, удирдлагууд бүгд солигдож удалгүй 2013 оны 02 дугаар улирлаас эхлэн Канад улсад суралцагч оюутнуудын сургалтын төлбөрийг үндэслэлгүйгээр зогсоож гэрээний үүргээ зөрчсөн. Үүний уршгаар миний дүү болон түүнтэй хамт суралцаж байсан оюутнууд байрнаасаа хөөгдөн гудамжинд гарсан төдийгүй хичээл сургуулиасаа хасагдаж ихээхэн цаг хугацаа алдахад хүрсэн байдаг.

Дээрх гэрээний 2.1-д зааснаар заасан гэрээгээр тохиролцсон хугацаанд сургалт эхлээгүй ба 2012 оны 08 дугаар сарын 14-нд Канад улсад очиж хэлний бэлтгэл нь эхэлсэн. Мөн гэрээний 2.4-т “Байгууллагын удирдлага солигдох нь энэхүү гэрээг цуцлах үндэслэл болохгүй ба гэрээний бүх заалтууд хүчин төгөлдөр байна” гэж заасан боловч тус газрын зардлаар гадаадад суралцаж буй оюутнуудын санхүүжилт болон бусад асуудалд янз бүрийн ойлгомжгүй хориг саад тулгарч улмаар 2013 оны 02 дугаар улирлаас буюу 06 дугаар сарын 01-нээс эхлэн Канад улсад суралцагч оюутнууд гэрээний 1.1-д заасан “сургалт, байр, эрүүл мэндийн даатгал, тээврийн зардал”-ыг бүрэн зогсоосон бөгөөд үүнээс болж сургуулиас хасагдаж, байрнаасаа хөөгдөж хүнд хэцүү цаг хугацаанд нэхэмжпэгч миний бие дүүгийнхээ англи хэлний сургалтын төлбөр, амьжиргаанд нийт 45 000 000 төгрөгийг шилжүүлсний дүнд тэрээр англи хэлний 9 дүгээр түвшинг хангаж гэрээнд заасан мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах нөхцөл бүрдсэн. И-ЫН-ын зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөнөөс үүдсэн хохирол 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зардлаар суралцаж, хэлний бэлтгэлийг 6 сард хангахаар талууд гэрээ байгуулсан боловч уг үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул байгууллага түүнтэй байгуулсан сургалтын гэрээгээ цуцалсан болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 31/01-12 дугаар албан шаардлагаар Б.А-оос И-ын даргын 2016 оны А/286 дугаар тушаалын дагуу Канад улсын Онтарио мужийн Торонто хотын “Жорж Браун” коллежид суралцуулахад төлсөн зардал болох 4 266 ам.долларыг буцаан гаргуулахыг үүрэг болгосон тул уг мөнгийг Б.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А  сөрөг нэхэмжпэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг анх байгуулсан цагаасаа тодорхой бус шалтгаанаар суралцах улс руугаа 08 дугаар сарын сүүлээр явснаас хэлний бэлтгэлд суух хугацаа хойшилсон, мөн 3 талт гэрээний 2.1-д заасан ...нийт 4 жил 6 сарын хугацаагаар сургалтын ...нийт зардлыг хариуцна сургана” гэснийг зөрчиж хэлний бэлтгэлийн сургалтын зардлыг зохих ёсоор төлөөгүйгээс Б.А нь хэлний бэлтгэлдээ гэрээний 3.1-д зааснаар “...өөрийн оюун ухаан, хүчин чадлаа бүрэн дайчлан суралцах” үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Мөн гэрээнд 4 жил 6 сарын хугацааны сургалтын төлбөр бусад зардлыг хариуцагч байгууллага төлөхөөр тохиролцсон бөгөөд үүнээс илүү хугацаагаар суралцах тохиолдолд бүх зардлыг суралцагч өөрөө хариуцан сурахаар заасан байна. Гэтэл суралцагч өөрийн оюун ухаан, хүчин чадлаа дайчлан, тодруулбал, хэлний бэлтгэлийн 1 левел буюу 1 түвшинг /нэг түвшин ойролцоогоор 45 хоног/ өөрийн санхүүгийн боломжиндоо тулгуурлан дүүргэж байсан нь амьдралын өртөг өндөртэй Канад улсад хэлний мэдлэг сайн биш хүнд ихээхэн хүнд хэцүү нөхцөл байдалд байсан болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 217 дугаар зүйлд зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг МУ-ын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэхээр заасан атал сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс хэдэн оны хэдэн сард шилжүүлсэн нь тодорхойгүй 4 266 ам долларыг гаргуулахаар нэхэмжилсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

“И-ын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ”-ний 4.1-д “Гэрээнд оролцогч этгээдүүдийн аль нэг нь санаачлан гэрээнд оролцогч тал нөгөө талын эрх ашгийг хохироохгүй нөхцөлөөр гэрээг цуцлах эрхтэй” гэж гэрээг ямар нөхцөлд хэрхэн, яаж цуцлах талаар заасан атал уг заалт болон хуульд заасан гэрээг цуцлах нөхцөл, журмыг зөрчиж гэрээг цуцалж, суралцахад төлсөн зардлыг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох И-ын зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээнээс учирсан хохиролд 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжпэгч Б.А-ийн үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч И-ын сургалтын тэтгэлэгт зарцуулсан 5 084 746 төгрөгийг нэхэмжпэгч Б.А аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И-ыг сөрөг нэхэмжпэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч И-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүйгээр гэрээг цуцалснаас үүдсэн хохирол нэхэмжилсэн байхад нэхэмжлэгчийг гэрээний хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас өгсөн нэхэмжлэлийн шаардлага нотолсон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн атал шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тэдгээр нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн байдлаа тусгаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн сургалтын төлбөр төлсөн баримтыг шалган нотлохгүйгээр таамаглалаар хариуцагч гэрээгээр хүлээсэн сургалтын төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатнйы шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжпэгч Б.А нь хариуцагч И-т холбогдуулан гэрээний үүрэг зөрчснөөс үүссэн хохиролд 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч, суралцуулахад төлсөн зардал 4 266 ам.доллар буюу 5 084 746 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

И нь суралцагч Б.А, батлан даагч Б.А нартай 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч И-ын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар суралцагч буюу Б.А нь Канад улсын Онтарио мужийн Торонто хотын “Жорж Браун” коллежид 2012 оны 09 дүгээр сараас 2013 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд суралцсан, энэ хугацааны зардал төлбөрт хариуцагч 4 266 ам.доллар төлсөн, улмаар суралцагч нь Канад улсын олон улсын хэлний академид суралцан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлний бэлтгэлээ хангасан үйл баримт тогтоогдсон. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь 2013 оны 03 дугаар сараас И төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан 6 сарын хугацаанд хэлний бэлтгэлийг хангах боломжгүй байснаас Канадын олон улсын академид төлбөрөө төлж, хэлний бэлтгэлд үргэлжлүүлэн суралцаж, 2016 оны 12 дугаар сарын 30-нд хэлний бэлтгэлээ хангасан, хариуцагч гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй гэж тайлбарласныг, хариуцагч 2013 оны 03 дугаар сараас хэлний бэлтгэлийн хугацаа дууссан тул санхүүжилтээ зогсоосон, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

И-ын зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “И нь Б.Ариунболдыг Канад улсын Онтарио мужийн Жорж Браун /George Brown/ коллежийн Аэродром ашиглалт мэргэжлээр бакалавар зэрэгтэйгээр 4 жил, англи хэлний бэлтгэлд 6 сар, нийт 4 жил 6 сарын хугацаагаар сургалтын, байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг зорчиж байгаа агаарын зардалд зориулан сар тутамд 300 ам.доллар буюу нийт 134 773 ам.долларын зардлыг хариуцан сургана” гэж зааснаас үзэхэд англи хэлний 6 сарын бэлтгэлийн сургалтын зардал тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.А гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 6 сарын хэлний бэлтгэлд зориулсан мөнгөн дүнг Б.А хүлээн авсан талаар маргаагүй боловч 1 сарын сургалтын төлбөрийн хэмжээг тодорхойлон тогтоож, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч И-ыг сургалтын төлбөрийг дутуу явуулсан эсвэл бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан сургуульд, тогтоосон хугацаанд  сурах боломжгүй болсон талаараа нэхэмжлэгч болон суралцагч Б.А хариуцагч И-т мэдэгдэх, мэдэгдсэний дагуу Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан журмаар гэрээндээ талууд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс гэрээний талуудын хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирлыг харилцан шаардах боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Суралцагч Б.А нь 6 сарын дотор англи хэлний бэлтгэх хангах үүргээ биелүүлээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч И нь Сангийн яамын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу суралцагч Б.А-ын сургалтын төлбөрт төлөгдсөн 4 266 ам.долларыг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэгч Б.А-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хариуцагчаа буруу тодорхойлсон гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА