Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/047

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Иргэдийн төлөөлөгч Ч.Булгамаа

Хохирогч С.Баатарсүрэн

Шүүгдэгч Д.Амарсайхан, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Амарсайханд холбогдох эрүүгийн 201705000011 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн,  Боржигон овогт Долгорын Д.Амарсайхан, /ВЖ79021615/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Амарсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Замын бууц” гэх газарт иргэн С.Баатарсүрэнтэй малын бэлчээрээс үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж, түүний зүүн хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Д.Амарсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед манай саахалт айлын С.Баатарсүрэн ганцаараа мотоцикльтой ирсэн. С.Баатарсүрэнтэй өнгөрдөг намар буюу 2016 оны 10 дугаар сард танилцаж бие биенийхээрээ орж гарч ажил төрөл байвал тусалж дэмждэг байсан. Манайх борлон, төлөгөө тусад нь ялгачихсан гэртээ ойрхон бэлчээрлүүлдэг. Тэр бэлчээрээр С.Баатарсүрэнгийн мал яваад байхаар нь малаа цаагуур бэлчээж байгаач гэж С.Баатарсүрэнд өмнө нь хэлж байсан. Хэрэг болдог өдөр хэрүүл маргаан эхлэх болсон шалтгаан нь С.Баатарсүрэн манай гэрт орж ирсэн байхдаа чи миний ядарсан ахад хэлж байхаар надад хэлэхгүй гэхээр нь би чамд хэлсэн,ахад чинь ч хэлсэн гэж хариулсан. Түүнээс болж бид хоёрын хооронд маргаан үүссэн. Тэр үед манай эхнэр гэрт байж байгаад борлон, төлгөндөө тэжээл тавьж өгөхөөр гарч явсан. Түүнээс хойш бид 2 тэр хэрүүлээсээ болж манай гэрээс гараад гэрийн гадаа хэрүүл маргаанаа үргэлжлүүлээд хоорондоо барилцаж зодолдсон. С.Баатарсүрэн намайг боож газарт унагасан тэгээд босоод дахин барилцаж аваад ноцолдож байхдаа түүний хамар руу нь толгойгоороо мөргөчихсөн чинь хамрын цус нь гоожсон. Бид 2 тэгээд болиод гэрт ороод С.Баатарсүрэн хамрынхаа цусыг тогтоож цэвэрлээд байж байтал эхнэр гаднаас орж ирсэн. С.Баатарсүрэн гэрээс гарсан. Түүнийг би дотроо явчихаж байгаа юм байхдаа гэж бодоод сууж байтал удаагүй гаднаас цагаач минь гараад ир, чамайг ална чи нутаггүй гөлөг ш дээ гэж орилсон. Тэгээд би гэрээс гарахдаа тавиур дээр байсан хутгыг аваад гарсан. Намайг гарахад тэр гартаа хүрз барьчихсан зогсож байсан. Тэр намайг харангуутаа баруун гарны хэсэгт хүрзээрээ нэг удаа цохьсон, тэгэхээр нь түүнтэй би барилцаад авсан. С.Баатарсүрэнг хутгалснаа мэдээгүй. С.Баатарсүрэнг би машинаараа сум руу авч яваад эмнэлэгт очиж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Бид хоёрын хэн нь ч архи уугаагүй байсан. Бидний асуудал бэлчээрээс болж ийм байдалд хүрлээ, хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 /

Хохирогч С.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Д.Амарсайханы гэрт ороод би миний ядарсан ахад хэлж байхаар надад хэлчихэж бай гэж хэлсэн. Тэгтэл Д.Амарсайхан танай ах болон чамд хэлсэн гэж хариу хэлээд тэрнээсээ болж маргасан. Маргаж байгаа асуудал нь төлөг, борлон бэлчээдэг газраар малаа бэлчээлээ гэж хоорондоо маргасны үүднээс хэрүүлийн эх үүсвэр болсон. Д.Амарсайхан бид 2 маргаж байгаад тэдний гэрээс гарч хоорондоо зодолдсон. Би түүний хүзүүг боогоод тэр намайг толгойгоороо мөргөсөн. Тэр үед миний хамраас цус гоожсон. Тэгэж зодолдож байгаад болиод тэдний гэрт орж хамрын цусаа цэвэрлэсэн. Анх зодолдоод цусаа цэвэрлэхдээ гадуур өмсөж явсан дээлээ тайлчихсан байсан. Д.Амарсайханыд хамрын цусаа арилгачихаад тэднийхээс гараад хажуу айлд нь орсон. Тэднийх эзэнгүй малаа тэжээхээр гарч явсан байсан. Айлаас гараад илүү гэрийн хажуугаас хүрз аваад Д.Амарсайханы гэрийн гадаа очоод гараад ир цагаач минь гэж орилсон, Д.Амарсайхан гарч ирсэн. Д.Амарсайханыг гэрээс гарч ирэхээс өмнө нь би гэрийн хаалга руу хүрзээр нэг удаа дэлссэн. Д.Амарсайханыг гэрээс гарч ирэхдээ хутгатай гарч ирснийг би мэдээгүй. Би Д.Амарсайханыг хүрзээр нэг удаа баруун гарын бугалганы гадна хэсэгт цохьсон. Тэгээд бид 2 барилцаж авсан. Түүнтэй барилцаж аваад ноцолдож байхад зүүн бөөрний орчимд халуун оргисон. Тэгэхэд хутгалуулсан гэдгээ мэдээгүй, бид 2 ноцолдож байгаад салаад гэрийн урд байх толгойн энгэрт очиж суугаад больё гэж хоорондоо ярилцсан. Д.Амарсайханы эхнэр наанаас чинь цус гарч байна гэсэн. Тэгээд дүрэгдсэн байна гэдгийг мэдсэн. Д.Амарсайханы эхнэр миний шарх гэмтлийг боож өгөөд Д.Амарсайхан өөрийнхөө машинаар намайг сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Хэрэг явдал болох үед бид хоёрын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 /

Гэрч А.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 10 цагийн орчимд манай саахалтын С.Баатарсүрэн мотоцикльтой ирэх үед манай нөхөр нүүр гараа угаагаад байж байсан. С.Баатарсүрэн манай нөхөрт хандан чи надад хэлж бай, ахад битгий хэл гэхэд нөхөр маань танайх малаа борлон бэлчээдэг газраар битгий явуулж бай гэж чамд ч ахад чинь бас хэлсэн гээд хоорондоо ам мурийх хандлагатай болж ирсэн. Тэр хоёрт хандан битгий ийм юм ярьж байгаач гэж хэлээд борлонгоо тэжээх гээд гэрээс гарсан. Намайг борлонд идэш тавьж өгч байхад С.Баатарсүрэн манай нөхөр 2 гадаа гараад ирчихсэн, маргалдаад байгаа бололтой сонсогдсон, би нүдээрээ хараагүй, борлонгууддаа тэжээл өгчихөөд буцаад гэрт орж ирэхэд хоёулаа ороод ирчихсэн, С.Баатарсүрэн нүүр гараа угаагаад сууж байсан. Тэгээд нүүр гараа угаачихаад гараад явсан. Удалгүй С.Баатарсүрэн өндөр дуугаар гараад ир цагаач минь гээд хаалга руу нэг удаа цохьсон, юугаар цохисныг нь мэдээгүй. Гэтэл манай нөхөр босч гүйгээд гэрийн зүүн талын тавиур дээрээс хар иштэй хутга бариад авсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд гэрийн үүдэнд намайг татаж унагаачихаад гараад явсан. Гэрийн гадаа юу болсныг хараагүй. Намайг босоод гарахад 2 тийшээ болж байсан. Манай нөхөр хутгаа барьчихсан, нөгөөдөх гартаа хүрз барьчихсан зогсож байсан. Манай нөхөр, С.Баатарсүрэн 2 салчихаад хамт гэрийн урд байх толгой руу алхаад нэг газар суусан. Тэндээ ярьж сууцгааж байгаад буцаад ирцгээхэд С.Баатарсүрэнгийн зүүн бөөрний орчмоос цус гарч байхаар нь үзэхэд дүрэгдсэн байсан, машинаа асаа гэж нөхөртөө хэлээд С.Баатарсүрэнгийн шархыг боож өгөөд Богд сумруу авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-32 /

Гэрч Ц.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...С.Баатарсүрэнг эмнэлэгт түүнийг хутгалсан гэх залуу нь хүргэж ирсэн. С.Баатарсүрэнгээс юу болсон талаар асуухад хажуугаас авчирсан залуу нь би хутгалчихсан юм гэж хэлсэн. С.Баатарсүрэнгийн биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, өөрөө эмнэлэгт алхаж орж ирсэн. Тэр биедээ гурван удаа хутгалуулсан байснаас баруун зүүн далны доод хэсэгт нэг нэг удаа зүүн бөөрний дээд урд хэсэгт нэг удаа иртэй үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх байсан. С.Баатарсүрэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж оёдол тавиад аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн хүлээн авах дээр авч очиж хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /

Баянхонгор аймгийн Шүухийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай

1.С.Баатарсүрэнгийн биед хэвлийд нэвтэрсэн шарх, цус хуралдалт, нурууны ар. баруун, зүүн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.Дээрх хэвлийд нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нурууны ар баруун, зүүн хэсгийн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.. гэх дүгнэлт /хх-ийн 45-46 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 017 дугаартай шинжээчийн

1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр юүдэнтэй цамцанд гарсан 1,5 см, 2,5 см, 1,7 см уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлэээр гарсан хуучин цоорхой байна. харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр юүдэнтэй цамцанд гарсан 1,5 см, 2,5 см, 1,7 см хэмжээтэй гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн нийт урт нь 25 см хэмжээтэй хар өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байж болно... гэх дүгнэлт /хх- ийн 106-107 /

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 3-5 /, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-9, 22-23, 102-105 /, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 17-18/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20/, шүүгдэгч Д.Амарсайханы иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 93-94/, Богд сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.01.22-ны өдрийн 91 тоот тодорхойлолт /хх-ийн 92/, Хохирогч С.Баатарсүрэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 47-74/, шүүгдэгч Д.Амарсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Д.Амарсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Замын бууц” гэх газарт иргэн С.Баатарсүрэнтэй малын бэлчээрээс үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж, түүний зүүн хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Д.Амарсайханы ...гэрийн гадаа хэрүүл маргаанаа үргэлжлүүлээд хоорондоо барилцаж зодолдсон. С.Баатарсүрэн намайг боож газарт унагасан тэгээд босоод дахин барилцаж аваад ноцолдож байхдаа түүний хамар руу нь толгойгоороо мөргөчихсөн чинь хамрын цус нь гоожсон..., ... гаднаас цагаач минь гараад ир, чамайг ална чи нутаггүй гөлөг гэж орилсон, би гэрээс тавиур дээр байсан хутгыг аваад гарахад тэр гартаа хүрз барьчихсан намайг харангуутаа баруун гарны хэсэгт хүрзээрээ нэг удаа цохьсон, түүнтэй би барилцаад авсан С.Баатарсүрэнг хутгалснаа мэдээгүй.... мэдүүлэг /хх –ийн87-88/,

хохирогч С.Баатарсүрэнгийн... Д.Амарсайханыг гэрээс гарч ирэхдээ хутгатай гарч ирснийг би мэдээгүй, би хүрзээр нэг удаа баруун гарын бугалганы гадна хэсэгт цохиод бид 2 барилцаж аваад ноцолдож байхад зүүн бөөрний орчимд халуун оргисон, тэгэхэд хутгалуулсан гэдгээ мэдээгүй..., / хх -ийн 25-26 /,

гэрч А.Оюуны... манай нөхөр зүүн талын тавиур дээрээс хар иштэй хутга бариад гэрийн үүдэнд намайг татаж унагаачихаад гараад явсан. Гэрийн гадаа юу болсныг хараагүй, намайг босоод гарахад 2 тийшээ болж байсан. Манай нөхөр хутгаа барьчихсан, нөгөөдөх гартаа хүрз барьчихсан зогсож байсан.... / хх -ийн 28-32 /,

гэрч Ц.Дэлгэрмөрөнгийн.... тэр биедээ гурван удаа хутгалуулсан байснаас баруун зүүн далны доод хэсэгт нэг нэг удаа зүүн бөөрний дээд урд хэсэгт нэг удаа иртэй үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх байсан…. / хх-ийн 33-34 /гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгүүд,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаар дүгнэлт / хх-ийн 45-46/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаар дүгнэлт / хх-ийн 77-76 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 017 дугаар дүгнэлт / хх-ийн 106-107/, хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Амарсайханд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Амарсайханг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч Д.Амарсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1100000 төгрөгийг баримтгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Баатарсүрэн нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Амарсайхан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч С.Баатарсүрэнд гэмт хэрэг үйлдсэн даруйдаа эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9, 55.1.10 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Амарсайханд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Хохирогч С.Баатарсүрэнгийн зүй бус харьцааны улмаас тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн.

Шүүгдэгч Д.Амарсайхан нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан учир шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Амарсайханы эзэмшлийн “...4 ханатай монгол гэрийг... битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийнтогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч Д.Амарсайхан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн юүдэнтэй цамц нэг ширхэг, хар иштэй хутга нэг ширхэг, модон иштэй төмөр хүрз нэг ширхэгийг тус тус устгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Долгорын Амарсайханг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Д.Амарсайханг гурван жил дөрвөн сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Амарсайханд оногдуулсан гурван жил дөрвөн сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн юүдэнтэй цамц нэг ширхэг, хар иштэй хутга нэг ширхэг, модон иштэй төмөр хүрз нэг ширхэгийг тус тус устгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Амарсайхан нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Амарсайханы эзэмшлийн “...4 ханатай монгол гэрийг... битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч Д.Амарсайханд буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Д.Амарсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Амарсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА

                 ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ

                               Д.БАТЦЭНГЭЛ