Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 173

 

Д.Амарсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар магадлалтай, 201705000011 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Долгорын Амарсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Амарсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Амарсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Амарсайханы өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Д.Амарсайханд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 95 дугаар зүйлийн 95.2, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хохирогч гэх Баатарсүрэн нь ялтан гэх Д.Амарсайханы гэрт ирж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, хоёр удаагийн үйлдлээр эрх чөлөөнд нь зэвсэг барин халдаж Д.Амарсайханыг “нутаггүй, цагаач, гуйлгачин” гэж хүндээр доромжлох үед Д.Амарсайхан амьд явах, халдашгүй эрхээ хамгаалж сэтгэл санаа нь хүчтэй цочирсны улмаас С.Баатарсүрэнгийн бие махбодид гэмтэл учруулсан. Д.Амарсайханы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар гэмт хэрэгт тооцогдохгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.Амарсайханд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Д.Амарсайхан нь С.Баатарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан, түүний зүүн хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Харилцан маргалдсан хэдий ч хохирогчийн довтолгоон дууссаны дараа түүнийг хутгалсан байгаа учраас Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Амарсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Замын бууц” гэх газарт С.Баатарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн хэвлий тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Д.Амарсайханы гэмт үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, материаллаг хохирлоо төлж барагдуулсан үндэслэлээр хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын хэмжээг 3 жил 4 сар 1 хоног болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Аргагүй хамгаалалт хийх эрх нь санаандгүй буюу болгоомжгүйгээр бусдыг өдөөн хатгасан, эсхүл өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас өөрт нь болон бусдад чиглэсэн хууль бус бодитой довтолгооны эсрэг үүсдэг, харин Д.Амарсайхан нь С.Баатарсүрэнтэй маргалдаж, зодолдсон үйлдэл дууссаны дараа С.Баатарсүрэн гэрийн гадаа ирж “гараад ир цагаач минь” гэж хашгирахад буюу амь насанд аюултай довтолгоон бодитойгоор тулгараагүй байхад гэрээсээ хутга авч гаран С.Баатарсүрэнг хутгалсан нь аргагүйдсэн довтолгооны эсрэг чиглэсэн хамгаалалт гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн “аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                                 ШҮҮГЧ                                                                Д.ГАНЗОРИГ