Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02834

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02834

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 000 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “Б” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2018/4 дугаартай “Наадамчдын замын уулзвараас яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто замын ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ холбооны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч “Т” ХХК нь холбооны ажил гүйцэтгэх, захиалагч “Б” ХХК нь ажлын хөлсөнд 29 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

 

Ажил гүйцэтгэх гэрээнд төлбөрийг 30, 40, 30 хувиар тооцож олгохоор заасан бөгөөд манай компани нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлыг хариуцагчид актаар хүлээлгэж өгсөн. Гэтэл “Б” ХХК нь өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөөгүй. Гэрээний төлбөрийг нэхэмжлэхэд “...санхүүжилт орж ирээгүй” гэдэг байсан бөгөөд одоо харин “...төлөхгүй” гэх болсон.

 

Иймд “Б” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь замын ажил хийж гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан. Уг ажлын хүрээндТ” ХХК-тай холбооны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Ажлын хамгийн сүүлийн гүйцэтгэл 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд хийгдсэн ажлуудын төсөв нь 21 317 345 төгрөг болсон үндэслэлээр манайд санхүүжилтийг нь олгосон. Энэ мөнгөнөөс суутган тооцох давтагдашгүй эрхийн зардал, норм нормативын зардал, зураг төсөл зохиогчийн эрхийн зардлыг хасаад ажлыг улсын комисст 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн.

 

Барилгын тухай хуульд зааснаар барьцаа хөрөнгө 5 хувь болох 1 656 672 төгрөг 3 жилийн хугацаанд авч үлддэг. Мөн суутган тооцох зардал нь 19 652 529 төгрөгийн ажил хийгдсэн гэж баталгаажуулсан.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 4 хэсэг ажлаас эхний ажлыг огт хийгээгүй. Учир нь, энэ ажлыг өөр барилга барихад өмнө нь хийсэн байсан тул хийх шаардлагагүй байсан. Иймд нэхэмжлэгчийг 19 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 29 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэн, актаар хүлээлгэн өгсөн” гэж тодорхойлсон. Хариуцагч нь уг шаардалагын зарим хэсгийг “...нэхэмжлэгч зарим ажлыг хийж гүйцэтгээгүй, ...21 317 345 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, ...ажлын хөлснөөс 5 хувийг суутган санхүүжүүлнэ” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2018/01 дугаартай “Наадамчдын замын уулзвараас яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто замын ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ холбооны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй.

 

Гэрээний 1.1, 1.3, 2.4, 4.2-т зааснаар туслан гүйцэтгэгч “Т” ХХК нь наадамчдын замын уулзвараас яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто замын холбооны ажлыг технологийн иж бүрэн цогцоор нь хийж гүйцэтгэж, ажлыг хүлээлгэн өгөх, ерөнхий гүйцэтгэгч “Б” ХХК нь ажлыг хүлээн авч, ажлын хөлсөнд 29 000 000 төгрөгийг туслан гүйцэтгэгч “Т” ХХК-д төлөхөөр заажээ. Уг гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгөх, хариуцагчид ажлын үр дүнг хүлээн авч, хөлсөнд 29 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг талуудад тус тус үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд мөн зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг мөн хуулийн 353 дугаар зүйлд заасан эрхийн болон биет байдлын доголдолгүй хийж гүйцэтгэснээ, харин хариуцагч нь түүнийг үгүйсгэснээ баримтаар тус тус нотлох үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно. Гэрээнд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг заагаагүй байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн В75/18 дугаар техникийн актаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг талууд хүлээлцсэн байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан бөгөөд гэрээний 4.2-т гүйцэтгэлийн санхүүжилт ерөнхий гүйцэтгэгчийн дансанд орсноос хойш бараа материал, татвар хураамжийн төлбөр тооцоог тулган үзэж, тооцоо нийлсний дараа гүйцэтгэгчид санхүүжилтийг 30, 40, 40 хувиар олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч ажлыг хүлээн авсан боловч гэрээний 4.2-т заасан арга, журам, хугацаагаар гэрээний төлбөрийг төлөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлс болох 29 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан боловч нэхэмжлэгчид хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлс 29 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нөгөөтээгүүр, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлын зарим хэсгийг хийж гүйцэтгээгүй гэх боловч уг татгалзлаа баримтаар нотолж чадахгүй байхаас гадна уг татгалзал нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн В75/18 дугаартай, “Шинээр угсарсан холбооны кабель шугамын байгууламжийг хотын телефон сүлжээнд холбохоор ашиглалтад хүлээн авсан техникийн акт”, “холбооны кабель шугамын сувагчлалын угсралтын далд ажлын акт”, “кабель шөрмөсний залгаа хийсэн далд ажлын акт” болон 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/16/20 дугаартай, “авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах хэсгийн дүгнэлт”, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй авто замын барилгын ажлын 2020 оны гэрээ дүгнэсэн акт” зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам болон гүйцэтгэгч “Б” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “наадамчдын уулзвараас яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэл 4”-т холбооны шугамын ажлын үнийг 21 694 043 төгрөг гэж заасан нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний үнийг тодорхойлсон гэж үзэхгүй. Мөн захиалагчаас ерөнхий гүйцэтгэгч буюу хариуцагчид холбооны шугамын ажлын хөлсөнд 21 317 345 төгрөгийг гүйцэтгэлээр олгосон нь хариуцагчийг 29 000 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргээс хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Гэрээний 4.7-д “гүйцэтгэгч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааг хугацааны 5 хувийг суутган тооцож санхүүжүүлнэ” гэж заасан байх бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна” гэжээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хариуцагчид 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байх тул хуульд заасан нэг жилийн хугацаа дууссан гэж үзэхээр байна. Иймд гэрээний үнээс баталгаат хугацааны 5 хувийг суутгах талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.   

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 29 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 29 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН