Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00042

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/02834 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Төмөр, түүний өмгөөлөгч П.У, хариуцагчийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь Б ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2018/4 дугаартай Н замын уулзвараас Б автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто замын ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ холбооны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч Т ХХК нь холбооны ажил гүйцэтгэх, захиалагч Б ХХК нь ажлын хөлсөнд 29 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд төлбөрийг 30, 40, 30 хувиар тооцож олгохоор заасан бөгөөд манай компани нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлыг хариуцагчид актаар хүлээлгэж өгсөн. Гэтэл Б ХХК нь өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөөгүй. Иймд Б ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь замын ажил хийж гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан. Уг ажлын хүрээнд Т ХХК-тай холбооны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Ажлын хамгийн сүүлийн гүйцэтгэл 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд хийгдсэн ажлуудын төсөв нь 21 317 345 төгрөг болсон үндэслэлээр манайд санхүүжилтийг нь олгосон. Энэ мөнгөнөөс суутган тооцох давтагдашгүй эрхийн зардал, норм нормативын зардал, зураг төсөл зохиогчийн эрхийн зардлыг хасаад ажлыг улсын комисст 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн. Барилгын тухай хуульд зааснаар барьцаа хөрөнгө 5 хувь болох 1 656 672 төгрөг 3 жилийн хугацаанд авч үлддэг. Мөн суутган тооцох зардал нь 19 652 529 төгрөгийн ажил хийгдсэн гэж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 4 хэсэг ажлаас эхний ажлыг огт хийгээгүй. Учир нь, энэ ажлыг өөр барилга барихад өмнө нь хийсэн байсан тул хийх шаардлагагүй байсан. Иймд нэхэмжлэгчийг 19 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 29 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.  

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Б ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Н замын уулзвараас Б шинэ эцсийн автобусны буудал хүртэлх хатуу хучилттай авто замыг барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлын хүрээнд авто замын трассд өртсөн холбооны шугам сүлжээг хүчитгэх буюу ган турба суурилуулах, худаг нэмж байгуулах, түвшин доошлуулж 1м гүний сувагчлал байгуулах 4 хэсэг ажлыг хийж гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгч Т ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Ажил гүйцэтгэх явцад гүйцэтгэгч байгууллагуудаас шалтгаалахгүй нөхцөл байдал /үерийн ус зайлуулах шугам шинээр хийх/ улмаас ажлыг он дамжин гүйцэтгэж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/16/20 дугаартай улсын комиссын актаар байнгын ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Хийгдсэн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан баримт үе шатны хуваарийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Туслан гүйцэтгэгч Талыншандас ХХК нь ажлын зураг, гэрээнд заасан 4 хэсэг ажлаас 1-р хэсгийн ажлыг огт хийгээгүй, 2-р хэсэгт авто зам хөндлөн 25 у.м хос ган турбаг түвшин доошлуулж шинээр суулгах, 2 худаг шинээр суулгах ажлыг зурагт зааснаас дутуу буюу 10 у.м ган турбаг суулгаж, 2 худгийг хийж гүйцэтгэснийг ажлын зураг болон фото зургаар баталгаажуулж нотлох баримтаар хүргүүлсэн, мөн хэрэгт авагдсан В75/18 дугаартай Шинээр угсарсан холбооны кабель шугамын байгууламжийг хотын телефон сүлжээнд холбохоор ашиглалтад хүлээлгэн авсан техникийн акт, холбооны кабель шугамын сувагчлалын угсралтын далд ажлын акт, кабель шөрмөсний залгаа хийсэн далд ажлын акт-аар ажлыг бүрэн хийсэн нь нотлогдохгүй зарим актад захиалагч талаас гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад дээр дурдсан 2 хэсэг ажлыг хийсэн мэтээр ойлгуулж, нотлох баримтыг дутуу үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхээс хариуцагч Б ХХК-аас 29 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 19 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Т ХХК, Б ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2018/04 дугаартай Н замын уулзвараас Б автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто замын ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ холбооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр туслан гүйцэтгэгч Т ХХК нь Н замын уулзвараас Б автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто замын холбооны ажлыг технологийн иж бүрэн цогцоор нь хийж гүйцэтгэж, ажлыг хүлээлгэн өгөх, ерөнхий гүйцэтгэгч Б ХХК нь ажлыг хүлээн авч, ажлын хөлсөнд 29 000 000 төгрөгийг туслан гүйцэтгэгч Т ХХК-д төлөхөөр тохиролцсон байна. /хх 7-11/

 

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд талууд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөх тухай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн В75/18 дугаар Шинээр угсарсан холбооны кабель шугамын байгууламжийг хотын телефон сүлжээнд холбохоор ашиглалтад хүлээн авсан техникийн акт, Холбооны кабель шугамын сувагчлалын угсралтын далд ажлын акт, Кабель шөрмөсний залгаа хийсэн далд ажлын акт-ыг үйлдэж захиалагч ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан байна. /хх 12-15/ Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасны дагуу ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Захиалагч буюу хариуцагч Б ХХК нь ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажил гүйцэтгэгч буюу Т ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй бөгөөд захиалагч Б ХХК нь ажлын үр дүнг хүлээж авсан атлаа ажлын хөлс төлөөгүй байх тул анхан шатны шүүх ажлын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч байгууллага Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 4 хэсэг ажлаас эхний ажлыг огт хийгээгүй. Учир нь, энэ ажлыг өөр барилга барихад өмнө нь хийсэн байсан тул хийх шаардлагагүй байсан. Иймд нэхэмжлэгчийг 19 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч Б ХХК-аас 29 000 000 төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн ... нэхэмжлэгч байгууллага ...зарим ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлыг бүрэн хийсэн нь нотлогдоогүй, зарим актад захиалагч талаас гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэсэн гомдлыг хангах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/02834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО