Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/02892

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. дүүрэг, ....дүгээр хороо, , .... дугаар давхар, ....тоотод байрлах, “А” ХХК /РД:....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............дүүрэг, ........дугаар хороо, Сөүлийн гудамж ..../8, “Б” ХХК, ....дугаар давхарт байрлах, “Б” ХХК /РД:..../-д холбогдох,

 

4 000 000 төгрөг гаргуулах үндсэн,

2 598 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гэрч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь “Б” ХХК”-тай ...... оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Оффисын талбай түрээслүүлэх гэрээ” байгуулж, 235 м.кв талбайг нэг сарын 4 000 000 төгрөгөөр түрээсэлсэн ба барьцаанд 4 000 000 төгрөгийг “Б” ХХК-д шилжүүлсэн.

 

Манай компани гэрээний хугацаа дуусахад гэрээнд заасны дагуу оффисын талбайг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Бид түрээслэх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Гэрээнд заасны дагуу байрыг хүлээлгэж өгсөн боловч акт үйлдэх боломжгүй, холбогдох хүмүүс нь байхгүй байсан тул н.Одгэрэл гэх  санхүүгийн албаны хүнд хүлээлгэн өгч, .... оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Ийнхүү гэрээнд заасны дагуу шилжүүлсэн барьцаа болох 4 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардахад бидэнд уг мөнгийг буцааж өгөөгүй.

 

Иймд “Б” ХХК-иас барьцаа 4 000 000 төгрөгийг гаргуулж өгөн үү гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь “А” ХХК-тай ...... оны 02 дугаар сарын 12-ний өдөр “оффисын талбай түрээслүүлэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 1.1-т заасны дагуу түрээсийн зүйл болох 235 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээслүүлэх зорилготой байсан. Түүнчлэн, гэрээний 1.2-т “Түрээслэгч нь түрээсийн байрыг зөвхөн оффисын зориулалтаар ашиглана” гэж заасан.

 

 

Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК нь түрээсийн байрыг оффисын зориулалтаар бус, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйлчилгээний зориулалтаар ашигласны улмаас түрээсийн байрны хана, тааз, шаланд ердийн элэгдэл хорогдлоос их хэмжээний элэгдэл, эвдрэл гэмтэл үүсгэсэн. Мөн гэрээний 7.3.3, 9.1.2 болон 9.1.3-т заасныг зөрчиж, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барилгын хийц, зохион байгуулалтад их хэмжээний өөрчлөлт, засвар оруулсан, хана, таазанд нүх гаргаж өрөмдсөн.

 

Түрээслэгч “А” ХХК нь оффисын барилгыг буцаан хүлээлгэж өгөхдөө дээрх зөрчил, гэм хорыг арилгаагүй тул гэрээний 5.5-т заасны дагуу учруулсан гэм хор, хохирлыг барьцаа хөрөнгө болох 4 000 000 төгрөгөөр гаргуулахаас өөр аргагүйд хүрсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь “А” ХХК-тай ...... оны 02 дугаар сарын 12-ний өдөр “Оффисын талбай түрээслүүлэх гэрээ”-г ...... оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс ........ оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусах үед талууд гэрээний хугацааг дуусгавар болгох санал тавиагүй тул гэрээнд заасны дагуу түрээсийн гэрээ дахин нэг жилээр хугацаагаар сунгагдсан.

 

“А” ХХК-ийн зүгээс ........ оны 6 дугаар сарын 13-ний өдөр “Түрээсийн гэрээ цуцлах тухай” 2/249 дугаар албан бичгийг “Б” ХХК-д ирүүлж гэрээнд заасны дагуу 30 хоногийн өмнө гэрээгээ дуусгавар болгохыг мэдэгдсэн тул гэрээ ........ оны 7 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл “А” ХХК нь ........ оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн бөгөөд ........ оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 13 хоногийн түрээсийн төлбөр 1 733 000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Мөн түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсний алданги 865 500 төгрөг, нийт 2 598 500 төгрөгийг гэрээний үүрэгт төлөөгүй байна.

 

“А” ХХК нь түрээсийн гэрээний 7.3.3, 9.1.2 болон 9.1.3-т заасныг зөрчиж түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барилгын хийц, зохион байгуулалтад ердийн элэгдэл хорогдлоос их хэмжээний өөрчлөлт, засвар оруулж, түрээсийн байрны плитан шаланд олон тооны нүх гарган өрөмдөж, нийт 5 231 750 төгрөгийн хохирол учруулсан. Тус 5 231 750 төгрөгийн хохирол дээр дээрх 2 598 500 төгрөгийг нэмэхэд 7 830 250 төгрөг болж байна.

 

Иймд дээрх 7 830 250 төгрөгөөс гэрээнд заасан барьцаа 4 000 000 төгрөгийг хасаад, үлдэх 3 830 250 төгрөгийн 1 231 750 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2 598 500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чшүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн зүйлд 5 231 750 төгрөгийн хохирол учруулаагүй. Түүнчлэн, бид хариуцагч талд гэрээний зүйлийг ........ оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн тул мөн оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 1 733 000 төгрөг болон алданги 865 500 төгрөг, нийт 2 598 500 төгрөгийг гэрээний үүрэгт төлөх үндэслэлгүй. Иймд хариуцагч нь гэрээнд заасан барьцаа 4 000 000 төгрөгийг суутган тооцсон нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан 2 598 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэв.

 

1.    4 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний үүргийг зөрчөөгүй тул барьцаа 4 000 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон, хариуцагч нь уг шаардлагыг “...нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж эд хөрөнгөнд хохирол учруулсан тул, мөн түрээсийн дутуу төлбөр болон алдангиас барьцаа 4 000 000 төгрөгийг суутган тооцно” гэж үгүйсгэн маргажээ.

 

Талуудын хооронд ...... оны 02 дугаар сарын 12-ны өдөр “оффисын талбай түрээслэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Гэрээний 1.1, 2.1, 4.1-д зааснаар түрээслүүлэгч “Б” ХХК нь ............дүүрэг, 2 дугаар хороо, ..................... хаягт байрлах, “Б” ХХК-ийн байрны 2 дугаар давхрын 235 м.кв талбайг оффисын зориулалтаар, түрээслэгч “А” ХХК-д ...... оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс ........ оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл түрээслүүлэх, түрээслэгч “А” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 4 000 000 төгрөгийг түрээслүүлэгч “Б” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна. Талуудын дээрх тохиролцоо болон гэрээний зүйл, зориулалт, эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд заасан оффисын зориулалттай, 235 м.кв талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх, нэхэмжлэгч нь уг оффисын зориулалттай талбайг ашигласны төлбөрт нэг сарын 4 000 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтоох бөгөөд гэрээний 2.1-д зааснаар талууд гэрээг ...... оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс ........ оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн хорин долдугаар бүлэгт түрээсийн гэрээний хугацааг сунгах журмыг заагаагүй байх тул мөн хуулийн 296 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэнэ.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа ........ оны 3 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон боловч талуудын хэн аль нь гэрээг сунгах талаар санал гаргаагүй байхаас гадна нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хариуцагч татгалзаагүй үйл баримт талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг тодорхой бус хугацаагаар гэрээнд заасан нөхцөлөөр сунгасанд тооцно. Харин гэрээний 2.2-т нэхэмжлэгч гэрээг сунгах эсэх талаар хариуцагчид мэдэгдээгүй бол гэрээг 1 жилийн хугацаагаар сунгасанд тооцохоор заасан нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх заалтад нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд гэрээ дуусгавар болно. Гэрээний 11.1-д талуудын аль нэг тал гэрээг дуусгавар болгох, цуцлах саналаа нөгөө талдаа 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь ........ оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2/249 дүгээр албан бичгээр 30 хоногийн өмнө гэрээг дуусгавар болгох саналаа хариуцагчид мэдэгдсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд талуудын хооронд тодорхой бус хугацаагаар сунгагдсан түрээсийн гэрээний хугацаа ........ оны 7 дугаар сарын 13-ны өдрөөр цуцлагдсан буюу дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэрээний 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний заалтыг зөрчиж хариуцагчид учруулсан аливаа хэлбэрийн хохирлыг нөхөн төлөх зорилгоор 4 000 000 төгрөгийг гэрээний үүргийн барьцаа болгож хариуцагчид шилжүүлэхээр заасан байх бөгөөд уг 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээний 5-д заасан барьцаагаар хангах хохиролд гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түрээсийн зүйлд гэмтэл учирсан зэрэг тохиолдлыг хамааруулсан байхаас гадна нэхэмжлэгч гэрээний зүйлийг ашиглах явцад тааз, ханын эмульс, шалны дрож, хивс цэвэрлэгээг хийхэд гарах зардал болон ажлын хөлсийг уг барьцаа 4 000 000 төгрөгөөс тус тус суутган тооцохоор тусгажээ. Уг зохицуулалтаас үзвэл талууд гэрээнд хэдийгээр барьцаа гэж тусгасан боловч энэ нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлд заасан дэнчингийн шинжийг агуулсан байна.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.2-т зааснаар дэнчин нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг төрлийн арга бөгөөд мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэдэг.

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-т зааснаар дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно. Өөрөөр хэлбэл, үндсэн үүргийн гүйцэтгэлийн хэмжээ буюу гэрээний үүргийн зөрчлийн болон хохирлын хэмжээ баримтаар тогтоогдсон нөхцөлд дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээдэг. Гэтэл дээрх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байхад хариуцагч нь тэргүүн ээлжид буюу “...нэхэмжлэгч түрээсийн зүйлийг ашиглах явцдаа шалны плитанд 5 231 750 төгрөгийн хохирол учруулсан, мөн түрээсийн төлбөрт 1 733 000 төгрөг дутуу төлсөн, уг төлбөрийн алданги 865 500 төгрөг, нийт 7 830 250 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг суутган тооцно” гэх үндэслэлээр  дэнчинг буцаан төлөхгүй талаар татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар дэнчинд тооцон хариуцагчид шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг түүнээс буцаан шаардах эрхтэй байна.

 

2. 2 598 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцаг нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...нэхэмжлэгч нь ........ оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 13 хоногийн түрээсийн төлбөр 1 733 000 төгрөг, алданги 865 500 төгрөг, нийт 2 598 500 төгрөг төлөөгүй, ...түрээсийн байрны плитан шаланд олон тооны нүх гарган өрөмдөж, нийт 5 231 750 төгрөгийн хохирол учруулсан. Нийт 7 830 250 төгрөгөөс дэнчин 4 000 000 төгрөгийг хасаад, үлдэх 3 830 250 төгрөгийн 1 231 750 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2 598 500 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь сөрөг шаардлагыг “...хариуцагчид хохирол учруулаагүй, ...13 хоногийн түрээсийн төлбөр болон алданги төлөх үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Талууд ........ оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн талаар маргаагүй бөгөөд харин ........ оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн асуудлаар маргасан.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд гэрээний зүйлийг ........ оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгснөө баримтаар нотолж чадахгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар ........ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлагдсан буюу дуусгавар болсон ........ оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 1 733 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээний 10.1-д алдангийн талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгтэй нийцсэн байна. Гэрээ дуусгавар болсон ........ оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 1 733 000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч гэрээнд зааснаар алданги 865 500 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 326.2-т зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно.

 

Хэдийгээр гэрээний 9.1.3-т зааснаар оффисын барилгын шал, багана, ханыг зориулалтын бус зүйлээр нүхлэх болон нэмж хана, хаалтыг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хийхийг түрээслэгчид хориглосон байх боловч нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ашиглах явцад шилэн хаалт хийхийн тулд шалны плитанд тодорхой тооны нүх гаргасныг ердийн элэгдлээс муутгасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтүүдээр шалны плитанд нүх гаргасны улмаас 819 000 төгрөгийн, мөн 1 370 880 төгрөгийн, мөн 1 065 100 төгрөгийг хохирол учирсан гэх боловч энэ нь ердийн элэгдэлд тооцогдохоор байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар шалны плитанд тодорхой тооны нүх гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчээс хохирол шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2 598 500 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Талуудын хүсэлтээр шүүх нийт 3 удаа шинжээч томилсон бөгөөд шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн зардалд 100 000 төгрөг, шинжээч “Итгэлт эстимэйт” ХХК-ийн шинжээчийн зардалд 100 000 төгрөг, шинжээч “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн зардалд 264 000 төгрөг тус тус гарсан байх бөгөөд талуудын хэн аль нь шинжээчийн дээрх зардлыг төлөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардлыг талуудад хуваарилав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас 2 598 500 төгрөг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 56 526 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгчээс 50 000 төгрөг, хариуцагчаас 50 000 төгрөг тус тус гаргуулж шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д, нэхэмжлэгчээс 50 000 төгрөг, хариуцагчаас 50 000 төгрөг тус тус гаргуулж шинжээч “Итгэлт эстимэйт” ХХК-д, нэхэмжлэгчээс 132 000 төгрөг, хариуцагчаас 132 000 төгрөг тус тус гаргуулж шинжээч “Гэрэгэ эстимэйт” ХХК-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН