Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1525

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01495 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А-” ХХК-ийн хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зохигч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Оффисын талбай түрээслүүлэх гэрээ байгуулж, 235 м.кв талбайг сарын төлбөрт 4 000 000 төгрөг байхаар тохирон түрээсэлсэн. Түрээсийн барьцаа болгож 4 000 000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусч манайх гэрээнд заасны дагуу оффисын талбайг хүлээлгэж өгсөн. Түрээслэх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Гэрээнд заасны дагуу байрыг хүлээлгэж өгсөн боловч акт үйлдэх боломжгүй, холбогдох хүмүүс байхгүй гээд Одгэрэл санхүүгийн албаны хүнд хүлээлгэн өгч 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Манайх барьцаа 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл өгсөн ч нягтлан мөнгө байхгүй шалтгаан хэлж уг барьцааг өгөөгүй тул 4 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Оффисын талбай түрээслүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1-т заасны дагуу түрээсийн зүйл болох 235 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээслүүлэх зорилготой байсан. Гэрээний 1.2-т Түрээслэгч нь түрээсийн байрыг зөвхөн оффисын зориулалтаар ашиглана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь оффисын зориулалтаар бус, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйлчилгээний зориулалтаар ашигласны улмаас түрээсийн байрны хана тааз, шаланд ердийн элэгдэл хорогдолоос их хэмжээний элэгдэл, эвдрэл гэмтэл үүссэн. Гэрээний 7.3.3, 9.1.2 болон 9.1.3-т заасныг зөрчиж түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барилгын хийц, зохион байгуулалтад их хэмжээний өөрчлөлт, засвар оруулсан, хана таазанд нүх гаргаж өрөмдсөн. Түрээслэгч нь оффисын барилгыг буцаан хүлээлгэж өгөхдөө дээрх зөрчил, гэм хорыг арилгаагүй тул гэрээний 5.5-т заасны дагуу учруулсан гэм хор, хохирлыг барьцаа хөрөнгө болох 4,0 сая төгрөгөөр гаргуулахаас өөр аргагүйд хүрсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Б-” ХХК-иас /РД:2738511/ түрээсийн гэрээний барьцаа 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан, “А-” ХХК-д /РД:5152186/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 78,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4-т зааснаар түрээсийн гэрээнээс учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзалаа түрээсийн гэрээний 5.5 дахь заалтаар үндэслэсэн. Түрээсийн гэрээний 5.5 дахь заалтад “Түрээслэгч энэхүү гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, эсвэл өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Түрээслүүлэгчид болон түрээсийн байранд гэм хор, хохирол учруулсан тохиолдолд Түрээслүүлэгч учирсан хохирлоо энэхүү гэрээний 5.1-д заасан барьцаанаас гаргуулан авах бөгөөд ийнхүү төлүүлэхэд барьцаанд хадгалуулсан мөнгө хүрэлцэхгүй бол Түрээслүүлэгчийн бусад хөрөнгөөр нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Хариуцагч татгалзалд дурдсан хохирлоо гэрэл зургаар баталгаажуулж, зах зээлийн ханшаар хохирлын үнийн дүнг тодорхойлсноо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа тодорхой илэрхийлсэн. Харин шүүгч хэргийг шийдвэрлэхдээ “Хариуцагч учирсан хохирлоо шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ” гэж дүгнэхдээ дараах алдааг гаргасан гэж хариуцагч үзэж байна. Үүнд “Түрээсийн байрыг ердийн элэгдлээс илүү муутгасан нь учирсан хохирол биш, харин учрах хохирол бөгөөд тухайн хохирлыг арилгах зардал түрээслүүлэгчээс гарснаар тухайн гарсан зардлыг л учирсан хохиролд тооцно” гэж шүүгч дүгнэсэн. Шүүгч энэхүү дүгнэлтийнхээ хүрээнд хариуцагч учирсан хохирлоо шаардаагүй, хариуцагчийн тайлбарт хэлж буй зүйл бол ирээдүйд учрах хохирол байна, тиймээс учирсан хохирол шаардсан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэнийгээ шүүх хуралдааны төгсгөлд хэлсэн. Шүүгчийн энэхүү дүгнэлт нь гэм хор, хохирлыг учирсан гэж ойлгох иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй байгаа бөгөөд хохирол болон хохирлыг арилгах зардал хоёр нь өөр ойлголтууд юм. Хариуцагч түрээсийн гэрээний 5.5-д заасан эрхээ хэрэгжүүлсэн байтал шүүгч сөрөг нэхэмжлэл гаргах замаар л энэхүү эрхээ хэрэгжүүлнэ гэж үзсэн нь түрээсийн гэрээний 5.5 дахь заалтаар олгогдсон хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2. дах хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ”, мөн тус хуулийн “12.1.1 эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж зааснаас үзвэл эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээдийн эрхээ сэргээлгэхээр гаргасан шаардлагыг нэхэмжлэл гэж үзэхээр байна. Гэтэл хариуцагчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг гэрээний дагуу барьцаалуулсан хөрөнгийн хэмжээгээр нэхэмжлэгч арилгасан буюу хариуцагч хохиролгүй болсон гэж үзэж нэхэмжлэгчээс аливаа хохирол нөхөн төлөхийг шаардаагүй байхад заавал сөрөг нэхэмжлэл гаргах замаар хохирлоо нөхөн төлүүлнэ гэж шүүгч үзсэн нь гэрээний 5.5 заалтаар олгогдсон хариуцагчийн эдлэх эрхийг зөрчсөн. Учир нь гэрээний 5.5 дахь заалтын агуулгаас харвал хариуцагч нь түрээсийн байранд нэхэмжлэгчийн учруулсан хохирлыг заавал шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр барьцаанаас шууд гаргуулан авах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу барьцааны мөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэн бөгөөд ийнхүү шилжсэнээр хариуцагч хохиролоо барьцаа мөнгөний хэмжээгээр нөхөн төлүүлсэнд тооцогдоно. Түрээсийн гэрээний 5.5 дахь заалт нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, битүүмжлэх зорилготой заалт биш тул хариуцагч өөрийн татгалзлыг хариу тайлбар хэлбэрээр гаргахад хангалтай байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу Хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч хэрэв сөрөг нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд хариуцагчийн татгалзал болон түүний дагуу гаргасан нотлох баримт, гэрээний заалтад үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй гэдгийг шүүгч хариуцагчид тайлбарлаж өгөөгүй, хуралдааныг хойшлуулж сөрөг нэхэмжлэл гаргах бололцоогоор хангаагүй. Гэтэл сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргаагүй учраас шүүгч хэргийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг хариуцагч зөвхөн шүүх хуралдааны шийдвэр гарсаны дараа мэдэх бололцоотой байсан. Энэ нь хариуцагчийн шүүх хуралдаанд эрх тэгш оролцох, татгалзал гаргах, нотлох баримт гаргах, тайлбарлах, мэтгэлцэх хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Дээрх бүхний дүнд шүүгч учирсан хохирлоо шаардаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэдэг үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг хэрэг шийдвэрлэхэд огт харгалзан үзэхгүйгээр буюу хариуцагчийн татгалзлыг тодруулж, дүгнэлт өгөхгүйгээр, хэргийн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, нотлох баримтыг үнэлэхгүйгээр, гэрээний 5.5 дахь заалтад дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. “Учирсан хохирлоо шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ” гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдахдаа хуулийн зүйл, заалтыг үндэслээгүй, өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэдэг хууль бус шаардлага тавьсан гэж хариуцагч үзэж байгаа бөгөөд тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасанд нийцэхгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулах үед урьдчилан төлсөн 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ. Уг мөнгийг хариуцагч авсан үйл баримтын талаар маргаагүй байна. Харин гэрээ дуусгавар болох үед эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн хугацаа, түүнтэй холбоотой хохирол болон төлбөрийн хэмжээний талаар маргажээ.

 

Талуудын тайлбараар уг мөнгө нь гэрээ дуусгавар болох үед нөгөө талд хохирол учирвал түүнийг арилгах үүргийг хэрэгжүүлэх зорилгоор урьдчилан шилжүүлсэн агуулгатай болох нь тогтоогдож байна.

 

            Иймээс нэхэмжлэгч талаас хариуцагчид Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн дэнчингийн мөнгийг буцаан гаргуулахтай холбоотой шаардлага гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаж буй үндэслэлийн талаар хангалттай мэтгэлцүүлээгүйгээс хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийн зүйл заалтыг оновчтой зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Тодруулбал, гэрээ дуусгавар болж, эд хөрөнгийг хэзээ хүлээлгэж өгсөн болон нэхэмжлэгч ямар хугацааны төлбөр төлсөн буюу эд хөрөнгөд хохирол учруулсан эсэх үйл баримтыг тодруулж, энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Эдгээр нөхцөл байдал тодорхойгүй байхад шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.8-д заасан хөлслөгчийн хууль буюу гэрээнд заасан бусад эрх гэсэн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дах заалт нь үндсэн үүрэгтэй холбоотой буюу түрээсийн төлбөр төлөх, түрээсийн зүйлийг нөгөө талын ашиглалтад шилжүүлэх агуулгатай бөгөөд тухайн маргааны шаардах эрхэд хамааралгүй заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлан хэргийг шийдвэрлэжээ.

 

            Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4-т зааснаар учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж заасан нь хэргийн оролцогчийн нэхэмжлэл гаргах, шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхийг зөрчсөн буюу шийдвэрлэгдээгүй хэргийн талаар хууль хэрэглээний дүгнэлтийг урьдчилан хийсэн алдаа гаргасан байна.

 

Хэрвээ нэхэмжлэгч дэнчингийн дагуу хариуцагчид шилжүүлэн өгсөн мөнгийг гэрээний үүрэг дуусгавар болоход буцаан гаргуулах агуулгаар шаардлага гаргасныг хариуцагч эд хөрөнгөд хохирол учруулсан учраас буцааж өгөхгүй гэж татгалзаж байгаа тохиолдолд заавал хариуцагч сөрөг нэхэмжлэл гарган шаардах үндэслэлгүй юм. Шүүх шаардлага, татгалзлыг харилцан тооцох замаар шийдвэрлэх боломжтой эсэхийг дүгнэж, хэргийг шийдвэрлэх байжээ.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                              Д.НЯМБАЗАР

 

                                     С.ЭНХТӨР