Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/03000

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/03000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... дүүрэг, 32 дугаар хороо, ................... оршин байх, “Б” ХХК /РД: 2888491/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............. дүүрэг, 20 дугаар хороо, ...................... тоотод оршин байх, “У” ХХК /РД: 5149193/-д холбогдох,

 

198 575 141 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ш.Ж нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “У” ХХК-тай харилцан тохирч 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь Хово /Howo/ маркийн 2 ширхэг өөрөө буулгагчийг нэг бүрийг 67 000 ам.доллароор буюу нийт 134 000 ам.доллароор хариуцагч “У” ХХК-д худалдах, хариуцагч нь 2 ширхэг автомашины үнэ 134 000 ам.долларыг гэрээнд заасны дагуу 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлөхөөр тохирч, нэхэмжлэгч нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид дээрх 2 ширхэг автомашиныг хүлээлгэн өгсөн.

 

Хариуцагч нь гэрээний төлбөр болох 134 000 ам.доллароос 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 87 535.98 ам.долларыг төлж, үлдэх 46 464.02 ам.долларыг одоо болтол төлөөгүй байна. Гэрээнд талууд алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь байхаар заасан. Гэрээний хугацаа дууссан 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүрэг болох 46 464.02 ам.долларын 50 хувь болох 23 232.01 ам.доллар гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үлдэх үүрэгт 46 464.02 ам.долларыг алданги 23 232.01 ам.долларын хамт, нийт 69 696.03 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Монголбанкнаас зарласан АНУ доллар төгрөгтэй харьцах үеийн ханш 2 849.16 төгрөгөөр тооцож, нийт 198 575 141 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “У” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК-иас 2 ширхэг Хово /Howo/ маркийн автомашиныг нэг бүрийг 67 000 ам.доллар буюу 91 366 560 төгрөгөөр, нийт 2 автомашиныг 182 733 120 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон.

 

“У” ХХК нь гэрээ байгуулснаас хойших хугацаанд 7 453 430 төгрөг, 5 000 000 төгрөг, 9 222 500 төгрөг, 4 000 000 төгрөг, 150 000 000 төгрөг, нийт 175 675 930 төгрөгийг “Б” ХХК-д төлж барагдуулсан ба одоо 7 057 190 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Мөн нэхэмжлэгч нь ам.долларын ханшийг тооцохдоо нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 ны 8 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр “У” ХХК нь “Б” ХХК-иас Хово /Howo/ маркийн өөрөө буулгагч автомашиныг нэг бүрийг нь 67 000 ам.доллар буюу 91 366 560 төгрөгөөр, нийт 2 автомашиныг 182 733 120 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

 

Гэрээг байгуулахад “Б” ХХК-иас ирүүлсэн гэрээний 3.1, 3.2 дахь заалтад бараа буюу автомашины үнийг АНУ-ын ам.доллароор тооцож илэрхийлсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Түүнчлэн, гэрээг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ш.Ж байгуулсан байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ш.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талууд анх гэрээ байгуулахдаа харилцан сайн дурын үндсэн дээр барааны үнийг ам.доллароор тохиролцсон. Талууд гэрээ байгуулах үедээ болон гэрээний биелэлтийн тооцоо хийх үед ч үлдэгдэл төлбөр 46 464.02 ам.доллар дутуу байгааг баталсан. Талууд тухайн үед болон гэрээний үүргээс зарим хэсгийг биелүүлэх  үед ч Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэн аль мэдэхгүй байсан. Тиймээс Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-д зааснаар төлбөр тооцооны үүргийг ам.доллароор тооцож гэрээ хийсэн.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч олон удаа тооцоо нийлж, гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрч байсан.

 

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасны дагуу уг худалдах-худалдан авах тухай хэлцлийг зээлийн гэрээ, зээлээр худалдах-худалдан авах гэрээний шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан 198 575 141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. 198 575 141 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

1.1. Нэхэмжлэгч нь 198 575 141 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний үлдэгдэл төлбөр 46 464.02 ам.доллар буюу 132 383 247 төгрөг, алданги 23 232.01 ам.доллар буюу 66 191 714 төгрөг, нийт 198 575 141 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон, хариуцагч нь уг үндэслэлийг “...гэрээний үнэ 134 000 ам.долларыг тухайн үеийн буюу 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.доллар төгрөгтэй тэнцэх ханш болох 1 363.68 төгрөгөөр тооцож, гэрээний үнийг 182 733 120 төгрөг, ...өнгөрсөн хугацаанд уг төлбөрөөс нийт 175 676 930 төгрөгийг төлсөн, гэрээний үлдэх төлбөр 7 057 190 төгрөг” гэж үгүйсгэн маргажээ.

 

Хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “худалдах-худалдан авах гэрээ” авагдсан байна. Уг гэрээний 1.2, 3.1-т нэхэмжлэгч нь хариуцагчид Хово /Howo mixer/ маркийн 2 ширхэг автомашиныг нэг бүрийг 67 000 ам.доллароор худалдах, хариуцагч нь дээрх автомашиныг хүлээн авч, 2 ширхэг автомашины үнэ нийт 134 000 ам.долларыг 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны өдрийн 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчид төлж дуусгахаар заажээ.

 

Дээрх гэрээнд худалдагч талыг төлөөлж нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ж, худалдан авагч талыг төлөөлж хариуцагч “Ухаат боржигон” ХХК-ийн захирал Д.Ганзориг нар гарын үсэг зурж, тус бүр хуулийн этгээдийн тэмдгийг дарж баталгаажуулсан байна.

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар гүйцэтгэх захирлыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцох бөгөөд гүйцэтгэх удирдлага нь мөн хуулийн 83 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулдаг.

 

2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Chen Chun-г улсын бүртгэлд, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ш.Жыг гүйцэтгэх удирдлагаар тус тус улсын бүртгэлд бүртгэсэн байна. /хх 49-50 дугаар тал/ Өөрөөр хэлбэл,  дээрх гэрээг байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Chen Chun улсын бүртгэлд бүртгэлтэй байх бөгөөд Ш.Жыг нэхэмжлэгч “Б” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.

 

Хэдийгээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ш.Ж нь тухайн үед хариуцагчтай дээрх гэрээг байгуулсан боловч уг гэрээний хүчин төгөлдөр байдал нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрлөөс хамаарна. Өөрөөр хэлбэл, төлөөлүүлэгч “Б” ХХК нь уг гэрээний төлөөлөл болон гэрээний талаар маргаагүй тохиолдолд гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл гэж үзэх боломжгүй.

 

Гэрээнд худалдан авагч талыг “Ухаат боржгон” ХХК /РД: 5149193/ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар “У” ХХК /РД: 5149193/-ийг тодорхойлсон. Хариуцагч “У” ХХК нь гэрээг байгуулах үед “Ухаат боржгон” ХХК гэх оноосон нэртэй байсан, улмаар хариуцагч нь нэрээ “У” ХХК болгон өөрчилсөн нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн, компанийн улсын бүртгэл дэх регистрийн 5149193 дугаараас үзвэл “Ухаат боржгон” ХХК-ийн оноосон нэр “У” ХХК болж өөрчлөгдсөн гэж үзэхээр байхаас гадна талууд энэ талаар маргаагүй. Иймд дээрх гэрээг нэг талаас “У” ХХК байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд хариуцагч нь гэрээний зүйл болох дээрх 2 ширхэг автомашиныг хүлээн авсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээний зүйл болох 2 ширхэг автомашин, гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний гол зүйл болох 2 ширхэг Хово /Howo mixer/ маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь уг 2 ширхэг автомашины үнэ 134 000 ам.долларыг нэхэмжлэгчид төлж, 2 ширхэг автомашиныг хүлээн авах үүрэгтэй.

 

Гэрээнд заасан 2 ширхэг автомашиныг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй, мөн хариуцагч нь автомашины доголдлын талаар шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үүрэг болох 2 ширхэг Хово /Howo mixer/ маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

Гэрээний 3.2-т зааснаар хариуцагч нь 2 ширхэг автомашины үнэ 134 000 ам.долларыг 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж барагдуулах, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний нэмэлт хавсралтаар төлбөр төлөх хугацааг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болгон өөрчилсөн. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа болон лавлагаагаар хариуцагч нь гэрээний үнийн дүн 134 000 ам.доллароос 46 464.02 ам.долларын үлдэгдэлтэй болохыг талууд баримтжуулжээ /хх 20-23 дугаар тал/

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх бөгөөд мөн зүйлийн 218.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө.

 

Дээрх баримтуудаас үзвэл, хариуцагчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний үүрэгт төлсөн 7 453 430 төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо нэг ам.долларыг 1893 төгрөгөөр, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо нэг ам.долларыг 1892.9 төгрөгөөр, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 9 222 500 төгрөгийн зуурмагийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо нэг ам.долларыг 1985.05 төгрөгөөр, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 4 000 000 төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо нэг ам.долларыг 2048.21 төгрөгөөр, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3 өрөө орон сууцны үнэ 150 000 000 төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо нэг ам.долларыг 2017.26 төгрөгөөр тус тус тооцон, хариуцагчийг нийт 46 464.02 ам.долларын үлдэгдэлтэйг баталгаажуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд Монгол банкнаас зарласан гадаад валют төгрөгтэй тэнцэх ханш нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарна. Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа нотлох баримтаар шаардлагагүй.

 

Монгол банкнаас зарласан гадаад валют төгрөгтэй тэнцэх ханш 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэг ам.доллар 1890.43 төгрөгтэй, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1892.91 төгрөгтэй, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1985.06 төгрөгтэй, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2048.21 төгрөгтэй, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 2019.89 төгрөгтэй тус тус тэнцэж байжээ. Талууд уг  тооцооны үлдэгдлийг баталгаажуулахдаа хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо нэг ам.долларыг 1892.9 төгрөгөөр, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 9 222 500 төгрөгийн зуурмагийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо нэг ам.долларыг 1985.05 төгрөгөөр, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 4 000 000 төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо нэг ам.долларыг 2048.21 төгрөгөөр тус тус тооцсон нь Монгол банкнаас зарласан ам.долларын ханштай тохирч байна.

 

Харин 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 7 453 430 төгрөгийг ам.долларт тооцохдоо нэг ам.долларыг 1893 төгрөгөөр хөрвүүлэн тооцсон нь албан ёсны ханш болох 1890.43 төгрөгөөс 2.57 төгрөгөөр өндөр байх бөгөөд уг 7 453 430 төгрөгийг ам.долларын албан ёсны ханш 1890.43 төгрөгөөр хөрвүүлэн тооцвол хариуцагчийг 3 937.36 ам.доллар бус, 3 942.7 ам.долларыг төлсөн гэж үзэхээр байна. Мөн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ам.доллар төгрөгтэй тэнцэх албан ёсны ханш 2019.89 төгрөг байх бөгөөд хариуцагчийн тухайн өдөр төлсөн 150 000 000 төгрөгийг ам.долларын ханшийг 2017.26 төгрөг буюу 2.03 төгрөгөөр бага тооцсон байна. Үүнээс үзвэл, хариуцагчийг тухайн өдөр 74 358.29 ам.доллар бус, 74 261.46 ам.доллар төлсөн гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч нь энэ талаар шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол банкнаас зарласан ам.долларын ханшаар тооцвол хариуцагч нь гэрээний үүрэгт нийт 87 444.44 ам.долларыг төлсөн гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг 87 535.98 ам.доллар төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, мөн энэ талаар шаардлага гаргаагүй байх тул хариуцагчийг гэрээний үүрэгт 87 535.98 ам.доллар төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг талууд тухайн үеийн буюу үүрэг үүсэх үеийн нэг ам.доллар төгрөгтэй харьцах ханшаар хөрвүүлэн тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгтэй нийцсэн байна. Нөгөөтээгүүр, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, төлбөрийн үлдэгдлийн талаарх баримт зэргээр 2 ширхэг автомашины төлбөрийг хариуцагч ам.доллараар төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул төлбөрийг ам.доллараар тооцсныг үгүйсгэх үндэслэлгүй. Мөн худалдан авагч нь тухайн 2 ширхэг автомашиныг ам.доллароор худалдан авахаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд түүний хүлээх үүргийн хэмжээ монгол төгрөгийн ам.доллартой харьцах харьцаанаас шалтгаалан өссөн байх эрсдэлийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал хариуцах учиртай.

 

Хариуцагч нь гэрээний нийт үнийн дүн 134 000 ам.долларыг гэрээ байгуулагдах үеийн буюу 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн нэг ам.доллар 1 363.68 төгрөгөөр тооцон, нийт үүргийг 182 733 120 төгрөг гэж тодорхойлж, мөн дээрх хугацаанд төлсөн 175 675 930 төгрөгийг төлсөн гэж татгалзсан нь Иргэний хуулийн  218 дугаар зүйл болон 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгтэй нийцээгүй байна.  

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 46 464.02 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд хандахад нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд мөн зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцдог.

 

Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 2 849.26 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь 46 464.02 ам.долларыг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ханш болох 2 849.16 төгрөгөөр тооцон 132 383 427 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

1.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.2-т алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

Алдангийн нийт дүн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэхэмжлэгч алдангийн хэмжээг 23 232.01 ам.доллар буюу 66 191 714 төгрөгөөр тодорхойлсон нь хуулийн дээрх зохицуулалттай харшлаагүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох бөгөөд мөн хуулийн 232.6-д заасан алданги нь гэрээний үүргийн хариуцлага байдаг.

 

Алдангийн хэмжээ 23 232.01 ам.доллар буюу 66 191 714 төгрөг нь илт их байх тул хариуцагч гэрээний үүрэг нийт 134 000 ам.доллароос 87 535.98 ам.долларыг төлсөн, үүнээс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 74 358.29 ам.долларыг төлсөн болон үлдэх төлбөрийг төлөх талаар харилцан тооцоо нийлж байсан үйл баримт зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийн хэмжээг 23 232.01 ам.доллар буюу 66 191 714 төгрөгийн 10 хувь буюу 13 238 342 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.  

 

2. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагын тухайд:

 

Хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэлээ “...худалдах-худалдан авах гэрээний үнийг ам.доллароор төлөхөөр заасан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна” гэж тодорхойлсон, нэхэмжлэгч нь уг үндэслэлийг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

 

Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалттай харшлаагүй байх бөгөөд төлбөрийн үүргийг ам.доллароор тооцно гэдгийг талуудын хэн аль нь мэдэж байсан, хариуцагч нь үүнийг зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тэмдгийг дарсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг ам.доллароор гүйцэтгэхээр тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн буюу уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхгүй. Учир нь, талууд хэдийгээр гэрээний үнийн дүнг ам.доллароор тогтоосон боловч үүргийн гүйцэтгэлийг төгрөгөөр гүйцэтгэж байсан, мөн нэхэмжлэгч нь үлдэх үүргээ төгрөгөөр шаардсан зэрэг нь тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт 132 383 427 төгрөг, алданги 13 238 342 төгрөг, нийт 145 621 769 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 953 372 төгрөг болон нэхэмжлэгчид холбогдох хэлцлэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-иас 145 621 769 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 52 953 372 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдох, 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “У” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 150 825 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1 071 616 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 886 059 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН