Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00144

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00144

 

 

Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/03000 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч УБГ- ХХК-д холбогдох

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 198,575,141 төгрөг гаргуулах үндсэн, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Д.Цэвээнцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

1.а. Б-ХХК нь УБГ- ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж Howo маркийн 2 ширхэг автомашины нэг бүрийн үнийг 67,000 ам.доллар, нийт 134,000 ам.доллароор тооцож УБГ- ХХК-д худалдсан. УБГ- ХХК 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлбөрийг төлөхөөр тохиролцсон. УБГ- ХХК нь 134,000 ам.доллароос 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 87,535.98 ам.долларыг төлсөн, үлдэгдэл 46,464.02 ам.долларыг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулна.

1.б. Гэрээний 8.2-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор заасан. Алдангийг 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул гүйцэтгээгүй үүрэг 46,464.02 ам.долларын 50 хувь болох 23,232.01 ам.долларыг алдангид гаргуулна. Иймд УБГ- ХХК-аас нийт 69,696.03 ам.долларыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ханш 2,849.16 төгрөгөөр тооцож нийт 198,575,141 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. УБГ- ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б-ХХК-аас 2 ширхэг Howo маркийн автомашиныг нэг бүрийг 67,000 ам.доллар буюу 91,366,560 төгрөгөөр, нийт 182,733,120 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан өдрийн ам.долларын ханшаар тооцно. УБГ- ХХК нь гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд 7,453,430 төгрөг, 5,000,000 төгрөг, 9,222,500 төгрөг, 4,000,000 төгрөг, 150,000,000 төгрөг, нийт 175,675,930 төгрөгийг Б-ХХК-д төлсөн. Үлдэгдэл 7,057,190 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин 191,517,951 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

3.а. Б-ХХК болон УБГ- ХХК-ийн хооронд 2012 ны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.1, 3.2-т автомашины үнийг ам.доллароор тооцохоор тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

3.б. Б-ХХК-ийн төлөөлж Ш.Жамц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ш.Жамц нь тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд юм. Иймд 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.а. Талууд гэрээг харилцан тохиролцож төлбөрийг ам.доллароор тооцсон. Мөн төлбөрийн талаар тооцоо нийлэх үед үлдэгдэл 46,464.02 ам.доллар төлөхийг хариуцагч зөвшөөрсөн. Гэрээг бичгээр байгуулах үед Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг талуудын хэн аль мэдэхгүй байсан. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт зааснаар төлбөр тооцооны үүргийг ам.доллароор тооцож гэрээ хийсэн. УБГ- ХХК нь үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нөхцөлийн талаар хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ заасан. Талуудын байгуулсан гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлтэй тохирч байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБГ- ХХК-аас 145,621,769 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,953,372 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б-ХХК-д холбогдох, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч УБГ- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,825 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1,071,616 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 886,059 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүх 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б-ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Chen Chun бүртгэлтэй байсан тул Ш.Жамцыг Б-ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. Б-ХХК-ийг төлөөлөх эрхгүй Ш.Жамц УБГ- ХХК-тай гэрээг байгуулсан боловч уг гэрээний төлөөллийн талаар маргаагүй тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэж буруу дүгнэсэн. Б-ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Chen Chun нь Ш.Жамцад төлөөлөх бүрэн эрх олгоогүй, мөн гэрээ байгуулах талаар УБГ- ХХК-д мэдэгдээгүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. УБГ- ХХК гэрээ байгуулах үед Ш.Жамцыг Б-ХХК-ийн гүйцэтгэх захирал биш болохыг мэдээгүй. Түүнчлэн, Ш.Жамцын төлөөлөх эрх болон хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгохыг хүсээгүй байхад хуулийн энэхүү заалтыг баримталж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

6.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд Монгол банкнаас зарласан ханш нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Монгол банкны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нотлох баримтын шаардлага хангаагүй ханшийн лавлагааг өгсөн. Хариуцагч Төрийн мэдээллийн сангаас гаргуулсан 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкны ханшийн лавлагааг өгсөн. Интернэтээс авч буй мэдээлэл нь нийтэд илэрхий үйл баримт биш.

6.в. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Төлбөрийн үүргийг ам.доллароор тооцох талаар талуудын хэн аль нь мэдэж байсан, хариуцагч үүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Гэтэл талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Б-ХХК-аас ирүүлсэн гэрээний 3.1, 3.2-т автомашины үнийг ам.доллароор тооцож илэрхийлсэн нь дээрх хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байхад анхан шатны шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талууд гэрээний 3.2-т төлбөрийн хуваарийг гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагч төлбөрийг төлж чадаагүй 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн. Гэвч Б-ХХК нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй 9 жилийн дараа нэхэмжилсэн нь мөнгөө өсгөх зорилготой байна. Ийм анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.а. Б-ХХК-ийн захирал нь тус компанийн ерөнхий менежер Ш.Жамцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийсэн гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх нь олгогдоно гэж заасантай нийцсэн гэж үзэж байна.

7.б. Иргэний хуулийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу интернэтээр нийтлэгдэж, улс орон даяар нийтэд ил болсон Монгол банкны ханшийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш 2,849 төгрөгөөр тооцож гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ханшийн талаар яригдсан учраас Төрийн мэдээллийн сангаас авсан ханшийн лавлагаагаар 2,849 төгрөгтэй адилхан ханш байсан.

7.в. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед талуудын хэн аль нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцох тухай хуулийг мэддэггүй байсан. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт заасныг үндэслэж ам.долларын ханшаар тооцож гэрээ байгуулсан. Хариуцагчийн төлсөн төлбөрийг тухайн өдрийн ханшаар тооцон авч байсан. Хариуцагч автомашины үнийг анх гэрээ байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ам.долларын ханш 1,363 төгрөгөөр тооцно гэх тайлбар Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Талууд 4 удаа тооцоо нийлж, үлдэгдлээ баталгаажуулж, төлбөр төлөх хугацааг 2 удаа сунгаж байсан. Талууд гэрээний үүргийн биелэлтийг ам.доллароор төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн. Б-ХХК анх гэрээ байгуулах талаар санал гаргаагүй. Өөрөөр хэлбэл, автомашин ав гэж хэлээгүй. Талууд өөрсдөө сайн дураар хүсэл зорилгоо илэрхийлж гэрээ байгуулсан. Иймээс анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Автомашины үнийг ам.доллароор тооцсон нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

1.а. Нэхэмжлэгч Б-ХХК нь хариуцагч УБГ- ХХК-д холбогдуулан Ноwo маркийн автомашины үлдэгдэл төлбөр 46,464.02 ам.доллар буюу 132,383,472 төгрөг, алданги 23,232.01 ам.доллар буюу 66,191,714 төгрөг, нийт 198,575,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч автомашины үлдэгдэл төлбөрт 7,057,190 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж, худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн, мөн төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.б Талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б-ХХК нь Howo маркийн 2 ширхэг автомашиныг худалдан авагч УБГ- ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь нэг автомашины үнийг 67,000 ам.доллароор тооцож, нийт 134,000 ам.долларыг 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. (хх-13-17) Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч Б-ХХК нь хариуцагч УБГ- ХХК-д худалдах, худалдан авах гэрээний дагуу Howo маркийн хоёр автомашиныг нийлүүлсэн болон хариуцагч нь автомашины төлбөрт 87,535.98 ам.доллар төлж үлдэгдэл 46,464.02 ам.доллар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Б-ХХК-ийн 208 оны 5/014 дугаар мэдэгдэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар автомашины үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

1.в. Талууд гэрээний 3.1-д Гэрээний техникийн нэг бүрийн үнэ 67,000 ам.доллар болно. гэж, 3.2-т Техникийн бүгд үнэ 134,000 ам.доллар... гэж тохиролцсон байна.

Мөн талууд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлж хариуцагчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 7,453,430 төгрөгийг 1 ам.долларыг 1,893 төгрөгөөр тооцож 3,937.36 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг 1 ам.долларыг 1,892.9 төгрөгөөр тооцож 2,641.45 ам.доллар, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 9,222,500 төгрөгийг 1 ам.долларыг 1,985.06 төгрөгөөр тооцож 4,645.96 ам.доллар, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 4,000,000 төгрөгийг 1 ам.долларыг 2,048.21 төгрөгөөр тооцож 1,952.92 ам.доллар, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 150,000,000 төгрөгийг 1 ам.долларыг 2017.26 төгрөгөөр тооцож 74,358.29 ам.доллар, нийт 87,535.98 ам.доллар төлсөн гэж тооцон үлдэгдэл 46,464.02 ам.доллароор төлөөгүй болохыг баталгаажуулснаас дүгнэвэл хариуцагч нь гэрээний үнийг ам.доллароор тооцож нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн гэж үзнэ. (хх-ийн 22-23)

Иймд Б-ХХК нь автомашины үлдэгдэл төлбөр 46,464.02 ам.доллар, алданги 23,232.01 ам.доллар, нийт 69,696.03 ам.долларыг Монгол банкнаас зарласан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ам.долларын ханш 2,849.16 төгрөгөөр тооцож 198,575,141 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан тул үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцно гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

1.г. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу талууд худалдах, худалдан авах гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх тул гэрээний үнийг ам.доллароор тооцсон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх автомашины үлдэгдэл төлбөр 46,464.02 ам.долларыг Монгол банкнаас зарласан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ханш 2,849.16 төгрөгөөр тооцож хариуцагчаас 132,383,427 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

1.д. Талууд гэрээний 8.2-т Худалдан авагч тал нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож худалдагчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч Б-ХХК нь хариуцагч УБГ- ХХК-аас алданги гаргуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б-ХХК нь хариуцагч УБГ- ХХК-аас алданги 23,232.01 ам.доллар буюу 66,191,714 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгах боломжтой гэж зөв дүгнэсэн.

Харин шүүх алдангийн хэмжээг 23,232.01 ам.доллар буюу 66,191,714 төгрөгийн 10 хувийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа үндсэн үүрэг болох 132,383,247 төгрөгийн 10 хувь 13,238,342 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг залруулж хариуцагчаас алдангид 66,191,714 төгрөгийн 10 хувь 6,619,171 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч УБГ- ХХК-аас автомашины үлдэгдэл төлбөр 132,383,247 төгрөг, алданги 6,619,171 төгрөг, нийт 139,002,598 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хэдийгээр хариуцагч тал энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсгийн уялдаа холбоо алдагдуулсныг залруулах шаардлагатай гэж үзсэн болно.

1.е. Нэхэмжлэгч Б-ХХК болон хариуцагч УБГ- ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

2. Давж заалдах гомдлын талаар

2.а. Ш.Жамц нь нэхэмжлэгч Б-ХХК-ийг төлөөлөх эрхгүй атлаа хариуцагч УБГ- ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байхад уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй гэх гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан. Төлөөлүүлж байгаа этгээд болох Б-ХХК-аас Ш.Жамцыг төлөөлөх эрхгүй гэж маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.

2.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Монгол банкнаас зарласан гадаад валют төгрөгтэй тэнцэх ханш нь тус банкны сайтаас аливаа этгээд харах боломжтой тул нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд ам.долларын ханшийг интернэтээс авсныг үндэслэсэн нь буруу гэх гомдол үндэслэлгүй. Бүх нийтэд нээлттэй www.mongolbank.mn сайтаас валютын ханшийг тухайн өдөр бүрээр зарласныг нээлттэй мэдээлсэн байх ба 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ам. долларын ханш 2,849.26 төгрөг байжээ.

2.в. Нэхэмжлэгч Б-ХХК болон хариуцагч УБГ- ХХК нь худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний үнийг ам.доллароор илэрхийлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Гэрээний оролцогч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох тэгш эрхтэй этгээдүүд байна. Мөн хариуцагч УБГ- ХХК нь автомашины үнийг ам.доллароор төлөхийг зөвшөөрч төлбөрийг төлж байсан, тооцоо нийлж байсан тул хууль зөрчсөн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, ам.доллароор илэрхийлэгдсэн үнэ бүхий 2 ширхэг автомашиныг хариуцагч худалдан авсан ба үнийг ам.доллароор төлөх нь иргэний эрх зүйн эрх тэгш байх зарчим зөрчигдсөн, баланс алдагдуулсан гэж үзэх үндэс болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/03000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБГ- ХХК-аас 139,002,598 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,572,543 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ... 886,059 гэснийг ... 817,963 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,957,675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ