Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03121

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03121

Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Бдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. дүүрэг, 1..................... тоотод

оршин суух, Б.Ө /РД: ......................../-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, .........................суух, С.Ц /РД: ......................../-д холбогдох,

 

15 021 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П, хариуцагч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр С.Ц тай байгуулсан зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, зээл 2 000 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Мөн тухайн өдрөө үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Бдүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-47/Б дугаар байр, 15 тоот орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр уг зээлийн гэрээний хугацааг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаагаар сунгасан.

 

Мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С.Цтай байгуулсан зээлийн гэрээгээр 6 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, зээл 5 500 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүн дээр аман хэлцлээр түүнд зээлдүүлсэн 1 000 000 төгрөгийг нэмж, нийт 6 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн сунгалтын гэрээгээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1 350 000 төгрөгийг үндсэн зээл 6 500 000 төгрөгөөс хасаж, үлдэх 5 150 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар гэрээний хугацааг сунгасан.

 

Иймд хариуцагчаас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүүд 720 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 150 000 төгрөг, зээлийн хүүд 3 576 000 төгрөг, алданги 2 575 000 төгрөг, нийт 15 021 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Бдүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-47/Б дугаар байр, 15 тоот орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Өтай зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар байхаар тохирч 2 000 000 төгрөгийг зээлж авсан. Улмаар барьцааны гэрээ байгуулсан.

 

Мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 5 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож зээлж авсан бөгөөд уг зээлийн үнийн дүн дээр түүнээс бэлнээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авсан 1 000 000 төгрөгийг нэмж, 6 500 000 төгрөг дээр гэрээ байгуулсан.

 

Дээрх 2 гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 80 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14 500 төгрөг, мөн өдөр 88 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 40 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 340 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 340 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 160 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 650 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 214 500 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 214 500 төгрөг, нийт 6 141 500 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар хариуцагчид буцаан төлсөн. Иймд миний бие гэрээний үүрэгт 6 856 358 төгрөг төлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч С.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 021 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүүд 720 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 5 150 000 төгрөг, зээлийн хүүд 3 576 000 төгрөг, алданги 2 575 000 төгрөг, нийт 15 021 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Бдүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-47/Б дугаар байр, 15 тоот орон сууцаар хангуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...уг 2 гэрээний үүрэгт нийт 6 141 500 төгрөгийг төлсөн, ...6 856 358 төгрөгийн үүргийн зөвшөөрч байна” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 720 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 2508 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 2 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хариуцагчид зээлүүлэх, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байхаас гадна талууд дээрх үйл баримт болон зээлийн гэрээний зүйл болох 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч хүлээн авсан талаар, мөн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Дээрх гэрээний зүйл, шинж, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар нэхэмжлэгчид 2 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагчид мөнгийг хүлээн авч, 6 сарын дараа үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг тус тус үүссэн байна.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь гэрээний зүйл 2 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд талууд гэрээний 1-д зээлийн хүүгийн хэмжээг сарын 4 хувь байхаар тохиролцсон нь хуульд харшлаагүй байна.

 

Дээрх гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд талууд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр уг гэрээний хугацааг мөн өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан талаар сунгалтын гэрээ байгуулсныг тухайн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолох бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусдаг журамтай. Үүнээс үзвэл, гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байхад 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уг гэрээний хугацааг сунгасныг гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болж, гэрээний хугацаа сунгагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл 2 000 000 төгрөг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар гэрээний хугацааны хүү 480 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь зээлийн болон хүүгийн төлбөрийг төлснөө өөрөө баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу хэдэн төгрөгийг үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлснөө тодорхойлж чадахгүй байх боловч тэрээр гэрээний хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 80 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14 500 төгрөг, мөн өдөр 88 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 340 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 340 000 төгрөг, гэрээний хугацаа дуусгавар болсон 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 160 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 650 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 214 500 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 214 500 төгрөг, нийт 6 101 500 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй. Харин хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 40 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөө баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэх бөгөөд мөн зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.

 

Иймд хариуцагчийн төлсөн нийт 6 101 500 төгрөгөөс гэрээний хугацаанд төлсөн 862 500 төгрөгийг дээрх гэрээний үндсэн зээл 2 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү болох 480 000 төгрөг, нийт 2 480 000 төгрөгөөс хасаж, түүний үлдэх үүргийг 1 617 500 төгрөг гэж тодорхойлж, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийн хэмжээг тодорхойлоход мөн зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтэрч байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний 3-т талууд алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцэж байна. Гэрээний үлдэх үүрэг 1 617 500 төгрөгт тооцогдох алдангийн хэмжээ түүний 50 хувиас хэтэрсэн, мөн илт их байх тул хэргийн нөхцөл байдал буюу хариуцагч төлбөрийг төлж байсан үйл баримт зэргийг харгалзан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг шүүх 240 000 төгрөг болгон багасгаж тооцов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч үндсэн зээл 2 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 480 000 төгрөг, алданги 240 000 төгрөг, нийт 2 720 000 төгрөгийг нэхэмжлэгчид гэрээгээр төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш төлсөн нийт 6 101 500 төгрөгөөс дээрх үүрэг 2 720 000 төгрөгийг хасаж, хариуцагчийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2508 дугаар зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлж биелүүлсэнд тооцов. Иймд нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.   

 

2. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 8 961 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 3098 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 6 500 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хариуцагчид зээлүүлэх, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь мөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлснээр гэрээний үүрэг талуудад үүсэх бөгөөд тухайн гэрээний зүйл нь шилжүүлж буй мөнгө байдаг.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар гэрээний зүйл болох 6 500 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчид бэлнээр буюу бичгээр гэрээ байгуулахгүйгээр шилжүүлж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд 5 500 000 төгрөг дээр 1 000 000 төгрөгийг нэмж тооцсон үйл баримт тогтоогдож байна. Иймд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 3098 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 5 500 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хариуцагчид зээлүүлэх, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, талууд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн аман хэлцлээр шилжүүлсэн 1 000 000 төгрөгийн үндсэн зээлийг дээрх гэрээний зүйлд хамааруулан тооцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Улмаар талууд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дээрх зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн үнийн дүнг 5 150 000 төгрөг болох талаар сунгалтын гэрээ байгуулжээ.

 

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байхад уг дуусгавар болсон хугацаанаас 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгах талаар 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр сунгалтын гэрээ байгуулсныг гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй. Учир нь, сунгах хугацаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Түүнчлэн, гэрээний хугацааг сунгах нь зөвхөн гэрээний хугацаанд хамаарах бөгөөд гэрээний бусад нөхцөл өөрчлөгдөөгүй байх учиртай. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн сунгалтын гэрээгээр гэрээний зүйлийг 5 150 000 төгрөг байхаар заасан нь мөн нөхцөлөөр хугацааг сунгасан гэж үзэхгүй.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид үндсэн зээл 5 500 000 төгрөг шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 218.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд талууд гэрээний 1-д зээлийн хүүгийн хэмжээг сарын 4 хувь байхаар тохиролцсон нь хуульд харшлаагүй байна. Иймд гэрээний дагуу хариуцагчийн нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүрэг үндсэн зээл 5 500 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 2 640 000 төгрөг, нийт 8 140 000 төгрөг байна.

 

Гэрээний 3-т талууд алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцэж байна. Гэрээний үлдэх үүрэг 8 140 000 төгрөгийн алдангийн хэмжээ түүний 50 хувиас хэтэрсэн, мөн илт их байх тул хэргийн нөхцөл байдал буюу хариуцагч төлбөрийг төлж байсан үйл баримт зэргийг харгалзан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг шүүх 1 320 000 төгрөг болгон багасгаж тооцов.

 

Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 6 101 500 төгрөг төлсөн бөгөөд шүүх үүний 2 720 000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2508 дугаар зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж үзсэн тул үлдэх 3 381 500 төгрөгийг үндсэн зээл 5 500 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 2 640 000 төгрөг, алданги 1 320 000 төгрөг, нийт 9 460 000 төгрөгөөс хасаж, хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг 6 078 500 төгрөг гэж тооцов.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 1 000 000 төгрөгийг аман хэлцлээр зээлүүлж, мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээг аман хэлцлээр байгуулсан тохиолдолд талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан хүү болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхээ алдана.

 

Хариуцагч нь уг 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлж авсан боловч буцаан төлснөө баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар уг мөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

3. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр БГ/2508 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2205042410 дугаарт бүртгэлтэй, Бдүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/, ХД-47/Б дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 33.9 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заах бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ мөн зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байдаг.

 

Талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүргүүлсэн нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/8307 дугаар албан бичиг түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.

 

Гэрээний 4-т заасан барьцааны зүйл болох дээрх орон сууц нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байна.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцааны эрх нь барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор уг эрх дуусгавар болдог.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн тул хариуцагч нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангуулахаар шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 7 078 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 942 500 төгрөгийг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан 70200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Цгаас 7 078 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 942 500 төгрөг, улсын бүртгэлийн Ү-2205042410 дугаарт бүртгэлтэй, Бдүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/, ХД-47/Б дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 33.9 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128 205 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН