Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00259

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00259

 

Б.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03121 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Өгийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Цд холбогдох

15,021,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гийгиймаа, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэл Б.Өгийн нэхэмжлэл болон үндэслэлийн агуулга: Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр С.Цтай байгуулсан зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлүүлэхээр тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгө 2,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Мөн тухайн өдрөө үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0000 дугаар байр, 00 тоот орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уг зээлийн гэрээний хугацааг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаагаар сунгасан.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С.Цтай байгуулсан зээлийн гэрээгээр 6,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, зээл 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүн дээр аман хэлцлээр түүнд зээлдүүлсэн 1,000,000 төгрөгийг нэмж, нийт 6,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн сунгалтын гэрээгээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1,350,000 төгрөгийг үндсэн зээл 6,500,000 төгрөгөөс хасаж, үлдэх 5,150,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар гэрээний хугацааг сунгасан.

Иймд хариуцагчаас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүд 720,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,150,000 төгрөг, зээлийн хүүд 3,576,000 төгрөг, алданги 2,575,000 төгрөг, нийт 15,021,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0000 дугаар байр, 00 тоот орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Цгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Би 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Өтай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар байхаар тохирч 2,000,000 төгрөгийг зээлж авсан. Улмаар барьцааны гэрээ байгуулсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 5,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож зээлж авсан бөгөөд уг зээлийн үнийн дүн дээр түүнээс бэлнээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авсан 1,000,000 төгрөгийг нэмж, 6,500,000 төгрөг дээр гэрээ байгуулсан.

Дээрх 2 гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 80,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14,500 төгрөг, мөн өдөр 88,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 40,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 340,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 340,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4,160,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 650,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 214,500 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 214,500 төгрөг, нийт 6,141,500 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар хариуцагчид буцаан төлсөн. Иймд би гэрээний үүрэгт 6,856,358 төгрөг төлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Цгаас 7,078,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,942,500 төгрөг, улсын бүртгэлийн Ү-2205042410 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол /16067/, 0000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 33.9 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,205 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч Б.Өгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Нэхэмжлэгчийн маргаж буй зээлийн гэрээ болох 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн С.Цтай байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2,000,000 төгрөг, хүүнд 720,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлтэй ба гэрээг болон түүний сунгалтыг хийхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримталсан болох нь нотлогдож байхад шүүхээс энэхүү гэрээ болон түүнд оруулсан сунгалтын талаар шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн талууд харилцан тохиролцож гэрээг сунгахдаа иргэний маргаж буй гэрээнүүдийн дагуу төлбөр тооцоог тулгаж, харилцан тооцоо нийлсний үндсэн дээр гэрээний гүйцэтгэвэл зохих үлдэгдлийг тооцон гаргаж сунгалтын гэрээнд тусгасан болно. Мөн Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 8,961,000 төгрөг гаргуулах зээлийн гэрээний талаар дүгнэж шийдвэрлэхдээ 1,000,000 төгрөгийг тусад нь шилжүүлснийг тусдаа зээлийн гэрээ хийсэн гэж үзэж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний тооцооллоос хасаж шийдвэрлэснийг хүлээн зевшөөрөхгүй байна. Учир нь талууд харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа нийтдээ 6,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлөөр гэрээ байгуулсан. Тус гэрээг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сунгахдаа талууд нийт гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж үлдэгдэл төлбөрөө тооцоо нийлж тодорхойлсны үндсэн дээр гэрээний хугацааг сунгасан байгааг Иргэний хуулийн 39.1, 40.1, 189.1, 195.1, 196.1.1, 222.6, 232.6, 281, 282 дугаар зүйлд заасныг зөрчиж хэргийг хэт нэг талын байр суурьнаас хандаж нэхэмжлэгч миний хууль ёсны эрхийг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тус тус хугацааг тодорхойлох, тоолох заалтыг буруугаар тайлбарлаад зогсохгүй хуулийн холбогдох бусад нарийвчилсан заалтуудыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг дордуулж шийдвэрлэсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч С.Цгаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ болон 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнүүд болон сунгалтын гэрээнүүдийг үндэслэн 15,021,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч С.Цгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ...Нэхэмжлэгч нь 1,000,000 төгрөгт хүү бодоогүй гэх гомдол гаргасан байна. Миний бие 6,800,000 төгрөг төлөх талаар баримт бүрдүүлж өгсөн боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж үздэг. Сунгалтын гэрээний хувьд нэхэмжлэгч нь Архангайн зар гэх фэйсбүүк хаягт миний нэр, хаягийг тавьсны улмаас хүн бүр надаас асуусан учраас тухайн гэрээг байгуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч С.Цд холбогдуулан зээлийн гэрээний дагуу 15,021,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 6,856,358 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,500,000 төгрөгийг тус тус авсан бөгөөд уг мөнгөн дүн дээр бэлнээр авсан 1,000,000 төгрөгийг нэмж 6,500,000 төгрөгийн үнийн дүн дээр гэрээ байгуулсан. Дээрх хоёр гэрээний дагуу нийт 6,141,500 төгрөгийг буцаан төлсөн. Иймд гэрээний үүрэгт 6,856,358 төгрөг төлнө гэж тайлбарлажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч С.Цтай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2508 дугаар зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлүүлсэн, мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3098 дугаар зээлийн гэрээгээр 6,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ тус бүр дээр тохиролцсон байна. /хх.5-8/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Зээлдэгч С.Ц зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Б.Ө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү алдангийг шаардах эрхтэй.

4. Анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 2508 дугаар зээлийн гэрээний хугацаа болон зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, хүү, гэрээний хариуцлага болох алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5. Харин зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Өгаас зээлдэгч буюу хариуцагч С.Цд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлүүлсэн 1,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр зээлсэн 5,500,000 төгрөгийн үнийн дүн дээр нэмж нийт 6,500,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү, алданги тохирсон, уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх гэрээний 1,000,000 төгрөгийн ногдох хүү, алдангийг хасч тооцсон нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Учир нь, зохигчид бичгийн гэрээ байгуулаагүй зээлүүлсэн 1,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хожим буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бичгээр байгуулсан гэрээний үнийн дүнд оруулж тооцсон байхад анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3098 дугаар зээлийн гэрээг 5,500,000 төгрөгөөр байгуулсан гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байх тул энэ үндэслэлээр тооцооллыг залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3098 дугаар зээлийн гэрээний үндсэн зээл 6,500,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4%-иар тооцоход 3,120,000 төгрөг нийт 9,620,000 төгрөгөөс алданги тооцоход 4,810,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг үндэслэн гэрээ байгуулсан хугацаа, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг 2,405,000 төгрөг болгож багасгах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд үндсэн зээл 6,500,000 төгрөг, зээлийн хүү 3,120,000 төгрөг, алданги 2,405,000 төгрөг үүнээс хариуцагч С.Цгийн төлсөн 3,381,500 төгрөгийг хасч 8,643,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд олгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

6. Нэхэмжлэгч Б.Өгийн ...Анхан шатны шүүх 1,000,000 төгрөгийг тусад нь шилжүүлснийг тусдаа зээлийн гэрээ хийсэн гэж үзэж зээлийн гэрээний тооцооллоос хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжтой. Харин анхан шатны шүүх талуудын зээлийн гэрээний сунгалт нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт нийцээгүй талаар зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн энэ талаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, дээрх гэрээний үүрэгт барьцаа тавьсан, уг гэрээний хугацаа дуусгавар болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагч С.Цгаас 8,643,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,377,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03121 дуга ар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...7,078,500... гэснийг ...8,643,500... гэж, ...7,792,500... гэснийг ...6,377,500... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...128,205... гэснийг ...153,246... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 142,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО