Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/03191

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/03191

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, ...................... оршин суух, Ц.А /РД: ........................./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, ........................................оршин суух, А.Б /РД: .............../-д холбогдох,

 

24 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, хариуцагч А.Б хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” нэртэй байгууламжийн доторх зочид байдлыг түрээслэхээр А.Бтай гэрээ хийж, нэг сарын түрээсийн төлбөрт 8 000 000 төгрөг, барьцаа 8 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөгийг түүнд төлсөн. Гэвч 5 хоног орчмын дараа тухайн байгууламжийн өмчлөгч гэх Ж.Гарьд “миний объектыг А.Б гуравдагч этгээдэд түрээслэх эрх байхгүй” гэж манай ажилчдыг хөөж гаргаснаар бид түрээсийн үйл ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй.

 

Иймд А.Б нэг сарын түрээсийн төлбөрт 8 000 000 төгрөг, барьцаа 8 000 000 төгрөг, гэрээнд зааснаар торгууль 8 000 000 төгрөг, түрээсийн үйл ажиллагаа явуулахаар худалдан авсан барааны үнэ 800 000 төгрөг бөгөөд үүнээс тэрээр 600 000 төгрөгийг төлсөн тул хасаад 200 000 төгрөг, нийт 24 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх “Ж” ХХК-ийн захирал Ж.Г байгуулсан түрээсийн гэрээний дагуу түүний эзэмшлийн “Сити” нэртэй байгууллагын доторх зочид буудал, караоке, пабыг сарын 20 000 000 төгрөгөөр түрээсэлсэн. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч алдагдалтай ажиллаж байсан тул Ж.Г уулзаж, караоке, зочид буудал 2-ыг цаашид түрээслэх боломжгүй болсноо хэлэхэд тэрээр надад “...чи түрээслэх хүн олж бай, олоод надад хэлээрэй” гэсэн. Улмаар  Ц.Атай зочид буудлыг түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн нэг сарын төлбөр 8 000 000 төгрөг, барьцаа 8 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөгийг Ц.Ааас авч Ж.Гарьдад өгсөн. Гэтэл Ж.Гарьд удалгүй бидний тухайн байгууламжаас хөөж гаргасан.

 

Гэрээг нэг талаас “Э” ХХК, нөгөө талаас Ц.А нар байгуулсан. Иймд гэрээний үүрэг болон түүнтэй холбоотой хохирлыг нэхэмжлэгч нь иргэн А.Б бус харин “Э” ХХК-иас шаардах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч А.Бд холбогдуулан 24 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн нэг сарын түрээсийн төлбөр 8 000 000 төгрөг, барьцаанд шилжүүлсэн 8 000 000 төгрөг, гэрээнд заасан торгууль 8 000 000 төгрөг, бараа, бүтээгдэхүүн худалдан авсан хохирол 200 000 төгрөг тус тус гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч уг үндэслэлийг “...нэхэмжлэгчээс авсан төлбөрийг Ж.Гарьдад шилжүүлж өгсөн, ... А.Б нь гэрээний тал биш тул түүнээс гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ авагдсан байх бөгөөд гэрээнд зааснаар “Э” ХХК нь Б дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 6/4 тоотод байрлах, 924 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зочид буудлын зориулалттай хэсгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нэг сарын 8 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Ц.Ад түрээслүүлэх, мөн гэрээг байгуулахад барьцаа 8 000 000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид шилжүүлэх, торгуулийн хэмжээг 8 000 000 төгрөгөөр тогтоохоор тохирч, түрээслүүлэгчийг төлөөлж “Э” ХХК-ийн захирал А.Б гарын үсэг зурж, тус компанийн тэмдгийг дарсан, түрээслэгчийг төлөөлж Ц.А гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байдаг бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болдог.

 

Мөн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар А.Быг тодорхойлж, дээрх гэрээний үүрэг, хохирлыг шаардсан. Хариуцагч А.Б нь хэдийгээр дээрх гэрээний нэг тал болох түрээслүүлэгч “Э” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг хүлээн авсан боловч уг гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуулийн этгээд нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийг гэрээний оролцогч гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнд заасан нэг сарын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар барьцаа 8 000 000 төгрөгийг, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар торгууль 8 000 000 төгрөгийг, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол 200 000 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах эрхгүй байхаас гадна хариуцагч нь тухайн маргаанд хариуцвал зохих этгээд биш байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох 24 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Бд холбогдох, 24 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН