Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/03192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг.......................... оршин суух, Б.Т /РД: ................../,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг......................... оршин суух, Н.Х /РД: ................./ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 1........................... оршин байх, “Х” ХХК /РД: ............../,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...дугаар хороо, Монлаа ... дугаар гудамж, ... тоотод оршин суух,Б.Г /РД: ..................../ нарт холбогдох,

 

75 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Х, Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х, Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т миний бие “Х” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ................... дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь Б дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Өрнөх хороолол”-д 45.3 м.кв талбайтай, орон сууцыг 45 300 000 төгрөгөөр хариуцагчаас худалдан авахаар тохирч, бидний зүгээс гэрээний нийт төлбөр 45 300 000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Б.Гын эхнэр Э.М Хаан банк дахь ..................... дансанд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүрэн шилжүүлсэн.

 

Гэрээний дагуу дээрх орон сууц 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орох байсан боловч тухайн хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд хариуцагч Б.Г нь бидний түүнд өгсөн 45 300 000 төгрөгийг буцаан өгөхөөр болсон. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг 45 300 000 төгрөгийг буцаан өгөх асуудал дээр Б.Гтай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 45 300 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 4 700 000 төгрөгийн хүүтэй, алдангийн хэмжээг мөн тохирсон. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

 

Иймд хариуцагч Б.Г аас зээл 45 300 000 төгрөг, зээлийн хүү 4 700 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг хариуцагч Б.Гаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Г болон хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь барилга угсралтын үйлчилгээг хувиараа хийдэг. Уг барилгын ажлыг хийж гүйцэтгэснээр тухайн компаниас мөнгөнийхөө оронд бартерын байр авч эргэж зарахаар тохиролцсон байсан. Тухайн үед уг компани нь байраа өгөлгүй Б.Г эрсдэлд орж байна. Орон сууцны захилгын гэрээ цуцлагдаагүй гэж үздэг. Орон сууцны захиалгаар авахаар талууд тохиролцож 45 300 000 төгрөгөөс Б.Г 4 900 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан төлсөн. Нэхэмжлэгч нар орон сууц захиалгын гэрээг зээлийн гэрээ байгуулсан мэт болгож халхавчилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 40 400 000 төгрөгийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х, Б.Т нар хариуцагч “Х” ХХК болон Б.Г нарт холбогдуулан 75 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд хариуцагч “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Гт холбогдох 75 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...“Х” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч “Х” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 45 300 000 төгрөгийг буцаан төлөх талаар хариуцагч Б.Гтай зээлийн гэрээ байгуулсан. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 45 300 000 төгрөг, зээлийн хүү 4 700 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг “...ажил гүйцэтгэх гэрээнээс талууд татгалзаагүй, гэрээний үндсэн төлбөр 45 300 000 төгрөгөөс 4 900 000 төлсөн, зээлийн гэрээг өмнөх гэрээг халхавчилж байгуулсан тул 40 400 000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй...” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч “Х” ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Т болон хариуцагч “Х” ХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 01/2020/06/10 дугаартай, “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан болон уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Т нь гэрээний нийт үнэ 45 300 000 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-д шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч нар болон хариуцагч Б.Г нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нар нь 45 300 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өрийг хүртэл 7 сарын хугацаатай, 4 700 000 төгрөгийн хүүтэй хариуцагч Б.Гт зээлүүлэхээр заасан байна.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Т болон хариуцагч “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020/06/10 дугаартай, “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний төлбөр 45 300 000 төгрөгийг буцаан төлөхтэй холбоотой нэхэмжлэгч нар болон хариуцагч Б.Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол тухайн үүрэг дуусгавар болдог.

 

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020/06/10 дугаартай, “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний үүрэг гүйцэтгэгч хариуцагч “Х” ХХК үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т нь тухайн гэрээг цуцалж, улмаар хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Б.Г гэрээний дагуу хүлээн авсан 45 300 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд зээлийн гэрээ байгуулснаар орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болж, зээлийн гэрээний үүрэг талуудад үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нар болон хариуцагч Б.Г нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нар нь дээрх 45 300 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өрийг хүртэл 7 сарын хугацаатай, 4 700 000 төгрөгийн хүүтэй хариуцагч Б.Гт зээлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Б.Г нь үндсэн зээл 45 300 000 төгрөгөөс 4 900 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан төлснийг нэхэмжлэгч нар уг төлбөрийг зээлийн хүүгийн төлбөрт аваагүй гэх боловч өмнөх үүрэг зээлийн гэрээний үүргээр солигдсон тул шүүх уг төлбөрийг зээлийн гэрээний үүрэг тооцох үндэслэлтэй байна Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 40 400 000 төгрөгийг хариуцагч Б.Гаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд талууд гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг 4 700 000 төгрөгөөр тогтоосон нь хуульд харшлаагүй байна. Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Гаас хүүгийн төлбөрт 4 700 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх бөгөөд мөн зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. Хариуцагч Б.Г нь гэрээний үүргээс 4 700 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан төлсөн, үүрэг гүйцэтгээгүй хугацаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 5 000 000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.

 

Нөгөөтээгүүр, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч нь Б.Т, үүрэг гүйцэтгэгч нь “Х” ХХК, харин зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч нь Б.Т, Н.Х, үүрэг гүйцэтгэгч нь Б.Г буюу дээрх 2 гэрээний оролцогчид харилцан адилгүй байх боловч хариуцагч Б.Г нь “Х” ХХК-ийн өрийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгтэй зөрчилдөхгүй байна. Түүнчлэн, зээлийн гэрээнд Н.Х үүрэг гүйцэтгүүлэгчээр оролцож буй нь мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд хариуцагч “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгтэй харшлаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Гаас нийт 50 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Гаас 50 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х, Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х, Б.Т нар хариуцагч “Х” ХХК-д холбогдох, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 408 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН