Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00206

 

Б.Т , Н.Х нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03192 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т , Н.Х нарын хариуцагч “Х” ХХК, Б.Г нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Т миний бие “Х” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 01/2020/06/10 тоот орон сууц захиалах захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Өрнөх хороолол”-д 45.3 м.кв талбайтай, орон сууцыг 45,300,000 төгрөгөөр хариуцагчаас худалдан авахаар тохирч, бидний зүгээс гэрээний нийт төлбөр 45,300,000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Б.Г ын эхнэр Э.М-ийн Хаан банк дахь  дугаар дансанд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүрэн шилжүүлсэн. Гэрээний дагуу дээрх орон сууц 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орох байсан боловч тухайн хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд хариуцагч Б.Г нь бидний түүнд өгсөн 45,300,000 төгрөгийг буцаан өгөхөөр болсон. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг 45,300,000 төгрөгийг буцаан өгөх асуудалд Б.Г тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 45,300,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 4,700,000 төгрөгийн хүүтэй, алдангийн хэмжээг мөн тохиролцсон. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Б.Г аас зээл 45,300,000 төгрөг, зээлийн хүү 4,700,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг хариуцагч Б.Г аас гаргуулж өгнө үү. Хариуцагч “Х” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Б.Г нь барилга угсралтын үйлчилгээг хувиараа хийдэг. Уг барилгын ажлыг хийж гүйцэтгэснээр тухайн компаниас мөнгөнийхөө оронд бартерын байр авч эргэж худалдахаар тохиролцсон байсан. Тухайн үед уг компани нь орон сууцаа өгөлгүй Б.Г эрсдэлд орж байна. Орон сууцны захилгын гэрээ цуцлагдаагүй гэж үздэг. Орон сууцны захиалгаар авахаар талууд тохиролцож 45,300,000 төгрөгөөс Б.Г 4,900,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан төлсөн. Нэхэмжлэгч нар орон сууц захиалгын гэрээг зээлийн гэрээ байгуулсан мэт болгож халхавчилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 40,400,000 төгрөгийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Г аас 50,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х , Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х , Б.Т нар хариуцагч “Х” ХХК-д холбогдох, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г аас 408,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү.

а/ Нэхэмжлэгч нар орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах хүсэлт бичгээр гараагүй байхдаа шүүхэд зээлийн гэрээний дагуу үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэсэн. Талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Харин орон сууц захиалан бариулах гэрээний хүсэл зориг байсан. Үүний дагуу нэхэмжлэгч тал төлбөрийг шилжүүлсэн. Иймд талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх тул уг гэрээний харилцааг шүүх дүгнэх байсан ч дүгнэлт хийгээгүй. Зээлийн гэрээ буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаа нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүсээгүй.

б/ Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар хариуцагч Б.Г ын өмчлөлд уг мөнгийг шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл бодитоор мөнгө шилжүүлсэн үйлдэл нь “Х” ХХК-ийн нягтлангийн данс руу шилжиж орсон байх тул иргэн Б.Г аас зээлийн гэрээний төлбөр, хүү, алдангийг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлгүй. Тооцооллын тухайд иргэн Б.Г орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй буруугаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нарт байр түрээслэх мөнгө болгож 4,900,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсанаас хойш шилжүүлсэн байдаг. Энэ шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч нарын шилжүүлсэн 45,300,000 төгрөгөөс хасч тооцоолж 40,400,000 төгрөг гаргуулан шийдвэрлэх байсан ч шүүх уг тооцооллыг гаргахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

в/ Б.Г хариуцагчаар үлдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчийн харьяалах шүүх буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “Х” ХХК нь 1 ширхэг барилга бариагүй. Энэ талаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээ хийж, зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нараас гадна өөр олон иргэн хохироод шүүхийн байгууллагад хандаад явж байгаа үйл баримт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.Т , Н.Х нар нь хариуцагч “Х” ХХК, Б.Г нарт холбогдуулан 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Г аас үндсэн зээл 45,300,000 төгрөг, зээлийн хүү 4,700,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч Б.Г нь нэхэмжлэлээс 40,400,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т , хариуцагч “Х” ХХК-ийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 01/2020/06/10 тоот орон сууц худалдах худалдан авах  гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Б.Т нь гэрээний нийт үнэ 45,300,000 төгрөгийг “Х” ХХК-д шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-17-18 дахь тал/

 

2. Дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийг “Х” ХХК нь гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Т , Н.Х , Б.Г нар зээлийн гэрээ байгуулж бөгөөд уг гэрээгээр Б.Т , Н.Х нарын орон сууц захиалан бариулахаар шилжүүлсэн 45,300,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өрийг хүртэл 7 сарын хугацаатай, 4,700,000 төгрөгийн хүүтэйгээр Б.Г төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-4 дэх тал/

 

3. Б.Т , “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020/06/10 тоот орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээний төлбөр 45,300,000 төгрөгийг буцаан төлөхтэй холбоотойгоор Б.Т , Н.Х , Б.Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “эзэмшигч нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг үүрэг гүйцэтгэж болно”, мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт “хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж тус тус зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээний оролцогчид өөр байх бөгөөд худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийг “Х” ХХК биелүүлээгүйг тус компанийн захирал Б.Г гүйцэтгэхээр өрийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг, мөн зээлийн гэрээнд Б.Т , Н.Х хамтран гэрээний нэг тал болж гэрээг байгуулсан тул Н.Х үүрэг гүйцэтгүүлэгчээр оролцож буй нь мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд зээлийн гэрээ байгуулснаар өмнөх орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, зээлийн гэрээний үүрэг үүссэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн тул талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байхад уг гэрээний харилцааг шүүх дүгнэх байсан боловч дүгнэлт хийгээгүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4а/

6. Дээрх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд талууд зээлийн хүүгийн хэмжээг 4,700,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч Б.Т , Н.Х нар нь хариуцагч Б.Г аас зээлийн хүүд 4,700,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Г нь үндсэн зээл 45,300,000 төгрөгөөс 4,900,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т , Н.Х нарт төлснийг нэхэмжлэгч нар уг төлбөрийг зээлийн хүүгийн төлбөрт аваагүй гэж маргасан боловч өмнөх худалдах худалдан авах гэрээний үүрэг зээлийн гэрээний үүргээр солигдсон тул шүүх уг төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй байхад анхан шатны шүүх зээлийн хүүг хасч нэхэмжлэгч Б.Т , Н.Х нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 40,400,000 төгрөгийг хариуцагч Б.Г аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь алдаатай болсныг зээлд 45,300,000 төгрөг, зээлийн хүүд 4,700,000 төгрөг нийт 50,000,000 төгрөг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөнө.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр тогтоож хариуцагчаас алданги гаргуулсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу алданги шаардах эрхгүй тул алданги 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

7. Түүнчлэн, нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд хариуцагч “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Т , Н.Х нар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд хариуцагч Б.Г аас үндсэн зээл 45,300,000 төгрөг, зээлийн хүү 4,700,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т , Н.Х нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцооллын талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. /4б/

Анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4в/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “50,100,000” гэснийг “50,000,000” гэж, “24,900,000” гэснийг “25,000,000” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “408,450” гэснийг “407,950” гэж тус тус өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

 

       ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ