Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 110

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч О.Баасанхүү,

хохирогч Б.Мираа,

шүүгдэгч Ж.Баянмөнх, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД: 0-497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон бодь овогт Жигмэдсүрэнгийн Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000131 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг байсан гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар гудамжны 57А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон бодь овогт Жигмэдсүрэнгийн Баянмөнх /РД: ШЕ74022037/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Баянмөнх нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар дунд сургуулийн баруун замд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 23 цаг 10 минутын орчим Тоёота приус маркийн 63-44 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашиныг ашиглахыг хориглоно. 5.2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтыг зөрчсөнөөс хохирогч Б.Мирааг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ж.Баянмөнх: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цагийн үед  дүүгийнхээ эхнэрийг гэрт нь хүргэж өгөөд буцаж явахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэсвгэрт Нисэхийн эцэс рүү гэр лүүгээ харих замд хохирогч Мирааг мөргөсөн, тэгээд түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Би эмчилгээний зардалд 510.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэв.

 

Хохирогч Б.Мираа: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой халамцуу Нисэхийн эцсийн буудлаас гэр лүүгээ харих замдаа осолд ороод юу ч мэдээгүй. Жолооч өөрөө намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Яаж мөргүүлснээ санахгүй байна. Би согтуу байсан, эмнэлэгт очсон хойноо осолд орсноо мэдсэн. Би эмнэлэгт 20 хоног хэвтсэн. Хохиролд 510.000 төгрөг өгсөн, би гомдолгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Мираа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би гэртээ харих санаатай Бөмбөгөрийн орчимоос Нисэхийн автобусанд суугаад Нисэхийн спортын цогцолборын буудал дээрээс Морингийн автобусанд дамжин суух гэж яваад буудлаа хэтрүүлж буугаад Нисэхийн эцсийн буудал дээр буусан. Тэгээд Нисэхийн байрны буудал дээрээс Биокомбинатын автобусанд суух гээд замын зүүн талаар 17 дугаар сургуулийн тэр хавиар зам хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр баруун зүгт зам руу алхаж ороод машинд мөргүүлсэн. ...Би нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...Би тэр өдөр Бурхан Халдун гэдэг архинаас 200 орчим граммыг уусан. ...Явган хүний гарц байсан эсэхийг анзаараагүй. ...Би машин ирж байгааг анзаарч хараагүй. ...Би эмчилгээний зардалд 320,000 төгрөг зарцуулсан. Жолоочийн зүгээс 100,000 төгрөг өгсөн...” /хх-ийн 24/ гэсэн,

 

Шинжээч Л.Ганбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг автомашины зүүн баруун гар талын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангаагүй, мөн тусгал өөрчлөлтэй, доош туссан байгаа нь харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан газар жолооочийн харах орчинг багасгана.  Автомашины урд 2 их гэрлийн тусгалаас өөр эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхөөргүй байсан...” /хх-ийн 107/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.Баянмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цагийн үед би хашаанаас 63-44 УБТ улсын дугаартай Т.Приус-10 маркийн автомашиныг жолоодож гараад эхнэрийн дүүг Нисэхийн 64 дүгээр байранд хүргэж өгөөд буцаад гэртээ харих гээд Хан­-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7 дугаар сургуулийн баруун замд явж байтал замын зүүн талд нэг хүн ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй өөдөөс алхаж явсан. Би машины замаар уг хүнтэй зэрэгцээд иртэл миний машины баруун талаас уг явган зорчигч зам руу алхаж орж ирээд шүргүүлээд унасан. Би машинаа зогсоогоод буугаад очтол явган зорчигчийн хөмсөг орчимоос цус гарчихсан замын зүүн талын боржур дээр дээшээ хараад хэвтэж байсан. ...Би машиныхаа баруун талын толь орчимд явган зорчигчийг шүргэсэн. Биеийнх нь аль хэсэгт мөргөснийг мэдэхгүй байна...” /хх-ийн 78/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 8-12/,

- Хохирлын баримт /хх-ийн 29/,

- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухайн тэмдэглэл /хх-ийн 110/,

- Өвчний түүх /хх-ийн 44-53/,

- Шүүгдэгч Ж.Баянмөнхийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Батмөнх /хх-ийн 30/, Б.Энхбаясгалан /хх-ийн 32/ нарын мэдүүлгүүд,

- Тодорхойлолт /хх-ийн 86/

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 89/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 92/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 103/,

- Шүүгдэгч Ж.Баянмөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2289 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.Мираагийн биед баруун дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал, баруун дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацар, духанд зулгаралт бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 36/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 362 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.Мираагийн биед урьд гарсан №2289 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүй зүүн талд дух ясны зүүн хажуу хэсгээс доош чамархай суурь ясыг хамарсан шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Б.Мираагийн биед учирсан дээрх гавал тархины гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой...” /хх-ийн 41/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1639 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Мираа гэсэн хаягтай цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” /хх-ийн 55/ гэсэн,

- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-68/,

- 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 тоот техникийн шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Т.Приус маркийн 63-44 УБТ дугаартай автомашины жолооч Жигмэдсүрэнгийн Баянмөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т заасан “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан:” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Бадамбазарын Мираа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөдлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” 3.9.г-д заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах:” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 72/ гэсэн дүгнэлтүүд зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож цагаатгах тогтоолын үндэслэл болголоо.

 

Тээврийн прокурорын газраас Ж.Баянмөнхийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар дунд сургуулийн баруун замд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 23 цаг 10 минутын орчим Тоёота приус маркийн 63-44 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашиныг ашиглахыг хориглоно. 5.2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтыг зөрчсөнөөс хохирогч Б.Мирааг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд нь:

2017 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар сургуулийн баруун замд Ж.Баянмөнх нь Тоёота приус маркийн 63-44 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан, Б.Мираа нь замын хажуугаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа явган явж байсан, улмаар Б.Мираа нь 63-44 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөхдөө өөрөө унаж тээврийн хэрэгслийн баруун талын толины хэсэгт мөргөгдөж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан, тухайн тээврийн хэрэгслийн баруун талын толь хугарсан тухай үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Замын хөдөлгөөнд оролцохдоо хохирогч Б.Мираа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тэр өдөр Бурхан Халдун гэдэг архинаас 200 орчим граммыг уусан...” гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1639 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Мираа гэсэн хаягтай цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” /хх-ийн 55/ гэсэн дүгнэлтээр,

Ж.Баянмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 13/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Мираа мөрдөн байцаалтын шатанд “...Зам хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр баруун зүгт зам руу алхаж ороод машинд мөргүүлсэн. Явган хүний гарц байсан эсэхийг анзаараагүй. ...Би машин ирж байгааг анзаарч хараагүй...” /хх-ийн 24/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед согтуу байсан. ...Сайн санахгүй байна. ...Миний буруу байсан...” гэж,  

 Ж.Баянмөнх мөрдөн байцаалтын шатанд “...Нисэхийн 7 дугаар сургуулийн баруун замд явж байтал замын зүүн талд нэг хүн ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй өөдөөс алхаж явсан. Би машин замаар уг хүнтэй зэрэгцээд иртэл миний машины баруун талаас уг явган зорчигч зам руу алхаж орж ирээд шүргүүлээд унасан...” /хх-ийн 70/  гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Би дөнгөж уулзвар эргээд 30 орчим км/цагийн хурдтай явж байсан. Б.Мираа гуай миний урдаас ирж байсан. ...Б.Мирааг замын хажуугаар явж байхыг харсан. Б.Мираа гуай миний машины хажуугаар өнгөрөхдөө толь руу гэнэт хүчтэй орж ирээд мөргүүлсэн. Миний машины толь хугарсан, би хурдтай яваагүй...” гэж тус тус мэдүүлсэн,  

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...2. Баруун гар талын толины гадна талын гэр хагарч сууриараа хугарч скочоор ороож боосон эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осол гарах үед үүссэн байна. Урд буфер баруун гар талын булан хэсэгт будаг нь халцарч хагарсан, капут үзүүр хэсэгтээ хонхойж будаг халцарсан, баруун гар талын крылоны баруун дээд буландаа, зүүн гар талын урд ба хойд хаалганууд бариулын хэсэгтээ будаг нь халцарч хонхойсон хуучин сэвтэй, ...эвдрэл гэмтлүүлд нь уг тээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн байх боломжтой тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөөгүй байж болно...” /хх-ийн 61-68/ гэсэн дүгнэлт,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлд “...баруун толь хугарсан...” /хх-ийн 11-12/ гэсэн,

- 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 тоот техникийн шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Т.Приус маркийн 63-44 УБТ дугаартай автомашины жолооч Жигмэдсүрэнгийн Баянмөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т заасан “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чирүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан:” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Бадамбазарын Мираа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөдлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” 3.9.г-д заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах:” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 72/ гэсэн дүгнэлтүүд зэргээс дүгнэхэд хохирогч Б.Мираа нь хойноосоо урагш чиглэлд замын зүүн талаар явж байхдаа явган хүний гарцгүй хэсгээр урдаасаа хойшоо чиглэлд явж байсан Ж.Баянмөнхийн жолоодож явсан Тоёота приус маркийн 63-44 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөхдөө өөрөө унаж, тээврийн хэрэгслийн баруун талын толины хэсэгт мөргөгдөж хүнд зэргийн гэмтэл авсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

 

Харин Тээврийн прокурорын газраас Ж.Баянмөнхийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашиныг ашиглахыг хориглоно. 5.2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтыг зөрчсөнөөс хохирогч Б.Мирааг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдаж, үзэгдэх орчин багассан, хязгаарлагдсаны улмаас хохирогч Б.Мирааг шүүгдэгч Ж.Баянмөнх тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хохирогч Б.Мираад учирсан хүнд гэмтэл, Ж.Баянмөнхийн “...5.2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл хоёрын хооронд шалтгаан холбоо байхгүй, Ж.Баянмөнхийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Баянмөнхийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Баянмөнхийн эзэмшлийн 63-44 УБТ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн жолоочийн 263070 дугаартай Ж.Баянмөнхийн үнэмлэхийг түүнд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагаатгагдсан этгээд Ж.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.4, 294, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.6, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон бодь овогт Жигмэдсүрэнгийн Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Баянмөнхийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд Ж.Баянмөнхийн эзэмшлийн 63-44 УБТ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн Ж.Баянмөнхийн 263070 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагаатгагдсан Ж.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Ж.Баянмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгагдсан этгээд Ж.Баянмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР