Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/03388

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, ............................................

тоотод оршин байх, “Б” ХХК /РД: ............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, .......................................оршин байх, “И” ХХК /РД: ................/,

 

Хариуцагч: Б дүүрэг, ................................................................. оршин суух, Д.М /РД: .................../ нарт холбогдох,

 

97 283 880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.Д, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Өмнөговь аймаг, Ханбогд сум, 5 дугаар баг, Цагаан хадад байрлах газарт Шатахуун түгээх станцын зориулалттай ШТС-ын барилгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулахаар “МТ А” ХХК-тай барилга угсралтын гэрээ гэрээг байгуулсан. Үүний дагуу “Б” ХХК нь 2 ширхэг шатахуун түгээгүүрийг “И” ХХК-иас худалдаж авахаар харилцан тохиролцож, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 15 840 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлсэн. Гэтэл “И” ХХК нь өнөөдрийг хүртэл дээрх 2 ширхэг шатахуун түгээгүүрийг бидэнд нийлүүлээгүй.

 

Иймд бидний зүгээс “МТ А” ХХК-тай байгуулсан гэрээний алданги ихээр хүлээж байсан тул “Дээшлэх говь” ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 03/21 дугаар гэрээ байгуулан, 2 ширхэг хагас хурдны түгээгүүрийн захиалга өгч, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр захиалсан бараагаа авч, Өмнөговь аймаг,  Ханбогд сум, Цагаан хаданд шинээр барьсан ШТС-д 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр суурилуулан хүлээлгэн өгсөн. Гэвч “И” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бид “МТ А” ХХК-тай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01/01, 01/21 дугаар гэрээний дагуу ШТС-ын барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн боловч шатахуун түгээгүүр суурилуулан түгээгээгүй, хугацаанд нь гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн алдангид 81 443 880 төгрөгийг “МТ А” ХХК нь манайд өгөх санхүүжилтээс хасаж тооцсон.

 

Иймд гэрээний дагуу 2 ширхэг түгээгүүрийн урьдчилгаа төлбөрт төлсөн 15 840 000 төгрөгийг, мөн “И” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай байгууллагад учирсан хохирол 81 443 880 төгрөгийг, нийт 97 283 880 төгрөгийг “Ижил бумба” ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн зүгээс “И” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул хариуцагч Д.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь “И” ХХК-тай гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Учир нь, иргэн Д.М би “Авто плаза-2 худалдааны төв”-д шатахуун түгээгүүрийн холбогдолтой барааны лангуу ажиллуулдаг бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 22-ний өдөр “Б” ХХК нь 2 ширхэг түгээгүүр авах захиалга өгсөн бөгөөд урьдчилгаа төлбөр 15 840 000 төгрөгийг “И” ХХК-ийн дансаар дамжуулж авсан.

 

Д.М нь дээрх 15 840 000 төгрөгийг аваад Өвөр Монгол руу өөрийн бусад барааны хамт захиалга өгч, мөнгөө шилжүүлсэн боловч корона-19 цар тахлын улмаас хил хаагдаж, бараа оруулж ирж чадаагүйгээс захиалгын хугацаа алдсан. Нэгэнт захиалгыг Д.М хүлээн авч, мөнгийг нь авсан тул урьдчилгаа төлбөр 15 840 000 төгрөгийг Д.М төлж барагдуулна. Иймд хохирлыг хариуцахгүй, гэрээний урьдчилгаа төлбөр 15 840 000 төгрөгийг буцаан төлөх асуудлаар эвлэрэх боломжтой гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Авто плаза-2 худалдааны төв”-д шатахуун түгээгүүрийн холбогдолтой барааны лангуу ажиллуулдаг. 2021 оны 3 дугаар сарын сүүлээр “Магнай трейд” ХХК-ийн Хөрөнгө зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга, С.Пүрэвсүрэн гэх хүн надаас 2 ширхэг шатахуун түгээгүүрийг 19 800 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 15 840 000 төгрөгийг манайх ахын компани болох “Ижил бумба” ХХК-ийн дансанд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн.

 

   Хариуцагч “И” ХХК нь энэхүү худалдах-худалдан авах харилцаанд ямар ч хамааралгүй. “И” ХХК-ийн данс руу орсон 15 840 000 төгрөгийг миний бие бэлнээр авч Өвөр Монгол руу шилжүүлсэн. Иймд 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдах-худалдан авах аман тохиролцоо нь Д.М болон С.Пүрэвсүрэн нарын хооронд хийгдсэн.

 

Корона-19 цар тахлын улмаас хил хаагдаж, 2 ширхэг шатахуун түгээгүүрийг миний бие нийлүүлэх боломжгүй болсон. Харин одоо уг мөнгийг С.Пүрэвсүрэнд буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.

 

С.Пүрэвсүрэн нь надтай анх тохиролцож, гэрээ хийхдээ “МТ А” ХХК-тай гэрээ байгуулсан талаар мэдэгдээгүй. Надаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу цар тахалтай холбоотойгоор хөл хорио тавигдсан, урд хил хаагдсан, мөн хил дээр олон бараа бөөгнөрч дараалал үүссэн, мөн автозамын ачааны тээврийн үнэ хөлс нэмэгдсэнээс бараагаа авч чадахгүй нөхцөл байдалд орсон, борлуулалт зогссон зэрэг нөхцөл байдлууд үүссэн учир хохирол 81 443 880 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “И” ХХК болон хариуцагч Д.М нарт холбогдуулан 97 283 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Д.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “И” ХХК-д холбогдох, 97 283 880 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...“И” ХХК-тай 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, ...гэрээний урьдчилгаанд 15 840 000 төгрөгийг хариуцагч “И” ХХК шилжүүлсэн боловч хариуцагч 2 ширхэг шатахуун түгээгүүрийг нийлүүлээгүй тул урьдчилгаа 15 840 000 төгрөгийг гаргуулах, ...хариуцагч “И” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас “МТ А” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу алданги 81 443 880 төгрөгийг “МТ А” ХХК нь манай байгууллагад олгох санхүүжилтээс хасаж, бидэнд 81 443 880 төгрөгийг хохирол учирсан” гэж тодорхойлсон. Хариуцагч “И” ХХК нь уг шаардлагын үндэслэлийг “...“И” ХХК нь “Б” ХХК-тай 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “И” ХХК-д холбогдох хэсгээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч Д.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Хариуцагч “И” ХХК-д холбогдох 15 840 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Голомт банк дахь 1415138280 дугаар данснаас 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “түгээгүүр урьдчилгаа төлбөрт “Б” ХХК-иас “И” ХХК-д” гэх гүйлгээний утгаар 15 840 000 төгрөгийг хариуцагч “И” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь Голомт банкны дансны хуулгаар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй. /хх 23 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс 15 840 000 төгрөгийг хариуцагч “И” ХХК-д шилжүүлсэн байна.

 

Түүнчлэн, хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 21/21, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 27/21 дугаар албан бичгийг хариуцагч “И” ХХК-д хүргүүлсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтын агуулгад нэхэмжлэгч нь хариуцагч “И” ХХК-иас 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдан авсантай холбоотой үүргийг шаардсан талаар тусгасан байна. /хх 20-21 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “И” ХХК нь дээрх 15 840 000 төгрөгийг хүлээн авахаас татгалзсан талаарх хүсэл зоригоо илэрхийлснээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар уг төлбөрийг хариуцагч Д.Мын хүсэлтийн дагуу буюу нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүйгээр шилжүүлж авсан гэх тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчээс хариуцагч “И” ХХК-д шилжүүлсэн талаарх 15 840 000 төгрөгийн баримт болон нэхэмжлэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 21/21 дугаар, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 27/21 дугаар албан бичгийг үндэслэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д “талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч “И” ХХК-ийн хооронд 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдах-худалдах авах хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “И” ХХК нь 2 ширхэг шатахуун түгээгүүрийг нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүрэг талуудад  тус тус үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2 ширхэг шатахуун түгээгүүрийн урьдчилгаа төлбөрт 15 840 000 төгрөгийг хариуцагч “И” ХХК-д шилжүүлсэн боловч тэрээр барааг нэхэмжлэгчид нийлүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон нь түүний “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 15 840 000 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас шаардах эрхтэй буюу хариуцагч “И” ХХК нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

2. Хариуцагч “И” ХХК-д холбогдох хохирол 81 443 880 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь дээрх хохирлыг нотлохоор нэхэмжлэгч болон “МТ А” ХХК-ийн хооронд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх “Барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” болон Өмнөговь аймгийн Ханбогд сум 5-р баг /Цагаан Хад/-д шинээр баригдах ШТС-ын ажил гүйцэтгэх хуваарь, нэхэмжлэгч болон “Дээшлэх говь” ХХК-ийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх “Түгээгүүр худалдах, худалдах авах гэрээ”, мөн 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээлцсэн акт”, нэхэмжлэх, мөн “МТ А” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 89/21 дугаартай, мэдэгдлийг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 10-19, 79 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирол нь баримтаар бодитоор тогтоогдсон байхаас гадна уг хохирол нь хариуцагч үүргээ биелүүлээгүйтэй холбоотой, мөн тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.   

 

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанд 81 443 880 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх үндэслэл дээрх баримтаар тогтоогдохгүй байна.   

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч “И” ХХК-иас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол 81 443 880 төгрөгийг шаардах эрхгүй.

 

3. Хариуцагч Д.Мд холбогдох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.М болон “И” ХХК-иас 97 283 880 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч Д.Мд холбогдох шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах ...эрхтэй” гэж заасантай нийцэж байхаас гадна уг татгалзал нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасантай харшлаагүй байна.

   

Дээрх үндэслэлээр хариуцагч “И” ХХК-иас 15 840 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81 443 880 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Мд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч Д.Энхтүвшин нь “И” ХХК-ийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. /хх 80 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 15 840 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81 443 880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Д.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 644 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 237 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН