Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00275

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б М О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/03388 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б М О ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИБ ХХК, Д.М нарт холбогдох, 2 ширхэг шатахуун түгээгүүрийн урьдчилгаа төлбөрт төлсөн 15,840,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 81,443,880 төгрөг, нийт 97,283,880 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Д.М , түүний өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: МТ А ХХК-тай байгуулсан барилга угсралтын гэрээний дагуу Б М О ХХК нь 2 ширхэг шатахуун түгээгүүрийг ИБ ХХК-аас худалдан авахаар харилцан тохиролцож, 2021 оны 03 сарын 22-ны өдөр 15,840,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансаар шилжүүлсэн боловч шатахуун түгээгүүрийг нийлүүлээгүй. Ингээд Д.Г ХХК-тай 2021 оны 05 сарын 28-ны өдөр 03/21 дугаар гэрээ байгуулж, 2 ширхэг хагас хурдны түгээгүүрийн захиалга өгч, 2021 оны 06 сарын 17-ны өдөр суурилуулан хүлээлгэн өгсөн.

ИБ ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас МТ А ХХК-тай байгуулсан 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 01/01, 01/21 дугаар гэрээний дагуу ШТС-ын барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн боловч шатахуун түгээгүүр суурилуулан түгээгээгүй, хугацаанд нь гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр хугацаа хэтэрсэн алдангид 81,443,880 төгрөгийг МТ А ХХК нь манайд өгөх санхүүжилтээс хасаж тооцсон.

Иймд гэрээний дагуу 2 ширхэг түгээгүүрийн урьдчилгаа төлбөрт төлсөн 15,840,000 төгрөг, ИБ ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол 81,443,880 төгрөг, нийт 97,283,880 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү. ИБ ХХК-тай худалдах,худалдан авах гэрээ байгуулсан тул хариуцагч Д.М д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

2. Хариуцагч ИБ ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Б М О ХХК-тай гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Учир нь, Д.М Авто плаза-2 худалдааны төвд шатахуун түгээгүүрийн холбогдолтой барааны лангуу ажиллуулдаг бөгөөд 2021 оны 03 сарын 22-ны өдөр Б М О ХХК нь 2 ширхэг түгээгүүр авах захиалга өгч, урьдчилгаа төлбөр 15,840,000 төгрөг өгснийг ИБ ХХК-ийн дансаар дамжуулж авсан. Д.М нь ӨМӨЗО руу өөрийн бусад барааны хамт захиалга өгч, мөнгөө шилжүүлсэн боловч Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж, бараа оруулж ирж чадаагүйгээс захиалгын хугацаа алдсан.

Захиалгыг хүлээн авч, мөнгийг авсан Д.М 15,840,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хохирлыг хариуцахгүй, гэрээний урьдчилгаа төлбөр 15,840,000 төгрөгийг буцаан төлөх асуудлаар эвлэрэх боломжтой.

 

3. Хариуцагч Д.М ын хариу тайлбарын агуулга: Д.М миний бие Авто плаза-2 худалдааны төвд шатахуун түгээгүүрийн холбогдолтой барааны лангуу ажиллуулдаг. 2021 оны 03 сарын сүүлээр Магнай трейд ХХК-ийн Хөрөнгө зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.П гэх хүн 2 ширхэг шатахуун түгээгүүрийг 19,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 15,840,000 төгрөгийг Д.М ын ахын компани болох ИБ ХХК-ийн дансанд 2021 оны 03 сарын 22-ны өдөр шилжүүлсэн.

Хариуцагч ИБ ХХК нь энэхүү худалдах, худалдан авах харилцаанд оролцоогүй. ИБ ХХК-ийн данс руу орсон 15,840,000 төгрөгийг бэлнээр авсан. 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдах, худалдан авах аман тохиролцоо нь Д.М , С.П нарын хооронд хийгдсэн. Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж, 2 ширхэг шатахуун түгээгүүрийг нийлүүлэх боломжгүй болсон тул мөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. С.П нь анх тохиролцож, гэрээ хийхдээ МТ А ХХК-тай гэрээ байгуулсан талаар мэдэгдээгүй.

Д.М оос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу цар тахалтай холбоотойгоор хөл хорио тавигдсан, урд хил хаагдсан, хил дээр олон бараа бөөгнөрч дараалал үүссэн, мөн автозамын ачааны тээврийн үнэ хөлс нэмэгдсэнээс бараагаа авч чадахгүй нөхцөл байдалд орсон, борлуулалт зогссон зэрэг нөхцөл байдлууд үүссэн учир хохирол 81,443,880 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч ИБ ХХК-иас 15,840,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б М О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81,443,880 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б М О ХХК хариуцагч Д.М д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 644,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИБ ХХК-иас 237,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ИБ " ХХК-аас гэрээний хохирол 81,443,880 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

а. Анхан шатны шүүх тухайн түгээгүүрийг нийлүүлээгүй, урьдчилгаанд өгсөн төлбөр 15,840,000 төгрөгийг буцаан төлөөгүй гэсэн хариуцагчийн тайлбар, өөр газраас түгээгүүр захиалан авсан гэрээ, МТ А ХХК нь нэхэмжлэгчийг хугацаа хожимдуулсан гэх үндэслэлээр 51,710,400 төгрөгийг суутгасан 2021 оны 07 сарын 01-ний өдрийн 89/21 дугаартай албан мэдэгдэл зэргийг үнэлээгүй.

б. Мөн МТ А ХХК-тай 2021 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлаа дуусгасан ч хариуцагчийн хугацаандаа нийлүүлээгүй шатахуун түгээгүүрээс шалтгаалж МТ А ХХК нь нэхэмжлэгчид өгөх санхүүжилтээс алдангид тооцон 51,710,400 төгрөгийг суутган үлдэх 29,733,480 төгрөгийн алданги төлөхөөс нааш дараагийн шатахуун түгээх станц бариулах гэрээг хийхгүй гэж мэдэгдсэн. Энэ нь үйл ажиллагаа эхлэж байгаа нэхэмжлэгч компанийн хувьд дээрх хохирлоос гадна боломжийг алдагдуулж, хэвийн бус түүхтэй компани болгож байна.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Д.М ын талаас гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

3. Нэхэмжлэгч Б М О ХХК нь хариуцагч ИБ ХХК-д холбогдуулан 2 ширхэг шатахуун түгээгүүрийн урьдчилгаа төлбөрт төлсөн 15,840,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 81,443,880 төгрөг, нийт 97,283,880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг /хх 1-2/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.М нь ...ИБ ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд оролцоогүй, 15,840,000 төгрөгийг өөрөө авсан тул буцаан төлнө, харин цар тахлын улмаас шалтгаалж захиалгыг нийлүүлж чадаагүй тул хохирлыг төлөх үүрэггүй... гэж маргажээ. /хх 35/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцсон Д.М нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ ...анх тохиролцоо хийсэн С.П-д 15,840,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, тэрээр МТ А ХХК-тай гэрээ байгуулсан талаар мэдэгдээгүй, тухайн гэрээний дагуу бус зах зээлийн ханшаас хямд гэсэн үндэслэлээр түгээгүүр захиалсан тул уг гэрээтэй холбоотой үүрэг хүлээхгүй, мөн Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж, захиалгын зүйлийг нийлүүлж чадаагүй учир хохирол учруулсан гэж үзэхгүй... гэсэн тайлбар гаргаж маргасан. /хх 65, 68, 77-78/

 

Зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр 15,840,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 22-ны өдөр ИБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн боловч шатахуун түгээгүүрийг хүлээн аваагүй үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч Б М О ХХК-тай дээрх 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ИБ ХХК эсхүл Д.М нарын хэн нь оролцсон, мөн тухайн гэрээний дагуу түгээгүүр нийлүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид 81,443,880 төгрөгийн хохирол бодитоор учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Хэрэгт авагдсан Голомт банк ХХК дахь Б М О ХХК-ийн эзэмшлийн 1415138280 тоот дансны хуулга /хх 23/, нэхэмжлэгчээс хариуцагч ИБ ХХК-д хаягласан албан бичгүүд /хх 20-21, мөн ИБ ХХК нь нэхэмжлэгчтэй дээрх худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тус баримтаар нотлоогүй зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч Б М О ХХК болон хариуцагч ИБ ХХК-ийн хооронд 2 ширхэг шатахуун түгээгүүр худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул анхан шатны шүүх гэрээний төлбөрийн урьдчилгааг өөрийн дансаар хүлээн авсан ИБ ХХК-аас 15,840,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй. Хариуцагч тал энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

5. Хариуцагч ИБ ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 81,443,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Учир нь, нэхэмжлэгчид 81,443,880 төгрөгийн хохирол бодитоор учирсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна уг хохирол нь хариуцагчийн шатахуун түгээгүүр нийлүүлэх үүрэгтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмлэгч нь хохирол гаргуулах шаардлага, түүний үндэслэлээ хуульд зааснаар баримтаар нотлоогүй, хариуцагч түгээгүүр нийлүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь түүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөр газраас түгээгүүр захиалан авсан гэрээ, МТ А ХХК-ийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийн 89/21 дугаартай албан мэдэгдэл тус бүрийг шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаж үнэлсэн байх тул эдгээр баримтыг үнэлээгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч Б М О ХХК нь хариуцагч Д.М д холбогдох шаардлагаас татгалзсан тул анхан шатны шүүх татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/03388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламхандаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 565,170 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР