Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00021

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2018        11              14                                            20

 

 

                                                                                

 Б.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Мы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гарсан тогтоолын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, ТУЗ-ийн даргатай 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатай контрактын гэрээг байгуулсан. Дээрх хугацаанд тус байгууллагын санхүүгийн алдагдлыг бууруулж, амжилттай сайн ажилласан бөгөөд ТУЗ-ийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлаар контрактын биелэлтийг хангалттай гэж дүгнэсэн.

Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн компанийн ТУЗ-ийн хуралдаанаар намайг контрактын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-д заасан гэрээний хугацаа дууссан, 5.2.3-д заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Контрактын хугацаа дуусах өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цаашид сунгахгүй болсон талаар аль ч тал санал гаргаагүй байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг зөрчсөн.

Мөн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын удирдамжийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А-1/2085 тоот албан бичгээр баталж, ТУЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн бөгөөд уг удирдамжиндаа Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээг цуцлах, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай асуудал хэлэлцэхээр тусгаагүй байхад болон намайг эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай чөлөө авсан хойгуур хуралдаж, хэлэлцэхээр төлөвлөөгүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 9 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан тус компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Л.Нямдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мы нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Контрактын биелэлтийг дүгнэсэн талаар: Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мы ТУЗ-тэй 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 01 дугаартай контрактын биелэлтийг зохих журмын дагуу шалгаж, хангалттай гэсэн дүгнэлт гаргаагүй болно. Тодруулбал: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор батлагдсан төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмын дагуу тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлын контрактыг дараах байдлаар дүгнэсэн байдаг. Эрчим хүчний яам 15 онооноос 0 оноо, ТӨБЗГ 25 онооноос 18 оноо, ТУЗ 60 онооноос 51 оноо өгсөн ба 100 оноо авахаас бүгд 69 оноо авсан байна.

2. Контрактын хугацаа дуусгавар болж цаашид сунгахгүй болсон талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээ, 22 дугаар зүйлд Контракт гэсэн заалтууд орсон байдаг. Өмчлөгч нь өөрт ашиг, орлогыг бусдаас илүү олж өгөх авьяас, чадвартай хүнд өөрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх олгож, өөрийн мэдлийн дор ажиллуулах үедээ байгуулж буй гэрээг контракт гэж байгаа юм. Эрчим хүчний яамны ХШҮДАГ-аас 2017 онд хяналт шалгалт хийж зөвлөмжийн дүгнэлтэд гүйцэтгэх захирал Б.Мд хариуцлага тооцож контрактын гэрээг цуцлах зөвлөмж гарсан. Иймд Эрчим хүчний сайд Б.Мтай хамтран ажиллах боломжгүй гэсэн албан бичгийг ТӨБЗГ-т хүргүүлсэн. ТӨБЗГазраас 2018 оны 4 дүгээр сард болсон гүйцэтгэх захирлуудын контрактын гэрээг сунгах эсэх асуудлаар хуралдаж Б.М зэрэг холбогдох 3 захирлын гэрээг сунгаагүй юм.

Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын чиглэлийг ТӨБЗГазрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А-1/2085 тоот удирдамжаар авсан байдаг. Уг удирдамжид компанийн гүйцэтгэх захирлын контрактын тухай асуудлыг хэлэлцэж Б.Мтай гэрээг сунгах шаардлагагүй гэж үзсэн. Иймд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мы ТУЗ-тэй 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 01 дугаартай контрактыг тус контрактын 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалтын дагуу контрактын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон, мөн 5.2.3 хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсаны дагуу ТУЗ-өөс Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэсэн заалт, Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 компанийн гүйцэтгэх удирдлагыг ТӨБЗГ-ын удирдамжийн дагуу томилох, чөлөөлөх түүний бүрэн эрхийг тогтоох, мөн 10 дугаар зүйлийн 10.5 гүйцэтгэх захирлыг томилох, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг ТУЗ шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу чөлөөлсөн болно.

Иймд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоол нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд контрактын гэрээ, компанийн дүрэм болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн өмнөх ТУЗ-ийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 196 дугаар тогтоолоор 1 жилийн хугацаатай томилсон бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар санхүүгийн жил дууссанаас хойш 4 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болоод бүрэн эрх нь дуусдаг байгаа. Үүнээс хойш шинээр ТУЗ нь томилогддог боловч 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бүх гишүүд томилогдсон. Өмнөх ТУЗ нь бүрэн эрх дууссанаас хойш хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас өөр бүрэн эрхгүй болсон. Б.М захиралтай байгуулсан контрактын гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дууссан боловч дараагийн захирлыг томилох асуудал нь шинэ ТУЗ-д хадгалагдаж байсан тул түүнийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөх тогтоол гаргасан байгаа. Дээрх хугацаанд холбогдох газрууд ялангуяа Эрчим хүчний яам болон хэрэг эрхлэх газраас Б.Мтай холбоотой асуудлыг шалгалтын мөрөөр хийж тухайн ажил үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзээд чөлөөлүүлэх саналаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тавьсан байдаг. ТӨБЗГ 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А-1/2211 тоот албан бичгээр гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх асуудлыг Компанийн тухай хууль, Компанийн дүрэмд зааснаар шийдвэрлэ гэсэн удирдамж хүргүүлсний дагуу Б.Мыг ажлаас чөлөөлсөн.

Б.Мтай байгуулсан контрактын гэрээг дүгнэхэд Эрчим хүчний яам 0 оноо, ТӨБЗГ 18 оноо, ТУЗ 51 оноо, нийтдээ 69 оноо авч хангалтгүй гэж үнэлэгдсэн учир гэрээг сунгаагүй. Зөвхөн ТУЗ нь 51 хувь буюу хангалттай гэсэн үнэлгээ өгсөн.

Ажлаас чөлөөлөх тогтоол гаргахдаа Б.Мыг тус хуралд оролцуулж, түүний саналыг сонсож, тэтгэвэрт гарах хүртэл хугацаанд өөр ажил, албан тушаал эрхлэх талаар санал тавихад хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл эмнэлэгт хэвтэж байхад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Ажлаас чөлөөлөгдөх тухайгаа Б.М өөрөө мэдэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг зохицуулдаг учир контракттай хамаагүй тул хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Б.Мы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 09 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Л.Ндавж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Анхан шатны шүүх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч талыг хэргийн материалтай танилцуулаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцүүлж талуудын эрх тэгш байдлыг хангаж оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэнг хэргийн материалтай танилцуулж шүүх хуралд мэтгэлцэх зарчмыг хангаж оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасны дагуу “... хэргийн материалтай танилцах”, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.” гэсэн хуулийг заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Энэ үйл баримт нь хавтаст хэрэг, шүүх хуралдааны тэмдэглэлд болон дуу дүрсний бичлэгт тусгагдсан байх гэж найдаж байна.

2. Контрактын хугацаа дуусгавар болж цаашид сунгахгүй болсон талаар:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно” гэж заасан байх ба контрактын гэрээний хугацаа дууссан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цуцлах талаар талуудаас санал гаргасан баримтгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Эрчим хүчний яамны ХШҮДАГ-аас 2017 онд хяналт шалгалт хийж зөвлөмжийн дүгнэлтэд гүйцэтгэх захирал Б.Мд хариуцлага тооцож контрактыг цуцлах зөвлөмж гарсан. Иймд Эрчим хүчний сайд Б.Мтай хамтран ажиллах боломжгүй гэсэн албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 4 дүгээр сард болсон гүйцэтгэх захирлуудын контрактын гэрээг сунгах эсэх асуудлаар хуралдаж Б.М зэрэг холбогдох 3 захирлын гэрээг сунгаагүй юм. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Б.Мтай байгуулсан контрактын хугацаа дуусч байгаа болон цаашид сунгах эсэх асуудлыг шинээр байгуулагдах Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх талаар албан бичгээр мэдэгдсэн байдаг. Учир нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д зааснаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх санхүүгийн жил дууссанаас хойш 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болоод бүрэн эрх нь дуусдаг. Үүнээс хойш шинээр Төлөөлөн удирдах зөвлөл нь томилогддог боловч 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дараагийн шинэ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд томилогдсон. Өмнөх Төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрх дууссанаас хойш хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас өөр бүрэн эрхгүй болсон байсан. Б.М захиралтай байгуулсан контрактын хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дууссан боловч контрактын хугацааг сунгах эсэхийг шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлд эрх нь хадгалагдаж байсан тул үүнийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тухайн контрактыг цуцлах тухай тогтоол гарсан байдаг. Контрактын хугацааг сунгах эсэхийг дээрх шалтгаанаар хойшлуулж шийдвэрлэх асуудлыг тухай бүр Б.Мд мэдэгдсэн байдаг.

3. Б.Мтай байгуулсан Контрактыг цуцлахыг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан эсэх талаар

Дээрх хугацаанд холбогдох газрууд Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас контрактын хугацааг дуусгавар болгож цуцлах саналаа гаргасан байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А-1/2211 тоот албан бичгээр гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар шийдвэрлэх гэсэн удирдамж Төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлсэний дагуу Б.Мыг ажлаас чөлөөлж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Төлөөлөн удирдах зөвлөлөөс ажлаас чөлөөлөх тогтоол гаргахдаа Б.Мыг тус хуралд оролцуулж, түүний саналыг сонсож, тэтгэвэрт гарах хүртэл хугацаанд өөр ажил, албан тушаал эрхлэх талаар санал тавихад зөвшөөрөөгүй юм. Иймээс Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мы Төлөөлөн удирдах зөвлөлтэй 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 01 дугаартай контрактыг тус контрактын 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалтын дагуу контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, мөн 5.2.3 хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсаны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8. компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэсэн заалт, “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 компанийн гүйцэтгэх удирдлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдамжийн дагуу томилох, чөлөөлөх түүний бүрэн эрхийг тогтоох, мөн 10 дугаар зүйлийн 10.5-д гүйцэтгэх захирлыг томилох, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу чөлөөлсөн болно.

Иймд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь Б.Мтай байгуулсан контрактын биелэлтийг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан, хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан, гэрээний хугацаа дуусаж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан  “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай  танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхээ эдлэх,  хэрэгжүүлэх боломжоор хангаагүй,  6 дугаар зүйлийн 6.4-т заасан   “...нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэсэн мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр танилцуулсан байх ба хэргийн материалтай танилцсан баримтанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн “хэргийн материалтай бүрэн танилцаж чадсангүй” гэсэн тэмдэглэл хийсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай бүрэн танилцаагүйгээ илэрхийлсэн байхад шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай ба энэ талаар хариуцагч “нотлох баримттай бүрэн танилцаагүй”  гэсэн гомдол гаргажээ.

Энэ нь шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрлэлтэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                           ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                                                            Т.ГАНБАТ