Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00526

 

Б.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар магадлалтай,

Б.М-ы нэхэмжлэлтэй,

“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, ТУЗ-ийн даргатай 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатай контрактын гэрээг байгуулсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн компанийн ТУЗ-ийн хуралдаанаар намайг контрактын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-д заасан гэрээний хугацаа дууссан, 5.2.3-д заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Контрактын хугацаа дуусах 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цаашид сунгахгүй болсон талаар аль ч тал санал гаргаагүй байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг зөрчсөн. Мөн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын удирдамжийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А-1/2085 тоот албан бичгээр баталж, ТУЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн бөгөөд уг удирдамжинд гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээг цуцлах, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай асуудал хэлэлцэхээр тусгагдаагүй байхад болон намайг эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай чөлөө авсан хойгуур хуралдаж, хэлэлцэхээр төлөвлөөгүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 9 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөл шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.М-ы ТУЗ-тэй 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 01 дугаартай контрактын биелэлтийг зохих журмын дагуу шалгаж, хангалттай гэсэн дүгнэлт гаргаагүй болно. Эрчим хүчний яамны ХШҮДАГ-аас 2017 онд хяналт шалгалт хийж зөвлөмжийн дүгнэлтэд гүйцэтгэх захирал Б.М-д хариуцлага тооцож контрактын гэрээг цуцлах зөвлөмж гарсан. Иймд Эрчим хүчний сайд Б.М-тай хамтран ажиллах боломжгүй гэсэн албан бичгийг ТӨБЗГ-т хүргүүлсэн. ТӨБЗГазраас 2018 оны 4 дүгээр сард болсон гүйцэтгэх захирлуудын контрактын гэрээг сунгах эсэх асуудлаар хуралдаж Б.М- зэрэг холбогдох 3 захирлын гэрээг сунгаагүй юм. Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын чиглэлийг ТӨБЗГазрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А-1/2085 тоот удирдамжаар авсан байдаг. Уг удирдамжид компанийн гүйцэтгэх захирлын контрактын тухай асуудлыг хэлэлцэж Б.М-тай гэрээг сунгах шаардлагагүй гэж үзсэн. Иймд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоол нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд контрактын гэрээ, компанийн дүрэм болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 09 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 20 дугаар магадлалыг хүчингүй болгуулах тухай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх хуульд заасан хугацааны дотор хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байх ба хуулийн дагуу хэргийн оролцогчийн эрх үүргийг танилцуулж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Хариуцагч байгууллагын 2018 оны 3 тоот албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Ууганбаярыг томилсон ба удаа дараа хэргийн материалтай ирж танилцах талаар хэлж байсан байдаг. /хавтаст хэргийн 47,51,125 хуудас/ Мөн шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаан хойшилсон. Түүний дараагаар ТУЗ-ын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар албан тоотоор Д.Лхагвасүрэнг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж шүүх хуралдаанд оруулснаар талууд шүүх хуралдаанд хангалттай мэтгэлцсэн болохыг шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг 2018.9.21-ны өдөр танилцуулсан байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн “хэргийн материалтай бүрэн танилцаж чадсангүй” гэсэн тэмдэглэл хийсэн байна. Энэ нь хариуцагч байгууллага өөрсдөө шүүх хуралдааны өмнөх өдөр Д.Лхагвасүрэнг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон шийдвэр гаргасан байх ба шүүх хуралдааны өмнө уг тоотыг ирүүлсэн байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Лхагвасүрэнг томилсон албан бичигт Т.Ууганбаяраас татгалзаагүй ба Т.Ууганбаяр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уг шүүх хуралд оролцоогүй. Хариуцагч тал хуулиар олгогдсон эрхээ бүрэн хэрэгжүүлж нэхэмжлэлийг няцааж, үгүйсгэж, түүнийхээ тайлбарыг гаргаж, нотлох баримт шүүхэд ирүүлж, мэтгэлцэж оролцсон нь хэргийн материалаас харагдаж байна. Хэргийн материалтай бүрэн танилцах эрх нь нээлттэй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө энэ эрхээ хэрэгжүүлээгүй болохыг шүүх анзаараагүй, шүүхийг үл хүндэтгэж шүүх ажиллагааг зориудаар удаашруулах хүсэл зориг агуулж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй, Анхан шатны шүүх Иргэний хэрэг үүсгэснээс хойш хуульд заасан /60/ хоног хугацаа дуусах үед хэргийг хянан шийдвэрлэсэн ба энэ хугацаанд хариуцагч тал хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Дээрх нөхцөл байдлаас харахад анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй болох нь тодорхой харагдаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны №9 дүгээр тогтоол нь хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус болохыг анхан шатны шүүх бодитоор тогтоосон. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой аливаа асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг байтал тус хуульд нийцээгүй дээд байгууллага шаардсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Мөн тухайн ажлаас чөлөөлсөн тогтоол гарах үед миний бие эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба энэ нь хавтаст хэргийн хуудсанд авагдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1-д хууль дээдлэх нь “...төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн хуульчилсан бөгөөд ажлаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглэлгүй гаргасан шийдвэр бол анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй хэмээн үзэж байгаа болно.

Иймд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 1440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа  давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай бүрэн танилцаагүйгээ илэрхийлсэн байхад шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай” гэсэн үндэслэлийг магадлалд заажээ.

Нэхэмжлэгч  Б.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ажлаас чөлөөлөх тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.  Хариуцагч  “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нэхэмжлэлээс татгалзахдаа “...контрактын хугацаа дууссан, ... эрх бүхий байгууллага шаардсан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярт 2018 оны 8 дугаар сарын 6-ний өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 7-ний өдөр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, энэ тухай тайлбараа бичгээр ирүүлжээ. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3492 дугаар захирамжаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, улмаар хариуцагчид мэдэгджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын “...хэргийн материалтай танилцах хүсэлт”-ийг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн оролцжээ /хэргийн 40, 42-43, 49-51,125-128, 149-155 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд шүүх хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн хэрэг танилцуулсан тухай баримтад “...хэргийн материалтай бүрэн танилцаж чадаагүй” талаар бичсэн боловч шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

Шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангах зорилгоор тэдэнд хэргийн материалтай танилцуулах үүрэгтэй  хэдий ч хариуцагч энэхүү эрхээ  зөрчигдсөн гэж үзээгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээс гадна, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд заалгүй, зөвхөн дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. дэх хэсэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

“Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн ТУЗ нь 2018 оны 6 дугаар сарын 22-ний өдөр 09 дүгээр тогтоол гаргаж, нэхэмжлэгч Б.М-ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөхдөө түүнтэй байгуулсан контрактын 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3 дах заалтыг баримталжээ /хэргийн 4 дүгээр тал/.

Зохигчийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан контрактын 5.2.2.-т “контрактын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон”, 5.2.3-д “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” бол  контрактыг дуусгавар болгохоор заасан боловч энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2017 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр 1 жилийн хугацаагаар контракт байгуулсан, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн хурлаар гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын биелэлтийг хангалттай гэж дүгнэжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4.-т  “контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно” гэж заасан, гэрээний хугацаа дуусах үед талууд гэрээ цуцлах талаар санал гаргаагүй,  энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад ажил олгогч контрактын хугацаа дууссан гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн хариуцагч татгалзлын үндэслэлд Эрчим хүчний сайдын 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн а/01, 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн а/559, 2018 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн а/1276, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн А-1/1193 тоот албан бичгийг дурдаж, шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан  “бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлага хангаагүй байна.

Анхан шатны шүүх, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ