Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар  132/ШШ2022/00057

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хаан банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,  

Үнэлгээг хүчингүй болгуулах  тухай 132/2021/00587/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхөө, Ц.Анхбаяр /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч З.Ууганцэцэг, Б.Алтантуяа, гуравдагч этгээд Ч.Ж /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2325 дугаар шийдвэрээр Д.Б гээс 68,157,762 төгрөг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

            ******* газраас төлбөр төлөгч Болдхүү, Ш.Ц  нарын Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүү, 12 дугаар гудамж, 07 тоотын Ү-0405000858, Ү-0405000516, Г-0405000461 бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хувийн сууцны зориулалттай хөрөнгүүдийг ******* ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1095 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 77,179,511 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн байх тул дуудлага худалдаагаар худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд төлбөр авагч Хаан банк энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.” гэж, мөн хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийн Хаан банкны Булган салбар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардан авсан ба хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

            Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ буюу Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүү, 12 дугаар гудамж, 07 тоот Ү-0405000858, Ү-0405000516, Г-0405000461 бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хувийн сууцны зориулалттай зэрэг хөрөнгүүдийг хэт өндрөөр буюу 77,179,511 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... ******* газраас төлбөр төлөгч Болдхүү, Цэнд нарыг Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүнтүрүү 12 дугаар гудамж, 07 тоот Ү-0405000858, Ү-0405000516, Г-0405000461 бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг “*******” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1095 дугаартай албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 77,179,511 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдэл ирүүлсэн. “*******” ХХК үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 77,179,511 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн тул дуудлага худалдаагаар худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулбал нэгдүгээрт хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, хоёрдугаарт үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй талаар. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн үнэ үнийн, өртгийн зэрэг аргыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт хөрөнгийн үнэлгээний аргачлалыг тодорхойлно гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээчин Жамъян нь зах зээл дээр жишиг хөрөнгийн мэдээлэл тогтонги байсан гэх ганцхан үндэслэл хэлээд ганцхан өртгийн хандлагын аргаар үнэлгээний тооцооллыг өөр аргатай хослуулалгүйгээр хуулийг ноцтой зөрчиж хийсэн гэж үзэж байна. Хууль зөрчиж хийсэн үнэлгээ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан хууль тогтоомжид нийцсэн байх хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг баримтлаагүй болох нь харагдаж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13.1.8 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан энэ хуулийн 9.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргах нь үнэлгээчний үүрэг байдлаар хуульчлагдсан. Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна гэсэн байна. 9.2.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл тодорхой байх, үнэлгээчний үнэлсэн өртгийн хандлагын арга нь үнэлгээний зүйлийн шинж байдал онцлогт үндэслээгүй. Хэрхэн томьёолж тооцоолсон нь ойлгомжгүйгээс гадна тохируулгуудын шалтгаан үндэслэлийг хэрэн тоогоор илэрхийлснээ баримтжуулаагүй байна. Дэлгэрүүлбэл хөрөнгө борлуулалтын өртгийг тайланд тусгасан томьёоллоор тооцоолоход үр дүн гарч байгаа. Бүрэн борлуулалтын өртгийг  томьёоллоор тооцоолж 29,661,660 төгрөгийн тооцоолол гаргасан.  Үүнд И1 гэдэг нь юу гэсэн утгатай юм бэ, тодорхойлж тусгасан зүйл байхгүй. И-г, И1 гэж ойлгоод тооцоолох юм бол 26,019,000 буюу өөр дүн гараад байгаа. Элэгдлийн хувийг М1, М2, М3, М4 гэх томьёоллоор тусгасан боловч элэгдлийн тооцоо хэсэгт элэгдлийн хувь М гээд дээшээ заасан сум байгаад байна. Энэ дээшээ заасан сум М1, М2, М3, М4 гэх байдлаар зөрүүтэй тусгасан. Энэ нь ойлгомжгүй байдал үүсгээд байна. М+, М2, М3, М4 зэргийг хэрхэн яаж ойлгох яаж тооцоолох нь тодорхойгүй. Тайланд тусгаагүй байна. Үндсэндээ үнэлгээчин хуульд заасан үндэслэл бүхий байх тодорхой байх гэсэн үүргээ биелүүлээгүй үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгахаар хуульчилсан байдаг. Мөн хуулийн 9.3.1 Үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл үүнд тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын талаарх мэдээллийг тусгаагүй. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн хугацаа тусгагдаагүй. Мөн хуулийн 9.3.6 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл, 9.3.8 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл; 9.3.9 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал; үндэслэсэн тушаал тогтоолыг тайланд хавсаргаагүй байна. Өөрөөр хэлбэл хуульд нийцэхгүй үнэлгээний тайлан гаргасан гэж банкнаас үзэж байна. Үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй талаар хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал үнэлгээний олон улсын стандартын 105.18 идэвхитэй зах зээлээс авсан үнийн мэдээллийн ерөнхийдөө  үнэ цэнийг хамгийн хүчтэй нотлох зүйл гэж үздэг. Гэтэл тайланд идэвхтэй зах зээлээс авсан үнийн мэдээлэл огт аваагүй. Хамгийн хүчтэй нотлох зүйлд суурилдаг зах зээлийн хандлагын аргыг ашиглаагүй байна. 20.2 дараах нөхцөл байдалд зах зээлийн хандлагын аргыг хэрэглэх тухай мэдэгдэхүйц чиг өгвөл зохино. Үнэлж буй хөрөнгийн эсхүл төрд ихээхэн ижил төсөөтэй хөрөнгийг нийтэд идэвхтэй байх, ихээхэн ижил төсөөтэй хөрөнгийн хувьд байнга буюу сүүлийн үед гарсан ашиглаж болох ажил гүйлгээнүүд байх гэж стандартчилсан буюу боломжтой тохиолдолд зах зээлийн хандлагын аргыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй байна. 20.4-т зах зээлийн хандлагыг хэрэглээгүй тохиолдолд бусад хандлагыг хэрэглэхдээ зах зээлд суурилсан орцуудын ашиглалтыг хамгийн их болговол зохино гэж заасныг зөрчсөн. 60.2-т дараах тохиолдолд өртгийн хандлагын аргыг хэрэглэнэ гэсэн байна. Тухайн хөрөнгийн өвөрмөц онцлог нь орлогын хандлага эсхүл зах зээлийн орлогын хандлагыг ямар ч боломжгүй болгодог байх заалтыг зөрчсөн. Үндсэндээ бусад аргуудыг хэрэглэх боломжтой байтал хэрэглээгүй. 60.3-т дараах тохиолдолд өртгийн хандлагыг хэрэглэнэ. Хөрөнгийг саяхан үүсгэн бий болгосон, өртгийн хандлагад ашигласан төсвийн төлөв нь өндөр түвшинд найдвартай байх. Саяхан бий болгосон өртгийн хандлагын аргыг тухайн хөрөнгө өндөр түвшинд найдвартай байх гэсэн. Энэ тохиолдолд өртгийн хандлагын аргыг хэрэглэх талаар стандартчилсан байна. Үнэлж буй хөрөнгүүд нь 2017 он буюу 7 жилийн өмнө баригдаж ашиглалтад орсон хөрөнгө. Шинээр бий болох өртгийн хандлагын аргаар үнэлсэн нь өндөр түвшинд найдвартай бус буюу олон улсын стандартыг зөрчсөн байна. Үнэлгээний тухай хууль болон үнэлгээний олон улсын стандартыг зөрчсөн зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлсэн нь төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө нь дуудлага худалдаагаар худалдан борлогдохгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасан буюу төлбөр авагч нь үнэлгээний тогтоосон үнийн зөрүү төлбөрийг төлбөр төлөгчид төлж барьцаа хөрөнгийг авах нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл төлбөр авагч “Хаан банк” ХХК нь төлбөр төлөгч Болдхүү, Цэнд нараас зээлийн төлбөр болох 68,167,762 төгрөгийг авах байтал, эсрэгээрээ зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлсэн барьцаа хөрөнгийг авч зөрүү төлбөрийг төлбөр төлөгчид төлж хохирохоор байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч нь   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2325 дугаар шүүгчийн захирамжаар Д.Б гээс 62,168,762 төгрөгийг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг үндэслэн тус газраас төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн дагуу Хаан банкинд төлөх төлбөрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын ажиллагааг эхлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон төлбөр төлөгч Д.Б , Ш.Ц  нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулж, хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг талуудад мэдэгдсэн. Үүнд: төлбөр төлөгч Д.Б-ийн төлбөрт хураагдсан Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Зүүн түрүүний 12 дугаар гудамжны 07 тоотод байршилтай, объект, хувийн сууц, газрын хамт 70,000,000 төгрөгөөр, төлбөр авагч  Хаан банк нь 37,500,000 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлсэн.

Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21040296/05 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн аудитын байгууллага болох “*******” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянг томилж эрх, үүргийг танилцуулсан.

Шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтлөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1096 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Д.Б , Ш.Ц эд мөн өдрийн 01/1095 дугаартай албан бичгээр төлбөр авагч Хаан банкинд тус тус мэдэгдсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу “Хаан банк”-нд төлөх төлбөрийг биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураараа төлөөгүй. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 296/05 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн Аудитын байгууллага болоод “*******” ХК-ийн мэргэжилтэн үнэлгээчин Жамъянг томилж эрх, үүргийг танилцуулсан. Шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлэнэ авсан. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1096 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Болдхүү, Цэнд нарт, мөн өдрийн 1/1095 дугаартай албан бичгээр төлбөр авагч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Жавзандуламд мэдэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгох тухай хүсэлтийг Болдхүү шүүхэд гаргасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан байдаг тул мэргэшсэн үнэлгээчин Жамъянгаар дүгнэлтийг тайлбарлуулах хүсэлттэй байгаа. Мэргэжлийн шинжээч үнэлгээ хийсэн учир үнэлгээг дэмжиж байна гэв.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* газраас ирсэн тогтоолын дагуу уг объектод биет үзлэг хийж үнэлгээг зохих хууль журмын дагуу гаргасан. Аргачлалын дагуу яриад байх шиг байна. Үнэлгээний олон улсын стандартад үнэлгээчин аргаа дээрх гурван аргаас сонгоно гэсэн байдаг. Үүнийг дагуу бид өртгийн аргыг сонгосон. Тогтоол дээр тусгайлан арга заадаггүй. Эрх бүхий байгууллагаас тогтоолд тусгайлан арга заасан тохиолдолд тухайн аргыг хэрэглэдэг. Энэ тохиолдлын тухайд арга заагаагүй байсан учир стандартын дагуу арга бие даан сонгох эрхийнхээ дагуу өртгийн хандлагын аргыг сонгосон. Яагаад сонгосон бэ гэхээр хөдөө орон нутагт жишиг хөрөнгө харьцангуй бага үнэлгээтэй байдаг. Нөгөө талдаа жишиг хөрөнгийн үнийн мэдээлэл харьцангуй байдаг. Улаанбаатар хот суурин газруудад жишиг үнийн хандлагыг хэрэглэхэд тохиромжтой байдаг бол орон нутагт жишиг үнийн хандлагыг хэрэглэх  нь тохиромжгүй байдаг. Үнийн мэдээлэл бага, үнийн мэдээлэл харьцангуй зөрүүтэй байдаг учраас өртгийн хандлагын аргыг сонгосон. МI гэдэг нь М1 тухайн барилгуудад биет үзлэг хийсний үндсэн дээр 2014 онд баригдсан боловч сүүлийн 2-3 жил ашиглагдаагүй учраас 25%-иар тооцож гаргасан байгаа. Өртгийн хандлагыг Барилга хот байгуулалтын яамны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын дагуу амины орон сууцны суурь үнэ 420,000 төгрөг үйлчилгээний барилгыг 1,160,000 төгрөг байх байснаас бид нар итгэлцүүрээр багасгаж 77,000 болгож тооцоолсон байгаа. Уг тооцооллын дагуу газрын үнийг Засгийн газрын 2018 оны 182 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтын дагуу нэгжийн суурь үнээр нь авсан. Энэ нь хамгийн бага үнэ гэсэн үг. Ерөнхий тайлбар ийм байна. Бид нар өөрсдийн үнэлгээ гаргадаг жишгийн дагуу үнэлгээний тайланг гаргаж тооцоолсон байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч ******* газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Булган аймаг дахь  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2325 дугаартай захирамжаар Хаан банкны Булган салбар, Ш.Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  нар 62,168,762.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт эвлэрч, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны  11 дүгээр сарын 27-ны өдрийн 2325 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор төлбөр төлөгчийн эзэмшлийн Ү-0405000585 дугаартай 82.6 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,   Ү-0405000516 дугаартай 96.5  м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  Ү-0405000461 дугаартай гэр бүлийн хэрэгцээний  газрыг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хийжээ.

Төлбөр төлөгч нь дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 70,000,000 төгрөгөөр өгсөн, төлбөр авагч хэт өндөр үнэ гэж маргасан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, улмаар шинжээч томилох тухай 21040296/05 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ийн үнэлгээчийн Я.Ж-г шинжээчээр томилжээ.

Шинжээч нь 2021 оны 10 дугаар  сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Ү-0405000461 дугаартай газрыг 3,440,997 төгрөгөөр, Ү-0405000585 дугаартай  хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 23,469,788 төгрөгөөр, Ү-0405000516 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг  50,268,726 төгрөгөөр үнэлэхдээ  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “заасан Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт...үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох” гэж заасныг баримталсан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлохдоо Үнэлгээний олон улсын стандартууд болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зах зээлийн хандлагыг ашиглан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан зах зээлийн үнийг тогтоосон, үнэлгээ үндэслэлтэй гэж дүгнэлээ. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэ тогтоосон гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд баримтлан ******* газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  Хаан банк”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан ******* газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  Хаан банк”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                      О.ОДОНЧИМЭГ