Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2022/00333

 

 

 

 

 

 

2022 02 10

182/ШШ2022/00333

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалжтус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 24,000,000 төгрөг, засварын зардал 610,000 төгрөг, нийт 24,610,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,022,565.40 төгрөг, ус дулааны төлбөр 931,473.70 төгрөг, эвдэлсэн эд зүйлийн төлбөр 230,000 төгрөг, нийт 10,184,039.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Э хариуцагч А.Хт холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 24,000,000 төгрөг, засварын зардал 610,000 төгрөг, нийт 24,610,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр МЧХ ХХК-тай №33/20 тоот Түрээсийн гэрээ-г байгуулж, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-40 мянгат, 19/1 байранд байрлах, Фреш үйлчилгээний төвийн 250 м.кв талбай бүхий караоке, пабыг 1 жилийн хугацаатай, түрээсийн төлбөр 1 сарын 8,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээ баталгаажсанаар түрээслэгч тал гэрээний 6.1-т заасны дагуу эхний сарын түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр түрээслүүлэгч талын Хаан банкны 5107905542 тоот дансанд шилжүүлсэн. Харин хоёр дахь сарын түрээсийн төлбөрийг гэрээний 6.2-т заасны дагуу 10 дугаар сарын 27-ны өдөр бүрэн шилжүүлсэн. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улс орон даяар хатуу хөл хорио тогтоосноор түрээсийн үйл ажиллагааг үргэлжпүүлэн явуулах боломжгүй болсон. Түрээслэх явцад түрээслүүлэгчийн камер, караоке зэргийн засварын төлбөрт 610,000 төгрөг төлсөн.

1.2.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 33/20 тоот "Түрээсийн гэрээ" нь Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт заасан Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэх хэлбэрийн шаардлагыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тохиолдолд Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу талуудын хэн аль нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг болон гэрээнд заасан түрээсийн объектод хийгдсэн засварын зардал 610,000 төгрөг, нийт 24,610,000 төгрөгийг А.Хээс гаргуулна гэв.

 

2.Хариуцагч А.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Эийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 33/20 тоот түрээсийн гэрээ нь иргэн А.Хтэй байгуулсан гэрээ бөгөөд А.Хт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч П.Э нь иргэн А.Хтэй 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 33/20 тоот Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3 дахь хэсэг болон 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа 12 сая төгрөгөөр нэмэгдүүлж шаардсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т ... үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан хуулийн зохицуулалтаас харахад үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслэхэд тухайн гэрээг эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохицуулсан болохоос тухайн үл хөдлөх хөрөнгийн тодорхой зарим нэгээхэн хэсэг болох талбайг түрээслэхэд түүнийг зайлшгүй бүртгүүлэх ёстой болохыг зохицуулаагүй болно. Нэхэмжлэгч П.Эт түрээслүүлсэн 250 м.кв талбай нь тусдаа улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө биш, үл хөдлөх хөрөнгийн нэгээхэн хэсэг болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс маш тодорхой харагдаж байгаа бөгөөд бусад талбайг нь маш олон түрээслэгчид хэсэглэн авч түрээслэн ашигладаг болно.

Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул тухайн маргаан бүхий талбайг түрээсэлж ашиглаж ашиг олчихоод, түрээсийн төлбөрөө буцаан авна гэсэн шаардлага гаргаж байгаа нь илтэд түрээслүүлэгчийг хохироосон хууль бус үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч А.Хээс нэхэмжлэгч П.Эт холбогдуулан түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,022,565.40 төгрөг, ус дулааны төлбөр 931,473.70 төгрөг, эвдэлсэн эд зүйлийн төлбөр 230,000 төгрөг, нийт 10,184,039.1 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1. А.Х би П.Этай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 19/1 тоот хаягт байрлах, Фреш үйлчилгээний төвийн караоке пабын зориулалттай, 250 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр болж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 33/20 тоот Түрээсийн гэрээг байгуулсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх, түрээслүүлж буй эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарах ус, дулаан, цахилгааны төлбөрийг бүрэн гүйцэд төлөх зэргээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны мөнгөөр төлж барагдуулахаар болж 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг Түрээслүүлэгчид өгсөн. Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөр нь 1 сарын 8,000,000 төгрөг, барьцааны мөнгө 8,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Энэхүү түрээсийн гэрээ хэрэгжиж байх хугацаанд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас эдийн засгийн хувьд гэрээний талуудад аль алинд нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан тул талууд харилцан тохиролцож, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацаанд түрээсийн төлбөрийг 50 хувь бууруулахаар болсон боловч түрээслэгч П.Э нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргаж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбайгаа түрээслүүлэгчид хүлээлгэн өгч, эцсийн байдлаар талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, Түрээсийн гэрээг цуцлахтай холбоотой 30 хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд гэрээ дуусгавар болох хугацааг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараагаас тухайн талбай болон эд хөрөнгийг хүлээлцсэнээр түрээсийн гэрээ дуусгавар болгодог, чөлөөлсөнөөр хүлээлцэхээр тохиролцож гэрээг дуусгавар болгосон байгаа. Гэтэл П.Э гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж түрээсийн байрыг хүлээлгэн өгч, түрээсийн гэрээг эцсийн байдлаар дуусгавар болгох хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох 2 сарын төлбөрийн 50 хувь болох 8,000,000 төгрөгийг түрээслэгчид төлж барагдуулах үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн гэрээний дагуу төлөх ёстой хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны тооцоогоо гүйцэд төлж барагдуулаагүй, түүнчлэн эвдэлж гэмтээсэн эд хөрөнгийн үнэ төлбөрийг төлж барагдуулалгүй түрээслүүлэгчийг хохироож байна.

Иймд П.Эаас 2020 оны 11 дүгээр сарын 25-наас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн 50 хувь 8,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 17-ноос 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1,022,565.40 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 931,473.70 төгрөг, хагарсан почки, эвдэрсэн хаалганы зардал 230,000 төгрөг, нийт 10,184,039.1 төгрөгийг гаргуулна гэв.

4.Нэхэмжлэгч П.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус буюу эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, анхнаасаа байгуулагдаагүйтэй адил гэрээ юм. П.Э нь Түрээсийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 10 сарын дундуур орж, 11 сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулсан. Ковид цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоосон ба 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцлах саналыг хүргүүлсэн. Гэтэл ямар нэг хариу өгөөгүй ба 02 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ түрээслэгч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байсан. Иймд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй ба түрээсийн төлбөрийг 50 хувиар бууруулна гэж тохироогүй тул 8,000,000 төгрөгийг төлөхгүй. Цахилгаа болон ус дулааны төлбөрийг нэхэмжилсэн баримт нь П.Эийн төлөх ёстой төлбөрийг А.Х төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. П.Э нь бүх төрлийн урсгал зардлыг төлж байсан. Мөн ашиглаж байх хугацааны цахилгаан, дулааны зардлыг төлж байсан.

00-ийн почки хагалсан, хаалга эвдэлсэн гэдгээ нотлох баримтаар нотлоогүй, эвдэлсэн гэдгээ П.Э хүлээн зөвшөөрсөн гэдэг нь нотлогдоогүй, эд зүйлийг хүлээлгэн өгсөн акт гэж байгаа боловч гарын үсэг зурагдээгүй. Иймд с өрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1.2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 33/20 дугаартай Түрээсийн гэрээний хуулбар /хх-12-21/, эх хувь,

5.2.Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбар /хх-22/

5.3.Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх-23/

5.4.2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүсэлт /хх-24/

5.5.Түрээсийн гэрээ цуцлахтай холбоотой буцаан авах зардлын тооцоо /хх-25/

5.6.Гэрээ дүгнэсэн акт /хх-26/

5.7.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хуулбар /хх-27-28/

5.8. Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт /хх-29/

 

6. Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

6.1.6101825 дугаар кодтой хэрэглэгчийн Цахилгаан зарцуулалтын тооцооны баримт /хх-106-107/

6.2.ОСНААУГ-ын Тооцооны нэхэмжлэх /хх-108/

6.3.00 таг 1 ш байхгүй, камерны дэлгэц, 1 номер өрөөний хаалга цөмөрсөн, авч явсан дэлгэц, караоке машин чадал гэх гар бичмэл /хх-109/

6.4.Караоке хүлээлгэн өгөх акт /хх-109 ар тал/

6.6.А.Хийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.Чинбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-120/

6.7.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-131/

 

Шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээг /хх118-119/ хариуцагчаас нотлох баримтаар гаргуулсан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч П.Эийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 16,610,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч А.Хийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, цахилгааны төлбөр 1,022,565.40 төгрөг, ус дулааны төлбөр 931,473.70 төгрөг, эвдэлсэн эд зүйлийн төлбөр 230,000 төгрөг, нийт 2,184,039 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч П.Э нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 33/20 тоот Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 24,000,000 төгрөг, түрээсийн объектод хийгдсэн засварын зардал 610,000 төгрөг, нийт 24,610,000 төгрөгийг А.Хээс гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслэхэд тухайн гэрээг эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохицуулсан болохоос тухайн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа П.Э нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх, түрээслүүлж буй эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарах ус, дулаан, цахилгааны төлбөрийг бүрэн гүйцэд төлөх үүрэгтэй тул 10,184,039.1 төгрөгийг гаргуулна гэж,

харин нэхэмжлэгч нь түрээсэлж байх хугацааны ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлсөн, үйл ажиллагаа явуулаагүй ба түрээсийн төлбөрийг 50 хувиар бууруулна гэж тохироогүй тул сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигчийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 33/20 дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээг нэг талаас Фреш худалдааны төвийг төлөөлж, ня-бо С.Баянжаргал, нөгөө талаас П.Э байгуулав гээд Гэрээ байгуулсан Түрээслүүлэгч хэсэгт А.Х гэх тэмдэг дарагдсан байна.

Нэхэмжлэгч П.Э нь МЧХ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, А.Хийг хариуцагчаар татсан.

Талууд П.Э, А.Х нарын хооронд Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж, энэ талаар маргаагүй болно. Харин нэхэмжлэгч талаас Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлан хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.

33/20 тоот гэрээгээр нэхэмжлэгч П.Э нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19/1 дүгээр байранд байрлах 250 м.кв талбайг, караоке паб зориулалтаар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар түрээсэлж, сард 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Талуудын хооронд түрээсийн харилцаа үүссэн ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т ..энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний түрээсийн зүйл нь тусдаа бие даасан бүртгэл бүхий үл хөдлөх хөрөнгө бус, харин М.Чинбатын өмчлөлийн 974,36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой нэг хэсэг болох 250 м.кв талбай байх тул түрээсийн гэрээг бичгээр байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Тухайн хэсгийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч П.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 18, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн төлбөрт нийт 16,000,000 төгрөг төлсөн, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр барьцаа төлбөр гэж 8,000,000 төгрөг төлжээ /хх-22-23/.

Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д түрээслэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүйгээс үүсэн гарах үр дагаврыг хариуцах нотолгоо болгож түрээслүүлэгчид 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг хүүгүйгээр дэнчин хэлбэрээр түрээслүүлэгчид өгнө гэж, 6.8-д түрээслэгч нь гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлахаа түрээслүүлэгчид мэдэгдэн цуцалсан тохиолдолд дэнчингийн 10 хувийг түрээслүүлэгч авч, холбогдох эрсдлээ нөхөн төлнө гэж тус тус заасан. Түрээсийн гэрээг түрээслэгчийн хүсэлтээр цуцалсан байх ба түрээслүүлэгчид ямар эрсдэл учирсан нь тогтоогдохгүй байх тул дэнчинд төлсөн 8,000,000 төгрөгийг А.Хээс гаргуулж, П.Эт олгож, харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг хариуцагч А.Хээс гаргуулах үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр ба түрээслэгч төлбөр төлөх үүргийн дагуу төлсөн 16,000,000 төгрөгийг А.Хээс буцаан гаргуулах үндэслэлгүй.

4.2.Нэхэмжлэгч П.Э нь түрээсийн объектод хийгдсэн засварын зардал 610,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагаа нотлох баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, ямар засвар хийснээр 610,000 төгрөгийн зардал гарсан нь тодорхойгүй тул шүүх нотлох баримтгүй шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Сөрөг шаардлагын тухайд:

4.3.Түрээсийн зүйл болох 250 м.кв талбай нь М.Чинбатын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 19/1 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 974,36 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн /хх-131/ хэсэг гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй ба дээрх 250 м.кв талбайг хариуцагч А.Х нь М.Чинбаттай байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний үндсэн дээр түрээсэлж, уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5-д зааснаар дамжуулан түрээслүүлэх эрхтэй байна /хх 119/. Энэ нь Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэсэнтэй нийцжээ.

Нэхэмжлэгч П.Э нь түрээсийн зүйл болох 250 м.кв талбайд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан, Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй, гэрээ цуцлах санал хүргүүлсэн гэх боловч энэ хугацаанд гэрээ цуцлагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй, гэрээний зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 17-нд хүлээлгэж өгсөн, 2021 оны 02 дугаар сарын 01-нээс дараагийн түрээслэгч үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарласан.

33/20 дугаартай Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.-д Энэхүү түрээсийн гэрээнд зааснаас үл хамааран түрээсийн байр, түүний аль нэг хэсэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл болон Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр түрээсийн байрыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг ашиглах боломжгүй болсон тохиолдолд талууд харилцан тохиролцож шийдвэр гаргана гэж заасан бөгөөд гэрээний 5.2-т заасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчилэхээр тохирсон. Нэхэмжлэгч гэрээг цуцлах хүсэлт өгсөн гэх боловч гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн гэрээний 7.1.-д зааснаар харилцан тохиролцож шийдвэр гаргасан зүйлгүй байна.

Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан тул гэрээ цуцлах хүртэл түрээсийн төлбөр төлөх үүргээс нэхэмжлэгч П.Э чөлөөлөгдөхгүй юм.

Иймд гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд түрээслэгч буюу нэхэмжлэгч П.Э нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байх ба төлбөрийн 50 хувийг төлөх талаар харилцан тохиролцсон бичгийн баримт байхгүй боловч хариуцагч А.Х нь 2020 оны 11 дүгээр сарын 25-наас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн 50 хувь 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул энэхүү шаардлагыг хангаж, П.Эаас түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

4.4. Түрээсийн хугацааны буюу 2020 оны 09 сарын 17-ноос 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цахилгааны төлбөрт 1,022,565.40 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ус дулааны төлбөрт 931,473.70 төгрөгийг П.Эаас гаргуулна гэж А.Х нь шаардсан бөгөөд хариуцагч нь түрээсийн хугацаанд ашигласан ус дулаан, цахилгааны төлбөрийг төлсөн гэж маргасан.

Хэрэгт авагдсан ус, дулаан, цахилгааны төлбөрийн нэхэмжлэхээс /хх 106-108/ үзэхэд төлбөрийг А.Х нь П.Эийн өмнөөс төлсөн гэх агуулгагүй байх ба хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй болно.

Мөн эвдэрсэн эд зүйлийн засварын зардалд 230,000 төгрөг шаардах боловч мөн дээрх шаардлагаа нотлох баримтаар нотлоох үүргээ хэрэгжүүлээгүй. Дээрх эд зүйлийг П.Э эвдсэн болон 230,000 төгрөгийн зардал гарсан баримт хэрэгт авагдаагүй.

Иймд П.Эийн төлөх ёстой төлбөрийг А.Х түүний өмнөөс төлсөн болон эвдэрсэн эд зүйлийг зассан гэх баримтгүй тул ус, дулаан, цахилгааны төлбөр, засварын зардалд нэхэмжилсэн нийт 2,184,039.1 төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 281,000 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөг гаргуулж, П.Эт, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,895 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 142,950 төгрөг гаргуулж, А.Хт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 318 дугаар зүйлийн 318.1, зааснаар хариуцагч А.Хээс 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Эт олгож, нэхэмжлэгч П.Эаас 8,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч А.Хт олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 16,610,000 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,184,039.1 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хээс 142,950 төгрөг гаргуулж, П.Эт олгож, хариуцагч А.Хээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Эаас 142,950 төгрөг гаргуулж, А.Хт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ц.НАРАНЧИМЭГ